| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/01001/И |
| Дугаар | 130/ШШ2023/01076 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2023/01076
| 2023 12 20 | 130/ШШ2023/01076 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд найрамдах К улсын иргэн Х Б
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт С-ын Н
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 ам.доллар буюу 15,494,805 төгрөг, гэрээний үүргийн хугацаандаа гүйцэтгээгүй алданги 2,250 ам.доллар буюу 7,747,402 төгрөг нийт 6,750 ам.доллар буюу 23,242,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С
Хариуцагч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч С.Нт холбогдуулан анх шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 ам.доллар буюу 15,494,805 төгрөг, гэрээний үүргийн хугацаандаа гүйцэтгээгүй алданги 2,250 ам.доллар буюу 7,747,402 төгрөг нийт 6,750 ам.доллар буюу 23,242,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 төгрөг гаргуулахыг хүссэн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.Б нь зээлдэгч С.Нтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1385 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 4,500 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4-д тус тус зааснаар зээлдэгч нь авсан зээлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүхэлд нь буцаан төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээгээр ямар нэгэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй болно. Харин зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл”-ийг зөрчсөн ... бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож Зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги ... төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг биелүүлж, гэрээний үүрэгт 15,494,805 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги хэсгээс 2,686,662 төгрөг бүгд 18,181,467 төгрөгийг төлж өгсөн болно. Иймд хариуцагч С.Нээс гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Н хариу тайлбартаа: Миний нэг баз 3 жилийн өмнө нэг гадаад улсын эмэгтэйг дагуулж ирээд, Б аймагт аялал жуулчлалын компани байгуулахаар гурвуулаа тохиролцож ярилцсан. Тэгээд нөгөө эмэгтэй манай базаас 4500 ам доллар авах мөнгөтэй байжээ. Улмаар би уг мөнгийг базаасаа авч чадаагүй юм. Гэхдээ нөгөө эмэгтэй надаас мөнгө авсан уу гэж хэлэхэд, баз маань авсан гэж хэлчхээрэй би удахгүй өгнө гэсэн юм. Тийм учраас би түүнд уг мөнгийг авсан гэж хэлсэн байсан. Улмаар хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй надаас дээрх мөнгийг асуусан. Тэгэхэд би мөнгийг базаасаа одоо хүртэл авч чадаагүй гэдгийг хэлсэн. Мөн өмнө уг мөнгийг авсан гэж худлаа хэлснээ ч гэсэн нуухгүй хэллээ. Тэгээд нөгөө эмэгтэй нь та болохгүй бол надтай гэрээ хийгээрэй гэхээр нь эмэгтэй хүнийг өрөвдөж, гэрээ хийсэн байсан. Тэгэхлээр энэ болж буй үйл явдлын талаар баздаа хэлээд мөнгө асуусан ч надад мөнгө өгөөгүй. Тэгээд намайг шүүхэд өгсөн учраас би өөрийн халааснаас үндсэн мөнгөн төлбөрийг төлсөн юм. Мөн алданги гэж 2.700.000 төгрөг бас төлсөн. Одоо дахиад алданги мэтээр нэхэмжилж байгаа мөнгийг би ерөөсөө өгч чадахгүй. Уг мөнгийг би өөрөө авч хэрэглээгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1385 дугаартай зээлийн гэрээ, А.Сд олгосон итгэмжлэл, Монгол банкны салбарын хянан шалгагч, улсын байцаагчийн тодорхойлолт, Монгол банкны Б аймаг дахь салбарт хандсан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х.Б нь зээлдэгч С.Нтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1385 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 4,500 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг биелүүлж, гэрээний үүрэгт 15,494,805 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги хэсгээс 2,686,662 төгрөг бүгд 18,181,467 төгрөгийг төлж өгсөн болно. Иймд хариуцагч С.Нээс гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч С.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
5.1. Миний баз 3 жилийн өмнө нэг гадаад улсын эмэгтэйг дагуулж ирээд, Б аймагт аялал жуулчлалын компани байгуулахаар гурвуулаа тохиролцож ярилцсан. Тэгээд нөгөө эмэгтэй манай базаас 4500 ам доллар авах мөнгөтэй байсан тул би уг мөнгийг төлж өгөхөөр болж баз маань надад мөнгө өгөхөөр болсон. Улмаар хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй надаас дээрх мөнгийг асуусан. Тэгээд нөгөө эмэгтэй нь та болохгүй бол надтай гэрээ хийгээрэй гэхээр нь эмэгтэй хүнийг өрөвдөж, гэрээ хийсэн байсан. Тэгэхлээр энэ болж буй үйл явдлын талаар баздаа хэлээд мөнгө асуусан ч надад мөнгө өгөөгүй. Тэгээд намайг шүүхэд өгсөн учраас би өөрийн халааснаас үндсэн мөнгөн төлбөрийг төлсөн юм. Мөн алданги гэж 2.700.000 төгрөг бас төлсөн. Одоо дахиад алданги мэтээр нэхэмжилж байгаа мөнгийг би ерөөсөө өгч чадахгүй. Уг мөнгийг би өөрөө авч хэрэглээгүй гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч С.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 ам.доллар буюу 15,494,805 төгрөг, гэрээний үүргийн хугацаандаа гүйцэтгээгүй алданги 2,250 ам.доллар буюу 7,747,402 төгрөг нийт 6,750 ам.доллар буюу 23,242,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
6.2. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч С.Н нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгт 15,494,805 төгрөгийг, алданги 2,686,662 төгрөгийг тус тус нийт 18,181,467 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бд төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
6.3. Хариуцагч С.Н нь ... намайг шүүхэд өгсөн учраас би өөрийн халааснаас үндсэн мөнгөн төлбөрийг төлсөн, мөн алданги гэж 2,700,000 төгрөг бас төлсөн. Одоо дахиад алданги мэтээр нэхэмжилж байгаа мөнгийг би ерөөсөө өгч чадахгүй, төлөхгүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргасан болно.
6.4. Хариуцагч С.Нт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
7. Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Х.Бээс 4,500,000 ам.долларыг, хүүгүй, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 74 хоногийн хугацаатайгаар зээлж авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1385 дугаартай зээлийн гэрээгээр болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
7.1. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1385 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д эргэн төлөх нөхцөл: 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бөөнд нь төлөхөөр, 3.7-д гэрээд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж гэрээгээр талууд харилцан тохиролцсон байна.
7.2. Уг гэрээгээр талууд алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч С.Нээс алданги 2,250 ам.доллар буюу 7,747,402 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н нь алдангийн хэсгээс 2,686,662 төгрөгийг төлсөн байх тул алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
7.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.
8. Монголбанкнаас зарласан төгрөгийн АНУлсын доллартой харьцах албан ханш 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 3,458.02 /гурван мянга дөрвөн зуун тавин найман төргөг 02 мөнгө/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 3,458.91 /гурван мянга дөрвөн зуун тавин найман төгрөг 91 мөнгө/-тэй тус тус тэнцүү байсан нь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
9. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч С.Н нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэгт 15,494,805 төгрөгийг, алданги 2,686,662 төгрөгийг тус тус нийт 18,181,467 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бд төлж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг биелүүлсэн байх тул зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 төгрөгийг хариуцагч С.Нээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
9.1.Иймд хариуцагч С.Нээс гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 /таван сая жаран мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хусаянова Бд олгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.
10.1.Нэхэмжлэгч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч С.Нээс 274,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Шеруши хурман овогт Санатын Нээс алдангийн үлдэгдэл 1,463.10 ам.доллар буюу 5,060,740 /таван сая жаран мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хусаянова Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нээс 274,161 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б