| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2023/00398/и |
| Дугаар | 133/ШШ2023/00538 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2023/00538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.Б
Хариуцагч: Ю.Б нарт холбогдох
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж, гэм хор учруулсныг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.А түүний өмгөөлөгч Б.О/цахимаар/, хариуцагч Ю.Б, Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Б, гэрч Б.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэжээ.
Энэхүү иргэний хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч О.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хуулийн дээрх хэсгийн дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Хариуцагч Х.Б Ю.Б нарыг нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг www.facebook.com веб сайтын *** бүлгэмд тараасан болохыг тогтоолгож, хариуцагч Х.Б Ю.Б нарт www.facebook.com веб сайтын **** бүлгэмд няцаалт хийлгүүлж, уучлал гуйхыг даалгуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ю.Б нь 2021 оны 05 дугаар сард хүүхдээ цэрэг татлагаас чөлөөлүүлэх талаар надтай уулзсан юм. Тухайн үед асуудлыг нь хэлээд ойлгуулсан.
Ю.Б нь 2021-2022 онуудад хамтран амьдрагч Х.Б зүгээс хүчирхийлэл, дарамт шахалт дор байнга байлгадаг талаар утсаар байнга ярьж, сумын Засаг даргын хувьд зохих арга хэмжээ авч өг гэж шахалт үзүүлсэн.
Мөн өөрийгөө Улаанбаатар хотод байна, ковид туссан, нөхөр зодсон гээд гэр бүлийн хүчирхийллийн байдлаа байнга ярьж, та сум орон нутгийн удирдлагын хувьд гэр бүл, хүүхдийн эрх ашгийг харгалзаж, хүчирхийллийн талаар арга хэмжээ авах үүрэгтэй биз дээ, тодорхой арга хэмжээ авч өгч, таслан зогсоох хэрэгтэй гэх мэтээр шахалт үзүүлдэг байсан.
Нөхөр Х.Б зодуулсан байдлаа чатаар бичиж, зураг явуулж, өвчтэй тул мөнгөн тусламж үзүүлээч гэж гуйж байсан бөгөөд миний зүгээс албан журмаар мөнгө гаргах боломж байгаагүй, төсөв байхгүй болохоор өвчтэй зовлонтой үед нь туслах зорилгоор түүний гуйлтаар 2 удаа 50,000-100,000 төгрөгийг хувиасаа шилжүүлж байсан.
Ю.Б нь манай эхнэртэй нэг сум гээд эхнэрээс ч бас мөнгө авсан байсан. Ер нь бол авч болохгүй хаяж болохгүй, үргэлж утсаар ярьж, зовлон зүдгүүр, гэр бүлийн хүчирхийллээ ярьж, нөхөртөө хариуцлага тооцохыг шаардаж, цагдаад ханд гэхээр өргөдлөө өгөхгүй, төвөг удаж байсан бөгөөд яг тодорхой арга хэмжээ авъя гэхээр үйл байдлыг нь нотолсон баримтгүй тул Засаг даргын хувьд иргэний асуудлыг шийдвэрлэхийн тулд үгийг дагуулж, байдлыг хурцатгахгүй байхыг хичээж байсан.
Засаг даргын албан үүргийг хашиж байгаа хүний хувьд Ю.Б мэт юмны учир ойлгохгүй хүнтэй ширүүн харьцаж болохгүй, хэл амнаас нь залхаж, амыг дагуулдаг байсан.
Надаас авсан мөнгөө буцаан өгч чадахгүй санаа зовж байгаагаа илэрхийлсэн зурвас надруу бичиж байсан. Миний хувийн зурвас руу юм бичээд байхаар нь утсаар ярьж би сумын Засаг даргын хувьд чиний нөхцөл байдлыг ойлгож, танай гэр бүлд тусалж, дэмжсэн, буруу ойлгоод байх шиг байна. Битгий янз бүрийн юм бичээд бай гэж Ю.Б хэлж байсан.
Ингэж хэлснээс хойш Ю.Б дахин зурвасаар холбогдоогүй. 2023 он гарсны дараа нөхөр Х.Б нь эхнэр Ю.Б надтай хардаж, Засаг дарга байж ийм байдал үүсгэлээ, гэр бүл салгалаа гэх мэтээр олон удаа үг хэлээр доромжилсон зурвас явуулах болсон.
Би Засаг даргын албан ажлаа хүндлэн, тэдний үйлдлийг нь тоогоогүй. Гэтэл сүүлдээ Х.Б нь сумын олон нийтийн сүлжээнд миний нэр төрд халдаж, элдэв нийтлэл оруулж, миний эсрэг янз бүрийн мэдээлэл иргэдэд тараах болсон.
Х.Б охин Б.Н хойт эх Ю.Б зурвасруу орж надруу юм бичиж байсан талаар Ю.Б хэлж байсан. Мөн миний www.facebook.com веб сайтын хаяг руу юм бичиж байсан байдаг.
Х.Б би холбогдож учрыг олохгүй, юу болсон мэдэхгүй байж үг хэлээр доромжлохоо боль гэж удаа дараа хэлсэн ч нэмэр болоогүй бөгөөд миний ажил хэргийн нэр хүндэд халдах үйлдлээ улам бүр даамжруулах боллоо.
Х.Б Ю.Б нар нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан гэсэн атлаа тэд сумын Засаг дарга нь гэр бүл үймүүлсэн гэж надруу дайрч, олон нийтэд худал мэдээлэл тараах болсон.
Х.Б нь утсаар болон зурвасаар Засаг даргын ажлаас чинь салгана гэж заналхийлж, нэр төрд чинь халдаж, олны өмнө нэр нүүргүй болгоно гэх болсон. 2023 оны 01 дүгээр сарын сүүлчээс хойш удаа дараа утас руу доромжилсон, дарамталсан зурвас илгээж, айлаар архи ууж явахдаа болон дэлгүүр орохдоо Засаг дарга П.А манай гэр бүлийг үймүүлж, эхнэр Ю.Б явалддаг гэх мэтээр иргэн миний нэр төрийг гутаадаг сурагтай байна.
Эцэстээ Х.Б нь 2023 оны 05 сараас **** бүлгэмд Засаг дарга П.А гэр үймүүлсэн гэх мэт дээрх таагүй мэдээг удаа дараа тавих болсон юм.
Хэдийгээр түүний ийнхүү авирлаж буй талаар хүмүүс надад хэлж байсан ч би тэвчиж ирсэн. Одоо хүмүүстэй нийлж, 2024 оны сонгуульд Засаг дарга П.А байхгүй, түүнийг би байхгүй хийнэ гэж ярьж, миний хийгээгүй асуудлын төлөө намайг гүтгэж, эцэстээ ажил албан тушаал руу халдаж эхэлж буйг үл тэвчин энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- https://www.facebook.com/ веб сайт дахь зурвасын хуулбар
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /огноо: 2023.09.12/
- Гэрч Б.Н мэдүүлэг
5. Хариуцагч Ю.Б хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Хариуцагч Ю.Б татгалзлын үндэслэл: П.А намайг холбоод энэ хүнээс болоод миний амьдрал сүйрсэн гэж яриад байна. Энэ асуудал П.А ямар ч холбоогүй. Х.Б бид хоёр 14 жил хамтран амьдарсан. Албан ёсны гэр бүл биш.
Х.Б нь 14 жил архи ууж, хүн тамлаж, хээр гадаа хонуулсан. Тэвчихийн аргагүй байсан. П.П.А сумын гэр бүлийн хамтарсан багийн ахлагч гэдэг утгаар нь би харьцаж байсан. Нүүр нүдээ таглуулчхаад зургийг нь явуулж байсан.
Гэр бүл салсан асуудал бол Х.Б болсон. Миний 85 настай эхийн өмнөөс салаавч өгч байсан. Миний өрөөсөн хөл мэдээ алдаад 3-4 сар өвдсөн. Эх эмчилгээнд авч явъя гэсэн чинь энэ хүүхэн чинь надад гай болох гэж байна аваад зайл гэсэн.
Би Улаанбаатар хотод 3 сар байсан. Энэ хугацаанд намайг үргэлж дарамталж байсан. Бүх баримтыг хэвлээд Цагдаагийн газар болон хэсгийн төлөөлөгчид өгсөн.
Яагаад П.П.А гэдэг хүнтэй холбоод байгааг юм бол гэсэн чинь Х.Б 2 хүүхэд миний https://www.facebook.com/ сайтын хэрэглэгчийн эрхээр орж, 3 жил ашигласан байдаг. Эротик зүйл дээр таалагдлаа дарчихсан байдаг.
Түүнээс нь болоод Х.Б согтуу ирээд завхай, зайдан гээд доромжилдог. н.О эгч болон П.А мөнгө авсан болохыг мэдсэн учир нь Хаан банк ХХК-д ажилладаг Х.Б дүү нь өдөр болгон миний данс руу орж шалгадаг байсан нь баригдсан.
Би өөрөө зүгээр байж байхаар гээд сүлжээний бизнес хийж байсан. Нутгийн хүмүүс https://www.facebook.com/ сайт дээр зар тавихаар залгадаг. Нэг хүн автомашины салон цэвэрлэгч авъя гэсэн. Хүргэлтийн компаниар хүргүүлчихье данс руу мөнгө хийчих гэсэн.
Тэрийг Х.Б дүү ...энэ 2 хүн холбоотой юм байна, хотод хамт амьдардаг гэж... хүнд ярьсан байсан. Би яаж мэдсэн юм болоо гээд Хаан банк ХХК-ийн төв дээр очоод шалгуулахад Х.Б дүү миний данс руу ордог, данс шалгадаг, надаас гадна 10 гаруй хүний данс руу ордог байсан.
П.П.А рүү чихээд байгаа болохоос биш хүн болгонтой харддаг, надтай найзалдаг хүн болгонтой холбодог. Би чинь хүн шүү дээ. Найз нөхдөөсөө мөнгө зээлнэ, эхээсээ мөнгө зээлнэ. Өөрийн гэсэн орлогогүй Х.Б царайг хараад амьдарч байсан. Миний 2 хүүхдэд мөнгө хэрэг болно, хүнээс авна, өгнө. н.О эгчээс авсан мөнгөө өгчихсөн, П.А авсан мөнгөө өгөөгүй байгаа.
Ах дүүсээрээ нэлээд миний хувийн орон зайг эзэмшчихсэн, намайг чадах гэж, өөрсдийнхөө хажууд боол мэт байлгах гэсэн ийм хандлагаар надад хандаж явсан хүмүүс байгаа.
Би үүнийг нь тэвчиж чадахгүй шүүхэд өргөдлөө өгөөд Х.Б салсан. Гэрлэлтийн баталгаагүй учраас эд хөрөнгийн асуудал яригдаагүй. 2 хүүхдээ би өөр дээрээ авъя гэсэн боловч том болсон хүүхэд маань эцэг дээрээ байна гээд нэг нэг авсан. 14 жил амьдрахдаа хүүхдүүд сайн сайхан зүйл сонсож үзээгүй. Дандаа намайг, ах дүү, найз нөхдийг доромжилдог.
П.А нэр хүндэд халдаж, сошиалаар гутаан доромжилсон асуудал байхгүй. Х.Б П.П.А гэдэг хүнийг олон удаа сошиал орчинд доромжилж байсан. Тухайн үед би хэсгийн төлөөлөгч рүү ярьж ...хүний нэр хүндэд халдаж болохгүй гэж Х.Б түүний 2 хүүхдэд хэлээд өг... гээд ярьж байсан.
Сошиал орчинд нэхэмжлэгчийг гутаан доромжилсон асуудал байхгүй тул хэвлэл мэдээллээр уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа. Зурвас бичиж мөнгө төгрөг авсан асуудлаас болж энэ асуудал үүссэн учраас хувь хүнийх нь хувьд нэхэмжлэгчээс уучлалт гуйсан байгаа гэв.
7. Хариуцагч Ю.Б цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй
8. Хариуцагч Ю.Б хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй
9. Хариуцагч Х.Б хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
10. Хариуцагч Х.Б татгалзлын үндэслэл: Би 2017 оноос хойш Ю.Б П.А харилцаатай болсныг зөнгөөрөө мэддэг байсан.
Ю.Б гар утаснаас 2 удаа харсан. П.П.А болон Ю.Б нар хор хөнөөл болохоор зүйл бичээгүй байсан. Гэхдээ хайрлана, дурлана гэсэн утгатай зүйл бичсэн байсан.
Энэ зурвасаас болж, ийм асуудал үүссэн. Зарим нь устгагдсан байсан учраас байгаа зурвасыг цаасаар хувилж, авчирсан. Энэ зурвасаас болж, элэг бүтэн амьдралаасаа салсан гэж бодож байна.
Ю.Б нь миний хүү Б.И https://www.facebook.com/ веб сайт дээр хэрэглэгчийн эрх нээлгэж, холбоотой байсан учраас тэр хүүхэд дээр энэ мэдээлэл дандаа очдог байсан.
https://www.facebook.com/ сайтын ****** бүлгэмд ***** гэсэн хэрэглэгчийн эрхээр П.А талаар нийтлэл оруулсан нь үнэн. Уг зурваст дурдсан awai гэдэг нь П.П.А юм. Би ***** бүлгэмд гишүүнчлэлтэй.
11. Хариуцагч Х.Б цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 133/ШЗ2023/01106 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж
- https://www.facebook.com/ веб сайт дахь зурвасын хуулбар
12. Хариуцагч Х.Б түүний өмгөөлөгч Ж.Б нарын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэгч П.А хариуцагч Х.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хариуцагч Ю.Б холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч П.П.А нь хариуцагч Ю.Б, Х.Б нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх үндэслэлээр https://www.facebook.com/ веб сайтын Жаргалангийн мэдээ бүлгэмд няцаалт хийлгүүлж, уучлал гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ю.Б, Х.Б нар нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримт болсон эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
3. Маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын ерөнхий дүрмийн дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох үүрэгтэй.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн нийтлэг үүрэг байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад тусгажээ.
4. Гэвч зарим маргааны тухайд нотлох үүргийн хуваарилалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж буй процессын хуулиар бус материаллаг харилцаа зохицуулж буй хуульд тусгайлан заасан байдаг.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байдлыг тэргүүн ээлжид нотлох үүрэг нэхэмжлэгчид, харин уг мэдээ нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг нотлох үүрэг хариуцагчид тус тус хуваарилагдана.
5. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд П.А нэхэмжлэлтэй Х.Б Ю.Б нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О хүсэлтээр нэхэмжлэгч П.А өмчлөлийн Galaxy 51 маркийн, SM-A515F/DSN моделийн дугаартай, RZ8NA1XZRNE сериал дугаартай гар утсанд үзлэг хийж, гэрэл зургийн үзүүлэлтээр баталгаажуулж, тэмдэглэлд хавсаргав.
Уг гар утас нь хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын нууц үггүй, үндсэн функцийг нээж, Gallery цэсийг нээж, Screenshots хавтаст буй jpg өргөтгөлтэй зурган файл 8 ширхэг, Messenger хавтаст буй jpg өргөтгөлтэй зурган файл 1 ширхэгийг тус тус үзлэгийн тэмдэглэлд гэрэл зургийн үзүүлэлтээр хавсаргав гэжээ.
Уг үзлэгийн тэмдэглэлийн хавсралт Гэрэл зургийн үзүүлэлт-ийн зураг 10-аас үзэхэд https://www.facebook.com/ веб сайтын ***** бүлгэмд ****** гэсэн хэрэглэгчийн эрхээр **** chamaig alnaa ger bvl vimsen zasag darga bhu Kk neg ogloo taarnaa minii 2 hvv tom blnoo ****, *** dargaa hvnii amidrl svvrvvlchihad amglan suunuunu haigaich mnee neg ogloo chamaig zasnaa mnii 2 hvvg onchin bolgh chamd shan bnu гэж нийтэлжээ.
Уг нийтлэл https://www.facebook.com/ веб сайтын **** бүлгэмд ***** гэсэн хэрэглэгчийн эрхээр нийтлэгдсэн цаг хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэж нэхэмжлэгч П.П.А шүүх хуралдаанд тайлбарласан.
Хариуцагч Х.Б нь https://www.facebook.com/ веб сайт дахь **** гэсэн нэртэй өөрийн хэрэглэгчийн эрхээр ***** бүлгэмд нийтэлсэн, уг бүлгэмийн гишүүн болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Дээрх нийтлэлд тусгагдсан **** гэдэг нь нэхэмжлэгч П.А нэрлэж /авгайлж дууддаг нэр/ буйг хариуцагч Ю.Б Х.Б нар нь шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Нэхэмжлэгч П.П.А нь ******* албан тушаалыг эрхэлдэг үйл баримтын талаар хариуцагч Ю.Б Х.Б нар маргаагүй.
Үүнээс үзэхэд хариуцагч Х.Б нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр https://www.facebook.com/ веб сайт дахь ***** бүлгэмд **** гэсэн нэртэй өөрийн хэрэглэгч /гишүүн/-ийн эрхээр нэхэмжлэгч *** ****** Засаг даргын болон хувь хүнийхээ тухайд гэр бүл үймүүлсэн, хүний амьдрал сүйрүүлсэн, хүүхэд өнчрүүлсэн гэсэн агуулга бүхий мэдээг тараасан үйл баримт тогтоогдож байна.
6. Уг баримт нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв байдлыг хариуцагч Х.Б нь нотолж чадаагүй тул нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан гэж үзнэ.
Учир нь хариуцагч Х.Б цуглуулж, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 133/ШЗ2023/01106 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ю.Б нэхэмжлэлтэй Х.Б холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нь хүү Б.А эх Ю.Б асрамжид, хүү Б.Б эцэг Х.Б асрамжид үлдээх, харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар эвлэрснийг баталжээ.
Дээрх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.П.А нь хариуцагч Ю.Б Х.Б нарын гэр бүлийг үймүүлсэн, амьдралыг нь сүйрүүлсэн, хүүхдийг өнчрүүлсэн гэх байдал тогтоогдохгүй, харин Ю.Б Х.Б нар нь хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдээ тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, үүссэн маргаанаа өөрсдөө бие даан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч П.П.А болон хариуцагч Ю.Б нарын хоорондоо харилцсан гэх зурвасын хуулбарыг хариуцагч Х.Б цуглуулж, хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн.
Уг зурваст хариуцагч Х.Б өмгөөлөгч Ж.Б хүсэлтээр шүүх хуралдааны явцад шинжлэн судлах байдлаар үзлэг хийж, уг бичмэл нотлох баримтын агуулга, эх сурвалжийг нь зохигчоос тодруулсан боловч нэхэмжлэгч П.П.А нь хариуцагч Ю.Б Х.Б нарын гэр бүлийг үймүүлсэн, амьдралыг нь сүйрүүлсэн, хүүхдийг өнчрүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Дээрх шүүгчийн захирамж, зурвас, нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслийг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа эсэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд ч дээр дурдсан үйл баримт батлагдсангүй.
9. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтаар хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй.
Иймд хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч П.А талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, сэтгэгдлээ олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийлэх эрхтэй боловч бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй.
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн эрх зүйн ойлголт нь хоорондоо харилцан уялдаатай боловч бие даасан агуулгатай. Нэр төр, алдар хүнд нь хүнд хамааралтай бол ажил хэргийн нэр хүнд нь хүн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай.
Нэр төр нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, алдар хүнд нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж, ажил хэргийн нэр хүнд нь ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ биелүүлэхтэй холбогдсон үнэлэмж.
Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, хүнийг хууль, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг бусдад тарааснаар тухайн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж, үнэлэмжийг бууруулснаар тайлбарлагдана.
Иймд хариуцагч Х.Б тухайд нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай мэдээ тарааж, түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй учир уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
10. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэжээ.
Хариуцагч Х.Б нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр https://www.facebook.com/ веб сайтын ***** бүлгэмд ***** гэсэн нэртэй өөрийн хэрэглэгч /гишүүн/-ийн эрхээр нэхэмжлэгч **** ****** Засаг даргын болон хувь хүнийхээ тухайд гэр бүл үймүүлсэн, хүний амьдрал сүйрүүлсэн, хүүхэд өнчрүүлсэн гэсэн агуулга бүхий мэдээг тарааж, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Х.Б даалгах эрх зүйн үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч П.А уучлал гуйхыг хариуцагч Х.Б даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь уучлалт гуйх нь хүн өөрийн зан суртахуун, өөрийн хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр хийгдэх тул албадан хийлгэх нь тухайн үйлдлийн мөн чанарт нийцэхгүй.
Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан буруутай этгээд уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр үндэслэлгүй мэдээллээ няцаах үүргээ биелүүлснээр уучлалт гуйсан, буруугаа хүлээсэн байдал илэрхийлэгдэх боломжтой.
11. Харин хариуцагч Ю.Б тухайд нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч П.П.А нь хариуцагч Ю.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагаагүй болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж, түүний өмгөөлөгч Н.О нь хариуцагч Ю.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч П.А хариуцагч Ю.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Шүүхээс нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, https://www.facebook.com/ веб сайтын **** бүлгэмд нэхэмжлэгч П.А талаар оруулсан нийтлэлд уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Х.Б даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч П.А нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А хариуцагч Х.Бхолбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч П.А нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, https://www.facebook.com/ веб сайтын ***** бүлгэмд нэхэмжлэгч П.А талаар оруулсан нийтлэлд уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Х.Б даалгаж, нэхэмжлэлээс үлдэх уучлал гуйхыг даалгах тухай шаардлага болон хариуцагч Ю.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.А нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ