Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2023/00962

 

2023      11         29                                             151/ШШ2023/00962

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Т.Ө-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: С.Д-д холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.О

Хариуцагч: С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Т.Ө нь 2023 оны 05 дугаар сард С.Д-той L200 загварын автомашиныг худалдаж авах талаар наймаа хийхэд С.Д нь “Ахынх нь автомашин он хөгшин, зах дээр 4,000,000 төгрөг байна. Ахдаа 8,000,000 төгрөг өгвөл шинэ болгож засаад өгье” гээд ярьсан. Тэгэхээр нь Т.Ө бага багаар 8,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүүгийн хүүхэд н.Э-гийн данс руу шилжүүлж, н.Э нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг буюу нийт 8,000,000 төгрөгийг С.Д-ийн данс руу тус тус шилжүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авто тээврийн үзлэгт орсон. Тэгэхэд засварлаагүй, хэвээрээ байхаар нь буцаагаад гэрийн гадаа нь тавьсан. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор уг машиныг авахад дахиад засварлаагүй байсан. Т.Ө автомашиныг нь 3 хоног унаад буцааж өгөхдөө мөнгөө авна гэхэд С.Д зөвшөөрч, өөрөө жолоодон явсан. Харин 2023 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдөр С.Д ирээд чи өөрөө эвдэлсэн машинаа аваарай, наймаа буцахгүй гэж хэлсэн. 2023 оны 08 дугаар сүүлээр намайг зөөвөр тавиад явж байхад гэрийн гадаа орхисон, Т.Ө буцааж аваачиж өгсөн. Мөн шүүхэд өгнө гэхээр машинаа гадаа авчирч тавиад байдаг. Иймд С.Д-оос автомашины үнэ болох 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

С.Д миний бие Т.Ө-тай суудлын автомашин худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хэлцэл хийсэн. Т.Ө нь миний L200 загварын автомашиныг худалдаж авъя гэж өөрөө гуйж авсан. Миний бие зах дээр 4,000,000 төгрөг байдаг, 8,000,000.00 төгрөгөөр ав гэж хэлсэн удаа байхгүй. Өөрөө таны автомашиныг авъя гэж хэд хэдэн удаа хэлж, шалж байгаад наймаа хийсэн. Миний автомашин шинээр орж ирсэн автомашин биш унаж эдэлж байсан гэдгийг Т.Ө мэднэ, би эвдэрхий машин өгөөгүй, зүгээр явж байсан машин, өөрөө авна гэж байгаад авсан. Би шинэ автомашин шиг болгож өгнө гэж хэлээгүй, хүн дээрэлхсэн асуудал байхгүй. Тухайн үед Т.Ө машинаа зүгээр гээд аваад явсан. Хэд хоногийн дараа ирэхдээ мотор нь халаад байна гээд буцаад хүрээд ирэхээр нь би үзээд өгье гэж хэлсэн. Үзээд нэг зүйл дутуу байсан болохоор тэрийг нь хийгээд өгсөн. Би наймаа буцмааргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч С.Д-д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

1. Нэхэмжлэгч Т.Ө нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“2023 оны 05 дугаар сард С.Д-той L200 загварын автомашиныг худалдаж авах талаар наймаа хийж, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг буюу нийт 8,000,000 төгрөгийг С.Д-ийн данс руу тус тус шилжүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авто тээврийн үзлэгт орсон. Тэгэхэд автомашин эвдрэлтэй, засаж өгнө гэсэн боловч засварлаагүй хэвээрээ байхаар нь буцаагаад С.Д-ийн гэрийнх нь гадаа автомашиныг тавьсан. Харин С.Д ирээд чи өөрөө эвдэлсэн машинаа аваарай, наймаа буцахгүй гэж хэлсэн. Иймд С.Д-оос автомашины үнэ болох 8,000,000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч С.Д нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“... Миний бие Т.Ө-тай суудлын автомашин худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хэлцэл хийсэн. Т.Ө нь миний L200 загварын автомашиныг худалдаж авъя гэж өөрөө гуйж авсан. Хэд хоногийн дараа ирэхдээ мотор нь халаад байна гээд буцаад хүрээд ирэхээр нь би үзээд дутуу зүйлийг нь хийж өгсөн. Би наймаа буцмааргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Ө, хариуцагч С.Д нар нь хариуцагчийн өмчлөлийн ... улсын дугаартай Mitsubishi L200 маркийн тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь автомашины үнэ 8,000,000 төгрөгийг хариуцагч С.Д-ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь ... улсын дугаартай Mitsubishi L200 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Т.Ө-ын нэр дээр шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны ... тоот дансны хуулга, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6-9/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримт болон автомашины үнэ 8,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь: “... надад тос дундуур, тосол дундуур автомашин өгсөн, автомашины мотор нь хэт их халж байсан, машинаа засаж янзлаад өгнө гэсэн боловч юу ч засаагүй байсан” гэсэн тайлбар гаргаж,

хариуцагч нь: “... Т.Ө миний автомашиныг худалдаж авъя гэж өөрөө гуйж авсан. Хэд хоногийн дараа мотор нь халаад байна гээд буцаад хүрээд ирэхээр нь би үзээд дутуу зүйлийг нь хийж өгсөн. Би наймаа буцмааргүй байна” гэсэн тайлбар тус тус гаргаж, талууд худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж,

хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Т.Ө нь “... 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, авто тээврийн үзлэгт оруулахад автомашиныг засварлаагүй байсан тул буцааж өгсөн. Мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор уг машиныг авахад дахиад засварлаагүй байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д: “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Т.Ө нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухайгаа хариуцагчид мэдэгдэж, хариуцагч С.Д нь гэрээний зүйл болох автомашиныг буцаан авсан, одоо автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч С.Д нь автомашины төлбөрт авсан 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ө-т буцаан өгөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч С.Д-оос 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ө-т олгохоор шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-оос 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-т олгох нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Д-оос 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-т олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-оос 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-т олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН