Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, Улсын яллагч Д.Цогжавхлан, Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Б.******* нарт холбогдох 201705000189 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт : 1. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

2. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь 2015 оны 11 сард Баянхонгор аймгийн Бууцаган сумын нутаг дэвсгэрээс иргэн *******ийн эзэмшлийн 8 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бууцагаан сумын “Дэлгэрийн бараан” гэх газраас манай хоттой малнаас 8 тооны хонь, 4 тооны ямаа алдагдсан байсныг малаа тоолохдоо мэдсэн. Тухайн үед тэр хавийн айлуудаар ирж хайгаад олдоогүй юм. Тэгтэл манай малнаас алга болсон 8 тооны хонь, 4 тооны ямааг манай сумын *******, *******, Дэлгэрдалай нар нь бүлэглэн хулгайлсан байсныг би сүүлд мэдсэн. Алдагдсан малын хохиролд 1.360.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон ... гэсэн мэдүүлэг /ххийн 22-26/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн .... 2015 оны 09 сараас хойш байх *******, ******* нар хонь, ямааны мах авчирч өгдөг байсан. Хичнээн тооны мах өгч байсныг одоо сайн санахгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Сэжигтэн гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 сарын сүүлээр байхаа би хөдөө Бууцагаан сумын 3 дугаар баг Улаан хонд гэх нэртэй газарт гэртээ байж байхад найзууд болох *******, ******* нар нь 4 тооны хонь тууж ирээд уг 4 тооны малыг танай малд нийлүүлье гэхээр нь би зөвшөөрч малдаа нийлүүлсэн юм. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Маргааш өлгөө нь тэр 2 ирээд уг 4 тооны хонийг манай гадаа янзлаад надад 1 тооны хонины мах арьс ширтэй нь өрөндөө өгсөн. 3 тооны хонины мах арьс, ширийг мотоцикльд ачаад Бууцагаан сум явлаа гээд яваад өгсөн. Орой нь 3 том пиво авчирч *******, ******* бид 3 хувааж уусан юм. Би 1 тооны хонины махыг хүнсэндээ хэрэглээд дуусгасан. Би тухайн үед хулгайн хонь байсан талаар мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 сард манайд ******* байдаг байсан юм. 2015 оны 11 сарын 20-ны үеэр байхаа би өдөр 16 цагийн үед “Дэлгэрийн бараан” гэх газар өөрийн малаа хариулаад мотоциклиор явж байх үед манай тэнд отроор өвөлжиж байсан тус сумын иргэн Жөрөөний мал эзэнгүй бэлчээрлэж байхаар нь би уг малнаас хулгай хийхээр болоод мотоциклиор мал дундуур нь ороод 12 тооны бог мал тасдаж аваад өөрийн малдаа нийлүүлээд малаа туугаад гэрлүүгээ явж *******т айлын 12 тооны мал тасдаад ирлээ 2-уулаа нядалж мах арьс ширийг нь зарж мөнгөтэй больё гэсэн чинь ******* зөвшөөрсөн. Тэгээд 4 хонийг нь тасдаж аваад Дэлгэрдалайгийн мал ойрхон байхаар нь малруугаа нийлүүлж байгаад гэрийн гадаа нь уг 4 хонийг нядалъя гэхэд Дэлгэрдалай зөвшөөрсөн. Тэгээд ******* бид хоёр орой ирж нядалъя гээд явсан. Би уул нь Дэлгэрдалайгийн эгч Золоод 60.000 төгрөгийн өртэй байсан. Дэлгэрдалайгийн эгч Золоо нь намайг Дэлгэрдалайд хонь өгчихөөөрэй гэхээр нь өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 11 дүгээр сард би *******ынд байдаг байсан юм. ******* хонио эргүүлээд ирье гээд яваад цагийн дараа гэртээ ирэхдээ Жөрөөний малнаас 12 тооны мал тасдаад малдаа нийлүүлчихлээ. 2-уулаа нядлаад мах арьс ширийг нь зараад мөнгөтэй болъё гэхээр нь би зөвшөөрсөн. Орой 17 цагийн үед хонь ойрхон байхаар нь 4 тооны хонийг тасдаж аваад Дэлгэрдалайд ******* бид 2 уг хонийг танай малд нийлүүлж байгаад нядална гэж ярихад Дэлгэрдалай зөвшөөрч нядалхаар болсон. Дэлгэрдалайгийн малруу уг 4 хонийг нийлүүлээд ******* бид хоёр буцаад явсан. Орой 19 цагийн үед ******* бид хоёр буцаж очиж Дэлгэрдалайгийнд ирээд маргааш өглөө нь 4 тооны хонийг *******ын хамтаар нядлаад 1 хонины махыг Дэлгэрдалайд өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-77/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-25/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 83-103/ зэрэг болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь 2015 оны 11 сард Баянхонгор аймгийн Бууцаган сумын нутаг дэвсгэрээс иргэн *******ийн эзэмшлийн 8 тооны хонь, 4 тооны ямааг хулгайлж бусдад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Д.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан 8 тооны хонь, 4 тооны ямааны үнэ 1.360.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.*******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан 240 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль, Д.*******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА