Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00235

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 16 181/ШШ2024/00235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Х /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Д ХХК /РД:.............../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 26,250,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Т.Д ХХК-д холбогдуулан даатгалын 26,250,544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Х нь нөхөр Т.Х-тай хамтран 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хасбанктай 1250023849 дугаартай Зээлийн гэрээ, 1250023849-01 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж, 240 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөгийн орон сууцны зээл авсан билээ.

Худалдаж авсан орон сууц болон зээлийн үлдэгдлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Т.Д ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1601101011355 дугаартай Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г, 1601281006525 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.12-т Зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасны дагуу сар бүр даатгалын хураамж төлөх үүрэгтэй" гэж зааснаар бид амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 48,026.30 төгрөг, хөрөнгийн даатгалын хураамжид 85,250 төгрөгийг хугацаанд нь төлж байсан.

Гэтэл Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний хүчинтэй хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Т.Х нь гэрээсээ эрүүл саруул гарч, ажил дээрээ очоод ажил, үүргээ гүйцэтгэж байх явцдаа зүрх нь гэнэт зогсон нас барж, нөхөж баршгүй хохирол учирсан.

Улмаар эхнэр Г.Х нь даатгалын гэрээнд заасны дагуу Т.Д ХХК-д даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн өгч, хүсэлтээ гаргасан боловч хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/113 тоот албан бичгээр Даатгалын гэрээ-ний 8.1.1 дэх хэсэгт Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар Даатгалын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр авах асуудлаар Г.Хгийн зүгээс гомдол гаргахад зүрх зогсох өвчний нарийн шалтгааныг Санхүүгийн зохицуулах хороо хянан шалгагчийн хувьд олж тогтоох боломжгүй. Ийм учраас шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу тайлбарыг өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн 2 эрсдэл байдаг. Даатгагчийн татгалзал болгож байгаа, үндэслэл болгож байгаа эрсдэлүүд бол гэнэтийн ослын шинжтэй, гэнэтийн ослын эрсдэлүүдэд хамааруулж авч үзсэн эрсдэлүүд байдаг. Харин нэмэлт эрсдэл гэсэн нөхцөл бол гэрээнд тусгагдсан байдаг. Бидний зүгээс бол энэ зүрхний өвчлөл буюу зүрхний архаг хууч өвчтэй байсан талаар тодорхой үйл баримт байхгүй. Ажилдаа явж байгаад тухайн өдрөө зүрх зогсоод нас барсан. Тэгэхээр энэ зүрхний шалтгаант өвчлөл, эрсдэл нь ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын нэмэлт эрсдэлд хамаарч байгаа. Тийм учраас даатгалын нөхөн төлбөр олгогдох үндэслэл байна гэж харж байгаа.

Нэгт, талуудын хооронд гэрээ байгуулсан эсэх дээр маргахгүй, үндсэн хураамж төлсөн дээр маргахгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байна. Харин стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, Т.Д ХХК одоогоор энэ гэрээг 20,000 орчим хүнтэй байгуулсан байна. 1 удаа тодорхой 1 загвараар бэлтгэгдсэн гэрээ олон удаа хийгдэж байгаа гэдэг агуулгаар стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж байна. Түүнчлэн зүрхний шигдээс гэдэгт ямар өвчлөл ороод байна вэ? Жишээ нь зүрхний шок гээд гэнэт зүрх нь зогсож байгаа нь зүрхний мөн эсэх дээр нэр томьёоны тодорхойлолт хийгээгүй. Өөрөөр хэлбэл стандарт нөхцөл бүхий гэрээг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах зохицуулалт Иргэний хуульд байгаа. Зүрхний шигдээс гэдэгт юу хамаарах, юу хамаарахгүй вэ гэдэг тайлбар гэрээнд авагдаагүй. Нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэл бий болгож байна гэж харж байна.

Дараагийн асуудал бол мэдүүлгийн маягт буюу иргэдэд гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн тайлбарлаад түүнийгээ мэдүүлгийн маягтаар баталгаажуулан даатгалын компани Санхүүгийн зохицуулах хорооны журмаар өөрөө архив үүсгээд хадгалах журам байдаг гэж санагдаж байна. Одоогоор хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Би даатгалын салбарт 5 орчим жил ажилласны хувьд банк, зуучлалд хамгийн түрүүнд гардаг алдаа бол иргэдэд албан журмын даатгал маягтай хийгдсэн зохицуулалтын дагуу энэ даатгалд та зайлшгүй даатгуулах ёстой гэдэг тайлбар тавиад энэ 2 компаниар даатгалаа хийлгэ гэж хэлээд гэрээг 1 удаа зуруулж аваад бусдыг нь сар бүр хураамжийг нь автоматаар татаж авдаг. Энэ талаар мэдүүлэг байхгүй байгаад би гайхахгүй байна. Хэрвээ байсан бол хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх ёстой байсан. Яагаад гэвэл хариуцагчийн татгалзлыг нотлох хамгийн чухал баримт бол энэ хүн үндсэн эрсдэл нь ийм ийм эрсдэл байна, нэмэлт эрсдэлээр та энийг авна гэдгийг сонгуулаад гэрээний нөхцөлийг ойлгуулаад гарын үсэг зурж баталгаажуулснаар хожим татгалзлыг нотлох гол баримт болох ёстой байсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн асуулт, хариултын үе шатанд тодорхой боллоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрийн татгалзлыг нотлох зарчмын хүрээнд нотолж чадаагүй. Тиймээс үүнийг шүүхийн санаачилгаар, шинээр илэрсэн нөхцөл байдал, энэ баримт байжээ гэдэг нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг эргэн хянах боломжийг энэ хуралдааныг хүртэл хуралдаанд гаргаж өгөөгүй, үгүйсгэх үр дагавартай гэдгийг нэхэмжлэгч талын хуульч хангалттай ойлгож байгаа байх гэж бодож байна.

Гуравдугаарт, ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам гэж Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 216 дугаар тогтоолоор баталсан журам бий. Энэ журмын хүрээнд ипотекийн даатгалын үйл ажиллагаа буюу даатгалын гэрээ байгуулах процесс хийгдсэн байна. Ипотекийн даатгалын журмын 4.5 дахь хэсэгт ийм заалт байна. Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягийн загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч даатгуулагчаар баталгаажуулсан байна гэсэн. Сая би асуултад хариулахдаа тодорхой хэлсэн. Үндсэн эрсдэлээ даатгуулах ёстой юм байна гэдгийг энэ хүн ойлгоод ямар ч байсан нэг даатгал хийлгэх юм байна гээд хийлгэсэн. Харин нэмэлт эрсдэл буюу ялангуяа залуучуудын хувьд хамгийн түрүүнд байж болох эрсдэлүүд байгаа. Өөрөөр хэлбэл зүрхний шигдээс Монголд харьцангуй залуужиж байгаа өвчлөл гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энэ нэмэлт эрсдэл авах боломж, нөхцөл, шаардлагыг нь ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс хязгаарласан байна.

Нөгөө талаар хэрвээ энэ хүн нэмэлт эрсдэлээ авчихсан байсан бол зүрхний шигдээс буюу зүрх гэнэт зогссон гэдэг дээр маргахгүй. Энэ хүн архаг хууч өвчнөөр, хорт хавдраар нөхөн төлбөр авна гэж хүссэнгүй. Зүв зүгээр ажилдаа яваад өдөр нь эхнэртэйгээ яриад 2 цагийн дараа нас барсан гэнэтийн өвчлөл. Даатгалын үндсэн зарчим юу вэ гэвэл гэнэтийн эрсдэлээс иргэдийг хамгаалах зорилготой. Энэ хүн өдөр нь ажилдаа яваад зүрх зогсох эрсдэлээр нас барж байна. Даатгалын компани бол мэргэжлийн оролцогч. Банк мэргэжлийн даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд болохын хувьд холбогдох журамд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг хариуцах ёстой гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

Т.Д ХХК-тай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4.4-т Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчтэй хамт зээлийн гэрээнд заасан үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ гэж, 1.4.6 дахь хэсэгт Зээлийн төлбөр хариуцах хувь гэж үндсэн болон хамтран зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл хариуцах хувь, хэмжээг хэлнэ гэж, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.14-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байна гэж заасны дагуу Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 43,389,329 төгрөгийн зээлийн үлдэгдлээс нөхөр Т.Х нь 60,5 хувийг хариуцан төлөх үүрэгтэй байсан юм.

Иймд Т.Д ХХК-аас "Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний үүрэгт 26,250,544 төгрөгийг гаргуулж, Т.Хын хууль ёсны өв залгамжлагч болох Г.Хд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Даатгуулагч Г.Х болон Т.Д ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1601281006521 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г байгуулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1601281006525 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1-т заасан шаардлагын дагуу нэршлийг өөрчлөн, шинэчилж байгуулсан.

Даатгагчийн зүгээс даатгуулагчийн хамтран зээлдэгч Т.Х нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан талаарх өргөдлийг хүлээн авч, гэрээнд тусгагдсан үүргийн дагуу холбогдох ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд илэрсэн.

1. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.1.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан.

2. Даатгуулагч нь үндсэн эрсдэлийн хураамж болох 48,026 төгрөгийн хураамжийг жил бүр тогтмол төлдөг байсан тул даатгагч нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд даатгуулагчийг гэрээнд заасан үндсэн эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

Нэмэлт эрсдэлийн хураамж нь ойролцоогоор 240,000 төгрөг болно. Урт хугацааны даатгал буюу амьдралын даатгалтай хийдэг гэрээний хамгаалалтууд учраас харьцангуй өндөр хураамж төлөгддөг. Тийм учраас даатгуулагч нэмэлт эрсдэлтэй даатгуулах эсэх нь өөрийнх нь сонголт байдаг.

3. Т.Д ХХК болон даатгуулагч нарын хооронд байгуулагдсан 1601281006525 тоот гэрээний 1.4.21 дэх хэсэгт гэнэтийн осол гэж гэнэтийн, санаандгүй, урьдчилан таахааргүй тохиолдсон үйл явдлын улмаас (аливаа өвчин эмгэг, өвчлөл хамаарахгүй) даатгуулагчийн бие махбодод ил шарх, гэмтэл учрахыг тодорхойлсон бөгөөд IV. Гэрээний нөхцөл-1. Даатгалын хамгаалалт хэсэгт дараах эрсдэлүүдийг хамруулсан байдаг. Үүнд:

1. Үйлдвэрлэлийн осол

2. Ахуйн осол

3. Зам тээврийн осол

4. Байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол

5. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэл.

Даатгалын тухай хуулийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор хуульчилсны дагуу даатгалын гэрээгээр дээрх эрсдэлүүдийг хамгаалсан байна.

4. Даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн тохиолдол нь дээр дурдсан эрсдэлүүдийн аль нэг мөн эсэх талаар судлан үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Үүнээс үзвэл Даатгалын гэрээ-ний Үндсэн хамгаалалт хэсгийн 1-д заасан Үйлдвэрлэлийн осол нь дээрх тодорхойлолтоор ойлгогдохоор байна. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: гээд 2.1.1-т ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед; гэжээ.

Энэхүү дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс нь акт тогтоон улсын байцаагчид хүргүүлж хянан тогтоолгох шаардлагатай. Даатгуулагчийн ирүүлсэн нөхөн төлбөрийн материалаас харвал талийгаачийн "Зүрх зогсох тодорхойгүй" шалтгааны улмаас нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол гэж үзэж судлан бүртгэсэн комиссын акт, түүнийг бүртгүүлсэн байдал тогтоогдоогүй тул үйлдвэрлэлийн осол гэж үзэх боломжгүй байна.

5. Даатгалын гэрээний 8.1 /Даатгагч дараах тохиолдлууд, түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй/ дүгээр зүйлийн 8.1.1-д Гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" гэж тусгасан ба Даатгалын тухай хуулийн 8.5.3-д "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан; тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 9.1.1-д тусгагдсан байдаг.

Нэхэмжлэгч тал гэрээн дээр маргаагүй гэсэн. Гэтэл даатгуулагч өөрөө даатгалын гэрээний бүх зүйл заалтыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зурчихсан, уншиж танилцсан байгаа. Энэ дээр гарын үсэг байгаа бол энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар даатгуулагч даатгалынхаа нөхцөлөө мэдэж байсан гэсэн үг болж таарч байгаа юм. Тэгээд дараа нь мэдсэн бол нэмэлт эрсдэлд даатгуулдаг байж гээд нэхэмжлэгч Г.Х ярьж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Нэмэлт эрсдэлийн талаар мэдэж байсан, даатгуулах боломжтой гэдэг талаар гэрээнд заасан учраас тухайн үед энэ эрсдэл учрах боломжгүй гэж үзээд үндсэн эрсдэлээрээ эхний ээлжинд даатгалаа хийлгэсэн гэрээ болж таарч байна.

Хэдийгээр даатгалын компани хариуцлагагүй, банк зуучлагч хариуцлагагүй гэж ярьдаг ч гэсэн даатгуулагч тухайн үед эрсдэлээ сонгох боломжтой, даатгалынхаа компанийг сонгох боломжтой, урт хугацааны ердийн даатгалаа сонгох боломжтой, эрсдэлээ сонгох боломжтой байдаг. Гэрээгээ уншиж танилцах боломж нь байдаг. Тухайн үед даатгуулагчийг заавал энэ дээр гарын үсэг зур гэж хүчлээгүй, албадлага хэрэглээгүй, сүрдүүлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийнхээ дүнг тодорхой нотолж чадахгүй байгаа. Яагаад вэ гэвэл Хас банкнаас ирсэн тодорхойлолтыг нотлох баримт шинжлэн судлах үед яригдаж байсан тодорхойлолт байгаа.

Гэтэл зээлийн судалгааны үндсэн дээр хариуцах хэсэг буюу систем дээр мэйлээр ирсэн гэрээн дээр сая нотлох баримт шинжлэн судлуулахад уншсаны дагуу нөхөн төлбөрийг 8,120,811 төгрөг болохыг талийгаач Т.Х гуайн хариуцаж байсан хэсэг нь 8,120,811 төгрөг болох нь судлагдсан. Зээлийн хариуцах хэсэг, гэрээ байгуулагдах үеийн байдлаар байсан байна гэдгийг судалсан. Үүнтэй холбоотой маргаан гараад Хас банк зуучлалаар хамтран ажиллах гэрээтэй ч Хас банкнаас хувь хүний мэдээллийг авах бол Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу олгох боломжгүй байна гэсэн татгалзсан хариуг өгдөг учраас Хас банкны Увс аймаг дахь салбараас гэрээ байгуулах үед судлагдсан судлагдахуун, тухайн үеийн нөхцөл байдал, орлогын хэмжээ зэрэг нь Хас банкнаас мэйлээр ирсэн мэдээллээр 8,120,000 төгрөг болж таарсан. Тухайн мэдээллүүдээ шаардлагатай тохиолдолд мэйлд үзлэг хийлгэх боломжтой. Мэйлд үзлэг хийснээр Хас банкны Увс аймаг дахь салбарын кодтой мэйл хаягаас ирсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, Зохицуулах байгууллагаас баталсан хүчин төгөлдөр журмын дагуу даатгуулагч гагцхүү гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгаж, даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд гэрээ байгуулсан бөгөөд I46.9 Зүрх зогсох, тодорхойгүй өвчний улмаас нас барах эрсдэл нь бидний хооронд байгуулагдсан 1601281006525 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ээр хамгаалагдаагүй тул Даатгалын гэрээний 8.1.1, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгч Г.Хгийн гаргасан Т.Д ХХК-аас "Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний үүрэгт 26,250,544 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 289,500 төгрөг төлсөн баримт, Г.Х, Т.Х, Хас банк ХХК нарын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №1250023849 дугаартай Зээлийн гэрээ, №1250023849-01 дугаартай Барьцааны гэрээ-ний нотариатаар батлуулсан хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 120023849 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа, Байшин барилгын даатгалын гэрээ, Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ, Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Зээлийн төлбөр тасалдлын даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Нас барсны гэрчилгээ, Т.Х, Г.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Х, Г.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хасбанкны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 25/468 тоот, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/512 тоот албан бичиг, Т.Д ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №22/113 тоот Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 9/1221 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Г.Лд олгосон итгэмжлэл, Г.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Т.Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Мд олгосон итгэмжлэл, хариу тайлбар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Г.Х нь нөхөр Т.Хын хамт хариуцагч Т.Д ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. Даатгуулагч Т.Х 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зүрх нь гэнэт зогсож нас барсан. Энэ нь даатгалын гэрээнд заасан нэмэлт эрсдэлд хамаарна гэж үзэж байгаа тул нөхөн төлбөр 26,250,544 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Т.Д ХХК нь ердийн даатгагчийн хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д зааснаар гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгадаг. Мөн даатгалын гэрээнд нэмэлт эрсдэлийг даатгахаар заасан боловч даатгуулагч нэмэлт эрсдэлийг сонгож даатгуулаагүй. Даатгуулагч гэрээтэй бүрэн уншиж танилцаж, даатгалын мэргэжилтэн даатгалын талаар үнэн зөв мэдээлэл өгч тус тус гарын үсэг зурсан. Мөн зүрхний шигдээс, зүрх зогсох тодорхойгүй шалтгаан нь өөр өөр кодтой учраас даатгалын үндсэн болон нэмэлт эрсдэлд хамаарахгүй тул гэрээний 8.1.1, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.Х нь хамтран зээлдэгч Т.Хын хамт 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хас банктай №1250023849 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багийн Галданбошигт хороолол, 20 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 62 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар зээлж, мөн өдөр №1250023849-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 1250023849 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багийн Галданбошигт хороолол, 20 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 62 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх5-13/

Улмаар гэрээний талууд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1250023849 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн гэрээ байгуулж, үндсэн гэрээний 1.3 дахь хэсэгт заасан зээлийг 240 сарын хугацаатай олгох гэснийг зээлийг 246 сарын хугацаатай олгох гэж өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон. /хх14/

4.2. Нэхэмжлэгч Г.Х нь Хас банктай байгуулсан №1330015034 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн дээр Т.Д ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр №1601281006521 дугаартай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ, №1601101011351 дугаартай Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх22-23/

4.3. Нэхэмжлэгч Г.Х, талийгаач Т.Х нар 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Д ХХК-тай №1601281006525 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, даатгагч Т.Д ХХК даатгалын баталгаа олгожээ. /хх19/

4.4. Талийгаач Т.Х 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд нас барсан шалтгааныг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт Т.Х нь ажлын байран дээрээ нас барсан. Т.Х нь нас барах үедээ мансууруулах болон архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн шинжгүй, ямар нэгэн осол, гэмтэлд орсон шинжгүй байсан. Нас барсан шалтгаан Зүрхний гаралтай шок (R47.0) гэж үзэж байна гэж,

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Нас барсны гэрчилгээнд нас барсан шалтгааныг Зүрх зогсох тодорхойгүй (I46.9) гэж тус тус тэмдэглэсэн байна. /хх25-27/

 

4.5. Нэхэмжлэгч Г.Х нь талийгаач Т.Хтай 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, албан ёсны гэр бүл болох нь хэрэгт авагдсан №0186953 Г-104 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул түүнийг Т.Хын хууль ёсны өв залгамжлагч гэж үзнэ. /хх28/

4.6. Нэхэмжлэгч Г.Х Т.Д ХХК-д даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг холбогдох материалын хамт гаргахад даатгагч Т.Д ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №22/113 тоот албан бичгээр №1601281006525 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ээр хамгаалагдаагүй эрсдэл, шалтгааны улмаас хохирол учирсан гэж үзэж Даатгалын гэрээ-ний 8.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх30/

4.7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба тус хорооны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 9-1221 тоот албан бичгээр даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэх хариу өгсөн байна. /хх31/

Иймд нэхэмжлэгч Г.Хг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзнэ.

4.8. Хас банкны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 25/468 тоот, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/512 тоот албан бичгээр Г.Х, Т.Х нарын Хасбанкнаас авсан орон сууц худалдан авах 1250023849 тоот зээлийн үлдэгдэл 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 43,389,329 төгрөг, уг зээлийг олгох үеийн байдлаар зээлийн тооцоололд өрхийн сарын нийт орлого 1,310,516.8 төгрөг, эрхийн орлогод эзлэх хувь Г.Хгийн орлого 518,850 төгрөг буюу 39,5 хувь, Т.Хын орлого 791,667 төгрөг буюу 60,5 хувь байсан болох нь тогтоогдож байна. /хх29/

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон даатгуулагч Т.Х 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримтад маргаагүй.

Харин даатгалын тохиолдол үүссэн эсэх, талийгаач Т.Хын нас барсан шалтгаан талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан үндсэн болон нэмэлт эрсдэлд хамаарах эсэх, даатгуулагч нэмэлт эрсдэлийг сонгож даатгуулсан эсэхэд маргаж байна.

6. Нэхэмжлэгч Г.Х нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Т.Хын хууль ёсны өвлөгч тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх гэж заасны дагуу хариуцагч Т.Д ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

7. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Даатгуулагч Г.Х, Т.Х нар даатгалын хураамжид 48,026.30 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

8. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй гэж, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна, 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.Х, талийгаач Т.Х нарын 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Д ХХК-тай байгуулсан №1601281006525 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын баталгаа-ны даатгалын хамгаалалт хэсэгт даатгуулагч үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлээс учирсан эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэл, нэмэлт эрсдэл хэсэгт тархинд цус харвах, зүрхний шигдээс гэсэн нэмэлт эрсдэлүүдийг даатгуулсан эсэхийг бөглөөгүй байна.

Мөн даатгалын үнэлгээ 43,660,275 төгрөг, нийт хураамж 48,026.30 төгрөг гэж тусгасан боловч уг хураамж нь үндсэн эрсдэлийн хураамжид, эсхүл нэмэлт эрсдэлийн хураамжид хамаарч байгааг мөн бөглөөгүй байна. /хх19/

Хариуцагч Т.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс даатгуулагч нэмэлт эрсдэлийг сонгож даатгуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзаж, даатгалын нэмэлт эрсдэлийн хураамжид 240,000 төгрөг төлөх ёстой байсан гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн даатгуулагчийн төлсөн 48,026.30 төгрөг нь даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хураамжид, эсхүл нэмэлт эрсдэлийн хураамжид төлөгдөж байгаа нь тодорхойгүй, даатгуулагч нэмэлт эрсдэлийг сонгож даатгуулсан эсэхийг даатгалын зуучлагч бөглөж баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан даатгалын баталгаагаар тогтоогдсон.

Хариуцагч Т.Д ХХК нь Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний үндсэн эрсдэл нь гагцхүү гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш алдагдуулах нь даатгалын тохиолдолд хамаарах, түүнчлэн цус харвах, зүрх гэнэт зогсох зэрэг нэмэлт эрсдэлийг даатгуулах боломжтой байсан эсэх, эдгээрээс бусад тохиолдолд даатгуулагч нас барах нь даатгалын тохиолдолд хамаарахгүй талаар даатгуулагчид тайлбарласан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

9. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.

Талийгаач Т.Хын нас барсан шалтгааныг нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээнд зүрх зогсох тодорхойгүй шалтгаан гэж дурдсан, энэ нь гэрээний нэмэлт эрсдэлд хамаарах эсэх нь тодорхойгүй нөхцөлд стандарт нөхцөл бүхий дээрх гэрээний хувьд даатгуулагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

10. Иймд Т.Д ХХК нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тухайлбал даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулах үедээ гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, тайлбарласан, мэдүүлгийн маягт хөтлөх үүргээ хэрэгжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул даатгуулагчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

11. Хэрэгт авагдсан даатгалын баталгааны 1.4.6-д Зээлийн төлбөр хариуцах хувь гэж үндсэн болон хамтран зээлдэгчийн Банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан зээл хариуцах хувь хэмжээг, 5.10-т Хамтран зээлдэгчтэй даатгуулагч нас барсан тохиолдолд даатгуулагчийн тухайн үеийн зээлийн төлбөр хариуцах хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасан байна.

Хасбанкны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/512 тоот албан бичигт дурдсан Г.Х, Т.Х нарын Хасбанкнаас авсан орон сууц худалдан авах 1250023849 тоот зээлийг олгох үеийн байдлаарх өрхийн орлогод эзлэх хувь Г.Хгийн орлого 518,850 төгрөг буюу 39,5 хувь, Т.Хын орлого 791,667 төгрөг буюу 60,5 хувь байсан болох нь тогтоогдсон бөгөөд уг зээлийн төлбөр хариуцах хувьд өөрчлөлт орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Хасбанкны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 25/468 тоот албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/512 тоот албан бичигт үндэслэн 26,250,544 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хамтран зээлдэгчийн хариуцагч хэсэг 18,6 хувь бөгөөд хамтран зээлдэгчийн нөхөн төлбөрийн дээд хэмжээг хариуцах хэсэг 18,6 хувиар буюу 8,120,811 төгрөгөөр тооцогдох нөхөн төлбөрийн судалгаа хийсэн гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/19888 дугаар захирамжаар шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнээс хойш хүсэлтийн үндэслэлээ дахин тодруулан гаргаагүй, цахимаар ирсэн баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг мөн гаргаагүй.

12. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч Т.Д ХХК-иас 26,250,544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгохоор шийдвэрлэв.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д ХХК-иас 289,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Д ХХК-иас 26,250,544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д ХХК-иас 289,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Оюунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ