Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2019/00042

 

К.Х-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэртэй, К.Х-ы нэхэмжлэлтэй, М.Б, М.З нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч М.Б-ны давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.             

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, М гэх газарт байрлалтай 5х5м, 3х5м харьцаатай, 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, энэхүү байшинг М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Цэнгэл сумын 2 дугаар багт амьдарч байхдаа 2003 онд тус багийн нутаг “М” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн. Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З нар хууль бусаар эзэмшиж, байшинд маань дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээр баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар зэхэж байна. Уг байшин байрлаж байгаа Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “М” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй. М гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан Мын хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрсдөө шийднэ. Иймд Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, “М” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоож, М.Б, М.З арыг уг байшингаас албадан нүүлгэхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагч М.Б-ы тайлбарт: “Миний бие М.Б одоо Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Цэнгэл сумын 2 дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З нар 600000.00 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан. Би Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Мод хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Х-аас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Х-ы надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч М.З-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг М-ын төрсөн дүү. А.М нь 2016 онд нас барсан. 2004 онд М.З, нөхөр А.Е бид хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг 600000.00 төгрөгөөр худалдсан. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх К.Х-аас 5х5 метрийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 метрийн дүнзэн байшинг худалдаж авсан бөгөөд одоо К.Х-аас авсан жижиг чулуун хашааг өргөтгөж томруулсан. Бид уг дүнзэн байшинг худалдан аваад 14 жил болж байна. Жил болгон хадлангийн талбайгаас өвс авч, амьдарч байна. Бид Х-аас уг байшинг худалдаж авч, одоог хүртэл хаваржиж, ашиглаж байгаа болохыг Цэнгэл сумын газрын даамал Т.Н, багийн дарга М.Д, Б.С, хөрш болох А.Д, А.Т, А.Ж, С.Б, Ж.А, Ч.М, Х.З, М.Т, Х.С, А.Т, К.К, М.Н, Т.Б нар мэддэг учир нотариатаар батлуулсан тодорхойлолтуудыг хавсаргав.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1-ийг тус тус баримтлан Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3х5м харьцаатай 40 м2 талбайтай  хоёр тасалгаатай дүнзэн байшинг хариуцагч М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг байшингаас М.Б-ыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Б-ы давж заалдах гомдолд: “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Тухайлбал хэрэгт Цэнгэл сумын 2 дугаар баг Мод байрлах маргаан бүхий өвлийн байшинг 2005 оноос одоог хүртэл миний бие эзэмшиж ашиглаж эд материал нь хуучирч муудсан тул өөрийн хөрөнгөөр мод бүх материалыг шинээр худалдан авч 9x5 харьцаатай орчин үеийн вакум цонхтой байшин болгож шинээр /хаваржиж/ барьсан байхад шүүх байхгүй байшингийн өмчлөгчөөр К.Х-ыг тогтоосон байна. Энэ хугацаанд 13 жилийн турш К.Х нь нэг ч удаа ирж байгаагүй, байшинд амьдарч байгаагүй, байшингаа шаардаж байгаагүй атлаа байшинг худалдан авсан аав М нас барангуут түүний нас барсныг далимдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан үндэслэлээр үүсэх байтал шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж К.Х байшингийн хууль ёсны өмчлөгч хэмээн тогтоосон нь үндэслэлгүй болсон. 13 жилийн өмнө К.Х нь байшинг барьсан нь миний өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд К.Х нь байшингаа М-д худалдаж улмаар эхэндээ Е, З нар сууж байснаа 2015 оноос эхлэн амьдарч байгаа ба миний бие дээрх хөрөнгийн хууль ёсны шударга эзэмшигч мөн тул надаас шаардах эрхгүй. Мөн би дээрх байшин нь тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг учраас энэ хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авч чадаагүй. К.Х нь 13 жилийн турш нэг ч удаа байшингаа М-оос болон надаас шаардаж байгаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, эхнэр Зиягүлтэй хамт хавар болгон манайд айлчлан очиж хонон өнжин амарч байгаад буцдаг. 2015 онд хуучин байшинг буулгаж материалыг нь ашиглах боломжгүй болсон тул шинэ материалаар өөр газарт шинээр байшин барьсныг мэддэг атлаа хуучин байшин хэвээрээ байгаа мэтээр шүүхэд худал мэдүүлсэнд харамсаж байгаа ба манайд очих үед юу ч дуугардаггүй “байшингаа янзалж авсан байна, сайн байна” гэдэг байснаа аав нас барсныг далимдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анхаараагүй. Би хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой учраас газар дээр нь очиж одоо байгаа байшин нь ямар байшин болохыг, хуучин байшингийн суурь хаана байгааг, үнэхээрийн нэхэмжлэгч нарын хэлээд байгаа шиг 2 өрөө байшин байгаа эсэхийг тодруулахыг хүссэн ч шүүх хүсэлтийг хангаагүй атлаа К.Х-ы хуучин байшин байгаа мэтээр бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2015 онд байшинг буулгасныг К.Х, М.З нар мэдэж байсан ба шүүх 2 өрөө байшин байгаа эсэх, байсан эсэхийг тодруулахгүй байж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “...үзлэг, ...хийлгэх, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж хуульчилсан.

 

Хариуцагч Х.Б-аас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...маргаан бүхий байшинг 2014 онд нурааж, өмнө байсан газраас 50 м холдуулан, 9х5м байшинг шинэчлэн барьсан. Өнөөдрийн байдлаар Х-ы нэхээд байгаа байшин байхгүй...” гэж тайлбарлан шүүхээс маргаж буй байшинд, эсхүл нураасан гэх байшингийн суурь хэсэгт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргажээ. Шүүх хуралдаан даргалагчаас тус хүсэлттэй холбогдуулан талуудаас маргаан бүхий байшинг буулгасан талаар тодруулахад хариуцагч М.Б нь “би буулгасан” гэж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “бид барьсан газарт байшин хэвээрээ байгаа” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд талуудаас тодруулахад мөн зөрүүтэй тайлбарласан байна.

 

Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШЗ2019/01158 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн шүүхийн журмаар үзлэг хийлгэх тухай дээрх хүсэлтийг “...тухайн байшинг томсгосон, өөрчилсөн зэрэг нь хэрэгт хамааралгүй” гэж дүгнэн нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсноос гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасныг зөрчсөн байна. Энэ талаарх хариуцагч М.Б-ы давж заалдах гомдол үндэслэлтэй тул хүлээж авах нь зүйтэй.

 

Маргаантай үйл баримтын бодит байдлыг тогтоохын тулд анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийж, хуульд заасан тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх тухай  журмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн оролцогчийн хуульд заасан тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч М.Бы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М.Б-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК