Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/08

 

П.Нарансүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үрэлцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.Нарансүхэд холбогдох 2022000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянжаргалан суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт Гурвансайхан сумын Өнөр 4-404 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, боловсролын яамны жуух авч байсан, Бумбат овогт Палмын Нарансүх гэв. РД:/ЗГ71092511/.

Шүүгдэгч П.Нарансүх нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас М.Эрднээгийн эзэмшлийн 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газар нутаглах Х.Нэргүйн эзэмшлийн малын хороон дээр байсан 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Нарансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нарансүхэд холбогдох эрүүгийн 2022000000152 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бумбат овогт Паламын Нарансүхийг цагаатгаж, Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Цээсүрэнгээс битүүмжилсэн 75-53 ДУА маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосон болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч П.Нарансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

           Прокурор М.Үрэлцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч П.Нарансүх нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас М.Эрдэнээгийн эзэмшлийн 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцоог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Хажуу улаан” гэх газар нутаглах Х.Нэргүйгийн эзэмшлийн малын хороон дээр байсан 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцоог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан, аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Нарансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

            Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд "... Шүүгдэгч П.Нарансүхийн авч явсан гэх 2 кольцоо ямар нэгэн агуулах саванд хадгалагдаагүй Гурвансайхан сумаас Дундговь аймаг орох зам дагуу 10 гаран жил ашиглагдаагүй, ил задгай газарт хараа хяналтгүй байсан болох нь хохирогч М.Эрдэнийн 1996 онд өмч хувьчлалын үед Гурвансайхан сумын 2 дугаар баг “хажуу улаан” нэртэй газарт байх хороо, хашаа 3 ширхэг кольцооны хамт 18.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг, хохирогч Х.Нэргүйн “10 гаран жилийн өмнө худгийн хүнээс “хажуу улаан” гэх газарт байх хороог 1 сая төгрөгөөр худалдан авахад хороон дээр байсан кольцоо байгаа юм” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна. Шүүгдэгч мэдүүлэгтээ 2 кольцоог авсан шалтгаанаа “Гурвансайхан сумаас Дундговь аймаг орох зам дагуу олон жил хараа хяналтгүй хэвтэж байдаг байсан, би 2 кольцоог эзэнгүй юм байна гэж бодоод сумынхаа бохирын хоолойг засварлахад ашиглахаар авсан” гэж тайлбарладаг бөгөөд түүний энэ мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн Үнэлгээний комиссын дүгнэлтээр 2 ширхэг кольцоог 180.000 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-ын хэмжээнд хүрэхгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгч 2 кольцоог эзэнгүй гэж бодож, Гурвансайхан сумын нийт иргэдийн ашиг тусын тулд бохирын хоолойг засварлах зорилгоор авсан гэдэг тул шүүгдэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр, хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч П.Нарансүхийн үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтад заасан шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Нарансүхийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

1.Хохирогч М.Эрдэнээгийн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Хажуу улаан” гэх газарт байх хаваржаан дээрээ байсан. Тэр өдөр өглөө аймагруу яваад ойр зуурын юм авчихаад орой ирсэн. Тэгээд маргааш нь “Хажуу улаан” нэртэй худаг дээр очиж үзэхэд кольцоо алга болсон байсан. Өөрийн эхнэртэйгээ ярилцаад одоо өвөл болох гээд байна худаг хороогоо засаж янзалъя гээд тэгээд алга болсон кольцоогоо сумын төв орж цагдаад мэдэгдсэн. Би 1986 оноос хойш тэр худгийн ойр орчмоор нутаглаж амьдарч байгаа болохоор худгийг арчилж тордож гадна талаар нь блокоор байшин барьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 80-82 хуудас/

-Хохирогч Нэргүйгийн: “Манайх 2020 оны 06 дугаар сараас 11 cap хүртэл одоо байгаа бууцныхаа баруун хойд дээр нутагладаг байсан. Тэндээс манай энэ хороо харагддаггүй юм. Манай Гурвансайхан сум 4 дүгээр баг “Хажуу улаан” гэх газарт байх худгийн зүүн талын хороо миний эзэмшлийнх. Би энэ хороог 10 гаран жилийн өмнө нутгийн хүнээс 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр алдагдсан кольцоо энэ хороон дээр байсан. Хамтад нь худалдаж авсан. Миний кольцоо байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/

-Гэрч Н.Дуламын:     Тэр худаг гадна талаараа задгай байсныг нэлээн хэдэн

жилийн өмнө тус багийн иргэн Эрдэнэ гэдэг малчин байшин барьж тохижуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч М.Эрдэнээ нь 1986 оноос хойш “Хажуу улаан” гэх худгийн ойролцоо нутаглаж ирсэн, худгийг арчилж хамгаалж ирсэн, ахуйн хэрэглээнд уух ус болон мал услахдаа байнга худаг дээр очдог байсан нь тогтоогддог.

Хохирогч М.Эрдэнээ, Х.Нэргүй нарын мэдүүлгээр тухайн эд зүйлийг өмч хувьчлал болон хүнээс худалдан авч өөрийн өмч болгосон талаар мэдүүлсэн байгаа юм. Хохирогч М.Эрдэнээгийн малаа усалж, ахуйдаа хэрэглэдэг худаг дээр кольцоог аваачсан, хохирогч Х.Нэргүйгийн эзэмшлийн хороон дээр кольцоо ил задгай байлгаж байсан нь ашиглагдаагүй, хараа хяналтгүй байсан гэх үндэслэлгүй юм.

  Учир нь хууль тогтоогч “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй үйлдэгдсэн тохиолдолд хохирол нь бага бус хэмжээнээс доогуур байсан ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд энэ нь тухайн хэргийн хохирлын хэмжэзнд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэдгийг тодорхой, эргэлзээгүй байдлаар тайлбарласан байна. Энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тухайд 300.000 төгрөгөөс доош хохирол учирсан тохиолдлыг ялимгүй хохирол гэж үзэхгүй, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэдэгт хамаарахгүй болохыг тодорхойлсон байна.

  Шүүгдэгч П.Нарансүхийн хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрсэн хүний хувьд өөрийн үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршигийг ухамсарлах боломжтой, гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай ангид заасан 1 гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул хулгайлсан үйлдлийн улмаас бусдын өмчлөл, эзэмшилд 180000 төгрөгийн хохирол учирсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад бусдад бодит хохирол учруулаагүй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

  “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор эдгээр машин механизмуудыг зориудаар ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулсан.

  Шүүхээс хохирогч М.Эрдэнээ, Х.Нэргүй нарт хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгч П.Нарансүх нь “2 кольцоог эзэнгүй гэж бодож авсан” гэж дүгнэсэн нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авсан гэдгийг үгүйсгэх нөхцөл болж чадахгүй, хохирогч нарын эд зүйлийг бусдаас нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авчихаад хохирогч нарт буцаан өгсөн нь үйл баримт тогтоогдсон байхад хохирол, хор уршиг учраагүй гэж үзэх үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

  “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

  Дээрх нөхцөл байдал тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс шүүгдэгч
П.Нарансүхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан,
ялимгүй шинжтэй үйлдэл, бусдад хор уршиг учраагүй, эзэнгүй эд зүйлийг авч
байна гэж бодсон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй”
үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Нарансүхийг цагаатгаж
шийдвэрлэсэн нь үндэсл
элгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуулийн зүйл,
хэсэг заалтыг буруу тайлбарласан гэж дүгнэж байна.

  Иймд П.Нарансүхэд холбогдох Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн
2021/ШЦТ/23 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэ
сэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ.

 

           Хяналтын прокурор М.Үрэлцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: П.Нарансүхэд холбогдох хэрэгт хохирогч нарын мэдүүлгээр өмч хувьчлал болон хүнээс худалдаж авч өөрийн эзэмшлийн болгосон талаар мэдүүлсэн. М.Эрдэнийн хувьд малаа усалдаг худаг дээрээ кольцоогоо авчирсан. Харин Х.Нэргүй нь өөрийн эзэмшлийн хороон дээр нэг кольцоо нь ил байрласан байсан. Үүнийг ашиглагдаагүй хараа хяналтгүй байсан гэх үндэслэлийг шүүхээс тавьдаг. Энэ нь хараа хяналтгүй гэж үзэх үндэслэлгүй. Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэгдсэн тохиолдолд хохирлыг бага бус хэмжээнээс доогуур байсан ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Хохирлын хэмжээнд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эргэлзээгүй байдлаар тайлбарласан байхад эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэдэгт хамаарахгүй болохыг тодорхойлсон. Гэтэл П.Нарансүхийн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар бага хэмжээний хохиролд хүрэхгүй боловч гэмт хэрэг үйлдэх нөхцөл, насанд хүрсэн хүн өөрийн улмаас учрах хор уршгийг ухамсарлах боломжтой гэм буруутай санаатай хэлбэр байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан гэж үзэж байгаа. Иймд П.Нарансүхийн үйлдлийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх тайлбартай давж заалдах шатын шүүх хуралд оролцож байна. Улсын яллагчаас П.Нарансүх гэдэг хүний 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хажуу улаан гэх газрын ойролцоо байсан 2 ширхэг кольцоог авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгөд санаатай халдсан гэм буруугийн аюултай хэлбэр байх ёстой.  Гэтэл 2 ширхэг кольцоо нь хохирогч нарын өмч гэдэг нь тогтоогдсон баримт хавтаст хэргийн материалд байхгүй. 1996 оноос хойш тухайн 2 кольцоо байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Хэн ч ашигладаггүй, авдаггүй. Хавтас хэрэгт авагдсан 2 ширхэг кольцооны гэрэл зургаас харахад эдийн засгийн эргэлтэд орохоор, бусад зориулалтаар ашиглах боломжгүй эд зүйл байдаг. Бусдын өмч гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн П.Нарансүхийн үйлдэл нь санаатай сэдэл зорилгыг  агуулагддаггүй. П.Нарансүх нь шунахайн сэдлээр бус тухайн сумын нийтийн эзэмшлийн бохирын худагт дулаалга болгох зорилгоор авсан. Иймд анхан шатны  шүүхээс цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч П.Нарансүх нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар баг “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас М.Эрднээгийн эзэмшлийн 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газар нутаглах Х.Нэргүйн эзэмшлийн малын хороон дээр байсан 1x1 хэмжээтэй 1 ширхэг бетон кольцог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор 75-53 ДУА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогдсоноор прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Нарансүх нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2- р багийн “Хажуу улаан” гэх газарт байрлах худгаас иргэн М.Эрдэнийн эзэмшлийн 1x1 хэмжээтэй нэг ширхэг кольцог, мөн өдөр худгаас 1 орчим км-ын цаана байх иргэн Х.Нэргүйн малын хороон дээр байсан 1x1 хэмжээтэй нэг ширхэг кольцог Бонго пронтер маркийн 75-53 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан үйл явдал болсон нь нотлогдсон боловч шүүгдэгч 2 кольцог эзэнгүй гэж бодож, Гурвансайхан сумын нийт иргэдийн ашиг тусын тулд бохирын хоолойг засварлах зорилгоор авсан гэдэг тул шүүгдэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэхүү дүгнэлт шийдлийг үндэслэлтэй гэж үзэв.

           Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч П.Нарансүх нь М.Эрдэнээ, Х.Нэргүй нарт хэлэлгүйгээр тэдний эзэмшлийн 2 бетонон кольцог дур мэдэн авч өөрийн гэрийн хажууд тавьсан нь тогтоогдсон хэдий ч түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2020.09.25-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед Гурвансайхан сумаас гараад аймаг руу танил болох Цээсүрэнгийн Бонго пронтер маркийн 75-53 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байтал 30-аад км-т Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” гэх газарт байх худгийн урд талын овоон дээр дугуй хагараад зогссон юм. Тэгээд дугуйгаа сольчхоод машинаа доогуур дээгүүр нь нэг өнгийж харчихаад дугуй муу тул цааш явах гэснээ болиод сум руу буцъя гэж бодсон. Гэтэл худгийн урдхан талд нэг хуучин эвдэрхий бетонон кольцо байсан. Тэр кольцо бол ер нь байж л байдаг байсан. Би тэр кольцог эзэнгүй хаягдал юм байна гэж бодоод хашааныхаа ард байх нийтийн эзэмшлийн бохирын худагт ашиглавал зүгээр юм байна гэж бодоод машинтай явж байгаа дээрээ дөхүүлээд тавьчихъя гэж бодоод машин дээрээ тавих гэтэл дийлээгүй. Тэгээд машинаа ойртуулж байгаад хойд  хоёр дугуйг нь шороо ухаж суулгаад машин дээрээ ачсан юм. Тэгээд шороон замаар буцаад явж байтал зүүн хойд талд байх эзэнгүй хорооны урдхан бас нэг хуучин эвдэрхий бетонон кольцо байхыг харсан. Тэгээд хичнээн жилийн өмнөөс л хэрэггүй кольцонууд байдаг байсан болохоор нийтийн эзэмшлийн бохирын худагт хийе гэж бодоод бууцны зүүн урд талд байсан 1x1 хэмжээтэй 1 ширхэг кольцог өмнөхтэй адил аргаар машин дээр ачаад Гурвансайхан сумын 5-р баг Өнөрийн 4-404 тоотод байх хашааныхаа хойд талд байх бохирын худгийн зүүн талд буулгасан...” гэх мэдүүлгийг /хх-97-98/ үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч П.Нарансүх нь М.Эрдэнээ, Х.Нэргүй нарт хэлэхгүйгээр бетонон кольцог авч явсан үйлдлээ бусдаас нууж өөрийн үйлдлийг үгүйсгэх, эсхүл кольцог борлуулж ашиг олох гэсэн үйлдэл хийгээгүй, өөрийн хашааны араар байрлах нийтийн эзэмшил газарт аваачиж тавьсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн агуулаагүй байна.

 Энэ талаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлд заасан “П.Нарансүхийн авч явсан гэх 2 кольцо нь ямар нэгэн агуулах саванд хадгалагдаагүй Гурвансайхан сумаас Дундговь аймаг орох зам дагуу 10 гаран жил ашиглагдаагүй, ил задгай газарт хараа хяналтгүй байсан болох нь хохирогч М.Эрдэнийн “1996 онд өмч хувьчлалын үед Гурвансайхан сумын 2-р баг “Хажуу улаан” нэртэй газарт байх хороо хашааг 3 ширхэг кальцоны хамт нийт 18000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг, хохирогч Х.Нэргүйн “10 гаран жилийн өмнө нутгийн хүнээс “Хажуу улаан” гэх газарт байх хороог 1 сая төгрөгөөр худалдан авахад хороон дээр байсан кольцо байгаа юм” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна.” гэжээ.

          Яллагдагчийн мөрдөн байцаалтад өгсөн дээрх мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл дээрх гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, гэмт хэргийн субъектив талын шинж зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

           Иймд прокуророос П.Нарансүхэд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, үүнд гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв:

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                    Г.ТЭГШСУУРЬ

                                         Ш.ТӨМӨРБААТАР