Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0517

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Энхтөрийн Пүрэв-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Мөнхбатын Мөнхзул

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарантуяа

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Хувьзаяа

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны гараашны Э.Пүрэв-Эрдэнэд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол буюу гараашны үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах, Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 01/03 болон № 01/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү актын дагуу төлсөн 2 гараашны нийт төлбөрийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хувьзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны гараашны Э.Пүрэв-Эрдэнэд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол буюу гараашны үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах” тухай шаардлага гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 01/03 болон № 01/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү актын дагуу төлсөн 2 гараашны нийт төлбөрийг гаргуулах” тухай шаардлага гаргасан.

2. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Насанжаргалаас Э.Пүрэв-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны урд талд байрлах 36 м.кв талбай бүхий 2 тоосгон гараашийг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршилд нэхэмжлэгч Э.Пүрэв-Эрдэнийн дээрх гарааш багтсан.

3. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15/1753 дугаар албан бичгээр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус хариу өгч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/0538 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны урд талд байрлах 2 ширхэг тоосгон гараашийг иргэн Б.Насанжаргалаас 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гарааш худалдах, худалдан авах гэрээгээр авч, Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №01/03 болон №01/04 дугаар актын дагуу жил бүр газрын төлбөрийг төлсөөр ирсэн.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус тус ирүүлсэн хариу болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг:

Хууль зөрчиж, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар ашигласан;

Маргаан бүхий газарт байрлаж буй гарааш нь газар эзэмших эрхгүй тул зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, дур мэдэн эзэмшсэн" гэж тайлбарлан маргаж байна.

Гэтэл Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №01/03 болон №01/04 дугаар актаар “...Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу...” гэж газар ашигласны төлбөрийг тогтоож, жил бүр хураан авдаг байсан.

Тус газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 болон 47.1.6-д заасан илт хууль бус акт болох талаар дараах тайлбарыг өгөх нь зүйтэй.

Нэг. Тус актаар Монгол Улсын иргэн нь газар ашигласны төлбөр (газрын төлбөр) тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй.

1.1.Монгол Улсын иргэн газар ашиглах эрхтэй эсэх;

Газрын тухай хуулиар газар өмчлөх, газар эзэмших, газар ашиглах гэсэн ойлголтуудын зааг, ялгааг тодорхой хуульчилж өгсөн.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.8-д "газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг",

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.”

Мөн 44 дүгээр зүйлд заасан газар ашиглуулахтай холбоотой хуулийн зохицуулалт зэргээс үзвэл Газрын тухай хуульд газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлэх тухай заасан ерөнхий зарчмын дагуу газар ашиглуулах харилцааг зохицуулсан ба газар ашиглах эрх нь зөвхөн гадаадын аливаа этгээдийн газрын эрхийн төрөл байх ерөнхий зарчмыг хуульчилсан нь тодорхой харагдана.

1.2.Газрын төлбөр төлөх үндэслэлтэй эсэх;

Дээрхээс үүдэн газрын төлбөр төлөхтэй холбоотой хуульд заасан зохицуулалтыг авч үзвэл:

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө,

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.”,

4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.",

9 дүгээр зүйлийн 1-д "Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ" гэж тус тус заажээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд газар ашиглах эрх нь зөвхөн гадаадын аливаа этгээдэд олгогддог бөгөөд газар ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газрын төлбөр ногдуулдаг байна. Гэтэл нэхэмжлэгчид газар ашиглаж байгааг нь нотлох эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээ, гэрээ зэрэг газар ашиглах эрхийг нь баталгаажуулсан баримт бичиг байхгүй, энэ нь ч хуульд зааснаар олгогдох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, тус актыг гаргах хуульд заасан үндэслэл холбогдох хууль тогтоомжид байхгүй атал Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийг үндэслэн нэхэмжлэгчийг "газар ашиглаж байгаа" гэж үзэн, газар ашигласны төлбөр ногдуулан авч байсан нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт болно.

Хоёр. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Ийнхүү Монгол Улсын иргэнд газар ашигласны төлбөр тогтоосон акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй тул татварын улсын байцаагчид тухайн актыг гаргах чиг үүрэг ч үүсэхгүй. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх илт хууль бус актын шинжийг мөн агуулж байна.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татварын үйл ажиллагаа нь "зайлшгүй байх", "тодорхой байх", "шударга байх" зарчмыг баримтлах ёстой атал эрх зүйн үндэслэлгүйгээр төлбөр ногдуулан авч байгаа нь илт хууль бус байна.

Иймд Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн No 01/03 болон No 01/04 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 болон 47.1.6-д заасан илт хууль бус акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гараашийг нураасантай холбогдуулан  Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас учрыг тодруулж хариу албан бичиг авсан. Хууль ёсны газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг ашигласан, зохих зөвшөөрөлгүй газарт барилга байгууламж барьсан учраас гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг тус 2 байгууллага өгсөн.

Тус акт богино хугацаанд хэрэгжсэн учраас хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаагүй. Илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Сүүлд 01/03, 01/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, актын дагуу 2 гараашинд төлсөн нийт төлбөрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа. Актын дагуу газрын төлбөрийг төлж байсан. Тухайн иргэнд мэдэгдэхгүйгээр гараашийг нураасныг Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хууль бусаар газар эзэмшсэн бол яагаад татварын байцаагч газрын төлбөрийг төлөх акт тогтоож жил бүр төлбөрийг төлүүлж байсан бэ? гэдэг нь асуудал үүсгэж байна.

Э.Пүрэв-Эрдэнэ нь 2013 оны 11 дүгээр сард иргэн Б.Насанжаргалаас 2 гараашийг 16 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн гэрээг нотариат баталсан. Нэхэмжлэгчид бүрэн эрх нь шилжсэн. Ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, нөхөн олговрын асуудал ярьж шийдвэрлэхгүйгээр гараашийг нураасан. Төлбөр төлөх харилцаа нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлөө гэрээ байгуулж, төлбөрөө төлдөг. Төлбөр авна гэдэг нь газар ашиглаж байгаа үйлдлийг хуульд нийцсэн гэдгийг төр хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу Э.Пүрэв-Эрдэнэ газраа өмчилсөн. 2021, 2022 онд итгэлцүүр батлагдаж төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. 2014-2022 он хүртэлх 2.600.000 төгрөг төлсөн.

Хариуцагч байгууллагаас ямар шалтгаан нөхцөлөөр гараашийг буулгах болсон, үүнтэй холбоотойгоор гарааш өмчлөгчийн эрхийг хэрхэн хамгаалахтайгаар тодорхой ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй. Жил бүр төлбөрөө төлдөг гарааш эзэмшигч Э.Пүрэв-Эрдэнэд гарааш нураах талаар мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах оролцоог хангаагүй. Гараашийг нураасны дараа нэхэмжлэгч захирамжийн талаар мэдээд шийдвэрлүүлэхээр  хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Ямар захирамж шийдвэр гарсан нь ч нэхэмжлэгчид тодорхой бус байсан. 

Захиргааны ерөнхий хуульд зааснаар гаргасан актыг мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй. Э.Пүрэв-Эрдэнэд А/388 захирамжийн талаар огт мэдэгдээгүй. Гараашийг нураасны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М.Мөнхзул хуульчид хандаж, улмаар Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад өргөдөл, гомдол гаргасан. Н.Өлзийбаяр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа А/388 дугаар захирамж Э.Пүрэв-Эрдэнэд чиглэгдсэн гарсан гэдгийг мэдэж улмаар хууль бус акт байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн захиргааны акт хэрэгжсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шийдвэрийг шүүхээс гаргадаг. Маргааны тухайд захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн зүйл байгаагүй.

Гараашнуудыг буулгасан учраас актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хууль зүйн хувьд боломжгүй. Богино хугацаанд хэрэгжсэн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгож нэхэмжлэл гаргах боломжтой гэдгийг Захиргааны хэргийн шүүхээс зарласан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдэд дүгнэлт хийсэн шүүгч, доктор н.Банзрагчийн тайлбар зэргийг хурлын шууд бичлэгээс иш татаж нэхэмжлэлдээ дурдсан. Үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. А/388 дугаар захирамж нь өмчлөгчийн эрхийг, захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн шийдвэр байсан. Иймд хууль бус байсан болохыг тогтоох ёстой гэж үзэж байна.

Ихэсгэсэн шаардлагын тухайд 2014 оны 01 дүгээр сарын 01/03, 01/04 дугаар төлбөрийн хэмжээг тогтоох тухай акт гарсан. Гарааш тус бүрийн төлбөрийг 132.000 төгрөгөөр тогтоож 2020 оныг дуустал газрын төлбөрийг төлсөн. 2021, 2022 онд 1 гараашинд 207.360 төгрөг төлөхөөр нэмэгдсэн хэдий ч төлсөн. Газар ашиглагч гэрчилгээ, гэрээ байхгүй, хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй гэдэг тайлбарыг хариуцагчийн зүгээс өгсөн. Газрын төлбөр гэдэг ойлголт Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Төлбөр гэж үзэж байгаа бол газар эзэмших эрх үүссэн гэж үзэж байна. Газар эзэмших эрх байхгүй тохиолдолд төлбөр авах хууль зүйн боломж Газар зохион байгуулалтын албанд байхгүй. 2014 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д илт хууль бус актын шинжийг тодорхойлохдоо тухайн захиргааны актыг гаргахдаа эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан байдаг. Энэ зохицуулалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д үг үсэггүй байдаг. Эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг хуучин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт хуульд тухайн харилцааг зохицуулаагүй байхыг ойлгоно гэсэн байдаг. 132.000 төгрөгийг 1 гараашид, үнийн дүн нэмэгдэж 207.360 төгрөгийг авч байгаа хууль зүйн үндэслэл нь юу вэ? Ямар эрх захиргааны байгууллагад олгогдсон бэ?

Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх, Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх зарчмаар явагдах ёстой. Хуулийн ямар ч үндэслэлгүйгээр төлбөр авч байсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дах заалттай холбогдуулан тайлбар өгөөгүй. Газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийг авах, тогтоох эрхийг хэн олгосон бэ? өөрт эрх олгогдоогүй асуудлаар хууль эрх зүйн үндэслэлгүй байхад уг актыг гаргаж 9 жилийн хугацаанд төлбөрийг авч байсан байна. Нийт 2.677.440 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байна. Илт хууль бус болохыг тогтоосноор тухайн акт гарсан цагаас үйлчлэлгүй болдог. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас уг мөнгийг буцааж нэхэмжлэгчид олгох үүрэг үүснэ. Иймд актыг илт хууль бус болохыг тогтоож төлбөрийг буцаан олгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий, зөрчил арилгах захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь газрыг хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Иргэн Э.Пүрэв-Эрдэнэ нь тус албанд 2014 онд өргөдөл гарган Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны урьд талд байрлалтай 2 ширхэг гараашийг иргэн Нансалмаагаас шилжүүлэн авсан тул өөрийн хүсэлтээр нийтийн эзэмшлийн зам талбайд Газрын төлбөр тодорхойлох акт №01/03, №01/04 тоот актуудыг хийсэн. Газрын төлбөрийг нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах гараашны зориулалтаар ашиглаж байгаагийн хувьд тухай үед мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 5/39. Газрын үнэлгээний бүсчилэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай" тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайд газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг Газрын тухай хуулийн зохих заалтын дагуу газрын төлбөрийг жил бүр газар ашигласны хувьд нийслэлийн төсөвт төвлөрүүлж байсан. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Иргэдийн төллөгчдийн хурлаас гаргасан шийдвэр мөн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижилт шинэчлэлийн ажлын хүрээнд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа гараашны газрыг чөлөөлөх ажлын хүрээнд тус байршилд байгаа гараашийг буулгасан болно. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны хувьд 2021-2022 онуудад гарааш буулгах нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн хүрээнд гарааш эзэмшигчдэд газрын төлбөр төлөх тухай шаардлага тавьж байгаагүй бөгөөд, харин тохижилтын ажлын хүрээнд газрын төлбөрөө төлж болохгүй гарааш буух тухай байнга анхааруулж байсан болно. Иргэн Э.Пүрэв-Эрдэнийн хувьд сүүлийн 2021-2022 онд газрын төлбөрийг манай албанд мэдэгдэлгүйгээр төрийн сангийн 100200000943 тоот дансанд гарааш эзэмшсэний газрын төлбөрөө сайн дураараа төлсөн байна.” гэжээ.

8.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авч ажилласан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий, зөрчил арилгах захиргааны акт юм. Газрын тухай хуулийн 3  дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь газрыг  хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд төлбөр шаардсан байна. Уг төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу аваагүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрыг зориулалт болзолтойгоор, гэрээ гэрчилгээтэй ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгжээс авдаг төлбөр юм. Газрыг дур мэдэн ашигласан 4200 гаруй гараашийг албадан буулгах, зөрчил арилгах А/388 дугаар захирамж гарсан. 2002 оны Газрын тухай хуулийн дагуу ашиглаагүй гараашнууд байдаг. Тэдгээр газруудын ашигтай чанарыг гаргаж ашиглаж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөр авч байх нь зүйтэй гэж үзэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын  дагуу 2010 оноос нийслэлийн хэмжээнд авч байсан төлбөр юм. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж үндэслэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн газарт нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах гараашийн зориулалтаар ашиглаж байгаагийн хувьд тухайн үед мөрдөгдөж байсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39, Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг жил бүр газар ашигласны хувьд нийслэлийн төсөвт төвлөрүүлж байсан. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижилт шинэчлэлийн ажлын хүрээнд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа гараашны газрыг чөлөөлөх ажлын хүрээнд тус байршилд байгаа гараашийг буулгасан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны хувьд 2021-2022 онуудад гарааш буулгах нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн хүрээнд гарааш эзэмшигчдэд газрын төлбөр төлөх тухай шаардлага тавьж байгаагүй бөгөөд харин тохижилтын ажлын хүрээнд газрын төлбөрөө төлж болохгүй, гарааш буух тухай байнга анхааруулж байсан болно. Иргэн Э.Пүрэв-Эрдэнийн хувьд сүүлийн 2021-2022 онд газрын төлбөрийг манай албанд мэдэгдэлгүйгээр төрийн сангийн дансанд гарааш эзэмшсэний газрын төлбөрөө сайн дураараа төлсөн байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлыг баталсны дотор Э.Пүрэв-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны урд талд байрлах 36 м.кв талбай бүхий 2 тоосгон гарааш багтсан байна. 

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны гараашны Э.Пүрэв-Эрдэнэд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол буюу гараашны үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд;

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох боломжтой ба Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчийн худалдан авч ашиглаж байсан гараашийг буулгаж газрыг чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшин ашиглаж байсан гараашийг буулган газрыг чөлөөлсөн нөхцөл байдал нь хуульд заасан захиргааны акт өөр бусад байдлаар хэрэгжсэн гэж үзэхээр байх тул  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 57 дугаар зүйлийн 57.3.”Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4.”Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заажээ.

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Насанжаргалаас Э.Пүрэв-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны урд талд байрлах 36 м.кв талбай бүхий 2 тоосгон гараашийг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч ийнхүү худалдан авах үед тус иргэн Б.Насанжаргал газар эзэмших эрхгүй байжээ. 

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тухайн гарааш нь эрх бүхий этгээд олгосон аливаа зөвшөөрөлтэй баригдсан болох нь тогтоогдохгүй байх ба Э.Пүрэв-Эрдэнийн ашиглаж байсан 2 гарааш нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар чөлөөлсөн нь мөн зүйлийн 57.4-т заасныг зөрчөөгүй байна.

2.3 Түүнчлэн А/388 захирамжаар Нийслэлийн Засаг даргаас өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нийслэлийн газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг байгууллага, албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:,” 24.1.19.“нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт;” 63.1.2.”нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах; 66 дугаар зүйлийн 66.1.”Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 77 дугаар зүйлийн 77.1.”Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

Нэгэнт дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамж хуульд нийцсэн нь тогтоогдож байх тул хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй бөгөөд тус захирамжийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхгүй.

Иймд Э.Пүрэв-Эрдэнээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжид дурдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны гараашны Э.Пүрэв-Эрдэнэд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол буюу гараашны үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 01/03 болон № 01/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү актын дагуу төлсөн 2 гараашны нийт төлбөрийг гаргуулах шаардлагын тухайд:

3.1. Татварын улсын байцаагч М.Отгонжаргал нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03 дугаар, мөн өдрийн 01/04 дүгээр “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-аар Э.Пүрэв-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 1 хороо, 12 хороолол, 28 дугаар байрны урд талд 2 гараашны зориулалтаар тус тус 25 м.кв газар ашиглаж байгаа тул 2013 оны 1-4 улирлын газар ашигласны төлбөрт тус бүр 132,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

3.2. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.”, 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна.”, 9 дүгээр зүйлийн 1.“Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэж тус тус заажээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...газрын ашигтай чанарыг гаргаж газар ашиглаж байгаа учир газрын төлбөр ногдуулсан …” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах, төлбөр ногдуулах харилцааг зохицуулсан  хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн тооцон төлөхөөр байна.

3.4. Нэхэмжлэгч нь газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан гараашийг худалдан авч ашиглаж байсан болох нь шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон ба түүнд газар эзэмших, ашиглах эрх хуульд заасны дагуу үүсээгүй, газрын төлбөр ногдуулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Баянзүрх дүүргийн 1 хороо, 12 хороолол, 28 дугаар байрны урд талд байрлах 2 гараашны зориулалттай тус тус 25 м.кв газарт газрын төлбөр ногдуулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03, 01/04 дүгээр актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзлээ.

3.5. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/03, 01/04 дүгээр Газрын төлбөрийг тодорхойлох тухай актуудын дагуу ногдуулан төлсөн 2 гараашны нийт төлбөрийг гаргуулж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр Э.Пүрэв-Эрдэнээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 01/03 болон № 01/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, энэхүү актын дагуу төлсөн 2 гараашны нийт төлбөрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Газрын төлбөрийг тодорхойлох тухай 01/03, 01/04 дүгээр актуудыг илт хууль бус болохыг тогтоож, уг актын дагуу төлсөн нийт төлбөрийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, үлдсэн шаардлага болох Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны гараашны Э.Пүрэв-Эрдэнэд холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол буюу гараашны үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН