| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03594/И |
| Дугаар | 181/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/00312
| 2024 01 23 | 181/ШШ2024/00312 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин байрлах Х ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Б овогт Цгийн Ш /РД:.../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 6,336,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Шт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,336,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Штай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,5%-ийн хүүтэй зээлдүүлсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түүний өмчлөлийн 5339УНР улсын дугаартай MAZDA СХ7 загварын суудлын авто машиныг барьцаалж манай компанийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй тул харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 3,300,000 төгрөг байсан ба уг мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сарын 3,5%-ийн хүүтэйгээр сунгасан боловч энэ өдрөөс хойш зээлдэгч нь төлбөрийг огт төлөөгүй байна.
Мөн зээлдэгч Ц.Ш нь барьцааны зүйл болох манай компанийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг бусдад худалдсан талаар олж мэдсэн бөгөөд одоо уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон бөгөөд үүнээс үүдэн фидуцийн гэрээний гэрээний дагуу уг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж зээлдүүлэгч тал хохирч байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлсөн цаг хугацаанаас хойш барьцааны зүйл гарч ирсэн тохиолдолд зээлдүүлэгчийн зүгээс өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно.
Иймд зээлдэгч Ц.Шаас үндсэн зээл 3,300,000 төгрөг, 12 сарын хүү 1,386,000 төгрөг, гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 1,650,000 төгрөг, нийт 6,336,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.Шт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 116,326 төгрөг төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Эыг шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021.03.30-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээ /фидуци/, Д.Даваажанцангийн Хаан банк дахь 5020511657 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Шаас үндсэн зээл 3,300,000 төгрөг, 12 сарын хүү 1,386,000 төгрөг, гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 1,650,000 төгрөг, нийт 6,336,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 6,336,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж тайлбарласан.
6.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд түүний өмчлөлийн 5339 УНР улсын дугаартай Маxda.СХ7 загварын суудлын автомашин барьцаалж, манай компанийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч уг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан талаар олж мэдсэн, одоо уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. 2021.11.25-ны өдөр үлдэгдэл 3,300,000 төгрөг байсан, уг мөнгийг тухайн өдрөөс 12 сарын хугацаагаар сарын 3,5%-ийн хүүтэйгээр сунгасан боловч огт төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлав.
7.Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаархи тайлбараа болон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн болно.
8.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
8.1.Нэг талаас Х ХХК, нөгөө талаас Ц.Ш нар 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч сарын 3,5 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр барьцаат зээлийн гэрээг байгуулжээ./хх 6/
Нэхэмжлэгч Х ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хэрэгт баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх үйл ажиллагааны чиглэлээр тогтоогдсон./хх 4/
Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгө болох 5.000.000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй. Талуудын хооронд дээрх гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар шаардах эрхтэй. /хх 6-8/
8.2.Зохигчид мөн өдрөө дээрх зээлийн гэрээний үүргийг 53-39 УНР улсын дугаартай Mаzda.CX7 маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар тохиролцож барьцааны гэрээ /фидуци/-г байгуулжээ. /хх 7/
Барьцаалан зээлдэх газар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, зээлдэгч зээлсэн мөнгийг хүүгийн хамт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдснээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулахаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т тус тус заасан. Нэхэмжлэгч барьцаалан зээлдэх газар учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар буюу фидуцийн зүйлээр хангуулах аргыг хэрэглэх эрхгүй тул талуудын хоорондох дээрх фидуцийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч фидуцийн зүйлээс үүргийг хангуулахаар шаардаагүй тул шүүх талуудын хоорондох зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
9.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөг, зээлийн хүү 1.386.000 төгрөг, алданги 1.650.000 төгрөг, нийт 6.336.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, түүнчлэн энэ хугацаанд зээл төлсөн талаархи үйл баримтад маргаагүй гэж үзнэ.
9.1.Талуудын хоорондох зээлийн гэрээний эргэн төлөх хуваариар зээлдэгч үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 611.100 төгрөг, нийт төлбөл зохих зээлийн хэмжээг 5.611.100 төгрөг байхаар тохиролцжээ. Гэвч нэхэмжлэгч тал нь анхны зээлийн гэрээг 2021.11.25-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сарын 3,5 хувийн хүүтэйгээр сунгасан гэж тайлбарлан зээл, хүүгийн тооцоололд харилцан тохиролцсон дээрх хэмжээнээс илүүгээр буюу төлбөл зохих хүүг 1.386.000 төгрөгөөр тооцон шаардсан байна.
Хариуцагч зээл, хүүг харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй, хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тооцоход зээлийн үлдэгдэл 3,300,000 төгрөг байсан, зээлийн гэрээг тухайн өдрөөс 12 сарын хугацаагаар 3,5 хувийн хүүтэйгээр сунгасан гэж тайлбарлан шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч энэ талаар хийсэн гэрээ байхгүй, хэрэгт авагдаагүй тул хүүг нэмэгдүүлэн тооцож шаардсаныг шүүх хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 3.300.000 төгрөгийг шаардах эрхтэй, хүү 1.368.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
9.2.Зээлийн гэрээний 4.1-т хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг төлнө гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй тул шүүх алдангид 1.650.000 төгрөг гаргуулав. /3.300.000 х 2 = 1.650.000/
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, улмаар мөн өдрийн барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцаанд нэмэлт өөрчлөлтийг оруулсан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэлийг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэснээс хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тул шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан зарчмын дагуу маргааныг шийдвэрлэсэн болно.
Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас нийт 4.950.000 /3.300.000+1.650.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.386.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116.326 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Шаас тэмдэгтийн хураамж 94.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Ц.Шаас 4.950.000 /дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.386.000 /нэг сая гурван зуун наян зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.326 /нэг зуун арван зургаан мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Шаас тэмдэгтийн хураамж 94.150 /ерин дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ