Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 148/шш2023/00646

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2023/00646

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Ерөө сум, 3 баг, Бугант баянгол гудамж 16 тоотод оршин суух Авга овогт Төмөрбаатарын Болдхуяг /РД: *******/-ийн

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 баг, Бугант тосгон 2 байр 15 тоотод оршин суух Хорго боржигон овогт Батдэлгэрийн Батмагнай /РД: *******/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 баг, Бугант өлөнт гудамж, 09 тоотод оршин суух Харцагууд овогт Энэбишийн Батсайхан /РД: *******/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 51,812,583 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Болдхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч Б.Батмагнай, хариуцагч Э.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т.Болдхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Батдэлгэр овогтой Батмагнай нь 2022.09.06-нд Т.Болдхуяг миний биед гавал тархинд Хүнд гэмтэл учруулж зодсон. Хөдөлмөрийн чадвараа 70% алдаж, мэдрэлийн эд эсүүд бүрэн сэргээгүй, байнгын эм тариа хэрэглэж, нүүр мурийлттай цаашид насан туршдаа шанааны ясанд пластик бэхжүүлэгч тавьсан байгаа нь байнга зовиуртай байдаг. Миний бие эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө маш их хохирч байна. Зээлийн баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Б.Батмагнайгаас төлбөр зээл болох нийт 24,681,583 төгрөг /хорин дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга таван зуун наян гурван төгрөг/-ийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэх.

 

Мөн тэрээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: /хх-н 90-92 дугаар тал/ ... Эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 6.000.000 төгрөг гаргуулах, Сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах, Мобиком байгууллагаас зээлсэн зээлийн төлбөр 636.000 төгрөг гаргуулах, Цахим зээлийн төвөөс зээлсэн зээлийн төлбөр 495.000 төгрөг гаргуулах, нийт 27.131.000 төгрөгийг хариуцагч Б.Батмагнайгаас гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн утга: Хариуцагч Б.Батмагнай нь 2022 оны 9-р сарьн 6-наас 7-нд шилжих шөнө нэхэмжлэгч Т.Болдхуяг намайг зодож миний биед Хүнд гэмтэл учруулж хохироосон юм. Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шуух 2023 оны 05-р сарын 03-ны өдөр шүүх хуралдаан хийж 2023/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгч Б.Батмагнайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Эрүүгийн хэргийн шуух хурал болохоос өмнө Шүүгдэгч Б.Батмагнай нь хохирогч миний эмчилгээний зардалд 8.500.000 төгрөг төлсөн юм. Хохирогч Т.Болдхуяг би эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Одоо миний биеийн байдал хэвийн бус тааруу байна. Толгойн ар талаар байнга хатгаж, шанаанд пластик бэхжүүлэгч байгаа нь хоол унд идэхэд байнга зовиуртай, шүд бүрэн зуугддаггүй, нүд бүрэлзэж, замд машинтай явахад тархи гавлын ясан дотроо савлаж өвддөг. Нойр хоолондоо муу болсон, миний оюун санаа эрүүл байсан үеийнхээсээ тааруу болсон, ажил хөдөлмөр хийж чадахгүй болж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож группт орж хохирсон зэргээр маш их хохирч байна.

Нэхэмжлэгч Т.Болдхуяг би тус Иргэний хэргийн шүүхэд хандаж 2023 оны 05-р сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд тус нэхэмжлэлдээ цалингийн зээл, машины зээлийн төлбөрт 24.681.583 төгрөг нэхэмжилсэн байгаа бөгөөд тус нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Миний зүгээс одоо энэ нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нэхэмжлэл бол эрүүл саруул байсан миний биеийг муутгаж хунд гэмтэл учруулснаас болж ажил хийж чадахгүй болсон, орлогогүй болсны нөхөн төлбөр, сэтгэл санааны хохирлын мөнгө гаргуулах, мөн Мобиком, Цахим зээлийн төвөөс зээлсэн төлбөрийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл юм.

Хариуцагч Б.Батмагнай нь намайг 2022 оны 9-р сарын 6-наас 7-ны өдөр шилжих шөнө зодож хунд гэмтэл учруулснаас болж би одоог хүртэл ажил төрөл хийж чадахгүй хохирч байна. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заахдаа: Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан байна. Миний бие Б.Батмагнайд зодуулах тэр үед цалин хөлс орлогогүй байсан, зодуулснаас болж одоог хүртэл ажил төрөл хийж чадахгүй, орлогогүй байгаа тул дараах нөхөн төлбөрийг шаардаж байна. Үүнд: 2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байсан тул 2022 оны 9-р сар, 10-р сар, 11-р сар, 12-р сарын нөхөн төлбөр 1.680.000 төгрөг, 2023 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болсон тул 2023 оны 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6-р сар, 7-р сар, 8-р сарын нөхөн төлбөр 4.400.000 төгрөг. Нийт 6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилж байна.

Миний бие эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их хохирч байгаа, миний оюун ухаан эрүүл саруул байх үеийнхээсээ муу болсон тул сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Миний хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдагдалтай учир надад Төрөөс сар бур 550.000 төгрөг олгодог юм. Энэ 550.000 төгрөгийг би хоол унд, утасны төлбөр, тог цахилгаан, эм тарианд зарцуулаад л таардаг, бараг хүрэлцдэггүй юм. Гэтэл би зодуулж хунд гэмтэл авснаас болж эрүүл саруул байх үедээ Хаан банкинд ажиллаж байхдаа авсан цалингийн зээл, машины зээлийг / эхний нэхэмжлэлд бичигдсэн байгаа зээл / төлж чадахгүй болж хохирч байна. Зээлийн төлөх хугацаа болоод ирэхээр бие муутай ээж тэтгэврээсээ зээлж, мөн ах эгч найз нөхдөөсөө мөнгө зээлж авч зээлийн хугацаа хэтрүүлж төлж байна. Цаашдаа зээлээ төлж чадахгүй байдалд хүрч байна. Бас зээлээ төлөх гэж цахим зээлийн төвөөс зээлсэн зээлийн төлбөр 495,000 төгрөг, Мобикомд 636.000 төгрөгний зээлтэй тул 495,000 төгрөг, 636,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гагнуурчин мэргэжилтэй бөгөөд гагнуурчин мэргэжлээрээ ажиллах зорилт тавин явж байх үедээ Б.Батмагнайд зодуулсан юм. Хэрвээ би гагнуурчны ажил хийгээд эрүүл энх явж байсан бол тогтмол орлоготой байж, зээлээ төлөх, ээждээ туслах зэргээр амжилттай явж байх байсан билээ. Би ээж дүүтэйгээ амьдардаг юм. Миний ээж Улаан хоолойн хорт хавдартай хяналтад байдаг. Бид бие биенээ асарч хараад амьдардаг. Би өөрөө биендээ эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа боловч мөнгө төгрөг байхгүйгээс болж эмчилгээ ч хийлгэж чадахгүй хэцүү байдалтай байна. Иргэн миний биеийн эрүүл мэнд муу, амьдральн хүнд байдлыг харгалзан үзэж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Хүний биеийн эрүүл мэнд, сэтгэл санааг хунд гэмтээсэн буруутай хун мөнгө төгрөгөөр хохирлыг бүрэн арилгаж чадахгүй. Эрүүл саруул байсан хэвийн байдалд нь оруулж чадахгүй билээ. Буруутай хуний гэм хороор миний биед учирсан энэ хунд гэмтэл нь одоо байнга тархи толгойгоор хатгаж янгинаж, мэдрэлийн эд эсүүд энэ шанаанд байгаа гадны биет болох пластик бэхжүүлэгчтэй цаашид насаараа дасан цохицож, туунд тааруулж идэж уух нь зовиуртай маш хэцүү байна. Одоо хуний ярьсан хэлснийг, өөрийн барьсан тавьсан үйлдлээ маш амархан мартаж санахгүй байна. Ам мурий болсон. Эрүүл саруул байх үеийнх шиг хэвийн биш байгаад байна. Иргэн миний биеийн байдал муудсан тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч Б.Батмагнайгаас эрүүл мэндийн нөхөн төлбөрт 6.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, Цахим зээлийн төвөөс 495,000 төгрөг, Мобикомьн зээлийн төлбөр 636.000 төгрөг, бүгд 27.131.000 төгрөг. 2023 оны 5-р сарын 29-нд өгсөн нэхэмжлэлийг нэмээд нийт 51.812.583 төгрөгийг гаргуулж Т.Болдхуяг надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрүүл мэндээрээ хохироод, машин тэргээ алдаад маш хүнд асуудалтай байгаа. Энэ 2 хүнтэй уулзахад хувиасаа 10,000,000 төгрөг тус тусдаа өгнө гээд баталгаа гаргасан ч мөнгөө өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Батсайхан, Батмагнай нарт зодуулсан тэгээд эрүүл мэндийн асуудалтай ажил хийж чадахгүй байна. Сүүлд 9 дүгээр сард ухаан алдаж унаад нуруугаа 3 хугалсан. Би цалингийн зээлтэй, машины зээлтэй дээрээс нь банк бусын зээлтэй. Эрүүл байхдаа өөрөө бүгдийг нь төлж байсан. Одоо эрүүл мэндийн улмаас зарим мөнгийг төлж чадахгүй байна. Нийт 51,812,583 төгрөг нэхэмжилж байна. Батсайхан, Батмагнай нараас тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжилж байна. Эрүүл мэндийн нөхөн төлбөрт 6,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би бүх зээлээ төлөөд явж байсан, машины зээлийг би өөрөө аваад одоо өөрөө төлж байгаа. Би зээлээ төлөхгүй бол банк хэзээ ч миний өвчин зовлонг ойлгохгүй. Машины зээл, цалингийн зээлээ төлөөд явж байгаа. Цахим зээлийг бэртсэн байх хугацаандаа шаардлага гарсан үедээ авсан. Мобикомын зээлийг хаасан, Покет зээлийг хаасан. Би толгойны 3 эм ууж байгаа, 160,000 төгрөг, 360,000 төгрөгийн эм, 70,000 төгрөгийн эмүүд авч ууж байгаа. Ер нь бол нааш цаашаа явах зардал очиж үзүүлсэн хувийн эмнэлгийн зардал гэх мэт нийлээд ийм болсон. Хохирол төлнө гэх хэлцлийг нотариатаар батлуулах гэсэн боловч хувийн асуудлыг батлахгүй гэсэн. Зээл авах үедээ Хаан банканд ажиллаж байсан, 3 жил ажилласан. 2022 оны хавар 3 дугаар сард ажлаасаа гарсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-нд зодуулсан. Энэ хугацаанд зээлээ төлж байсан. Зээл одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг сайн мэдэхгүй байна, 2024 онд дуусна. Одоо ажилгүй байгаа. Одоо зээлээ группийн мөнгөөрөө төлдөг, групп 550,000 төгрөг авч байгаа. Б.Батмагнай Эрүүгийн шүүх хуралд дээр өөрсдөө хэлсэн. Намайг гомдолгүй гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсэн. Байгаа мөнгөөрөө эм авах үедээ аваад зээлээ төлөх үедээ төлөөд л явж байгаа. Группийн мөнгөнд хангалттай багтдаг. Ийш тийшээ явж үзүүлдэг. Сэлэнгэд ирэхээр тийм шинжилгээ өг, ийм шинжилгээ өг гээд буцдаг. Энд таньдаг айл байхгүй учраас буудалд хонодог. Батмагнай тусалж дэмжиж байсан гэж яриад байна үгүй, эмнэлэгт хэвтэж байхад 4, 5 удаа ирсэн. Эмчид мөнгө өгсөн байх ойр зуурын памперс гэх мэт авч өгсөн байх. Одоо бол надтай дугарахгүй байгаа. Шүүх хурал дээр 13,000,000 төгрөгийн зардлыг төлнө гээд хурлын дараа бид 2 хувь хувиасаа 10,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Би тэрнээс хойш Батсайханы машинд халдсан гээд намайг баривчилгаанд явуулсан. Би ганцаараа баривчилгаанд явсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хоригдсон тэнд маш хэцүү байсан. Би тархины асуудалтай болсон шанаандаа пиавар суулгасан. Заримдаа унтаж чадахгүй эм давхарлаж ууж байгаа. Хаан банкинд захирлын жолооч хийж байсан. Болд төмөр Ерөө голд гагнуурчин хийж байсан. Алтны уурхайд гагнуурчин хийж байсан. Бугантад бас гагнуурчин хийж байсан. Энэ 2 өөрсдөө өгнө гэж яриад өгөөгүй, хэлсэндээ байгаагүй. Баримт байна шүү гэхэд 2 найздаа итгээд 20,000,000 төгрөг өгвөл өгөхөө болилоо гээд баримтаа өгөөгүй, Батсайхан сайн мэдэж байгаа. Эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш Батсайхан 2,000,000 төгрөг, Батмагнай 1,000,000 төгрөг өгсөн. Батсайханаас гаргаж өгсөн гэсэн 3,500,000 төгрөгт нь орж ирсэн гэх.

 

Хариуцагч Б.Батмагнай шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хх-н 72, 123 дугаар тал, / миний бие Б.Батмагнай Т.Болдхуягийн гаргасан зээлийн төлбөр 24,681,583 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Т.Болдхуягийн биед учруулсан хохирол 2,5 сая болсныг давуулан буюу өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж 8,5 сая төгрөгийг Т.Болдхуягт төлж барагдуулсан. Хагалгаанд өмнөх 1,5 сая, нийт дараа нь 7 сая төлсөн. Хэргийн улмаас учруулсан гэмшилтэй байгаа боловч одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 24,681,583 төгрөгийг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Болдхуягийн биед учирсан гэмтлийг түүний хүсэлтээр 2 удаа дүгнэж шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн байгаа. Иймд энэхүү тайлбар болон шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие эрхэлсэн ажилгүй байдлыг харгалзана уу.

Нэхэмжлэгч Т.Болдхуягийн 2023 оны 05 сарын 29-ний өдрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 24,681,583 төгрөг болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 27,131,000 төгрөг зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэх.

 

Хариуцагч Б.Батмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нийт гарсан 51,812,583 төгрөгийг төлөхгүй. 20,000,000 төгрөг яриад байна л даа үүнийг тухайн үед нь шилжүүлсэн баримт нь байгаа. Эрүүгийн шүүх хурал дээр нийт хохирол нь 2,700,000 төгрөг гарсан. Би үүнийг давуулаад 8,500,000 төгрөг төлсөн. Би тухайн үед өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрөөд эрүүл мэндийн тал дээр цаашид эмчилгээ, ам тариа авч хэрэглээрэй гээд өгөөд гомдолгүй гэсэн бичиг гаргуулсан. Мөнгө төлсөн баримт нь хэрэгт байгаа байх. Банкнаас зээл авсан нь миний хийсэн хэрэгт хамааралгүй сайн дураар зээл авсан байгааг нь төлөхгүй. Эмчилгээтэй холбоотой зардлыг бол төлнө. Хэлцлийг Болдхуягийн эгч санаачлаад хийсэн. Би 7,000,000 төгрөг төлсөн дараа нь 500,000 төгрөг тэгээд ээжийн данснаас 1,000,000 төгрөг төлсөн. Хэлсэн ярьсандаа байж чадаагүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Би эрүүгийн шүүх хурлаар төлсөн. Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг би төлнө гэж байгаа. Хэрэг гарснаас хойш би Болдхуягт хэрэгтэй зүйлийг нь хангаж өгдөг байсан. Хагалгаанд орсон эмчид хүртэл мөнгө өгч байсан. Бид нэг нутгийн найзууд байсан. Нэхэмжлэгчийн талаас биднийг хэлсэндээ хүрээгүй гэж байна. Боломжоороо төлөөд явж байсан. Эрүүл мэндийн талаас мөнгөө төлнө, банк, сайн дурын зээл гэм мэт мөнгийг төлөхгүй, миний үйлдсэн хэрэгт хамааралгүй. 9,500,000 төгрөг төлсөн, Эм тариандаа хэрэглээрэй гэж өгсөн гэх.

 

Хариуцагч Э.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: /хх-н 153 дугаар тал, / Миний бие Э.Батсайхан нь Т.Болдхуягийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэл дээр дурдсан хэрэг нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Дээрх асуудалд Э.Батсайхан миний бие гэрчээр оролцсон тул нэхэмжлэлд дурдсан 51,812,583 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. энэ байдлыг харж надад хамаарахгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт гэрчээр оролцсон, цагдаагаас намайг гэм буруугүй гэж нотолсон. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2023 оны 02 дугаар сарын 20-нд нотариатаар баталгаажуулсан хэлцэл бол хууль зүйн мэдлэг үнэхээр дутмаг байсан, айж сандарсан байсан, бас найзынхаа хажууд байсан учраас гарын үсэг зурсан. Шүүх хуралд би гэрчээр оролцсон энэ хэрэг бүрэн шийдэгдэж дууссан гэж ойлгож байна. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага шалгаж намайг гэм буруугүй гэдгийг нотолсон, би хуралд гэрчээр оролцсон. Хууль зүйн мэдлэггүй учраас баримт дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахгүй бол 8 жилийн хорих ял авна, яллагдагчаар татагдана гээд айж байсан. Т.Болдхуягт гэмт хэрэг болсны дараа хагалгаанд ороход 1,500,000 төгрөг өгсөн. дахиад 2,000,000 төгрөг төлсөн нийт 3,500,000 төгрөг өгсөн. Хэлцэлд гарын үсэг зур гэхээр нь зурсан, Болдхуягийн эгч зур гэхээр нь зурсан. Цагдаагаас намайг гэм буруугүй гэдгийг нотолсон, шүүх хуралдаанд би гэрчээр оролцсон тэгэхээр мөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Бид нар нэг нутгийн найз нөхөд. Өвчин зовлон тусчихлаа гээд тусалсан. Цуг ууж идэж байгаад энэ хэрэг болсон учраас өгсөн. Би энэ хүнийг гэмтээсэндээ мөнгө төлөөгүй. Дарамтлуулах ч юу байх вэ, ер нь айсандаа зурсан. Ял авна, яллагдагчаар татна гэж айсан. Тухайн үед хуулийн мэдлэг байхгүй учраас хэцүү байсан. Нээрээ л тэгчих юм болов уу гэж бодсон. Тухайн үед цуг ууж идэж байгаад ийм асуудал болсон, нэг найз маань бэртэж гэмтчихээд байхад яаж зүгээр байх вэ гээд мөнгө өгсөн. Тухайн үед би ажилгүй байсан. Би төлөх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг дагана. Хуулийн мэдлэг үнэхээр байхгүй учраас энэ хэргээс яаж хурдан салах вэ гэсэн үндэс дээрээс зурсан. Би нийт 3,500,000 төгрөг төлсөн байгаа. Болдхуяг түүний эгч 2 угаасаа тэгж байсан. Хүнд гэмтлийн зэрэг гарсан байна тийм ял авах юм байна гэж байсан. Яллагдагчаар татах магадлал байгаагүй, би цохиж гэмтээсэн биш. Хэлцэл хийхээс өмнө 3 удаа мөнгө өгсөн, хэлцэл хийснээс хойш мөнгө өгөөгүй. Т.Болдхуяг банкны төлөлт болсон, гар утасны зээл болсон гээд байсан. яагаад надаас мөнгө нэхсэнийг мэдэхгүй, хэрэг болсноос хойш надаас мөнгө нэхдэг. Хүн нэхээд байгаа юм чинь мөнгө өгнө шүү дээ. Мөнгө өгөхгүй бол ингэнэ тэгнэ гээд байнгын дарамтлуулж байгаа. Хэрэг болдог өдөр би нэг ч гар хүрээгүй. Би энэ 2-т зодуулаад ийм болсон гэж яриад байна, би гайхаж байна. Нэгдүгээрт Батмагнай Болдхуягтай би хамт байсан. Би энэ 2 хүнийг хоёуланг нь бодсон. Хэрэг болох үед хувиараа гагнуурчин ажилтай байсан. Би 2,000,000 төгрөгөөс дээшээ орлоготой. Шүүх хурал болсноос хойш би нэг ч төгрөг явуулаагүй гэх.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж; ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Болдхуягийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага / хх- 1, 90-92 тал /-даа ...хариуцагч Б.Батмагнайгаас эрүүгийн гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эрүүл мэндийн эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг, Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлд нийт 24,681,583 төгрөг, / үүнээс цалингийн зээлд 7,701,090 төгрөг, машины зээлд 16,980,493 төгрөг, цахим зээл 495,000 төгрөг, мобикомын зээл 636,000 төгрөг, нийт 41,812,583 төгрөгийг, хариуцагч Э.Батсайханаас сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, нийт 51,812,583 төгрөгийн хохирол гаргуулахаар шаарджээ.

Зохигчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хэргийн 7-11, 19-66, 85, 93-99, 101-105, 118-121 дэх талд авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгч Т.Болдхуяг нь хариуцагч Б.Батмагнайгаас Банк, банк бус санхүүгийн байгууллага, мобиком, цахим банкнаас авсан гэх нийт 25,812,583 төгрөгийн зээлийг төлүүлэхээр шаардсаныг хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т ... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байхаар тус тус заасан байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Банк, банк бус санхүүгийн байгууллага, мобиком, цахим банкнаас авсан зээлүүдээ гэм хорын хохирол гэж үзэн хариуцагч Б.Батмагнайгаас гаргуулахаар шаардсан нь дээрх хуульд заасан хохиролд тооцогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн тэрээр хариуцагч Б.Батмагнайгаас эрүүл мэндийн эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй, хавтаст хэрэгт энэ тухай баримт байхгүй, Өөрөөр хэлбэл; нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин нэхэмжлэгч нь дээрх хариуцагч нараас хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан бичгийн хэлцлийн дагуу 20,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж үзэж тооцон тус бүрээс 10 сая төгрөг гаргуулахаар шаардаж байгаа ба дээрх баримт /хэлцэл/-с үзэхэд; Б.Батмагнай миний бие Т.Болдхуягтай ярилцсаны үндсэн дээр 20 000 000 төгрөгийн хохирол барагдуулахаар тохиролцож, урьдчилгаа 7 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 13 сая төгрөгийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцов. Эмчилгээний зардал 10,350,000 төгрөг болсноос 2 299 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 8 060 000 төгрөг төлөхөөр тохиролцов гэж, нийт 30,350,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос, сэтгэл санааны хохиролд 7,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 2,299,000 төгрөг, нийт 9,299,000 төгрөг төлсөн гэж үзэх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Б.Батмагнайгаас гаргасан Хаан банкны дансны хуулгаар 1,000,000 төгрөг төлж, нийт 10,299,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх ба талууд үүнд маргаангүй байна.

Иймд хариуцагч Б.Батмагнайгаас сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг төлөхөөс төлөгдөөгүй үлдсэн 3,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 10 350 000 төгрөг төлөхөөс төлөгдөөгүй үлдсэн 6,051,000 төгрөг, нийт 9,051,000 төгрөгийг гаргуулан Т.Болдхуягт олгох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т тус тус зааснаар ... Батмагнай, Болдхуяг нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бичгийн хэлцэл гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримт мөн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үзэв.

Хариуцагч Э.Батсайханаас сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан баримтаар Э.Батсайханд дээрх хэлцлийн дагуу сэтгэл санааны хохирол төлөх үүрэг хүлээлгээгүй буюу тэрээр эрүүгийн гэмт хэрэгт гэм буруугүй болох нь хэргийн 13-18 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул түүнд холбогдох 10,000,000 төгрөгийн /сэтгэл санааны хохирол/ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хариуцагч Э.Батмагнайгаас нэхэмжилсэн нийт 41,812,583 төгрөгөөс 9,051,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 32,761,583 төгрөгийг, мөн Э.Батсайханаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.Батмагнайгаас 9,051,000 төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 159,667 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх тус тус зааснаар Б.Батмагнайгаас 9,051,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Болдхуягт олгож, нэхэмжлэлээс үлдэх 32,761,583 төгрөгийн шаардлагыг, Э.Батсайханаас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Б.Батмагнайгаас тэмдэгтийн хураамжид 159,766 төгрөгийг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

 

Г.БАТЗАЯА