Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0518

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: А.Өлзийхуяг /РД:УШ91041957/,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Төгөлдөр

Маргааны төрөл: нарын хоорондын Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайхнаа, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч А.Төгөлдөр, шинжээч Б.Номиндарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч А.Өлзийхуягаас Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол шүүхэд гаргажээ.

2. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/71 тоот тушаалаар аяга Өв, аяга ИХ ЮАНЬ аяга СӨН, айрагны шаазан ваар /4 загвар/-ыг МИНПРО ХХК-д патентыг олгосон байна.

3. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Минпро ХХК нь аяга ӨВ, аяга ИХ ЮАНЬ, аяга СӨН, Айрагны шаазан ваар ИХ МОНГОЛ гэх загваруудын патентыг Монгол Улсын Оюуны Өмчийн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/71, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/96 тоот тушаалуудын дагуу хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл Шангрила Улаанбаатар Хотел ХХК нь патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг хуулбарлан үйл ажиллагаандаа ашиглаж Минпро ХХК-ийн эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж байна гэсэн гомдлыг Оюуны өмчийн газарт гаргасан байна.

4. Дээрх гомдлын дагуу Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөр нь зөрчлийн хэрэг нээн шалгаж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Өлзийхуягийг Патентын тухай хуулийн 47.2 дэх хэсгийг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл, хууль бус орлого болох 306.000 төгрөгийг хураан авахаар шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Өлзийхуяг нь Оюун өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөр нь Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан хэмжээнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Миний бие А.Өлзийхуяг нь Нарантуул зах дээр шаазан эдлэлийн худалдаа эрхэлдэг бөгөөд худалдаж буй шаазангуудаа БНХАУ-аас wechat ашиглан худалдан авсан. Өөрөөр хэлбэл, би аливаа этгээдийн хуулиар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаагүй юм. Би зах зээлд бэлэн байсан бүтээгдэхүүнийг оруулж ирж цааш худалдан борлуулдаг худалдаа эрхлэгч юм.

2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Номиндарийн гаргасан дүгнэлтийг буруу гарсан гэж үзэж байгаа тул санал нийлэхгүй байна. Учир нь Минпро ХХ-ийн эрх эзэмшдэг улсын бүртгэлийн 3136 дугаартай Их Юань аягыг үзвэл аяганы их биеийн гадаргууг үүлэн хээгээр бүслэн чимэглэсэн, хээний дээр дөрвөн талд нь таван нүдэн дүрсийг тэгш хэмд байрлуулсан ба аяганы ёроол хэсэгт TN үсгийг алхан хээ хэлбэрт оруулан чимэглэсэн таван нүдэн тамгатай байна. Үүнийг уг хэрэгт холбогдож буй үүлэн хээтэй гангар шаазан аягтай харьцуулан харахад аяганы гол бүслүүрт байрлах үүлэн хээний хэмжээ өөр, дөрвөн талд нь тэгж хэмтэй байрлуулсан таван нүдэн дүрснүүд байхгүй, аяганы ёроолд таван нүдэн тамгагүй харин уйгаржин монгол бичгээр гангар шаазан хэмээн бичигдсэн байна. Үүнээс үзвэл, дээрх хоёр аяга нь дийлэнх шинж чанараараа буюу харагдах байдал, чимэглэлийн хувьд хоорондоо ялгаатай болно. Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Уг хэрэгт холбогдож буй үүлэн хээтэй гангар шаазан аягыг ч мөн БНХАУ-аас "wechat" ашиглан худалдан авсан. Өөрөөр хэлбэл, би аливаа этгээдийн хуулиар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаагүй юм. Би зах зээлд бэлэн байсан бүтээгдэхүүнийг оруулж ирж цааш худалдан борлуулдаг худалдаа эрхлэгч юм..." гэж дурджээ.

Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөр би, Хүмүн нөхөрлөл ХХН-ээс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан "Минпро ХХК нь "аяга "ӨВ", аяга "ИХ ЮАНЬ", аяга "СӨН", Айрагны шаазан ваар" бүтээгдэхүүний загварын патент эзэмшдэг гэтэл Шангрила Улаанбаатар хотел ХХК нь патент эзэмшигчийн зөвшөөрөлгүй патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг хуулбарлан үйл ажиллагаандаа ашиглаж байна. Шангрила Улаанбаатар Хотел ХХК-д хэрхэн нийлүүлсэн эсэхийг тодорхойлж, хуурамч бүтээгдэхүүнийг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан хуулийн этгээдэд болон хууль зөрчигч этгээдүүдэд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэх гомдлыг хүлээн аваад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2202000294 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан болно.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад Шангрила Улаанбаатар Хотел ХХК нь Нарантуул захаас Өлзий лангуунаас Өлзийхуяг утас 95525260 Хаан банкны 5035470877 гэх дансны дугаартай хүнээс 34 ширхэг аяга нэгж үнэ 9000 төгрөгөөр нийт 306.000 төгрөгөөр авсан гэж гэрчээр мэдүүлсэн болно.

Патентын тухай хуулийн 47.3.1-т "патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах; " гэж заасан байх тул иргэн А.Өлзийхуяг нь тухайн Бүтээгдэхүүний загварыг өөрөө үйлдвэрлээгүй байсан ч гэсэн Патентын тухай хуулийн 47.3-т зааснаар патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг үндэслэн холбогдогч А.Өлзийхуягийн худалдан борлуулж байсан аяга болон Минпро ХХК-ийн бүтээгдэхүүний загварын патентын эрх эзэмшдэг улсын бүртгэлийн 3136 дугаартай "Аяга Өв, аяга Их Юань, аяга Сөн, Айрагны шаазан аяга" нэртэй бүтээлд багтсан Их Юань аягатай харьцуулан шинжилгээ хийлгэхэд ....Холбогдож буй шаазан аяга нь дийлэнх шинж чанараараа эх бүтээл болох Минпро ХХК-ийн эрх эзэмшдэг улсын бүртгэлийн 3136 дугаартай Их Юань аягатай гадаад харагдах байдал, хийц, хэлбэр, өнгө, хээ чимэглэлийн хувьд ижил төсөөтэйгөөс гадна хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй хэмээн дүгнэж байна." хэмээн шинжээчийн дүгнэлт гарсан тул Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах заалтыг зөрчиж байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.4 дэх заалтын 1 дэх хэсэгт "Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж зааснаар 500.000 төгрөгөөр торгож хууль бус орлого 306.000 төгрөг хураан авахаар шийдвэрлэсэн болно. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, №0020294 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

А.Өлзийхуягийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Төгөлдөрт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөр нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Өлзийхуягийг Патентын тухай хуулийн 47.2, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл, хууль бус орлого болох 306.000 төгрөгийг хураан авахаар шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

2. Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.Патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглоно, 47.3.Дараах үйлдлийг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашигласанд тооцно:, 47.3.1.патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, импортлох, худалдах санал гаргах, худалдах, хэрэглэх, эсхүл эдгээр зорилгоор хадгалах;, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1.Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч Миний бие А.Өлзийхуяг нь Нарантуул зах дээр шаазан эдлэлийн худалдаа эрхэлдэг бөгөөд худалдаж буй шаазангуудаа БНХАУ-аас wechat ашиглан худалдан авсан. Өөрөөр хэлбэл, би аливаа этгээдийн хуулиар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаагүй юм. Би зах зээлд бэлэн байсан бүтээгдэхүүнийг оруулж ирж цааш худалдан борлуулдаг худалдаа эрхлэгч юм гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн уг хэргийг шалгах явцад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор шинжилгээ хийлгэхээр Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрлэлийн өмчийн газрын шинжээч Б.Номиндарийг оролцуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...Холбогдож буй шаазан аяга нь дийлэнх шинж чанараараа эх бүтээл болох Минпро ХХК-ийн эрх эзэмшдэг улсын бүртгэлийн 3136 дугаартай Их Юань аягатай гадаад харагдах байдал, хийц, хэлбэр, өнгө, хээ чимэглэлийн хувьд ижил төсөөтэйгөөс гадна хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй хэмээн дүгнэж байна. Эрх эзэмшигчийн загварыг бүтээгдэхүүний загвартаа авч ашиглах, үйлдвэрлэлд хэрэглэх нь патент эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж байна гэж ойлгож болно гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/;

Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тус шүүхээс томилогдсон Оюуны өмчийн газрыг шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3/302 албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд /хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудас/ иргэн А.Өлзийхуягийн худалдан борлуулсан шаазан аяга нь дийлэнх шинж чанараараа Минпро ХХК-ийн эзэмшиж буй патент бүхий бүтээлийн хувилбар болох Их Юань аягатай гадаад харагдах байдал, хийц, хэлбэр, өнгө, хээ, чимэглэлийн хувьд илүү ойр, ижил төсөөтэйгөөс гадна хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах магадлалтай бүтээгдэхүүн байна гэж тус тус дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч нь патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг импортлон, худалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3.1, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д нийцсэн бөгөөд хууль зөрчөөгүй байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийж буй шинжээч нь боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэргээ шинжээчийн дүгнэлтэд хавсаргах ёстой гэж маргаж байгаа боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/3244 дугаар захирамжаар ...Б.Номиндарь шинжээчийн бүрэлдхүүнд орж, дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. гэж дүгнэн шинжээчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3.1 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч А.Өлзийхуягийн Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч А.Төгөлдөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0020294 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ДАМДИНСҮРЭН