Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/00591

 

 

 

 

 

 

 

 

                              2024      02         05     

            182/ШШ2024/00591

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Б.Цолмон, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин суух, Л.Г-гийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ...... байранд байрлах, Ш-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 370,188,519 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Иргэдийн төлөөлөгч С.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ш-д холбогдуулан хохирол 370,188,519 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Л.Г миний бие 2007 онд Шүүхийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.03.23-ны өдрийн 363 дугаар зарлигаар Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэн баталсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Ш-өөс 2013.12.18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, мөн өдрийн 42 дугаар тогтоолоор нийт шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тогтоолыг тус тус Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байсан.

Ингэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхүүдийг тойргийн системд хувиргаж, шүүхүүдийг шинээр байгуулсан бөгөөд Ш-ийн 42 дугаар тогтоолоор намайг Ховд аймаг дахь Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн.

Ш-ийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа намайг ямар нэгэн “хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр” томилоогүй орхигдуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2015.01.30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлийн Нэг: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн хоёрдугаар зүйлийн Нэг: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалтыг хүчингүй” болгосон.

Үндсэн Хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэхэмжлэгч Л.Г намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Ш-ийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан Дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүх гэх зэрэг нэршил бүтэц бүхий шүүхүүд огт байхгүй болсон тул Ш-ийн уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2021.05.24-ний өдрийн 17 тоот тогтоолоор Л.Г надад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар харьяалал тогтоож өгсөн.

Миний бие 2013.12.18-ны өдрөөс 2021.05.24-ний өдөр хүртэл хугацаанд Ш-д хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол удаа дараа гаргаж байсан бөгөөд Ш-өөс намайг дахин шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Монгол Улсын Дээд Шүүхээс хэргийн харьяалал тогтоож өгсөн тул 2021.07.22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу Ш- нь 2022.03.30-ны өдөр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ба Ш-өөс холбогдох материалыг дутуу явуулснаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 12 иргэний холбогдох материалыг буцаасан ба Ш- нь холбогдох материалуудыг дахин бүрдүүлж 2022.05.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Л.Г надад холбогдох материалыг Ш-д 2022.05.16-ны өдөр буцаан хүргүүлсэн байсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заасан. Миний хувьд Ш-ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлж, намайг дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол гаргасан.

Гэвч Ш-өөс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж албан тоотоор мэдэгдсэн тул дээрхи эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Ш-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2022.06.13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023.01.18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрээр Ш-ийг 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүйгээр Л.Гг шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Л.Гг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн.

Ш- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрийг 2023.06.22-ны өдөр биелүүлж, Ш-ийн хуралдаанаараа Л.Г миний асуудлыг хэлэлцэж, шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр, 2023.01.18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрээр Ш-ийн эс үйлдэхүй болон үйлдлийг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Иймд Ш-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас надад учирсан хохирол болох олох байсан орлого буюу авах байсан цалин 2014.01.01-нээс 2023.06.22-ны өдөр хүртэл /114 сар 15 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин/ 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалинд /114 сар х 15 хоногийн/ 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.” гэв.

 

2.Хариуцагч Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Л.Г-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн.

Тухайлбал: Ш-ийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Ш-ийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.Г нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Ш-ийн 2022 оны 98 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Мөн Ш-ийн 2023 оны 186 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г--г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Тус зөвлөл нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 98, 2023 оны 186 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр 2022 оны Е/04, Е/05, 2023 оны Е/12 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч Л.Г-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ш-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Ш-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно....” гэж заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй.

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Ш-өөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Ш-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг хариуцахгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Л.Г чөлөөлөгдсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн Ш-ийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг Л.Г-д олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

Ш- нэхэмжлэгч Л.Г-д гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Л.Г-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй...

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг, сонирхол, гэм хор, учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаасаа чөлөөлөгдчихөөд одоо цалин болон бусад нэмэгдлүүдийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч С.Ц “...Л.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэстэй...” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

4.Нэхэмжлэгчээс 2023.10.06-ны өдөр Д.Х-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 70, 2023.01.18-ны өдрийн 74 дугаартай шийдвэрүүд /хх-ийн 7-15, 21-25 х/

-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 221/МА2023/0206 дугаартай магадлал /хх-ийн 16-10 х/

-Иргэний улсын бүртгэлийн 0048 дугаартай лавлагаа /хх-ийн 26 х/

-0376648 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 27 х/

-Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын 2023.10.20-ны өдрийн 310 дугаартай ам бүлийн болон оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 28 х/

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023.10.20-ны өдрийн 2/1726 дугаартай тодорхойлолт /хх-ийн 29 х/,

-НДД№А046355, НДД№А0180492 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар /хх-ийн 54-58 х/,

-Ш-ийн даргын 2022.05.20-ны өдрийн 01/641, 2022.07.08-ны өдрийн 01/897 дугаартай “Хариу мэдэгдэх тухай” албан бичиг /хх-ийн 59, 60 х/,

-Цалингийн тооцоолол /хх-ийн 105 х/,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.13-ны өдрийн 128/ШЗ2023/7435 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 106-107 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

4.1. Хариуцагчаас 2023.10.30-ны өдрийн 01/1307 дугаартай Т.Н-д 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 34 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 38-39 х/,

-Ш-ийн 2023.12.16-ны өдрийн 42 дугаартай “Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 83, 84 х/,

-Ш-ийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаартай “Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 85, 86 х/,

-Ш-ийн 2022.03.24-ний өдрийн 74 дугаартай “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 87, 88 х/,

-Ш-ийн 2022.04.28-ны өдрийн 98, 2023.06.22-ны өдрийн 186 дугаартай “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай” тогтоолууд /хх-ийн 89, 90 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

 

4.2.Тус шүүхийн 2023.12.08-ны өдрийн 182/ШТ2023/00333 дугаартай тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ш-д хүргүүлсэн 2022.04.05-ны өдрийн Е/04, 2022.05.16-ны өдрийн Е/05, 2023.07.06-ны өдрийн Е/12 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичгүүд /хх-ийн 99, 100, 101 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Ш-д холбогдох хохирол 370,188,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ш-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 70, 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон учраас учирсан хохирол болох олох ёстой байсан орлого буюу 2014.01.01-нээс 2023.06.22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалин 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч Ш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...Шүүгч бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдож, чөлөөлөгддөг албан тушаал. Нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан шатны шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл энэ зарлиг  хууль бус үндэслэлгүй байж гэсэн ямар нэг эрх бүхий байгууллага, албан тушаалтны болон шүүхийн шийдвэр гараагүй.

3.1.Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/ батлагдсантай холбогдуулан Ш-д шүүгчээр өргөн мэдүүлэх эрх үүссэн учраас хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид удаа дараа өргөн мэдүүлсэн боловч томилохоос татгалзсан хариуг ирүүлсэн.

3.2.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг, сонирхол, гэм хор, учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаасаа чөлөөлөгдчихөөд одоо цалин болон бусад нэмэгдлүүдийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Л.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.03.23-ны өдрийн 63 дугаартай зарлигаар Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаад Шүүх байгуулах тухай хууль 2013.01.24-ний өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.12.18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан шатны шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. /хх-ийн 58 х/,

 

а.Ш-ийн 2013.12.16-ны өдрийн 42 дугаартай “Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” тогтоол гарч, тогтоолын хавсралт 25-д “Лхагвацэрэнгийн Гэрэлмааг Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчдийг буцаан томилохдоо нэхэмжлэгч Л.Г-г буцаан томилоогүй байна. /хх-ийн 83, 84 х/

 

б.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр “...Ш-ийн 2013 оны 42 дугаар тогтоол гарах болсон Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн холбогдох зүйл, заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.01.30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон..., Үндсэн хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэр бүхий 12 шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлсэн Ш-ийн 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон. ...Нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Г-г Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх,

Мөн шүүхийн 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр “...Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-15, 21-25 х/

 

в.Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 74 дүгээр шийдвэрт хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 211/АМ2023/0206 дугаартай Магадлалаар уг шийдвэрийн “...Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ ... Шүүхийн тухай хууль /2002 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.1 ... ” гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 16-20 х/

 

г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” ба дээрх шүүхийн шийдвэрээр Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон байх тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

4.2.Харин дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, уг хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

 

а.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

б.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна”, 102 дугаар зүйлийн 102.2-т “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно”,

-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

 

в.Нэхэмжлэгч Л.Г нь хуулийн дээрх заалтуудын дагуу 2023.09.14-ний өдөр Ш-д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Ш-ийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2013.12.18-ны өдрөөс 2023.06.23-ны өдөр хүртэл хугацаанд учирсан хохирол 294,181,818 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023.09.13-ны өдрийн 128/ШЗ2023/7435 дугаартай шүүгчийн захирамжаар “...Ш-ийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 294,181,818 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь тус шүүхэд өмнө шийдвэрлэгдсэн гэх “хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган нэхэмжлэгдээгүй, хохирол гаргуулах нэхэмжлэлийг дангаар гаргасан тохиолдолд тухайн маргаан иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэхээр зохицуулсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 106-107 х/

 

г.Тиймээс нэхэмжлэгч Л.Г нь Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй, тэрээр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан байх тул хохиролтой холбоотой нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргажээ.

 

д.Иймд нэхэмжлэгч Л.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.13-ны өдрийн 128/ШЗ2023/7435 дугаартай шүүгчийн захирамж, 2022.02.08-ны өдрийн 70, 2023.01.18-ны өдрийн 74 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.03.30-ны өдрийн 221/МА2023/0206 дугаартай магадлалыг үндэслэн учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого болох цалин хөлсийг 2014.01.01-нээс 2023.06.22-ны өдрийг хүртэл тооцон 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалин 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөг гэж тодорхойлон шаардаж байна.

 

4.3.Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 2014.01.01-ний өдрөөс Ш-ийн 2022.03.24-ний өдөр 74 дүгээр тогтоол гарах хүртэл хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012 оны/ хууль, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хууль болон холбогдох журмын дагуу цалин, хөлсийг тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

а.Учир нь хариуцагч Ш-ийн нэхэмжлэгч Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Л.Г нь 2014.01.01-ний өдрөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаар шийдвэр гарсан 2023.06.22-ны өдрийг хүртэл шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч Ш- нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-гийн дурдсан хугацааны авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

б.Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш нь нэхэмжлэгч Л.Г-г тухайн үед нь шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлсэн, түүний эрх, ашгийг хамгаалахаар хуульд заасан, өөрөөс хамаарах ажиллагааг хийсэн байсан бол тэрээр шүүгчийн ажлаа хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөө авч байх байсан гэж үзнэ.

 

4.4.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна”,

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”,

46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасны дагуу Улсын Их хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолоор “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг тус тус баталжээ.

 

а.Ш нь бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах эрхтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2010.10.21-ний өдрийн 51 дүгээр “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Сум, сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалинг 607,277 төгрөгөөр,

 

-2015.11.13-ны өдрийн 101 дүгээр “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр,

 

-2021.01.14-ний өдрийн 04 дүгээр “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг үндэслэн шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар сар бүр, төрийн алба хаасан хугацааг нь харгалзан нэмэгдлийг 5-25 хувиар тус тус тогтоосон.

/Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=208151&showType=1, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16147374340851/

 

б.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэхээр,

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл тус тус олгохоор зохицуулсан.

 

в.Нэхэмжлэгч Л.Г-гийн шүүгчээр томилогдсон 2007.03.23-ны өдрөөс хойш 5 дахь жил нь 2012.03.23-ны өдөр үүссэн байх тул дараах шатлалын дагуу тооцож, нэхэмжлэлийн шаардлага болох 2014.01.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 607,227 төгрөг + 2 хувийн нэмэгдлээр, 2016.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл үндсэн цалинг 2,700,000 төгрөг + 2 хувийн нэмэгдлээр, 2022.01.01-ний өдрөөс 2022.02.08-ны өдрийг хүртэл үндсэн цалин 2,700,000 төгрөг + 40 хувь /онцгой нөхцөлийн/-иар тус тус тооцсон тооцооллыг хүснэгтээр харуулбал:

 

 

 

Д/д

 

 

 

Огноо

 

Үндсэн цалин

/төгрөг/

ШЭЗБТХ-/2012 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан 2 хувь,

МУГТХ-/2021 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан 40 хувь /нэмэгдэл/

 

Нэг сард авах

 

 

Нийт дүн

1

2014.01.01-2015.12.31

607,227

12,144.54

619,371

14,864,904

2

2016.01.01-12.31

2,700,000

54,000

2,754,000

33,048,000

3

2017.01.01-12.31

2,754,000

55,080

2,809,080

33,708,960

4

2018.01.01-12.31

2,809,080

56,181

2,865,261

34,383,132

5

2019.01.01-12.31

2,865,261

57,305

2,922,566

35,070,792

6

2020.01.01-12.31

2,922,566

58,451

2,981,017

35,772,204

7

2021.01.01-12.31

2,981,017

59,620

3,040,637

36,487,644

8

 

2022.01.01-02.08 хүртэл ажлын 1 сар 6 хоног

2,700,000

1,080,000

3,101,449

4,834,878

9

 

 

 

 

227,879,058

 

г.Дээрх 227,879,058 төгрөгөөс Ш-ийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг олгосон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох, мөн нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тодорхойлсон холбогдох баримт байхгүй тул энэ хугацааны нэмэгдлийг хариуцагчаас гаргуулах боломжгүй.

 

Иймээс хариуцагч Ш-өөс 215,879,050 төгрөг /227,879,058-12,000,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 154,309,469 төгрөг /370,188,519-215,879,050/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

4.5.Учир нь хариуцагч Ш нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр гарснаас хойш 2022.03.24-ний өдөр 74, 2022.04.28-ны өдөр 98 дугаар тогтоолуудаар Л.Г-г “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр”, 2023.06.22-ны өдөр 186 дугаартай тогтоолоор “Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”-ээр тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. /хх-ийн 87, 88, 89, 90 х/

 

а.Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.04.05-ны өдрийн Е/04, 2022.05.16-ны өдрийн Е/05, 2023.07.06-ны өдрийн Е/12 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичгүүдээр “...санал болгосон нэр дэвшигч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй...” гэсэн үндэслэлээр Ш-ийн санал өргөн мэдүүлэх албан бичиг болон холбогдох баримтуудыг буцаан хүргүүлжээ. /хх-ийн 99, 100, 101 х/

б.Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг биелүүлж 2022.03 дугаар сараас 6 дугаар сарын хооронд нийт 3 удаа, нэхэмжлэгч Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэлд хариуцагч Ш-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч С.Ц “...Л.Г-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэстэй...” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

6.Тус шүүхийн 2023.10.18-ны өдрийн 182/ШЗ2023/13058 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 2,008,893 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан. /хх-ийн 30-31 х/

 

а.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2,008,893 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 215,879,050 төгрөгт ногдох хураамж болох 1,237,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Ш-өөс 215,879,050 /хоёр зуун арван таван сая найман зуун далан есөн мянга тавь/ төгрөгийг гаргуулан Л.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 154,309,469 /нэг зуун тавин дөрвөн сая гурван зуун есөн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 2,008,893 /хоёр сая найман мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 1,237,345 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА

 

                            ШҮҮГЧИД                                            Б.ЦОЛМОН

 

                                                                                                 Т.ЭНХТУЯА