Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 000

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гэрэлт-Одын хууль ёсны төлөөлөгч С.Юмчигмаа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нарт холбогдох 201705000193 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуйн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг эх, ах, эгч дүү нарын хамт Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЗ99122213 тоот регистрийн дугаартай, Зана овогт Батсайханы Гэрэлт-Од,

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын инженерын 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг эх, ах, эгч дүү нарын хамт Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВВ99021016 тоот регистрийн дугаартай, Ёнхор овогт Цэнгэлийн Эрдэнэбаяр,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутагт оршин суух иргэн *******ын эзэмшлийн гражид нууцаар 51,200 кг ноолуур хулгайлж бусдад 2.969.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн … Манай хашаанд байдаг гражид хулгай орж нийт 51,200 кг ноолуур хулгайд алдагдсан. Эхэндээ ноолуур хулгайд алдагдаж байгаа талаар мэдээгүй. Ноолуур шахахаар дутахаар нь дансны дэвтэртээ тэдэн кг ноолуур дутлаа гээд тэмдэглээд байсан. 2017 оны 05 сарын 08-нд 12,200 кг, 05 сарын 22-нд 17,200 кг, 05 сарын 27-ны өдөр 7,500 кг, 05 зарын 28-ны өдөр 14,300 кг ноолуур хулгайд алдсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Насанд хүрээгүй гэрч Н.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрэлт-Од, Эрдэнэбаяр нар 2017 оны 05 сарын 01, 02-ны үед надаар 2 кг ноолуур өгүүлсэн энэ нь 124.000 төгрөг болж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Насанд хүрээгүй гэрч У.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрэлт-Од, Эрдэнэбаяр хоёр 2017 оны 05 сарын эхээр надаар 2 удаа ноолуур тушаалгасан. Эхнийх нь 161.000 төгрөг, дараагийнх нь 93.000 төгрөг болж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Насанд хүрээгүй гэрч Г.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрэлт-Од, Эрдэнэбаяр хоёр 2017 оны 05 сарын 02-ны өдөр надаар бараан өнгийн ноолуур өгүүлэхэд тэр нь 120.000 төгрөг болж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч Н.Цэцэнхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрэлт-Од, Эрдэнэбаяр хоёрыг манай дэлгүүрт ноолуур авч байсан хүнд ноолуур өгсөн эсэхийг мэдэхгүй. Харин У.Алтансүхийг 2-3 удаа бага хэмжээний ноолуур өгч байгааг харсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч Г.Ариунсангийн мөрдөн байцаалтанд өгсөн ... би 2017 оны 05-06 саруудад Богд суманд Жаргалсүрэн гэх айлын дэлгүүрт ноолуур авч байсан. Сургуулийн гэмээр 2 хүүхэд 2 удаа ноолуур бага хэмжээгээр авчирч өгч байсан. 05 сарын 06-ны өдөр 1.7 кг ноолуур өгөөд 102.000 төгрөг авсан. Дараа нь 05 сарын 12-ны өдөр өнгийн 2 кг ноолуур авчирч өгөөд 122.000 төгрөг болж байсан. Мөн дараа нь энэ 2 хүүхдийн шар банди нь ганцаараа ирж 400 гр ноолуур авчирч өгсөн. Би энэ хүүхдүүдийг гэрээсээ ноолуур хулгай хийж авчирч байна уу гэхэд үгүй гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Шүүгдэгч Б.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн ... Ц.Эрдэнэбаяр бид хоёр *******ын гражид 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-нд шилжих шөнө, 2017 оны 05 сарын 01-02-нд шилжих шөнө нийт 2 удаа орж 15-16 кг бараан өнгийн ноолуур хулгайлж зарсан. Гражинд орохдоо хаалганы дээд хэсэг цоожтой байсан бөгөөд хаалганы доод хэсгийг Эрдэнэбаяраар татуулж зай гаргаж байгаад би орж ноолуур авч гарж ирдэг байсан. Бид 2 хулгайлж авсан ноолуураа өөрсдөө болон ангийнхаа хүүхдүүдээр болон доод үенийн нэг хүүхдээр бас Жаргалсүрэн ахын дэлгүүрт ноолуур авч байсан эгчид өгүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрэлт-Од бид 2 *******ын гражид 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-нд шилжих шөнө, 2017 оны 05 сарын 01-02-нд шилжих шөнө нийт 2 удаа орж 15-16 кг бараан өнгийн ноолуур хулгайлж зарсан. Гражид орохдоо хаалганы дээд хэсэгт цоожтой байсан бөгөөд хаалганы доод хэсгийг би татаад зай гаргахад Гэрэлт-Од орж ноолуур авч гарч хүүхдүүдээр болон доод үенийн нэг хүүхдээр бас Жаргалсүрэн ахын дэлгүүрт ноолуур авч байсан эгчид өгүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Бичиг баримтад үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 14-21/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 68-109/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол нөхөн төлсөн баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирогч *******ын хохиролд 2.416.000 төгрөг хүлээн авч гомдолгүй болсон тухай хүсэлт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутагт оршин суух иргэн *******ын эзэмшлийн гражид нууцаар 51 кг 200 гр ноолуур хулгайлж бусдад 2.969.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дээрдэж байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байх ба хохирогч ******* нь гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 2017 оны 09 сарын 07-ны өдрийн байдлаар 17 нас 8 сар 15 хоногтой болох нь хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэв.

Харин шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Зана овогт Батсайханы Гэрэлт-Од, Ёнхор овогт Цэнгэлийн Эрдэнэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гэрэлт-Одод 6 /зургаан/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах арга хэмжээ оногдуулсугай

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гэрэлт-Одод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Эрдэнэбаярын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, Б.Гэрэлт-Од нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА