Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/00314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух Гын А /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... оршин байрлах А д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг хүртлэх хэмжээний хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Анд холбогдуулан хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой хохирол 5,000,000 төгрөг хүртэлх хэмжээний хохирлыг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-уул дүүрэг 5 дугаар хороо, арьс ширний 80 айлын 34 тоотод түр оршин суух хаягтай Ялтан Г овогтой А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ багийн нутаг Сүүж салах уулзварын орчим Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад, урсгал сөрж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3., 3.7 заалтыг зөрчсөний улмаас хохирогч Х.Дгийн жолоолдож явсан Тоёота Ланд круйзер-300 маркийн 57-87 УБС улсын дугаартай автомашиныг урсгал сөрж мөргөн, зам тээврийн ноцтой осол гаргасны улмаас хохирогч В.Н хүнд, Х.Д хүндэвтэр, В.А хөнгөн гэмтэл авч, Г.Аэд 2234000000081 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 3 шатны шүүхээр орж, гэм буруутайг нь тогтоон, 2 жилийн хорих ял оноож, хохирогч Х.Дд 869.342 төгрөгийн эрүүл мэндийн, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Ут 8.966.545 төгрөгийн эд хөрөнгийн, хохирогч В.Нд 31.355.411 төгрөгийн эрүүл мэндийн, нийт 41.191.298 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Зам тээврийн ослын үед мөргүүлсэн Ланд крузейр 300 маркийн 57-87 УБС улсын дугаартай автомашиныг 2021 оны 07 сарын 08-ны өдөр Таванбогд ХХК-аас 197.400.000 төгрөгөөр худалдан авч, 2021 оны 07 сарын 09-ний өдөр Бодь даатгал ХК-д автомашинаа тухайн үед байсан мөнгөнийхөө хэмжээнд тааруулж, 100 сая төгрөгөөр үнэлж, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан билээ. Ослын үед Бодь даатгал газар дээр нь ирж үзлэг шалгалт хийж, Итгэлт эстимейт-3 ХХК нь автомашин техникийн хохирлын үнэлгээг хийж, Бодь даатгалтай хийсэн тээврийн хэрэгслийн гэрээний 3 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс бага бол түүнийг зах зээлийн эзлэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгоно гэсэн заалтын дагуу зохих хэмжээний нөхөн төлбөр болох 93.328.455 төгрөгийн нөхөн олговор шийдэгдэж, хохирлын зохих хувь нь шийдэгдсэн. (Өөрөөр хэлбэл 197.400.000 төгрөгийн машиныг 100.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн учраас 144.295.000 төгрөгийн хохирлоос 93.328.455 төгрөг шийдэгдсэн гэсэн үг.)

Гэвч ялтан Г.Аийн Жолоочийн албан журмын даатгалын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн осол болох үед ялтан Г.Аийн унаж явсан Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашиныг Г.А нь 1.300.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүйн улмаас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй явж байгаад даатгалын тохиолдол гаргасан билээ. Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Цогтбаатарын Оын нэр дээр бөгөөд Практикал даатгал дээр Ц.О, Н.Л нарын нэр дээр хийгдсэн жолоочийн хариуцлагын даатгалтай байсан. Тодруулбал Г.А нь энэ тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй явж байгаад даатгалын тохиолдол гаргаж, их хэмжээний хохирол учруулсан билээ. Ялтан Г.А нь тухайн үед жолоочийн албан журмын даатгалгүй буюу даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тул Практикал даатгал нөхөн төлбөр гаргах боломжгүй гэж үзэн Анд хандахыг зөвлөсөн. Журмын дагуу 24 цагийн дотор 7012-1177 дугаараар Аны шуурхай албанд бүртгүүлсэн. Г.А нь ослоос хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаад 2022 оны 02 дугаар сарын 21-нд Анд хандан дараахь хуулийн заалтын дагуу даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж үзэн Г.А нь өргөдлөө гаргасан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1.1-д Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд гэж заасан. 3.1.4-д Даатгуулагч гэдэг нь даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг гэжээ.

Иймд Г.А нь хохирогчид учирсан хохирлыг жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.4, 3.1.6, 3.1.7, 18.1.1 заалтыг үндэслэн нөхөн төлбөрийг Аноос олгох үндэслэлтэй гэж үзсэн тул туслалцаа үзүүлж өгөхийг хүсэн өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй. (Г.Аийн А-нд хандсан өргөдөл, Аны 2022 оны 03 сарын 04-ны өдрийн 01 /71 дугаартай албан тоотыг хавсаргав ).

Ингээд Анд гаргасан өргөдөлд шийдвэртэй хариу аваагүй тул Г.А нь 2022 оны 3 сарын 31-нд А-ны үйл ажиллагааг хянах дээд байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтийг гаргасан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 04 сарын 05-нд Анд Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нөхцөл үүссэн байх тул жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан тоотыг хүргүүлсэн. (Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 9/1275 дугаартай албан тоотыг хавсаргав) Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн хохирогчид нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэ гэж хариу өгсөн.

Гэвч А нь Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашины өмчлөгч Ц.О жолоочийн хариуцлагын даатгалд даатгагдсан, мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг шийдвэрлэхгүй гэдэг хариу өгсөн. (Аны 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 10/135 дугаартай албан тоотыг хавсаргав). Өөрөөр хэлбэл Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Ц.О гэдэг хүний нэр дээр өмчлөлтэй бөгөөд Г.А нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Г.А нь тухайн тээврийн хэрэгсэл дээр жолоочийн албан журмын даатгал хийлгээгүй байсан. Ийм энгийн зүйлийг Даатгалгүй этгээд буюу жолооч гэдэг этгээдтэй холбоотой асуудлыг даатгалтай байна гэж 36-88 ДАР дугаартай тээврийн хэрэгсэлтэй хольж хутган тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нь энэ Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотай асуудлаар эрүү иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан боловч гэм буруу тогтоогдсоны дараа иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж болохыг 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 79 тоот магадлалын 21 хуудсанд оруулж дурдсан өгсөн байгаа.

Ялтан Г.Аэд холбогдох эрүүгийн хэрэг нь Төв аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр орж, Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Магадлалд: Хохирогч Д.Уийн тээврийн хэрэгслийн хохиролд 8.966.545 төгрөг, Хохирогч Х.Дгийн эрүүл мэндийн хохиролд 869.342 төгрөг, Хохирогч В.Нийн эрүүл мэндийн хохиролд 31.355.411 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний асуудал шийдэгдээгүй байна. Ялтан Г.А нь гэм буруугаа хүлээж, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлбөр тооцоогоо бага ч болов барагдуулах гэсэн боловч өр зээл ихтэй эдийн засгийн ямар ч боломж бололцоо байгаагүй.

Иймд Г.А нь Жолоочийн Хариуцлагын Даатгагчдын Холбоо болон иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий итгэмжлэлийг иргэний нэхэмжлэгч В.Ад өгсөн.

Ослын улмаас хохирогч дүү В.Н нь удаа дараа хагалгаанд орж, эдийн засгийн хүнд байдалд байгаа тул эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирлын зохих хэсэг 5.000.000 хүртлэх төгрөгийг Аноос гаргуулж шийдвэрлэж өгөхийг хүсэн нэхэмжлэлийг гаргав.

Албан журмын даатгалаас гаргаж өгөх нөхөн төлбөрийг ялтан Г.А нь гэм буруугаа хүлээн эргэж төлнө гэдгийг гаргасан өргөдөлдөө тодорхой дурдсан байгаа болно.

Дараахь хуулийн заалтын дагуу нөхөн төлбөрийг А нь хохирогчид гарган өгөх үндэслэлтэй гэж үзсэн. Үүнд:

1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.6 дахь заалт: Жолоочийн даатгалын нөхөн төлбөр гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг.

2.Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.7 дахь заалтанд Жолоочийн даатгалын сан гэж жолоочийн даатгалд хамрагдаагүй эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан, жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг гэжээ.

3.Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1.1-д Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд гэж заасан. 3.1.4-д Даатгуулагч гэдэг нь даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг гэжээ.

4.Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл гэж заасан 10.1.1. нь А ангиллын тээврийн хэрэгсэл, 10.1.2 нь В ангиллын тээврийн хэрэгсэл тус тус зааж оруулсан.

5.Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.9-д Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно гэж заажээ.

6.Мөн хуулийн 16.6-д Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдол шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна гэжээ.

7.Жолоочийн даатгалын тухай хуулийн 20.2.2-д Даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос буцаан нэхэмжлэх үндэслэлтэй гэжээ.

Эдгээр хуулийн заалтаас харахад жолооч бүр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал заавал хийлгэсэн байх ёстойг хуульчилж, жолоочийн албан журмын даатгалтай тохиолдолд даатгагч буюу даатгалын компани хохирогчийн хохирлыг барагдуулж, Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан үед хохирогчдын эрх ашгийг хамгаалж, А гэдэг байгууллага нь даатгалын сангаас хохирогч нарыг хохиролгүй болгож, буруутай этгээдээр буцаан төлүүлэхээр бас хуульчилж тусгаж өгсөн байна.

Жолоочийн албан журмын даатгалтай холбоотой нөхөн төлбөрийг А буюу жолоочийн даатгалын сангаас хохирогчид гаргаж өгч, харин гэм буруутай нь тогтоогдсоны дараа Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 ба 20.2.2-д зүйлд заасны дагуу нөхөн төлбөрийг буруутай этгээдээс А нь буцаан нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзсэн.

Иргэний нэхэмжлэгч В.А нь ялтан Г.Аээс энэ асуудалтай холбоотой А, Санхүүгийн зохицуулах хороо, болон иргэний хэргийн бүх шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болон бусад эрхийг итгэмжлэлээр авсан байгаа болно.

В.А нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 04 сарын 19-нд нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 181/Ш32023/07245 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцааж, дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан тул нэхэмжлэлийг дахин залруулж гаргасан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, 3.1.7 . 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.5, 16 дугаар зүйлийн 16.6, 18 дугаар зүйлийн 18.1.1, 19 дүгээр зүйлийн 19.9, 20 дугаар зүйлийн 20.2.2-д заасны дагуу хохирогч нарт учирсан нийт хохирол 41.191.298 төгрөгнөөс 5.000.000 төгрөг хүртлэх хохирлыг Аноос гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. А өөрөө энэ даатгалыг олгоно гэсэн заалттай нийцдэггүй. Нийцдэггүй гэдэг дүгнэлтийн ямар хувилбар байна гэхээр энэ заалттай шууд утгаараа бус Санхүүгийн зохицуулах хороотой зөвлөлдсөний үндсэн дээр. Г.А нь өөрөө тодорхой Анд нөхөн төлбөр олгох нөхцөлийн шаардлагыг хангаагүй. А гэдэг хүн биш О гэдэг хүний нэр дээр автотээврийн хэрэгсэл байна. Тухайн үедээ 2016 онд тээврийн хэрэгсэл нь ямар байсан гэхээр даатгалтай байсан. Манай байгууллага даатгалтай иргэнд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Тийм учраас Даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлийг хангахгүй байгаа юм. Тиймээс нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариултыг бичгийн хэлбэрээр явуулсан. Манай явуулсан бичгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан байдаг. Энэ байгуулага нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдлын дагуу 2022 оны 9/1275 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо нь ...А гэдэг хүн ямар нэгэн байдлаар жолоочийн албан журмын даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэх үндэсгүй юм байна. Тийм учраас энийг дахин хэлэлцэж хариу ирүүлнэ гэсэн шаардлагыг ирүүлсэн байдаг. Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д даатгалын тохиолдол гаргасан тохиолдолд жолооч дараах үүрэг хүлээнэ гэсэн үүргийн дагуу нэхэмжлэгч тал даатгалын компанид мэдэгдэх ёстой байсан, бас цагдаад мэдэгдэх ёстой байсан гэтэл мэдэгдэл ерөөсөө байхгүй архив, цахим бололцоот бүх нөхцөлүүдийг үзсэн. Манайх болох бүхий л нөхцөлийг бүрдүүлье гээд ярилцсан. Нэхэмжлэгч Г.А өөрөө тухайн үедээ тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлж аваагүй, тээврийн хэрэгслийг хүлээж авах тохиолдолд даатгалтай байна. Тийм учраас та өөрөө өөр машин эзэмшиж байгаад өөр хүний нэр дээр даатгалаа төлчихсөн байгаа учраас боломжгүй гэсэн тайлбарыг аман хэлбэрээр ч хэлж байсан. Тухайн үедээ уурлаад одоо ийм зөрчил үйл байдалд оруулсан байна. Тэгвэл манай зүгээс таньд нэг боломж олгоё, та наад О гэдэг хүнээсээ худалдах худалдан авах гэрээ хийгдсэн бүртгэл байгаа үйл баримтаа солиулаад ир гээд явуулсан. Тэгэхэд өөрсдөө ямар ч холбоо бариагүй, дахиж ярилцаагүй, шууд Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хороо өөр үүрэгтэй, өөр байгууллага юм. Уг Санхүүгийн зохицуулах хороо ерөөсөө хориглох үүрэгтэй, тэрнээс биш нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр иргэнээ төлөөлж оролцох эрхгүй байгууллага. Нэхэмжлэх нь шаардлага хангахгүй байгаа нөхцөлүүдийн талаар манайх тайлбар өгсөн. Тэр тайлбар нь манай дээр хэрэгжиж байгаа нөхөн төлбөр олгох журмын дагуу олгогдох нөхцөлүүд энэ байна гээд тухайн иргэний энэ тээврийн хэрэгсэл О гэдэг хүний нэр дээр байдаг учраас Г.А гэдэг хүн нь тухайн үедээ жолоо барьж явсан болохоос биш даатгалд ерөөсөө хамрагдаагүй энэ нь О гэдэг хүн бол даатгалтай хүн байна тийм учраас манайх давхар дахин даатгалтай хүнд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг төлсөн баримт, Г.Аийн Анд хандаж гаргасан өргөдөл, Аноос өгсөн өргөдлийн хариу албан тоот, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт /Ц.Оын/, Г.Аийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл, Санхүүгийн зохицуулах хорооноос Анд ирүүлсэн албан бичиг, Аноос Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хариу тайлбар, Тээврийн хэрэгслийн гэрээний хуулбар, Автомашин худалдан авсан гэрээ, Таван богд ХХК-ний нэхэмжпэх, Ланд крузейр 300 маркийн 57-87 УБС дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тоёота креста маркийн 36-88 ДАР дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Итгэлт эстимэйтЗ ХХК-ний техникийн үнэлгээний тайлан, В.Ад олгосон итгэмжлэл, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.01.24-ны өдрийн 26 дугаар, 2022.01.12-ны өдрийн 53 дугаар, 2022.01.10-ны өдрийн 524 дугаартай дүгнэлтүүд, 2022.01.18-ны өдрийн 01/21 дугаартай техникийн шинэжээчийн дүгнэлт, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.07-ны өдрийн 79 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.01-ний өдрийн 121 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.26-ны өдрийн 181/ШЗ2023/07245 дугаар захирамж, В.Агийн Хаан банк дахь 5800392739 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эм тариа, эмчилгээний зардлын жагсаалт зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрхийг Л.Цэндсүрэнд олгосон итгэмжлэл болон мөн Л.Бт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Анд холбогдуулан хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой хохирол 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Осол болох үед ялтан Г.Аийн унаж явсан Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашиныг Г.А нь 1.300.000 төгрөгөөр Ц.Оаас худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүйн улмаас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй явж байгаад даатгалын тохиолдол гаргасан. Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашин нь Ц.Оын нэр дээр, Практикал даатгалд Ц.О, Н.Л нарын нэр дээр хийгдсэн жолоочийн хариуцлагын даатгалтай байсан. Г.А нь хохирогчид учирсан хохирлыг Жолоочийн даатгалын тухай хуулийг үндэслэн нөхөн төлбөрийг Аноос олгох үндэслэлтэй гэж үзээд хандахад шийдвэртэй хариу аваагүй тул Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргахад, тус хорооноос Анд Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан нөхцөл үүссэн байх тул жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан тоотыг хүргүүлэхэд татгалзсан тул хохирогч нарт учирсан нийт хохирол 41.191.298 төгрөгнөөс 5.000.000 төгрөг хүртлэх хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

6.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: тухайн иргэний энэ тээврийн хэрэгсэл нь Ц.О гэх хүний нэр дээр байдаг, Г.А нь тухайн үедээ жолоо барьж явсан болохоос биш даатгалд хамрагдаагүй, Ц.О даатгалтай байгаа учраас манайх давхар дахин даатгалтай хүнд нөхөн төлбөр олгох үндэсгүй гэж эс зөвшөөрч маргасан.

7.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

7.1.Г.А нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Сүүж амралтын газрын салдаг уулзвараас 1 км зайд асфальтан зам дээр Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7.а заалтыг зөрчиж Х.Дгийн жолоодож явсан Тоёота ланд-300 маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Б.Нийн эрүүл мэндэд хүнд, Х.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Д.Уийн эзэмшлийн Тоёота ланд-300 маркийн 57-87 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 144.295.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Г.Аээс нийт 98.631.887 төгрөгийг гаргуулан хохирогч В.Нд 45.796.000 төгрөг, хохирогч Х.Дд 1.869.342 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ут 50.966.545 төгрөг тус тус олгуулах, ...иргэний нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар ...нийт 31.996.000 төгрөгийн шууд бус зардлаа, иргэний нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөр болох 94.328.455 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Аээс нэхэмжлэл эрхтэйг дурьджээ./хх 41-51/

Тэрээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2022.12.07-ны өдрийн 79 дугаар магадлалыг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.01-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор хянан хэлэлцүүлэхээс татгалзсан талаар баримтууд хэрэгт авагдсан байна./хх 62-74, 75/

7.2.Тоёота Креста маркийн 36-88 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.А нь осол гаргах үедээ Жолоочийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх заалтыг зөрчиж, жолоочийн даатгалд даатгуулаагүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь мөн тогтоогджээ.

7.3.Талууд хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй, тодруулбал, осол гарсан байдал, уг осолд жолооч Г.А гэм буруутай болох, тэрээр жолоочийн даатгалд даатгуулаагүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан болон Д.Уийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлын хэмжээ зэрэгт маргаагүй.

7.4.Харин нэхэмжлэгч нь жолоочийн даатгалд даатгуулаагүй жолоочийн учруулсан хохирлыг жолоочийн даатгалын сангаас нөхөн төлөх үүрэгтэй үндэслэлээр А ТББ-д холбогдуулан шаардлага гаргасныг хариуцагч нь тээврийн хэрэгсэл нь Ц.Оын нэр дээр байдаг, Г.А нь тухайн үедээ жолоо барьж явсан болохоос биш даатгалд хамрагдаагүй, Ц.О даатгалтай байгаа учраас давхар дахин даатгалтай хүнд нөхөн төлбөр олгох үндэсгүй гэж эс зөвшөөрсөн.

8.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам-ыг А ТББ нь уг журмыг хэрэгжүүлж ажиллах тул жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр шаардсан энэ нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.

8.1.Даатгалгүй этгээд буюу жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх болсон тохиолдолд жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-т заасны дагуу хүлээсэн байна.

8.2.Манай тохиолдолд зам тээврийн осол гаргасан жолооч Г.Аийн буруугаас хохирогч Д.Уийн өмчлөлийн автомашинд 144.295.400 төгрөгийн хохирол учирсан, жолооч нь Жолоочийн даатгалын сангаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг А ТББ-д зохих журмын дагуу гаргасан болох нь дээр дурдагдаж тогтоогдсон үйл баримтууд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1275 тоот албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

8.3.Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч Г.А хэрэгжүүлээгүй нь хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

Учир нь, даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос хохирогчид нөхөн төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтаар Жолоочийн даатгалын санд олгосон тул шүүх Г.Аийн учруулсан хохирлыг уг сангаас гаргуулж түүнд олгохыг А ТББ-д даалгах нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...хохирогчийн эрхийг хамгаалах... зорилтод нийцнэ гэж дүгнэлээ.

9.Хохирогчид нөхөн төлбөр олгосон Жолоочийн даатгалын сан нь олгосон нөхөн төлбөрөө буцаан шаардах нөхцлийг хуулийн дээрх заалтад тодорхойлсноос үзэхэд Жолоочийн даатгалын сан нь тэргүүн ээлжинд хохирогчийн хохирлыг барагдуулах, дараагийн ээлжинд олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс шаардан авах замаар Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг хангах дараалалтай байх тул буруутай этгээдээс хохирлоо шаардах нь зөв агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзлыг хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзэв.

10.Г.А нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ...Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нөхцөл үүссэн байх тул жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариуг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1275 дугаартай албан бичгээр авч улмаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандсан байна. /хх 15, 16/

11.Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна, 9.1.1-д энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл; гэж,

Мөн 18 дугаар зүйлийн 18.1.1-т даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан бол жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэж,

Хуулийн 23 дугаар зүйлд Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан бол нөхөн төлбөр олгох зэрэгт зарцуулна гэж тус тус заажээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам-ын 5.2.5-д даатгалгүй этгээдийн буруугаас бусдад учруулсан даатгалын тохиолдлын нөхөх төлбөрийг олгох үүрэгтэй гэжээ.

Дээрхийг нэгтгээд, Аноос даатгалын нөхөн төлбөр 5.000.000 төгрөгийг гаргуулж Г.Аэд олгох үндэстэй гэж үзэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар Аноос даатгалын нөхөн төлбөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Г.Аэд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Аноос тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Аэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ