| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/05332/И |
| Дугаар | 101/ШШ2024/00481 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/00481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу-0Я-0 тоот хаягт байрлах М-ХХК /регистрийн дугаар 5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Орон сууцны 0 дугаар байр 0 давхар, өөрийн байранд байрлах С СӨХ-нд холбогдох,
Гүйцэтгэсэн ажлын хөлс, алдангид 6,610,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Т.Г, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Зохигчдын хувьд 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр лифтэнд техникийн үйлчилгээ болон засварын ажлын хийлгэхээр 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээгээрээ эхний 2 сарын засварын ажлыг үнэ төлбөргүй, гүйцэтгэх, хариуцагчийн зүгээс 9 дүгээр сараас эхлэн сар бүр 1,200,000 төгрөгийг тухайн сарын 25-ны өдөр төлж байхыг талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 3 дугаар сарын 31-ний хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байгаа. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, 2022 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гээд очтол хариуцагч байгууллага нь өөр компанийн үйлчилгээг авсан байдаг. Ингэхдээ ч мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээгээ зөрчсөн байдаг, гэрээнд зааснаар хэрэв үйлчилгээ авч байгаа тал нь өөр компанийн үйлчилгээг авахаар бол үйлчилгээ үзүүлж байгаа талын зөвшөөрлийг авна гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс үүргээ зөрчсөн, 5 дугаар сард нягтлан болон даргатай нь утсаар ярих гэтэл утсаа аваагүй гэж манай үйлчлүүлэгч хэлж байсан. 5 дугаар сарын 17-ний өдөр гэрээг цуцлах албан ёсны мэдэгдлээ хүргүүлсэн байдаг. Энэ гэрээгээр 10 ширхэг лифтний асуудал яригдаж байгаа, энэ 10 лифт дээр техникийн магадлал хийнэ, засварлана гэж тохиролцсон байгаа. Техникийн магадлал гэдэг нь 1 ширхэг лифтыг 88,000 төгрөгөөр тохиролцож, 10 лифтны үнэ 880,000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 120,000 төгрөг, сэлбэг хэрэгсэл 917,200 төгрөг болсон. Манай зүгээс 188,100 төгрөгийн хэрэгслийг үнэгүй тавьж өгсөн. 116,000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг хариуцагч байгууллага өөрсдөө авч өгсөн байдаг. Нийтдээ сэлбэгт 619,100 төгрөг болсон. Үйлчилгээ үзүүлж хэлсэн 9 дүгээр сараас эхлэн нийт 7 сарын хугацааг 1,200,000 төгрөгт үржүүлэхээр 8,400,00 төгрөг болж байна. Үүн дээр магадлал хийх ажлын хөлс 880,000 төгрөг, засварын эд анги худалдаж авсан төлбөрийг нэмээд нийт 9,899,190 төгрөгийн төлбөрийн асуудал гарч ирж байна.
Үүнээс хариуцагч манай байгууллага руу 5,438,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ үнийн дүнд хариуцагчийн шилжүүлсэн 97,900 төгрөг орж байгаа. Ингээд үлдэгдэл төлбөр 4,555,200 төгрөг дээр алданги 2,150,000 төгрөг нийт 6,605,200 төгрөгийг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 6,610,600 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг 5,400 төгрөгөөр багасгаж байна.
Иймд хариуцагчаас 6,605,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талууд 2021 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан гэдэгт маргадаггүй. 2022 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 сарыг дуустал тодорхой хэмжээний ажил хийсэн гэдэгт маргахгүй. 2022 оны 3 дугаар сард огт үйлчилгээ хийгээгүй. Олон удаагийн дуудлага өгч байсан боловч гэрээний даруу лифтэндээ үзлэг хийгээгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 7 сарын турш үйлчилгээ аваагүй. Харин 6 сарын үйлчилгээ авсан.
Энэ хугацаанд ажлын хөлсөнд төлсөн 5,438,500 төгрөгт маргаан байхгүй. Манай тооцоогоор бол 7,200,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд сард 1,200,000 төгрөгөөр тооцвол нийтдээ 7,200,000 төгрөг болж байгаа. Үүнээс 5,438,500 төгрөгийг төлсөн тул ажлын хөлсөнд 1,761,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Үүн дээр сэлбэгийн үнэ 160,000 төгрөгийн нэхэмжлэгч нэхэмжилсэн. Иймд нийт 1,922,000 төгрөгийг төлөхөд бол татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэгчээс магадлалын ажлын хөлс нэхэмжилж байх боловч магадлал хийгдээгүй. Ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой асуудлыг дурдах юм бол маш их байгаа. Лифтнүүдийн премюшкийг буруу холбосонтой аюултай нөхцөл байдлууд үүсэж байсан. 2022 оны 2 дугаар сард ийм асуудлууд гарсан учраас гэрээгээ цуцлаад, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэхэд талуудын хоорондох гэрээний асуудал дуусчихсан байсан. Сардаа 2 орчим сая төгрөг эргэлддэг жижиг СӨХ байгаа, алдангийн хэмжээ бол хариуцагч талаас шалтгаалаагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж хэлж байгаа боловч баримтууд нь дандаа нэг талын гарын үсэг бүхий баримтууд байдаг. Энэ бол 16 давхар байрны маш олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал ажил, тийм ч утгаараа манайд ажил хүлээлгэж өгөөд, гарын үсэг зуруулсан зүйл нэг ч байдаггүй. Сэлбэг хэрэгслийг 900,000 гаруй төгрөгөөр авсан гэж байгаа хэдий ч тэрэнтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр бол 160,600 төгрөгийг нэхэмжилсэн боловч хуралдаан дээр өөр үнийн дүн ярьж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,761,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс: 2021 оны 7 сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, техникийн ээлжит магадлал хийсэн тухай 01-69 тоот албан бичиг, лифтийн ашиглалтын тухай албан бичгүүд, шуудангийн баримт, нэхэмжлэх, лифтийн техникийн засвар үйлчилгээний хуудас, дансны хуулга,
Хариуцагчаас: Төрийн банк дахь дансны хуулга, 2022 оны 6 сарын 16-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч С СӨХ-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс, алдангид 6,610,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Зохигч талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр лифтэнд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо С орон сууцны байранд суурьлагдсан 10 ширхэг лифтэнд техникийн ээлжит магадлал, техникийн үйлчилгээ хийх, эд анги сэлбэг хэрэгсэл захиалах солих, засварлах ажил үйлчилгээг хийх, ажлын хөлсөнд сар бүр нэг ширхэг лифт 120,000 төгрөг буюу 10 ширхэг лифтэнд 1,200,000 төгрөг, техникийн ээлжит болон хэсэгчилсэн магадлалын ажлын хөлсөнд 1 лифтэнд 88,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 8-12 дугаар/
Дээрх тохиролцоонууд талуудын хооронд хийгдсэн талаар талууд маргаагүй байх тул шаардах эрхийн үндэслэлүүдийг дээр дурдсан ажил үүргүүдийн хувьд үнэлж дүгнэлт хийх нь зүйтэй байна.
3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, зорилго, шинжүүдийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад нийцэж байна гэж үзэв.
4. Нэхэмжлэгчээс техникийн ээлжит магадлал хийсэн ажлын хөлсөнд 880,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагчаас анх гэрээ байгуулах үед бүх лифтнүүдэд магадлал хийгээгүй. Хийсэн талаараа тайлагнаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд зааснаар Техникийн магадлалыг лифтийн техникийн байдлыг тодорхойлох зорилготой хийх бөгөөд бүрэн, ээлжит, хэсэгчилсэн магадлал гэсэн 3 төрөлтэй байна. Мөн засвар, техникийн үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, лаборатори техникийн магадлалыг гүйцэтгэнэ. Техникийн магадлалыг гүйцэтгэх ажил мэргэжлийн хяналтын байгууллагын байнгын хяналтанд байна гэж заасан байна.
Талууд гэрээний 2.1-ээр техникийн ээлжит болон хэсэгчилсэн магадлалыг хийхээр тохиролцсон, мөн 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0/0 тоот техникийн ээлжит магадлал хийх тухай гэх албан бичиг хэрэгт авагдсан байх хэдий ч энэ албан бичгээр нэхэмжлэгчийг дээрх ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна. /хх-ийн 13 дугаар тал/
Тодруулбал, лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.9-д лифтийг ашиглалтад оруулсны дараа ээлжит техникийн магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийнэ гэж, 29.33-т Сар бүр магадлал хийсэн лифтийн техникийн байдлын талаар улсын байцаагчид тайлагнаж байна, 29.35-д Магадлал хийсэн лифтийн актны нэг хувийг магадлал хийснээс хойш 3 хоногийн дотор тухайн орон нутгийн улсын байцаагчид өгч байна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс магадлал хийсэн талаар холбогдох акт баримт үйлдсэн, эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээгээр хүлээсэн ээлжит магадлал хийх үйлчилгээг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд хариуцагчаас техникийн ээлжит магадлал хийсэн ажлын хөлсөнд 880,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзэхээр байна.
5.Нэхэмжлэгчээс засвар, техникийн үйлчилгээний ажлын хөлс 4,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 9, 10, 11 дүгээр сарын ажлын хөлсийг бүрэн авсан ба 2021 оны 12 сараас 2022 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны төлөгдөөгүй хөлс гэж тодорхойлж байна.
Хариуцагчаас дээрх үйлчилгээг 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд авсан. Харин 3 дугаар сард засвар үйлчилгээ үзүүлээгүй гэж маргаж байна.
Талууд 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд засвар үйлчилгээ үзүүлсэн талаар хэн аль нь маргаагүй.
Харин хариуцагчаас 3 дугаар сард засвар үйлчилгээ аваагүй гэж маргаж, засвар үйлчилгээний хуудас гэх баримтад зурагдсан гарын үсгийн тайлал тодорхойгүй, гэрч Д.Б ...зарим баримт дээр гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгчийн дээрх хугацаанд засвар үйлчилгээ үзүүлснээ нотлох бичгийн баримтыг үгүйсгэх баримт хэрэг авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, техникийн засвар үйлчилгээний хуудсаар нэхэмжлэгчийг 2022 оны 3 дугаар сард засвар үйлчилгээ үзүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 70 дугаар тал/
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийг 2021 оны 9 сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Гэрээгээр талууд нэг сарын ажлын хөлсийг 1,200,000 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд 7 сарын ажлын хөлс нь 8,400,000 төгрөг байна.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан банкны дансны хуулгуудаар хариуцагчаас ажлын хөлсөнд 5,438,500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнд хариуцагчаас шилжүүлсэн сэлбэгийн үнэ 97,900 төгрөг багтаж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгчээс гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь баримтаар нотлогдож байх тул үлдэгдэл ажлын хөлс болох 3,059,400 /8,400,000-5,340,600/ төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. /хх-ийн 136-146 дугаар тал/
6.Нэхэмжлэгчээс алдангид 2,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, засвар үйлчилгээний хувьд доголдолтой байсан гэх үндэслэлээр алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талууд гэрээгээр ажлын хөлсийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 9-12 дугаар тал/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Хариуцагчийн ...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул алдангид 1,529,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг С 1 СӨХ гэж тодорхойлсон бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнд холбооны оноосон нэр С гэж бичигдсэн байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс С 1 СӨХ гэж техникийн алдаа гаргасан байна. Хариуцагчаар С СӨХ-г тодорхойлсон гэж тайбарлаж байх бөгөөд хариуцагчаас манай байгууллага С СӨХ гэдэг нэртэй. Гэрээ болон нэхэмжлэлийн агуулга нь манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэл гэдэгт маргахгүй гэж тайлбарлаж талууд хэн аль нь нэхэмжлэлд С 1 СӨХ гэж алдаатай бичигдсэн үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С СӨХ-оос 4,589,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,016,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С СӨХ-оос 4,589,100 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М-ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,016,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С СӨХ-оос 80,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.Б