| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/00467/И |
| Дугаар | 181/ШШ2024/00475 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/00475
| 2024 02 06 | 181/ШШ2024/00475 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг .......................... тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Эрдэнэтогтох /РД:ЦЕ58040501/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг .............................. тоотод байрлах Ард санхүүгийн нэгдэл ХК /РД: 2001861/-д холбогдох,
2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будсүрэн, өмгөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ашхүү, хариуцагчийн өмгөөлөгч Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ПЭрдэнэтогтох 2012 оны үеэс эхлэн Ч.Ганхуягыг таньдаг болсон. Ч.Ганхуяг нь ...та манай Ард санхүүгийн нэгдэлээс боломжийн хүүтэй, өндөр дүнтэй бизнесийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлээчээ гэдэг санал тавьж, та бол түрээсээрээ л эргээд төлөх боломжтой, битгий санаа зов гэх мэтээр намайг маш их яттаж, бэлэг сэлт өгсөөр надад итгэл үнэмшил төрүүлдэг байсан.
Улмаар миний бие Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 750,000 ам.долларын бизнесийн зориулалттай зээлийг 60 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлгэй №15/02-06 тоот, Барьцаа зээлийн гэрээ-г, мөн зээлийн гэрээний дагуу миний хувьцааг нь эзэмшдэг Номын Хишиг ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-2 тоот хаягг байрлах, Ү-2203001164 бүртгэлийн дугаартай, 2304 мкв талбайтай барилга, Өнгөт Хэвлэл ХХК-ийн Г2203008962 бүртгэлийн дугаартай, 1560 мкв газар эзэмших эрхийг тус тус барьцаалан 15/02-05 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан.
Гэвч бичгээр гэрээ байгуулж дээрх хөрөнгүүдийг маань барьцаалсан боловч надад бодитоор гэрээний дагуу зээлийн олгоогүй. Өнөөдрийг хүртэл 750,000 ам долларыг надад бэлнээр болон дансаар огт өгч байгаагүй. Гэтэл энэ үеэс эхлэн Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 750,000 ам.долларын зээлийг олгосон мэтээр зээлийн өр төлбөр үүсгэн, санхүүгийн дарамтад оруулж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээддэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан ч тухайн гэрээний зүйлийг бодитоор зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог.
Гэтэл Ард санхүүгийн нэгдэл ХК нь өнөөдрийг хүртэл 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан бизнесийн зориулалттай зээлийг буюу гэрээний дагуу 750,000 ам доллорыг зээлдэгч болох П.Эрдэнэтогтох надад бодитоор шилжүүлээгүй, 2019 онд Отгонбаатараас өвөөр хүлээн авсан, үл хөдлөх эд хөрөнгийг Ард санхүүгийн нэгдэл ХК нь худалдаж авахдаа надад олгоогүй зээлэнд тооцож шилжүүлсэн. Ард санхүүгийн ХК надад огт өгч байгаагүй 750,000 ам долларын зээлийн гэрээний үр дагавар одоо ч арилаагүй, тэрхүү зээлийн гэрээг үндэслэн миний хамаарал бүхий хуулийн этгээдээс төлбөр суутгасан. Энэ зээл нь намайг ангилал бууруулсан их хэмжээний зээлтэй болгож харагдуулан миний эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймээс Ард санхүүгийн нэгдэлХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 15/02-06 дугаар Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
2. Хариуцагч Ард санхүүгийн нэгдэл ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15/02-06 дугаар Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн утгад Ард санхүүгийн нэгдэл ХК-тай 2015.5.26-ны өдөр 750.000 ам долларын бизнесийн зориулалттай зээлийг 60 сарын хүгацаатай сарын 1 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан..., гэвч бичгээр гэрээ байгуулж дээрх хөрөнгүүдийг маань барьцаалсан боловч надад бодитоор гэрээний дагуу зээлийг олгоогүй гэжээ.
Ард санхүүгийн нэгдэл ХК нь 2015 оны 05 сарын 26-ны өдөр Пүрэвийн Эрдэнэтогтохтой Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хэрэгжээд дүусгавар болсон болно. Энэ талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгнө. Иймээс зээл олгоогүй гэдэг нь үндэслэлгүй.
П.Эрдэнэтогтох нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хаана байгаа нь мэдэгддэггүй, холбогддоггүй гэх зэргээр удаа дараа зээл олгосон аж ахуйн нэгжийн эрх ашиг сонирхлыг хөндөж байсан.
Иймд нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
П.Эрдэнэтогтохын Ард кредит банк санхүүгийн байгууллагатай 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр буюу зээлийн хүүтэй 211,210,000 төгрөг буюу 112,000 ам долларыг төлсөн. Энэ төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хугацааны хувьд зээлийн гэрээний дараагийн төлбөрт зээлийн гэрээний дагуу 2.1-т зааснаар зээлдэгчийн хүсэлтийн дагуу төлбөр тооцоог төлнө гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг шууд 750,000 ам доллар шилжүүлэх биш харин зээлдэгч ямар хүсэлт гаргана, тухайн хүсэлтийн дагуу төлөхийг нотлох зорилгоор өгсөн. Мөн Хас банканд төлөх Д.Эрдэнэтогтохын 99,264 ам долларыэ зээлийг төлсөн. П.Эрдэнэтогтохын бусдад төлөх өрийг төлсөн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Тэгэхээр энэ зүйлд заасан 5 төрлийн буюу 4 шилжүүлэг, 5 дахь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө П.Эрдэнэтогтохын өмчлөлд байгаа одоо ч тэндээ амлдарч байгаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15/02-05 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 26-ний өдөр 15/02-05 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ,
4.Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цахим гүйлгээний баримт, төлбөрийн даалгаварын баримт, 2019 оны 12 сарын 05-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2019 оны 12 сарын 17-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 сарын 05-ний өдрийн Үл хбөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэх комиссын тайлан акт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Номын хишиг ХХК-ийн 2019 оны 11 сарын 25-ний өдрийн 01/19 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, П.Эрдэнэтогтохын зээлийн мэдээдлэлийн лавлагаа, П.Эрдэнэтогтохын Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа,
5. Шүүх талуудын хүсэлтээр: 2015, 2016 оны санхүүгийн тайлан, гэрч Г.Уянга, Г.Сэлэнгэ нарыг асууж авсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нь хариуцагч Ард санхүүгийн нэгдэл ХК-нд холбогдуулан 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Ард санхүүгийн нэгдэл ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-гээр зээл авсан. Тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хэрэгжээд дуусгавар болсон гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
3. Номын хишиг ХХК-ийн 20%-ийн хувьцааг эзэмшигч И Ай Ти ХХК нь 2014 оны 06 сарын 18-ний өдөр өөрийн оноосон нэрээ Ард санхүүгийн нэгдэл ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
4. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нь Номын хишиг ХХК-ийн 80%-ийн хувьцаа эзэмшигч, 20%-ийн хувьцааг Ч.Ганхуяг эзэмшдэг бөгөөд 2015 онд надад 750,000 ам долларын зээл огт олгож байгаагүй харин гуравдагч этгээдийн өрийг тохиролцсоноор төлж байсан, зээлийн гэрээний үндсэн дээр ямар нэгэн зээл олгогдоогүй, зээлдүүлэгчийн зүгээс бодитоор олгогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-ийн шинжийг агуулсан тул 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нь Ард санхүүгийн нэгдэл ХХК нарын хооронд 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 750,000 ам долларыг, 30 хоногт 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар, зээлдэгчийн хүсэлтээр төлбөр тооцоог гүйцэтгэхээр тохиролцон 4 удаагийн гүйлгээ болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэнээр зээлийг олгож зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
6. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох Ард кредит ББСБ ХХК нарын хооронд 2014 оны 08 сарын 26-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдан 200,000,000 төгрөгийг 360 хоногт 36 хувийн хүүтэй,12 сарын хугацаатай зээлж талууд гарын үсэг зурсан. /1 хав 108-110 хуу/
6.1. Н.Отгонбаатар /П.Эрдэнэтогтохын нөхөр/ Ард кредит ББСБ ХХК нарын хооронд 2014 оны 08 сарын 26-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдан Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, Усны 6-р байрны 8 тоотод орон сууц, 13 тоот гражийг барьцаалсан, 2014 оны 08 сарын 26-ний өдрийн Өнгөт хэвлэл ХХК-ийн 248/14 дугаартай Ард кредит ББСБ-д ирүүлсэн албан бичигт Өнгөт хэвлэл ХХК-ийн өмч болох хэвлэлийн Komori Enthrkne E295 Color offser press магиныг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байна. Захирал П.Эрдэнэтогтох гэжээ. /1хав 114 хуу/
7. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох Ард санхүүгийн нэгдэл ХК нарын хооронд 2015 оны 05 сарын 26-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдан 750,000 ам долларыг, сарын 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор зээлийг зээлдэгчид бэлнээр эсхүл бэлэн бусаар олгож, зээлдэгчийн хүсэлтээр төлбөр тооцоог гүйцэтгэхээр тохиролцон талууд гарын үсэг зуржээ. /1 хав 72,73 хуу/
8. Өнгөт хэвлэл ХХК Ард кредит ББСБ нарын хооронд 2019 оны 12 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 640,000,000 төгрөгийг 30 хоногт 2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж захирал П.Эрдэнэтогтох гарын үсэг зурж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1хав 121-124 хуу/
Талуудын хооронд удаа дараагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу нэхэмжлэгч П.Эрдэнэтогтоход зээлийг олгоогүй гэж, хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүсэлтээр зээлийг 4 удаагийн гүйлгээгээр бусад банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, үлдэх зээлэнд түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж хариуцагч маргасан.
9. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох Ард санхүүгийн нэгдэл ХК нарын хооронд 2015 оны 05 сарын 26-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, 2015 оны 05 сарын 26-ний өдөр 15/02-05 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулан талууд гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
9.2 Дээрхи гэрээгээр Ү-2203001164 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж 2 тоот, 2304 мкв 2 давхар барилгын А корпус, Г-2203008962 дугаарт бүртгэлтэй Өнгөт хэвлэл ХХК-ийн газар эзэмших эрх бүхий Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Амарын гудамж өөрийн байр 1560 мкв талбайг тус тус барьцаалсан байна.
9.3. Дээрхи барьцаат зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу
- П.Эрдэнэтогтох Ард кредит ББСБ ХХК нь нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр нийт 211,210,000 төгрөг буюу 112,889.20 ам долларыг Ард санхүүгийн нэгдэл ХХК нь 2015 оны 06 сарын 18-ний өдөр Ард кредит ББСБ-ийн Хас банкны 5000007021 тоот дансанд зээл хаав Эрдэнэтогтох гэх утгатайгаар,
- Ард санхүүгийн нэгдэл ХХК-аас нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын Хас банкны 5000003267 дугаартай дансанд 2015 оны 05 сарын 26-ний өдөр 20,000,000 төгрөг зээл олгов гэх утгатайгаар,
- Ард санхүүгийн нэгдэл ХХК нь Хас банкны 5000004475 тоот дансанд 2015 оны 06 сарын 18-ний өдөр 189,295,530 төгрөг /99.264 ам доллар/, зээл хаав Өнгөт хэвлэл ХХК гэх утгатайгаар,
- П.Эрдэнэтогтохын Хас банкны 5000237215 тоот дансанд 2015 оны 07 сарын 24-ний өдөр 11,555 ам долларыг 750,000 ам долларын үлдэгдэл төлөв гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.
нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын бусдад төлөх зээлүүдийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлж, нэхэмжлэгчийн Хас банкны дансанд 750,000 ам долларын зээлийн үлдэгдэл төлөв гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1хав 41-43,165 хуу/
9.4. Ард санхүүгийн нэгдэл ХХК нь Г.Уянгатай 2015 оны 05 сарын 26-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 521,000 ам долларыг сарын 1 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэхээр тохиролцон талууд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1хав 217,218 хуу/
Гэрч Г.Уянга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ...зээлийн төлбөрт Г.Уянгын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 19-р хороо Шаргаморьт 4 гудамж 175 тоот хаягт байрлалтай 450 мкв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр болсон. Харин Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн хүсэлтээр 521,000 ам долларын зээлийн гэрээний үүрэгт тооцож өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг П.Эрдэнэтогтохын нөхөр Отгонбаатарын нэр дээр шилжүүлсэн. гэжээ. /1хав 189-191 хуу/
9.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар Ү-2203021018 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 19-р хороо Шаргаморьт 4 гудамж 175 тоот хаягт байрлалтай 450 мкв үл хөдлөх эд хөрөнгө нь П.Эрдэнэтогтохын өмчлөлд бүртгэлтэй байна. /1хав 80 хуу/
10. Хариуцагч Ард санхүүгийн нэгдэл ХХК нь 2019 онд Ард санхүүгийн нэгдэл ХК болон өөрчлөгдөж 2019 оны 07 сарын 18-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авчээ.
Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох Ард санхүүгийн нэгдэл ХХК нарын хооронд 2015 оны 05 сарын 26-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэв.
11. Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтох нь 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.
Гэрээ нь хуулийн хүрээнд гэдэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг бүрэн хангах, гэрээ байгуулж буй дотоод зорилго, түүний гадаад илэрхийлэл хоёр нэгдмэл байх ойлголт бөгөөд сайн дураар, чөлөөтэй буюу ямар нэг хязгаарлалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх бодит боломжтой байх ойлголт юм.
Нэхэмжлэгч П.Эрдэнэтогтоход 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө болон мөнгө шилжүүлсэн болох нь хавтас авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон.
12. Иймд нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын Ард санхүүгийн нэгдэл ХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.
13. Нэхэмжлэгч Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,056,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ард санхүүгийн нэгдэл ХК-д холбогдох 2015 оны 05 сарын 26-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгч П.Эрдэнэтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,056,975 төгрөгийг улсын орлогод хэвээр тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ