| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/01077/И |
| Дугаар | 130/ШШ2024/00082 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2024/00082
| 2024 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 130/ШШ2024/00082 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт М.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б,
Хариуцагч А,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч А нь миний бэр байдаг. Хэдийгээр би хойд ээж нь ч гэсэн хойд ээжийн сэтгэл гаргаж байгаагүй. А нь анх манайд бэр болж ирэх үед би түүний бүх юмыг бэлдэж өгөөд, гэр бүл болоход өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж өгсөн. А нь манайд бэр болохоос өмнө сургуулиас хасагдсаныг би хөөцөлдөж байгаад дахиад сургуульд нь оруулаад өгсөн.
1.2 Хариуцагч А-ийн нөхөр Ж нь нас барсан хэрэгт А нар холбогдоод, тухайн хэргийг прокурор хаасан байсан. Тухайн хэргийг задруулж, хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллахын тулд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарт 3 удаа очиж хөөцөлдөж байгаад хэргийг дахин шалгуулж, А-д 25 сая төгрөгийг авч өгсөн. Анхандаа хэрэг дахин задраад хохирлоо төлүүлж авбал 10 сая төгрөг өгье гэж А өөрөө хэлж байсан. Гэтэл би түүнээс тийм мөнгө аваагүй. А надаас 2022 оны 09 дүгээр сард нотариатын дэргэд 2 сая төгрөгийг зээлж авч, 2023 оны 09 дүгээр сард төлөхөөр болсон. Тийм учраас зээлдүүлсэн мөнгөө А-аас нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч А-ийн хариу тайлбар, татгалзал: Иргэн Б-ийн уг шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
2.1 Миний бие Баас ямар нэгэн бэлэн мөнгө аваагүй. Уг гараар үйлдсэн зээлийн гэрээг намайг төөрөгдүүлж хууран мэхэлж өөрөө гараар үйлдэж бэлэн болгож гарын үсгийг минь нотариатчаар баталгаажуулж баримт бүрдүүлж авсан.
2.2 Тодруулбал, миний нөхөр болох талийгаач Ж нь иргэн А-ийн барилгын компанид ажиллаж байгаад өндөр хүчтэй цахилгаанд цохиулж нас барсан юм. Үүнийг Б аймгийн эрүүгийн анхан шатны шүүхэд ур хугацаатай шүүх хурал болж саяхан хянан шийдвэрлэгдсэн.
2.3 Энэ хэрэг хянан шийдвэрлэх явцад миний талийгаач нөхрийн хойд эх болох Б нь надад ирж өрөвдөх сэдлээр нөхрийн хэргийг залруулахын төлөө хотоос сайн өмгөөлөгч 2,000,000 төгрөгөөр ажиллах гэж байна. Тэгээд дараа нь Б надад ирж, хотод байгаа өмгөөлөгч чиний 2 сая төгрөгийг өгье гэдэгт итгэхгүй байна, бид хоёрын хооронд бичгийн баримтгүйгээр болохгүй юм байна, чи надаас 2 сая төгрөгийг зээлж авсан болоод баримт бичээд өг гэсний дагуу би тухайн гэрээнд гарын үсэг зурсан. Б миний хадам ээж учраас би түүнийг дараа нь ийм асуудал гаргана гэж бодоогүй учраас итгээд гарын үсгээ зураад өгсөн. Тэрнээс биш нэхэмжлэгчээс 2 сая төгрөг зээлж аваагүй. Би өмгөөллийн хөлсний мөнгийг өгье гэж Баас дансыг нь асуухад хадам аав болох Н-ийн дансыг өгсөн тул би Н-ийн дансанд 700000 төгрөгийг нэг удаа, 2300000 төгрөгийг нэг удаа тус шилжүүлсэн. Ингэхээр би харин ч 1 сая төгрөгийг Б-д илүү өгсөн байна.
2.4 Гэтэл өнөөдөр зээлийн гэрээ болгож шүүхэд хариуцагчаар татагдаж байна. 2023 оны 01 дүгээр сард надаас Б өөрийн эзэмшлийн 000000 дугаарын утаснаас миний эзэмшлийн 000000 дугаартай утсанд зурвас илгээж нөхөр нь болох Н /хадам аав/-ын ХААН банкны дансыг явуулж мөнгө шаардсан тул би эхлээд 700,000 төгрөг, хадам аав болох Н-ийн дансанд 1 дүгээр сард шилжүүлж явуулсан.
2.5 Дараа нь 2023 оны 02 дугаар сард Б дахиад мөнгө шаардаж нөхөр болох Нийн ХААН банк дахь дансыг өөрийн эзэмшлийн 000000 дугаараас миний эзэмшлийн 0000000 дугаар луу зурвас илгээж шаардсан тул би 2,300,000 төгрөг дахиад явуулж шилжүүлсэн.
2.6 Иймд намайг төөрөгдүүлж 3,000,000 төгрөгийг хадам аавын дансанд дамжуулж авсан юм. Би энэ хүний өгсөн өмгөөлөгчийг ч хараагүй.Энэ хүнээс ямар нэгэн бэлэн мөнгө зээлж аваагүй. Намайг төөрөгдүүлж хууран мэхэлж зээлийн гэрээ үйлдэж надаас мөнгө авахаар улайрч байна.
2.7 Харин би 3,000,000 төгрөгийг хадам аав Н-ийн дансаар дамжуулж илүү мөнгө өгсөн байна. Тиймээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б, А нарын хооронд байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ, А-ийн гарын баримт, Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Н-ийг гэрчээр асуусан тэмдэглэл, ХААН банкны Б салбарын 2024оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5180/31 дугаар албан бичгээр ирүүлсэн Нийн ХААН банкны 2222222222 тоот дансны хуулга зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Б-ийн хариуцагч А-аас 2,000,000 төгрөг гаруулах гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А нь 2022 оны 9 дүгээр сард зээлийн гэрээ байгуулж хоёр сая төгрөг авсан. Уг зээлийн гэрээнд зааснаар дээрх мөнгийг 2023 оны 9 дүгээр сард төлж өгөхөөр болсон боловч өгөхгүй байгаа тул А-аас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Баас ямар нэгэн бэлэн мөнгө аваагүй. Тодруулбал, миний нөхөр болох Ж нь барилгын компанид ажиллаж байгаад үйлдвэрийн ослоор нас барсан ба уг хэрэг удаан хугацаанд шалгагдаж саяхан шийдэгдсэн. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх явцад манай нөхрийн хойд эх Б нь энэ хэрэгт өмгөөлөгч хоёр сая төгрөгөөр ажиллах гэж байна, үүний тулд гэрээ хийх шаардлагатай байна гэж хэлж иргэний үнэмлэхийг минь хуулбарлаж гарын үсгийг минь зуруулж авсан. Гэтэл өнөөдөр зээлийн гэрээ болгон шүүхэд хариуцагчаар татагдаад байна. Миний бие Б нөхөр нь болох Нийн ХААН банкны дансыг явуулж мөнгө шаардсан тул эхлээд 700,000 төгрөг, дараа нь 2,300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хадам аавын дансаар дамжуулж 3,000,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч нь намайг хуран мэхэлж төөрөгдүүлж зээлийн гэрээ хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
8.1 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээгээр А нь Баас 2,000,000 төгрөгийг хү*******гээр зээлээр авсан, тухайн мөнгийг бэлнээр тоолж авсан болох нь тус тус тогтоогдсон байна. Мөн тухайн өдөр А нь Б-д 2,000,000 төгрөгийг өгөх болно гэж баримт үйлдсэн ба дээрх зээлийн гэрээ болон баримтыг нотариатчаар гэрчлүүлжээ.
8.2 Гэрч Н-ээс “ Б бол миний эхнэр, харин хариуцагч А миний бэр болно. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний хүү Ж цахилгаанд цохиулаад нас барсан хэрэг гараад энэ хэрэгт Ж.А, Н.А нар холбогдсон. Ийм учраас А 35,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал гээд төлж өгсөн ба энэ мөнгөний 5 сая төгрөгийг хүүгийнхээ оршуулга, ажил явдалд нь зарцуулсан. Харин үлдсэн 30 сая төгрөгийг А-д Ө сумын 1 дүгээр багаас байшин худалдаж авч өгсөн. Энэхүү А-д худалдаж авч өгсөн байшинд анхандаа хашаа худаг байгаагүй учраас би 1 сая төгрөгийг зээл аваад хашаа худгийг нь янзалж өгсөн. Дараа нь А-ийн хэд хэдэн хүнээс зээл авсан болохыг мэдээд, зээлийг нь төлж өгсөн. Мөн А Ногооннуур сумын ХААН банкнаас малчны зээл аваад эргэн төлөлтийг 7 дугаар сарын 01-ний өдөр хийх ёстой байсныг төлж өгсөн. Түүнчлэн газрын гэрчилгээгээ барьцаанд тавиад 975,000 төгрөгөөр Малчин төвөөс плитка зээлж авсан байсан ба энэ зээлийг бас би төлж өгсөн. Хүү Ж-ийн нас барсан хэрэгт манай эхнэр Б заргалдаад Улаанбаатар хот хүртэл яваад, хэргийг дахин сэргээлгээд А шүүхийн шийдвэрээр 25 сая төгрөг авсан. Тэгэхэд би бэр Ад сард 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, чиний өр зээлийг төлөхөөр банкнаас зээл авсан гэж учир байдлаа хэлэхэд А надад 3 сая төгрөг өгөхөөр болоод 700,000 төгрөг, 2,300,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгч байсан. А-ийн надад шилжүүлж өгсөн 700,000 төгрөг, 2,300,000 төгрөг нь түүний Б-аас зээлж авсан 2 сая төгрөгт хамааралгүй. Тухайн мөнгийг А надад тусдаа өгсөн байсан. Энэ байдлын талаар би А-д ойлгуулаад хэлсэн” гэжээ.
8.3 ХААН банкны харилцагч К.Н-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагчийн дансанд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А-с гэсэн агуулгаар 700,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А-с гэсэн агуулгаар 2,300,000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн болох нь тогтоогджээ.
9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
10.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
11.Хариуцагч А нь нэхэмжлэгч Баас 2,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон гарын баримтыг няцаах нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.
12.Мөн хариуцагч А-аас нэхэмжлэгчийн нөхөр болох Н-ийн ХААН банк дахь дансанд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч Н-ийн гэрчийн мэдүүлгээр тухайн мөнгө нь Баас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр авсан 2,000,000 төгрөгт хамаарахгүй болох нь тогтоогдож байгаа үнийн дүнгийн хувьд өөр байгаа тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
13. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
14.Иймд хариуцагч А-аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.
14.Нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-аас 46950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-аас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-аас 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК