| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04214/И |
| Дугаар | 182/ШШ2024/00567 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/00567
| 2024 02 01 | 182/ШШ2024/00567 |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин суух, Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... дугаар сургууль-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ж,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч 000 дугаар сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 000 дугаар сургуульд англи хэлний багшаар 2008.09.13-ны өдрөөс эхлэн тасралтгүй 15 жил ажилласан бөгөөд 2023.09.13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар тус ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.
Уг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн, 2023.09.01, 04, 05-ны өдрүүдэд хуваарийн дагуу хичээл заалгүй 3 өдөр хичээл тасалж, сургалтын үйл ажиллагаа тасалдуулсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч Э.Г-д үүрэг болгосон...
Иймээс миний бие 2023.09.13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 3.3.2-т Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөхөөр зохицуулсан заалтыг буруу хэрэглэж, хууль бус үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн байна. Миний бие сахилгын зөрчил огт гаргаж байгаагүй.
Түүнчлэн 2021 оны шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг 2022.01.01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа бөгөөд уг хуулийн хүрээнд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан Сургуулийн дүрэм, дотоод журам, захирлын тушаал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн дээр хичээлээс хожимдохгүй, таслахгүй байх, 6.2.6-д Хэл мэдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш өдөр ажил тасалсан заалтын хүрээнд миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлээс хожимдож таслаагүй.
Тухайн 2023.09.01, 04-ний өдрүүдэд ажлын байран дээрээ ирсэн бөгөөд ажил олгогч /шинээр томилогдсон захирал/ үл ойлгогдох шалтгаанаар хичээлийн хуваарь баталж өгөлгүй, үндсэн багшаар ажлуулахгүй, цагийн багш болгоно, болгохгүй, хичээлийн шинэ жилийн нээлтэд ирээд хэрэггүй гэх мэтээр хувийн ааш авир гаргаж, ажлын зүй бус шаардлага тавьж байсан хэдий ч бусад багш нарын хамтаар хичээлээ заахаар ирсэн.
Гэтэл зарим анги танхим бэлэн болоогүй, сургалтын орчин бүрдээгүй, хичээл орох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Хэдийгээр энэ байдал нь багш бид нараас шалтгаалаагүй ч өөрийн дааж авсан ангийн сурагчидтайгаа уулзаж, тайлбарласан.
2023.09.05-ны өдөр ээжийн маань бие гэнэт муудаж сэхээнд орсон бөгөөд энэ тухай хамт ажилладаг багш нартаа хэлээд шууд эмнэлэг явсан, энэ өдрөө ээжийгээ сахиж эмнэлэгт байгаа тухайгаа мэдэгдсэн. Миний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлээс хоцорч, хичээл тасалдуулж байгаагүй. Тухайн өдрүүдэд ч хичээлийн цагийн хуваарь ч батлагдаагүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай 1 өдөр байснаа нотолсон эмнэлэгийн магадлагаагаа ажил олгогч талд өгөхөөр авч ирсэн боловч одоо энэ шаардлагагүй, ажлаас шууд чөлөөлнө, тушаал бичгээр гарахаар ирж аваарай гээд хүлээж аваагүй. Удаа дараа болон ямар нэгэн сахилгын арга хэмжээ огт авагдаж байгаагүй байтал хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоож, хамгийн хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл буюу ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсанд туйлын их гомдолтой байна.
Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.
2.Хариуцагч 000 дугаар сургуулийн төлөөлөгч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 3.3.2-т заалтыг буруу хэрэглэж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан. Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 3.3.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж тогтоосон нь өөрөө үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасантай харшилж байна. Хариуцагчийн зүгээс Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтыг буруугаар хэрэглээгүй Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, ЕБС-ийн 000 дугаар сургуулийн дотоод дүрэм, Д.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн хуулийн хүрээнд хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 2023.09.01, 04, 05-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр хичээл тасалдуулсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасны дагуу зөрчил мөн болно. Үүний учир Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасан зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан.
2023.11.07-ны өдрийн Улсын байцагчийн албан шаардлагад, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал зэргийг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй зэрэг зөрчил илэрсэн. Д.Ц өмнөх захирал Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусгавар болоогүй байсан учир гэрээг шинэчлэн байгуулаагүй. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2023 оны ажлын гуйцэтгэлийн үнэлгээгээр Д.Ц нь 5 дугаар түвшинд үнэлэгдсэн, өөрөөр хэлбэл хангалтгүй үнэлгээ авсан.
Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.7 дахь заалт, ЕБС-ийн 000 дугаар сургуулийн дотоод журмын 2.5-д заасан ээлжит хичээлийн бэлтгэлийг тогтмол хангаж, төлөвлөгөө, хөтөлбөрөө батлуулах гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд сургалтын хөтөлбөргүй хичээл заадаг тухай тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд 2022.10.11-ний өдөр зохион байгуулсан зөвлөн туслах ажлын тайлангийн дүгнэлтэд тусгагдсан. Үүнээс харахад гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлээгүй болохыг илэрхийлнэ. Нэхэмжлэгч Д.Ц нь 2023.09.01, 04, 05-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр хичээл тасалдуулсан, 2023.09.01, 04, 05-ны өдрүүдэд хичээлд хоцорсон, ажлын цагаас эрт тарж явсан зэрэг нь ирцийн бүртгэлээр батлагдсан.
2023.09.01-нд ЕБС-ийн 000 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг МШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы хурлын танхимд хийсэн бөгөөд сургалтын үйл ажиллагаа явуулах анги, танхим бэлэн болсон сургалтын орчин 100 хувь бүрдсэн байсан. Хичээлийн хуваарийг 1-р, 2-р ээлж гэсэн дарааллаар гаргаж баталсан бөгөөд хуваарийн дагуу багш нар хичээлээ орсон.
2023.08.31-нд ЕБС-ийн 000 дугаар сургууль нь цаашдаа Гүн ухааны төрөлжсөн сургууль болохоор төлөвлөж байгаатай холбогдуулж Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2021 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр болон Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2023.06.05-ны өдөр баталсан Гүн ухааны төрөлжсөн агуулгын талаар багш нарт сонсгол хийж мэдээлэл өгснөөс бус цагийн багшаар ажиллуулах тухай нэг ч тушаал шийдвэр гаргаагүй бөгөөд ямар нэгэн шаардлага тавиагүй. Ажлын зүй бус шаардлага гэж яаг юуг хэлж байгааг ойлгосонгүй.
Д.Ц-тэй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг 2023.09.13-ны өдөр гаргасан өөрөөр хэлбэл 2023.09.01-2023.09.13-ны өдөр хүртэл 13 хонгийн хугацаанд тайлбар хүлээсэн болов ч тайлбар ирүүлээгүй тул хөдөлмөрийн тухай хууль, дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тушаал гаргасан. Д.Ц нь ар гэрийн гачигдалтай байгаа тухайгаа энэ хугацаанд мэдэгдээгүй. Д.Ц-г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь түүний гаргасан зөрчилд нийцүүлэн хууль дүрмийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,
-2023.09.13-ны өдрийн Б/27 тоот 000 дугаар сургуулийн захирлын “Д.Ц-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /хх-ийн 5 х/,
-2023.10.02-ны өдрийн 69 тоот Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 6-8 х/,
-Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 77-78 х/,
-Гэрэл зургууд /хх-ийн 106-107 х/,
-Тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-ийн 108/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 9070005012 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 24 х/,
-0002025 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт /хх-ийн 25-26 х/,
-Хичээлийн хуваарь /хх-ийн 27 х/,
-000 дугаар сургуулийн дотоод журам /хх-ийн 28-32 х/,
-Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 33-35 х/,
-2023.11.07-ны өдрийн 64/23 тоот Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлага /хх-ийн 36-37 х/,
-2023.09.01-ний өдрийн Сурагчдын ирцийн бүртгэл /хх-ийн 38 х/,
-2023.09.04-ний өдрийн Сурагчдын ирцийн бүртгэл /хх-ийн 39 х/,
-2023.09.05-ны өдрийн Сурагчдын ирцийн бүртгэл /хх-ийн 40 х/,
-Багш нарын ирцийн бүртгэл /хх-ийн 41 х/,
-Сурагчдын гар бичвэр /хх-ийн 42 х/,
-2021.08.13-ны өдрийн А/282 тоот Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төлөвлөгөө батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 59-60 х/,
-2023.06.05-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Гүн ухааны сургалттай ерөнхий боловсролын сургуулийн төрөлжсөн сургалтын агуулга” /хх-ийн 61-63 х/,
-Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 64-65 х/,
-000 дугаар сургуулийн дотоод журам /хх-ийн 66-70 х/,
-2008.09.05-ны өдрийн 21 тоот Чингэлтэй дүүргийн шашны сургалттай 000-р сургуулийн захирлын “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал /хх-ийн 72 х/,
-2024.01.05-ны өдрийн 01 тоот “Тодорхойлолт” /хх-ийн 117 х/,
-2024.01.08-ны өдрийн 1 тоот “Тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 118 х/,
-2024.01.08-ны өдрийн 10 тоот “Тодорхойлолт” /хх-ийн 119 х/ зэрэг баримтуудыг,
5.Шүүхийн журмаар 2023.11.23-ны өдрийн 182/ШЗ2023/15226 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар цалин хөлсний тодорхойлолт /хх-ийн 71 х/,
-2023.12.07-ны өдрийн 182/ШЗ2023/16049 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу гэрчээр асуусан тэмдэглэл /хх-ийн 87-92 х/,
-2023.12.07-ны өдрийн 182/ШЗ2023/16049 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу хийсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 97-103 х/,
-2024.01.09-ний өдрийн 182/ШЗ2024/01004 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 140-143, 154-156 х/,
-2024.01.09-ний өдрийн 182/ШЗ2024/01004 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2023.08.18-ны өдрийн 15/401 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 144 х/,
-2024.01.09-ний өдрийн 182/ШЗ2024/01004 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2023.08.31-ний өдрийн Б/23 тоот 000 дугаар сургуулийн захирлын “Г.Д-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал /хх-ийн 145 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.000 дугаар сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч 000 дугаар сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Миний хувьд 2023.09.01, 2023.09.04-ний өдрүүдэд ажил таслаагүй, сургуулиас хичээл орох нөхцөл боломжоор хангаагүй, анги танхим байхгүй байсан. Мөн 2023.09.05-ны өдөр ээжийгээ эмнэлэгт сахиж шаардлагатай болсон талаар хамт ажилдаг багш нартаа хэлсэн учраас ноцтой зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч “... Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж 3 хоног дараалан ажил тасалсан учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,
154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заажээ.
4.2.Нэхэмжлэгч Д.Ц нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023.10.02-ны өдөр 69 дугаартай шийдвэрээр “...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ.
Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2023.10.12-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.
5.Нэхэмжлэгч Д.Ц нь 2008.09.13-ны өдрөөс 2023.09.13-ны өдрийг хүртэл 000 дугаар сургуульд англи хэлний багшаар томилогдон ажиллаж байсан болох нь “Албан тушаалын тодорхойлолт” /хх-ийн 33-35 х/ , “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 77-78 х/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
6.Нэхэмжлэгч Д.Ц нь 000 дугаар сургуулийн захирлын 2023.09.13-ны өдрийн Б/27 тоот “Д.Ц-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалтуудыг үндэслэн “...2023.09.01, 04, 05-ны өдрүүдэд хуваарийн дагуу хичээл заалгүй дараалан 3 өдөр хичээл тасалж сургалтын үйл ажиллагаа тасалдуулсан...” гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 5 х/
7.Хариуцагч нь Д.Ц-г Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “...ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн дээр хичээлээс хожимдохгүй, таслахгүй байх”, 6 дугаар зүйлийн 6.2.6-д “Хэл мэдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан хоёроос дээш хоног ажил тасалсан” гэж тус тус заасныг зөрчиж, 3 өдөр дараалан хичээл тасалсан ноцтой зөрчил гаргасан учраас захирлын 2023.09.13-ны өдрийн Б/27 тоот тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байна.
8.Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч 000 дугаар сургуулийн захирлын 2023.09.13-ны өдрийн Б/27 тоот тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:
-Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх”,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
-Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Сургуулийн дүрэм, дотоод журам, захирлын тушаал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн дээр хичээлээс хожимдохгүй, таслахгүй байх”
-Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д “Хэл мэдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан хоёроос дээш хоног ажил тасалсан” гэжээ.
9.Нэхэмжлэгч нь 2023.09.01, 04-нд хичээл орох анги танхимаар хангаагүй, 09.05-нд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарласан бөгөөд шүүх энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй.
9.1.Учир нь багш Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасны дагуу суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэх үүрэгтэй байх ба энэ түүний ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд сургалтын хөтөлбөрөөр хичээл заах, хичээлээ зохион байгуулах үүрэгтэй гэж тусгагджээ.
9.2.Мөн 000 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар ээлжийн хичээлийн хуваариар нэхэмжлэгч Д.Ц нь 2023.09.01-нд 15:00 цагаас 16 цаг 25 минутын хооронд 7а ангид, 2023.09.04-нд 13 цаг 30 минутаас 16 цаг 25 минутын хооронд 9а, 12а ангиудад, 2023.09.05-нд 13 цаг 30 минутаас 14 цаг 55 минутын хооронд 10а ангид тус бүр 40, 40 минутын хугацаагаар англи хэлний хичээл орох хуваарьтай байсан боловч анги, танхим байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлүүдээр ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь гэрч Сурагчдын ирцийн бүртгэл /хх-ийн 38, 39, 40 х/, Багш нарын ирцийн бүртгэл /хх-ийн 41 х/, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн 2024.01.08-ны өдрийн 10 тоот тодорхойлолт, /хх-ийн 119 х/, Б.Ц-гийн “...анги байгаагүй, цагийн багш болсон учраас хичээл ороогүй...” /хх-ийн 89 х/ гэх мэдүүлэг, гэрч Г.Д-гийн “...хуваарийн дагуу хичээл орох гэтэл багш байгаагүй...” /хх-ийн 91 х/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
9.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь 2023.09.05-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Харин хариуцагчийн ноцтой зөрчил гаргасан гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
“Ноцтой зөрчил” гэдэг нь ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байдаг бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.
10.1.Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, 6.2-т “Дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцаанд шууд нөлөөлөх ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө өөрийн санаачлагаар цуцлана” гээд 6.2.1-ээс 6.2.9 хүртэл зөрчлүүдийг нэрлэн заасан байна. /хх-ийн 64-65 х/
Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 6 дугаар зүйлийн 6.2.6-д тус тус заасан “Сургуулийн дүрэм, дотоод журам, захирлын тушаал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн дээр хичээлээс хожимдохгүй, таслахгүй байх”, “Хэл мэдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан хоёроос дээш хоног ажил тасалсан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байх тул ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч 000 дугаар сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
11.Шүүх хэргийн 42, 108 дугаар хуудсанд авагдсан Сурагчдийн гарын үсэг зурсан “...хичээл орсон, ороогүй...” гэх тайлбартай гарын үсэг бүхий баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зохигч хэн аль нь эдгээр сурагчдыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
12.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан 000 дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай Д.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА