Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

О.Галравт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайхан /цахимаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайханы давж заалдах гомдлыг үндэслэн О.Галравт холбогдох 2022001850118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1951 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 53 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг Ухаагийн 2-2 тоотод оршин суух Цэцээ гүн овогт Онолтын Галрав /РД:ЗД51081014/.

Шүүгдэгч О.Галрав нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн урд талын талбайд 9923 ДУА улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ иргэн М.Балжиннямыг мөргөж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Галравын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Шүүгдэгч Цэцээ Гүн овогт Онолтын Галравыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Галравын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Галравыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Галрав нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.551.000 /арван хоёр сая таван зуун тавин нэгэн мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан “амь хохирогчийн авах ёстой байсан тэтгэвэр, асрамжийн хөлс, өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийн” нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн шүүгдэгч О.Галравын “В” ангиллын 1108551 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Галравт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

           Анхан шатны шүүх шүүгдэгч О.Галравын хэргийн бодит байдал, учруулсан гэм хорын мөн чанарт тохирсон шийдвэр гаргаагүй.

           Талийгаач ээж М.Бажинням 78 настай байсан. Одоо аав С.Цэрэнжигмэд маань 79 настай. Аав, ээж 2 маань амьдралынхаа 55 жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Бидний амьдралыг ганц авч явсан ээжийгээ зүй бусаар алдсанаас хойш үр хүүхдүүд бид болон аав маань маш их уй гашуу шаналалтай, сэтгэл санааны хүнд байдал одоог хүртэл гарахгүй байна.

           Шүүгдэгч О.Галравт оногдуулсан ял нь хөнгөдсөн байна гэж бид үзэж байна. Учир нь ээж маань дахин хэзээ ч босож ирэхгүй, ахин хэзээ ч хамт байх боломжгүй юм. Хохирогч бидэнд учирсан хэзээ ч нөхөгдөшгүй хүний амь насны гэм хор арилшгүй юм. Хэдийгээр оршуулгын зардалд 12522000 төгрөг төлсөн боловч энэ хэргийн улмаас үүдэлтэй бусад хохирлууд төлөгдсөнгүй, шүүгдэгч О.Галрав нь төлж барагдуулсангүй. Иймээс О.Галравт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон талийгаачийн нөхөр С.Цэрэнжигмэд, үр хүүхдүүд нь хэргийн улмаас хохирсон гэм хор арилаагүйд маш их гомдолтой байна гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргасан байдаг. Өмгөөлөгчийн хувьд энэ гомдлыг дэмжиж оролцож байна. Гомдолд өндөр настай аавыг нь харж, асардаг байсан, өрхийн амьдралыг авч явж байсан хүн бол миний ээж талийгаач байгаа юм. Ээж маань сарын орлого 390,000 төгрөг сар бүр тэтгэвэр авдаг байсан, сар бүрийн орлогыг талийгаачийн нөхөр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгөх тухай гомдол гаргасан. Мөн өмгөөлөгчийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байдаг боловч анхан шатны шүүх орхигдуулж шийдсэн. Өмгөөлөгчийн зардал дээр шүүх шийтгэх тогтоолдоо  хөдөлмөрийн чадвар алдагдал тогтоогдоогүй гэх үндэслэлээр уг зардлыг гаргуулж өгөөгүй шийдсэн тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж оролцож байна гэв.

 

           Хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Галравд холбогдох хэрэгт томилолтоор оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэргийн зүйлчлэл нь тохирсон. Ялын ямар төрлийг хэр хэмжээтэй оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул тусгайлан гаргах саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянав.

Шүүгдэгч Цэцээ гүн овогт Онолтын Галрав нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутагт байрлах ерөнхий боловсролын сургуулийн урд талбайд 9923 ДУА улсын дугаартай Toyota Succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн М.Балжиннямыг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянаад хэрэгт байгаа хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайхан, гэрч Д.Нина, гэрч Б.Балгансүрэн, гэрч Т.Байгальмаа, гэрч Э.Саруулжаргал нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3294 тоот дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, шүүгдэгчийн хувийн баримт бичиг үнэмлэх зэргийг шинжлэн судалжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Галравыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмыг зөрчиж бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Галравын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Галравыг 4 жилийн хугацаагаар тэнсжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ял хөнгөдсөн, болон хохирол төлбөрийг гаргуулаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад нэмэгдэл ял оноохдоо Эрүүгийн хуулийг бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримталсан нь зөрчилтэй болжээ. Иймд дээрх заалтад хуулийн заалтыг зөвтгөн хэрэглэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлын асуудлаар давж заалдах гомдол гаргасан байх ба зарим гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайхан нь хохирогчийн тэтгэвэр, асаргааны хөлс, өмгөөлөгчийн хөлс зэргийг нэхэмжилж байсан байх бөгөөд Ц.Сансарсайхан нь хөдөлмөрийн чадвар алдсан болон чадвар алдалтын хувь өндөр байдаг тухайгаа шүүхэд гэрчилсэн баримтыг ирүүлжээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн өмгөөллийн хөлс төлсөн байдлыг шүүх анхааран үзэх үндэстэй, түүний амьжиргааны түвшинд хэр нөлөөтэй, цар тахлын болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ач холбогдол байх эсэхийг шүүх анхаарахгүй орхих боломжгүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тавьсан өмгөөлөгчийн хөлс 750000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тавьсан нас барагчийн тэтгэвэр, асаргааны хөлс зэргийг хянаад сум дундын шүүхээс авч хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд хандахаар заасныг үндэсгүй болжээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь аливаа тохиолдолд нээлттэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй.

Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5, 6 дугаар заалтуудыг өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Эрүүгийн хуулийн” гэж өөрчилж, 5 дугаар заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, шүүгдэгч О.Галраваас өмгөөллийн хөлс 750000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сансарсайханд олгосугай” гэж, 6 дугаар заалтыг “асрамжийн хөлс” гэсний дараа “гаргуулах” гэж нэмж, “өмгөөллийн хөлс 700000 төгрөгийн” гэснийг хасч өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                                                   О.ОДНЯМАА