Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШЗ2023/0496

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Электрикком” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганчимэг, С.Ууганцэцэг, Э.Ганбүрэн,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонго, 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батцэцэг,

Гуравдагч этгээд: Надмидын Доржханд,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Баярмагнай,

Маргааны төрөл: Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар “Электрикком” ХХК-ийн эзэмшиж буй газрыг хашаалсан хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн эсэх, газрын кадастрын зургийг өөрчлөн бүртгэхийг даалгах үндэслэлтэй эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмагнай, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24/05 дугаар, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолуудаар нийслэлийн өмчөөс Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар тогтоосны дагуу “Электрикком” ХХК нь дуудлага худалдаагаар худалдан авч, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өмчлөгчийн эрх олгосныг үндэслэн 02/2017 дугаар гэрчилгээг олгожээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/330 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А хаягт байрлах, нэгж талбарын 18641312296286 дугаартай 639 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар “Электрикком” ХХК-д эзэмшүүлж, эзэмших эрхийн 000305563 дугаар гэрчилгээг олгож, улмаар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 97/2021 дүгээр албан бичгээр гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн газар эзэмших эрхийн 000023746 дугаар гэрчилгээг олгосон.

“Электрикком” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 286/2022 дугаар албан бичгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг гаднах хашаалсан газрын хамт худалдан авсан тул газрын кадастрын зургийг баталгаажуулахаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн мөн өдрийн 285/2022 дугаар албан бичгээр уг газрын кадастрын зураг зөрчилтэй байсан тул дахин хэмжүүлэн хүргүүлж байгаа тул баталгаажуулахаар тус тус хүсэлт гаргажээ.

Харин Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18/682 дугаар албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн тул эзэмшиж буй газрын кадастрын зургийн дагуу хашаагаа барих талаар, 18/683 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг зөрчсөн байх тул зөрчлөө арилгах талаар тус тус мэдэгдсэн байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар “Электрикком” ХХК нь өөрийн эзэмшиж буй 639 м.кв газрыг зохих ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн талбайн хэмжээ нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй хашаалсан гэх үндэслэлээр хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгожээ. 

3. Гуравдагч этгээд Н.Доржхандад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А-3 тоот хаягт байрлах нэгж талбарын 1500710007 дугаартай 539 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 000403164 дүгээр гэрчилгээгээр, тус хаягт байрлах 1176,8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 000624391 дүгээр гэрчилгээгээр тус тус өмчлүүлжээ.

Н.Доржханд нь өөрийн өмчлөлийн барилгын гадна дулаан, дулаан механикийн шугам сүлжээний зураг төслийг боловсрлууах 021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БМ-03-21-В дугаар гэрээг “Бюлдинг миррор” ХХК-тай байгуулсан байна.

Мөн тус барилгад “Рояал гипт” ХХК үйл ажиллагаа явуулдаг ба “Рояал гипт” ХХК нь “Оргил уулсын цамхаг” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/08 дугаар “Гипт центер” барилгын гадна дулааны шугам угсралт, холигч насос узель угсрах ажлын гэрээг байгуулжээ.

Улмаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тус 5 давхар үйлчилгээний зориулалттай барилгад дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах 109/2022 дугаар техникийн нөхцөлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгож, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сунгалт хийж, 358/2022 дугаар техникийн нөхцөлийг олгосон байна.

4. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 310/2022 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 319/2022 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, 320/2022 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргажээ.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2022/8364 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, улмаар дахин 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

... 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай эзэмшлийн хашаан дотор хөрш зэргэлдээ айл нь хугацаа нь дууссан техникийн нөхцөлтэй, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж эхэлсний дагуу Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж кадастрын зургийг шалгуултал төмөр хашааны хэмжээгээр биш байгаа тухай олж мэдсэн.

Кадастрын зураг нь хашаанаас өөр хэмжээтэй байгааг олж мэдсэн даруйд “Агдаргана точи” ХХК-иар дахин хэмжүүлж байршлын хувьд зөрүүтэй байсныг бодит болгон шинэчлүүлэх тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хандсан.

… Нийслэлийн Өмчийн Харилцааны газраас дуудлага худалдаагаар худалдан авахад тухайн газар, газар дээрх барилгыг болоод хашаалсан байдлаар нь худалдан авсан. Тус газар дээрх хашааг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар зөөж өөрчлөөгүй, хөдөлгөөгүй болох нь Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын архивын хуулбар үнэн зургуудаас харахад тодорхой байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь “Газар албадан чөлөөлөх тухай” А/309 дүгээр захирамж гаргасан нь бодит нөхцөл байдал болон хуульд нийцэхгүй байсан тул дээрх захирамжийг хүчингүй болгож өгөх тухай гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг Даргад гаргасан. Мөн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хашаалсан байдлаар газрын кадастрыг хийгээгүй, зөрүүтэй байдлаар мэдээллийн санд оруулсан нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тул тухайн газрыг хашаалсан байдлаар кадастрын зургийг хийж өгөхийг даалгаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.3 дахь хэсэгт “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасан байдаг. Манай байгууллагаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргаснаас хойш 30 хоног өнгөрсөн. Гэтэл Энэ хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөөгүй.

Манай компани тус хашааг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар зөөж өөрчлөөгүй, хөдөлгөөгүй нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас анх хүлээлцэж байх үеийн зургуудаар нотлогддог. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж болон Чингэлтэй дүүргийн газрын алба нь хашаалсан байдлаар газрын кадастрын хийгээгүй, зөрүүтэй байдлаар мэдээллийн санд оруулсан нь манай компанийн эрх ашгийг зөрчөөд байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба манай газрын урд эрчим хүчний суваг давхцаж байгаа гэж хариу өгдөг. Кадастрын зургаас харахад хойд зүгт гуравдагч этгээдийн эзэмшлийн газар, барилга байдаг. Эдгээр газрууд нь 1 шугамд зэрэгцээ байрлалтай. Нэхэмжлэгчийн газрыг хашааны хэмжээгээр урагш зөөхөд эрчим хүчний суваг давхцаж байгаа тул сунгах боломжгүй гэдэг. Гэтэл гуравдагч этгээд урагш сунгаж, барилга байгууламж барьж болдог, шугам сүлжээнд нөлөөлдөггүй мэт тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгчийн газар ганцаараа урагш нь чиглэгдсэн бол хариу тайлбар үндэслэлтэй. 

Бусдын эзэмшлийн хашааг нурааж, шугам сүлжээ татаж байгаа гуравдагч этгээдийн газар уг шугам сүлжээний бүсэд хамаарч байхад зөвхөн манайх давхцаж байгаа мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өмчийн харилцааны газраас шилжүүлж авсан учраас газрын хэмжээ хашааны дагуу байгаа гэдэгт итгэсэн. Кадастрын зургийг харахаар хүн бүр мэдээллийн сан руу орж чадахгүй. 639 гэдэг хэмжээг хэрхэн олж хүсэлт өгснийг мэдэхгүй байна. Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргаж өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч эзэмшиж байгаа газрын хэмжээгээр гэж бодож өнөөдрийг хүрсэн. Орчны ойролцоо газрууд бүгд зэрэгцээ оршдог. 6 жилийн дараа энэ нөхцөл байдлыг гуравдагч этгээдтэй холбоотойгоор мэдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хашааны хэмжээгээр өөрчилсөн тохиолдолд өмчилж авсан эд хөрөнгөө хамгаална. Өмчилж авсан газрын хэмжээгээр эзэмших нөхцөл бүрдэнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар холбогдох хүсэлтүүдийг гарсан нөхцөл байдал тогтоогдоно. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу өмчлөх эрх хамгаалах эрх зүйн зохицуулалтууд бий. Нэгэнт өмчилж авсан газраа эзэмших боломж нөхцөлөөр хангах эрхээр шат шатны захиргааны байгууллага хангах ёстой. Буруу бичигдсэн кадастрын зургийг хашааны хэмжээгээр тулгаж засварлуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын олгосон газрын хэмжээ өөрчлөгдөх шаардлагагүй. Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/309 дүгээр газар чөлөөлөх захирамж хүчингүй болох ёстой.” гэв.

7. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн A/309 дугаартай захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан, бусдын эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байгаа болно.

Учир нь “Электрикком” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй харин нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан хэмжээг албадан чөлөөлөх нь Газрын тухай хуулийн 27, 56, 57, 59 дүгээр зүйлүүдэд заасан заалтад нийцсэн төдийгүй Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн хүрээнд “Электрикком” ХХК-ийн хашаалсан хэмжээгээр газрын хэмжээг нэмэгдүүлэн олгох боломжгүй талаар Газар зохион байгууллалтын албанаас хариуг удаа дараа өгсөн байдаг.

Нөгөө талаас уг газарт Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий  төлөвлөгөөний газраар баталгаажиж зураг төсөл хийгдсэн... гэх мэт нөхцөл байдлуудаас шалтгаалсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын өмгөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь бусдын эрхийг зөрчсөн байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хэний эрх зөрчигдсөн бэ гэдэг асуудал яригдана. Захиргааны шүүхэд гомдол гаргаж байгаа нь А/309 дүгээр захирамжтай холбоотой. 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Агдаргана точи” ХХК-иар кадастр хийлгэн түүний хэмжээгээр даалгуулъя гэсэн. Үүнээс хойш 6 жил болсон үйлдэл байдаг. Хууль бус байсан захиргааны акт нь хэний эрхийг зөрчиж байгаа вэ гэдэг ойлголтын хүрээнд А/309 дүгээр захирамж нь даалгуулах эрхээр хангагдах “Электрикком” ХХК-ийн эрхийг зөрчиж байгаа юу, хэний эрхийг зөрчиж байгаа вэ?, гэсэн хуульд заасан үндэслэл тодорхойгүй байна. Энэ газрыг 2015-2017 дуудлага худалдаагаар худалдаж авч 6 жилийн дараа даалгуулж, мэдээллийн санд оруулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлийн хувьд бусдын эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Засаг даргын захирамж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газрыг албадан чөлөөлсөн. Уг газарт ямар нэгэн байдлаар даалгасан хэмжээгээр өөрчлүүлэхэд дулааны шугам, нийтийн эзэмшлийн талбай хамаарч байгаа тул газар олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй, харин даалгуулах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж эхэлснээр уг газрыг өмчлөх санаа үүссэн. Захирамжийг хүчингүй болгож даалгуулъя гэсэн шаардлага нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй. 

2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд үйл ажиллагаа зогсоосон. Олон газраар явж, бичиг баримтаа бүрдүүлж, зураг төслөө хийлгэж гэрээнээс үүдсэн маш олон тооны хохирлын баримтыг цуглуулсан байсан.  Газрыг илүү гаргаж олгож өгөх, даалгах шийдвэр гаргах субьект нь Засаг дарга биш. Боломжгүй бол захирамжийг хүчингүй болгож нийтийн шугам сүлжээ эрчим хүчний газар чөлөөлүүлэх ажиллагаа хийлгэж болно. 

Засаг даргын захирамж болон Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж байгаа шийдвэр хуулийн дагуу гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх. Харин өмчийн тухайд хэнийх вэ гэдгийг магадлах эрх нэхэмжлэгчид бий. 

Иргэд хоорондын буюу Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан өмчлөх эрхтэй холбоотойгоор дуудлага худалдаанаас байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Иргэний шүүхэд хандах харилцаа байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 11, 37 дугаар зүйлд хамаарахгүй. Кадастрын зураг нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна уу гэж үзэхэд хуульд заасан үндэслэл байхгүй байна. Захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт эсхүл албан тушаалтны буруутай үйлдэл үү гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэгч компани Иргэний шүүхэд хандах боломжтой. 6 жилийн дараа батлуулъя гэж нийтийн шугам сүлжээний газарт халдаж төрийн үйл ажиллагааг доголдуулж болохгүй.” гэв. 

9. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Электрикком" ХХК нь 2017 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 06 дугаар тогтоолын дагуу тус дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар авахдаа тус албанд тухайн 639 м.кв газрын эзэмших гэрчилгээ авах хүсэлтийг кадастрын зургийн хамт ирүүлсэн байна.

Дээрх газар эзэмших гэрчилгээ авах хүсэлтийн дагуу хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийг үндэслэн дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 2017 оны A/330 дугаар захирамжаар “Электрикком" ХХК-д 639 м.кв газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээг олгосон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Электрикком" ХХК нь өөрийн эзэмшиж буй 639 мкв газрыг зохих ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн талбайн хэмжээ нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй хашаалсан байх тул дүүргийн Засаг даргын “Газар албадан чөлөөлөх тухай" захирамж гарсан болно.” гэжээ.

10. Гуравдагч этгээд татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамж хуулийн дагуу, эрх хэмжээний хүрээнд гарсан захирамж бөгөөд кадастрын зургийг өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй буюу эрчим хүчний хамгаалалтын зурвас болон дулааны шугам сүлжээ бүхий техникийн нөхцөл олгогдсон нийтийн эзэмшлийн газар тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусдын хашааг зөвшөөрөлгүй нураасан зүйл огт байхгүй. Ажлын зурагт заагдсаны дагуу трансын дагуу айлуудтай зөвшилцөж ажлаа явуул гэсний дагуу “Элекрикком” ХХК-ийн захирал н.Гончигсүрэнтэй уулзсан. Нөхцөл байдлаа тайлбарласан. Олон айл дулаан авбал зардал багасахаар байна гэхэд энэ ажилд оролцохгүй. Манай газрын хажуугаар шугам явуулах бол 1 км зайтай газраас 200 өргөнтэй турба татаж, техникийн нөхцөл, худаг гаргаж өг. Энэ газар дээр би орон сууц барина. Үгүй бол зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Газар зохион байгуулалтын алба, ерөнхий төлөвлөгөөний газар зэргээс энэ асуудлын хүрээнд судалж үзэхэд нийтийн эзэмшлийн газар байсан. “Элекрикком” ХХК-ийн байрны хойд талд н.Гончигсүрэнгийн өмнөх эхнэр н.Бадамсүрэнгийн нийтийн байр байдаг. Тэр хүнтэй уулзаж зөвшөөрөл авч харилцан тохиролцож ажлыг гүйцэтгэсэн. Шугамын ажлыг хийлгээгүйгээс болж бүтэн жилийн халаалтын төлбөр болох 32 сая төгрөгийн бодит хохирол учирсан. Эрчим хүчний тариф нэмэгдсэн. Цахилгааны халаалтаар айлуудынхаа дулааныг шийдсэн. Нийтийн дулааны шугамд хамрагдвал ойр орчмын айлууд дэд бүтцээ шийдвэрлүүлэх хөгжил цэцэглэлтэнд нэмэртэй гэж үзэн 12 айл ярилцаж 9 айлын техникийн нөхцөл гарсан ажил явагдаж байна.

Дулаан авах айлууд гарсан зардлыг хувааж төлөхөөр ярилцсан.  Би өөрөө дулаан аваагүй хэдий ч үлдсэн 8 айлынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд 12 сая төгрөгийн дундын шугамын зардал гаргасан. “Элекрикком” ХХК-ийн 15 м газраас бусад ажлыг хийчихсэн байгаа. Энэ 15 м газраас болоод ажлаа дуусгаж чадахгүй байна. н.Гончигсүрэн 200 сая төгрөг өгчих эсхүл 1 тэрбум 500000 төгрөгөөр энэ газрыг худалдаж ав гэсэн. Бусдын адил зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэгч компани  ажлаа эхэлсэн. Техникийн нөхцөлийн хугацаа тухайн оны 10 сард дуусна. Нэхэмжлэгч хугацаа дууссан гэж үзэж байгаа. Хугацаа нь дуусвал дахин сунгуулна. Энэ жилийнх гэхэд 2023 оны 10 сард дуусна. Энэ хугацаанд багтаж ажлаа дуусгах шаардлагатай байна. 14 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ хийчихсэн байгаа. Ажлаа дуусгаагүй гэж нөгөө айлууд мөнгөө нэхсэн. Одоогоор 5 төрлийн зардал гарч байна. Хохиролтой байна .” гэв.

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кадастрын зургийг өөрчлүүлж даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм.

Кадастрын зураг зөрүүтэй талаар 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэсэн. Гэтэл хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт дурдсан байна. Мөнгөний асуудлаас болоод шүүхэд хандаж зориуд саад болж байна гэж ажиглагдаж байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасны дагуу газар эзэмших гэрчилгээ авахдаа газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын тойм зургийг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Тухайн үед тусгай зөвшөөрөлтэй газрын кадастр хийдэг компаниуд байсан. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. 

Тухайн жилийн Газар зохион байгуулалтын албаны ерөнхий төлөвлөгөөний дагуу кадастрын зургийг өөрсдөө хүсэлтдээ хавсаргаж өгсөн боловч одоо Газар зохион байгуулалтын алба хууль л зөрчсөн гэж тайлбарлаж байна. Ямар хуулийн заалтыг зөрчсөнийг тодруулахад хариу хэлээгүй, баримтаар тогтоогдоогүй. Кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших гэрчилгээ олгосон үйл баримт хэрэгт бий. Үүнтэй холбоотой захирамжид нэхэмжлэгч маргахгүйгээр шууд даалгуулах шаардлага гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хашааны хэмжээгээр даалгуулах шаардлага гаргасан боловч үзлэгээр 3 талт хашаа байсан. Өөрсдийнх нь хийлгэсэн зургаас бодит байдалд өөр байсан. Өмчийн харилцааны газар хашааг буруу барьсан гэж үзвэл тус газартай маргах боломжтой. Нэхэмжлэгч аж ахуйн зориулалтаар эзэмшсэнээр ямар эрх бодит байдалд сэргэх нь тодорхойгүй. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурваст байгаа учраас нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Бодит нөхцөл байдал нь гуравдагч этгээдээс мөнгө авах зорилготой юм. Нэхэмжлэгч эрх ашиг хөндөгдсөн зүйл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн, Г.Ганчимэг, С.Ууганцэцэг нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.”Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.“ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэв.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5.”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
  3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2.”Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.3.2.”тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 56 дугаар зүйлийн 56.5.”Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.” 57 дугаар зүйлийн 57.3.”Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.”Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заажээ. 

3.1 Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нээлттэй дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүгийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг худалдан авч өмчлөгч болсон бөгөөд тус өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар худалдах зард газрын хэмжээг 108 м.кв эзэмшил газартай гэжээ.

Гэсэн ч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/330 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А хаягт байрлах, нэгж талбарын 18641312296286 дугаартай 639 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь газрын байршлыг дуудлага худалдаагаар авсан байршил буюу худалдан авах үед байсан хашааны хэмжээгээр өөрчлүүлэх шаардлага гаргасан байна.

Шүүхийн энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “Электрикком” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 286/2022 дугаар албан бичгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг гаднах хашаалсан газрын хамт худалдан авсан тул газрын кадастрын зургийг баталгаажуулахаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн мөн өдрийн 285/2022 дугаар албан бичгээр уг газрын кадастрын зураг зөрчилтэй байсан тул дахин хэмжүүлэн хүргүүлж байгаа тул баталгаажуулахаар тус тус гаргасан хүсэлтэд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18/682 болон 18/683 дугаар албан бичгүүдээр хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нийцжээ.  

Нэхэмжлэгч хэдийгээр “Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгуулах” шаардлагын хүрээнд хариуцагчийн хууль бус гэх үйлдэл, эс үйлдэхүйг дурдаагүй боловч хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны дээр дурдсан албан бичгээр өгсөн хариу нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан барилга хүлээлгэж өгсөн актад өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгад хамааралтай газар эзэмших эрхийн талаар дурдагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 88/2017 дугаар албан бичгээр 639 м.кв газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасны дагуу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр үйлдүүлж гаргаж өгөөгүй тул тухайн үед мэдээллийн санд бүртгэлтэй байсан газрын хэмжээ, байршлын дагуу эзэмшүүлсэн байна.

Газар эзэмшигчийн эзэмших эрх бүхий газрын байршил нь газар эзэмших хүсэлтэд хавсаргасан тойм зургийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан барилгыг дагаж эзэмшүүлсэн газрын мэдээллийн сан дахь нэгж талбар бүхий газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан нь  зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй. 

3.2 Нэхэмжлэгч нэгэнт зохих зөвшөөрөлгүй газар эзэмшсэн тул хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар “Электрикком” ХХК нь өөрийн эзэмшиж буй 639 м.кв газрыг зохих ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн талбайн хэмжээ нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй хашаалсан гэх үндэслэлээр хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5-д заасантай нийцжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан гаргаж өгсөн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000189505 дугаар гэрчилгээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/381 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 639 м.кв газрыг эзэмшүүлсэн талаар дурдсан боловч тус захирамж гарахаас өмнө гарсан маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлөхийг даалгах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд хамааралгүй байна.
  2. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.3.2, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан “Электрикком” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН