| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0381/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/365 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/365
2026 02 02 2026/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Б.Ууганбаяр,
шүүгдэгч Ү.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Нд холбогдох эрүүгийн “2506005732845” дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Солонгос ресторанд үйлчлүүлэх явцдаа тус газрын тамхины өрөөнд А.Атэй маргалдаж толгойн хэсэгт удаа дараа цохиж хохирогч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ү.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Эрүүгийн 2506005732845 дугаартай хэргээс:
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 83- 85/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1395 дугаартай гэсэн дүгнэлт /хх-ийн 91-92/,
Шүүгдэгч Ү.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн59-66/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ү.Нд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Солонгос ресторанд үйлчлүүлэх явцдаа тус газрын тамхины өрөөнд А.Атэй маргалдаж толгойн хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Уул Уурхайн салбарын үүсч хөгжсөний 102 жилийн ойн байрын арга хэмжээ болоод 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах К ресторанд хамт олноороо хоол идээд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 18 цаг хүртэл тэндээ сууж байгаад караоке орохоор болоод тухайн газраас гарч байхад манай ажлын Ү.Н гэдэг залуу ирсэн. Тэгээд бид хажуу талын Жавхлант төвийн караоке орсон ба тэндээс 0.7 литрийн Эден аваад караокены өрөө орсон. Тэндээ дуу дуулаад сууж байгаад манай ажлын С, Б, Ү.Н бид дөрөв тамхи татахаар тамхины өрөө орсон ба С Б хоёр түрүүлээд тамхи татаад тамхины өрөөнөөс гараад явсан. Ү.Н бид хоёр тамхины өрөөнд үлдсэн. Тэгээд би тамхины өрөөний сандал дээр тамхи татаад сууж байсан чинь Ү.Н намайг учиргүй гараараа цохиж аваад унасан байх үед дээрээс өшиглөж намайг зодчихоод тамхины өрөөнөөс гараад явсан. Би босож ирээд утсаа хайсан чинь миний утас байхгүй байсан. Тамхины өрөөнд ганцаараа сууж байж байсан чинь С гаднаас орж ирээд миний утсыг авчирч өгсөн ба би эхнэр лүүгээ залгаад хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж дуудсан. Тэгээд манай эхнэр 1 цагийн дараа тухайн караокед ирээд цагдаа, түргэн дуудсан. Тэр үед Ү.Н тухайн караокеноос гараад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 83- 85/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1395 дугаартай: “...А.А-н биед хамар, зуун ухархайн дотор, доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зуун чамархай, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зуун нүдний салстад цус харвалт, зуун чих, хөхлөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-92/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ү.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0825/1622 дугаартай “...А.Аийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрест хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 91-92/ хэрэгт авагдсан байна.
Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд хоёрдугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоох ба шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэрэг бүх нөхцөл байдлуудыг харгалзан доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэдэг.
Иймд хохирогчид үүссэн сэтгэцийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргав.
Шүүгдэгч Ү.Нд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ү.Нгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Нгээс 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А /РД: /-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР