Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 149/шш2024/00034

 

2024 оны 01 дүгээр

сарын 22-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00034 Мандал сум

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 12 дугаар байр 5 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******, утас-*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын 36 тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******, утас-/-д холбогдох

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:...Я.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 459579 арлын дугаартай Зил-131 маркийн бор ногоон өнгийн 1981 онд үйлдвэрлэгдсэн ачааны авто машиныг 45000000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээнд зааснаар худалдан авсан дээрх хугацаанаас 45 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах байсан боловч 10000000 төгрөг, 15000000 төгрөгийг тус тус өгөөд үлдэх 20000000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд Я.*******гээс 20000000 төгрөг алданги 10000000 төгрөг нийт 30000000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 45000000 төгрөгөөр Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 10000000 төгрөг, 15000000 төгрөг нийт 25000000 төгрөг өгсөн. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 9000000 төгрөг өгсөн байгаа. Би *******гээс нэхэмжилсэн 30000000 төгрөгөөс 9000000 төгрөгийг хасах, мөн алданги 10000000 төгрөгийн 7000000 төгрөгөөс татгалзах саналтай байгаа тул одоо үндсэн төлбөр 11000000 төгрөг, алданги 3000000 төгрөг нийт 14000000 төгрөгийг *******гээс гаргуулах саналтай байна гэжээ.

Хариуцагч Я.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний нөхөр Ч.Батбаяр нь 2022 оны 09 дүгээр сарын дунд үед Гантөмөрт ОХУ-аас 6 ширхэг Зил-131 оруулж ирж байгаа гэж ярьсан байсан. Тэгэхэд манай нөхөр Ч.Батбаяр нь найз нь 1 ширхэг Зил-131 ледушиктэй бол сонирхож байна гэхэд 9 сарын сүүлээр ирнэ тэгэхээр нь сонирхоод нэгийг авахгүй юу гэсэн байсан. Ингээд 9 дүгээр сарын 23-нд машин ирсэн найзаа үзэж хараад ав гэсэн тооцоогоо самарт яваад ирээд өгөхөөр тохиролцсон байсан. Ингээд үзэж байгаад ледушиктэй Зил-131 машин 45000000 төгрөгөөр авах тохироод ирсэн байсан. Ингээд хоёр хоногийн дараа эхнэр миний бие цуг очиж асааж авсан. Маргааш нь худалдан авах гэрээ хийх болсон чинь манай нөхөр Ч.Батбаяр болон Гантөмөр нар нь архи уусан байсан учир эхнэр миний бие нь гэрээ хийсэн. Ингээд самарт явах бэлтгэлээ хийгээд өөрт байсан хуучин машин болон шинэ Зил-131 хоёр машинтайгаа 23 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны гэрээтэй самарт явсан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яваад зардал мөнгөө ч олж аваагүй шатсан юм. Тэгсэн ч хүний Зил-131 машин авсан учир 10000000 төгрөг эхний удаа өгсөн дараа нь 1500000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 20000000 төгрөг өгөх боломж гарсангүй өдий хүрсэн нь үнэн. Бид хоёр өдөр тутмын ямар ч орлогогүй улирлын чанартай өрхийн тариаланч юм. Энэ жил бороо ус их байсан учир байцаа маань ялзарч их үнэ өртөг муу байсан учир өгч чадаагүй 10 сар хүрсэн.Энэ хугацаанд Гантөмөр нь ******* надтай утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч би учир байдлаа хэлсэн чинь тухайн үед ойлголцохгүй учир шүүхэд хандсан байна. Энэ жил 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний хань Ч.Батбаяр эрүүл мэндийн асуудал гарсан учир хэсэг хугацаанд ажил хийх боломжгүй байсан. 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс УБ руу нүдний эмчилгээнд удаа дараа явж 08 дугаар сарын 14-нд хагалгаанд орж дахин 2023 оны 10 дугаар сарын 02-нд нүдний болор солих хагалгаанд орсон боловч одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа учир ажил хийх боломжгүй байгаа. Ийм байдалд байгаа ч гэсэн миний бие үлдэгдэл 20000000 төгрөгийг өгөхөөс татгалзахгүй. Харин алданги 10000000 төгрөг өгөхөөс татгалзаж байна. Миний бие нь ойрын хугацаанд ногооны зээл судлуулж байгаа мөн ногооны урамшуулал мөнгө хүлээж байгааг минь харгалзан үзнэ үү. Ойрын хугацаанд мөнгө бүтвэл өгнө өө гэжээ.

Хариуцагч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд тэр зил-131 машины тухайн үеийн ханш зээлээр авч байгаа утгаар 45000000 төгрөгөөр нөхрийгөө наймаа хийхэд ерөөсөө татгалзах зүйл байхгүй. Тэгээд самар жимс хийнэ гэсэн бодлоор эр улсууд наймаа хийсэн учраас дундуур нь янз бүрийн зүйл ярьж ороогүй. Тэгээд төлөх ёстой. Тэгээд манай нөхөр өөрөө шүүх хурлаар ороод нүд нь хөдөлмөрийн чадвар нь хэцүүхэн болчхоод байгаа. Би оны өмнө *******д 9000000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдсэн төлбөр 11000000 төгрөгийг төлнө. Шүүхийн ямар нэгэн зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг төлөх ямар ч боломж бололцоо байхгүй. Өнөөдрийн байдлаар би ногооныхоо үрийг ч авч чадаагүй байна. Надад ногоо тарихаас өөр ямар нэгэн орлого байхгүй. Нөхөр машиныг эдэлж хэрэглээд байгаа зүйлгүй. Самарт яваад 17000000 хүнс хоол, түлш бүх зүйлийг нь хийж өгөөд нэг Зил-131-ийг дахин арван хэдэн саяар янзалж өгөөд явуулсан. Тэгээд шатчихаад хүрээд ирсэн. Би 11000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Я.*******гээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 30000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөр 9000000 төгрөгийг хариуцагч Я.******* төлсөн, зээлээр худалдах худалдан авах гэрээний алданги 10000000 төгрөг нэхэмжилснээс 7000000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөрт 11000000 төгрөг, гэрээний алданги 3000000 төгрөг нийт 14000000 төгрөгийг хариуцагч Я.*******гээс гаргуулахаар шаардаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.

 

Хариуцагч Я.******* нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох 20000000 төгрөгөөс 9000000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 11000000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлөх болно. Алданги 3000000 төгрөгийг төлөхгүй гэж мэтгэлцэв.

 

Тиймээс нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 төгрөгийн зарим хэсэг болох 9000000 төгрөгийг хариуцагч сайн дураар хүлээн биелүүлсэн гэж, гэрээний үүрэг зөрчигдсөн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож 10000000 төгрөг гаргуулахаар шаардсан алдангийн 7000000 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 11000000 төгрөг, алданги 3000000 төгрөг нийт 14000000 төгрөгийг хариуцагч Я.*******гээс гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч М.******* хариуцагч Я.******* нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуучнаар ЗХУ-д 1981 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад импортлогдон орж ирсэн №459579 арлын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг 45000000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 45 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн ба Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан, хуульд нийцсэн, хуульд харшлаагүй, бусдын эрхийг хязгаарлаагүй гэрээг байгуулсан байна./хх-ийн 3 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ....гэж зааснаар худалдагч тал буюу нэхэмжлэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Зил-131 загварын тээврийн хэрэгслийг худалдан авагч тал буюу хариуцагч Я.*******гийн эзэмшил өмчлөлд бүрэн шилжүүлж өгөх үүргээ биелүүлж, ...зээлийн гэрээ байгуулсан өдөр Зил-13 машиныг хариуцагч Я.*******д өгсөн гэх тайлбараар ...худалдан авагчийн эзэмшил өмчлөлд шилжүүлсэн, ...нөхөр бид хоёр М.*******гийн нөхөр Гантөмөрөөс худалдан авсан Зил-131 машинаас асаагаад авч явсан. ...гэх тайлбараар тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Харин худалдан авагч буюу хариуцагч Я.******* нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар гэрээний зүйл болох Зил-131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 45000000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн хугацаанд төлж бараглуулахаар тохиролцож байгуулсан гэрээний үүргээс 25000000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгч М.*******д төлсөн ба үлдэгдэл 20000000 төгрөгийг энэ хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Я.******* нарын Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн хугацаанд эд хөрөнгийн үнийн зарим хэсэг болох 20000000 төгрөгийг хариуцагч Я.******* төлөөгүй ба зээлээр худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.******* нь эд хөрөнгийн үнэ буюу Зил-131 загварын тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 20000000 төгрөгийг шаардах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө төлд төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ....гэж, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөөр тогтоосон анзыг алданги гэнэ. ...гэж заасан ба зохигчдын сайн дурын үндсэн дээр байгуулсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0.5 хувиар алданги төлнө....гэж зааснаар нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Я.*******гийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 20000000 төгрөгөөс гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож шаардах эрхтэй.

 

Иймд зохигчийн гаргасан тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. ...гэж заасан. Хариуцагч Я.******* нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцсон нэхэмжлэгч М.*******гийн шаардсан алданги 3000000 төгрөгийг төлөхөөс татгалзсан татгалзталаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй буюу хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.*******гээс тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдах авах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 11000000 төгрөг, алданги 3000000 төгрөг нийт 14000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагч Я.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 238950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгохыг дурдаад,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.*******гээс тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдах авах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 11000000 төгрөг, алданги 3000000 төгрөг нийт 14000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Я.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 238950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ