| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03846/И |
| Дугаар | 181/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/00394
| 2024 01 30 | 181/ШШ2024/00394 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч .... хаягт оршин байрлах Г ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч .... тоот хаягт оршин суух Бын О /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,326,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г ХХК нь 2021 оны 09 сарын 03-ний өдрийн 3614 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,499,900 /Нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуу/-н төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С ХХК-иас А52, маркын rap утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ийнхүү 2023 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн,
Үндсэн зээлийн үлдэгдэл: 933,400 /Есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, төлөх ёстой хүү: 326,600 /Гурван зуун хорин зургаан мянга зургаан зуу/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 66,200 /Жаран зургаан мянга хоёр зуу/ төгрөг,
Нийт: 1,326,200 /Нэг сая гурван зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой О нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Г-с нэхэмжилж буй 1,326,200 төгрөгийг 6-н сарын дотор төлж барагдуулж дуусгахыг хүсч байна. Миний бие амаржаад 1 сар болж байгаа учир ажил хийх боломжгүй байгааг харж үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч өнөөдөр шүүхэд ирээгүй, хариу тайлбартаа манай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,326,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбар, хүсэлтийг гаргасан байх бөгөөд нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б уг тайлбар, хүсэлтийг нь зөвшөөрч, хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржавхлан, хариуцагч Б.О нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн энэхүү байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Оад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцнэ гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,326,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.О 6 сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Оад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас тэмдэгтийн хураамж 36,170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ