Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

О.Эрдэнэтогтоход холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа, шүүгдэгч О.Эрдэнэтогтох, нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн нарыг оролцуулж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

        

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн О.Эрдэнэтогтоход холбогдох 2022002570001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 40 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжпийн хяналтын газар жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Отгонбаярын Эрдэнэтогтох /РД:3381010311/

Шүүгдэгч О.Эрдэнэтогтох нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Эрдэнэ-Оюунтай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан,

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Эрдэнэ-Оюунтай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Эрдэнэтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Эрдэнэтогтоход холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Харчин овогт Отгонбаярын Эрдэнэтогтохыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Отгонбаярын Эрдэнэтогтоход 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэтогтоход оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэтогтохын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа нь учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ш, цагаан өнгийн фудволк 1 ш, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ш, цайвар саарал өнгийн дотуур өмд 1ш, хар хөх өнгийн түрсик 1ш, хар өнгийн оймс 1 хосыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаад буцаан олгож, сиди 1 ширхэгийг эрүүгийн 2022002570001 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эрдэнэтогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Отгонбаяр овогтой Эрдэнэтогтох, өмгөөлөгч Д.Долгорсүрэн бид Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг шийтэх тогтоолоор намайг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 11.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, харин хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Миний бие уг тогтоолоор намайг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оноосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би энэ гэмт хэргийг үйлдээгүй ба энэ талаараа тодорхой хэлж мэдүүлсээр

ирсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд эрс зөрүүтэй тул шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт гаргасаар байхад хүлээн аваагүй хурлыг үргэлжлүүлэн хийж ийнхүү шийдсэнд гомдолтой.

Шүүх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байхад намайг амь хохирогчтой муудалцаж, фудволкны захаар нь боосон, өөр хэн нэгэн этгээд амь хохирогчийн бие махбодид халдсан үйл явдал тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шинжээч эмч М.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба мэдүүлэхдээ болон өмгөөлөгчийн асуултанд хариулахдаа “Боолтод орсон тохиолдолд газар дээрээ нас барна. ...Цогцосны гадна үзлэгээр багалзуурдалтын ул мөр илрээгүй. Амьсгалын дутагдал нь зүрх судасны өвчний үед цусны эргэлт хямарснаас үүсэх боломжтой. Клапан хаагдах нь түргэн үхэл мөн. Багалзуурдсанаас амьсгалын дутагдал болбол 5-10 секундын хугацаанд хүн ганц нэг үг хэлэх, нэг алхах боломжтой” гэсэн.

Багалзуурдалт гэдэг нь 1 буюу 2 гарын тусламжтайгаар хүзүү болон хоолой хэсгийг дарж, амьсгал бүтэлт үүсгэхийг хэлдэг байна. Багалзуурдуулсан үед хумсаар зулгаралт, хурууны өндөгний даралтаар цус хуралт үүсдэг, хэлэн доорх яс, төвөнх мөгөөрс хугарч гэмтэх байдал үүсдэг онцлогтой байна. Иймээс багалзуурдалтаас үүссэн механик амьсгал бүтэлтийн гадна үзлэгийн онцлог нь хүзүү, гар болон биеийн бусад хэсэгт зулгаралт, шалбаралт, цус хуралт байгаа эсэхийг анхаарах шаардлагатай гэж онолын ном, зааварт дурьдсан байна. Гэтэл эдгээр шинж, ул мөрүүд цогцосны гадна болон задлан шинжилгээ, хувцсанд хийсэн үзлэг ииинжилгээгээр огт илрээгүй байхад талийгаачийг багалзуурдалтын улмаас нас барсан гэсэн Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, талийгаач нь механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолойн дээд 1/3 хэсгийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2021.01.29-ний өдрийн 72 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй чухам юуг үндэслэж механик амьсгал бүтэлт гэж оношлоод байгаа нь тодорхойгүй юм. Мөн талийгаач нь хэрлэгийн гаралтай зүрхний өвдөлт, дахилтат хэлбэр, зүрх судасны дутагдал В, цусны даралт ихсэх эмгэг 2 үе шат зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэр, элэгний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчтэй байна гэсэн.

Дээрх 59, 72 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь бүрэн гүйцэт хийгдээгүй, үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах зарчим алдагдсан гэж үзэж байна.

Иймд өөр хэн нэгэн этгээд амь хохирогчийн бие махбодид халдсан үйл явдал тогтоогдохгүй байна гэхээсээ илүү талийгаач архаг хууч өвчнөөс хамааран амьсгалын цочмог дутагдалд орж нас барах боломжтой эсэхийг анхаарч магадлах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материалууд маш эргэлзээтэй, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад хэт нэг талыг барьж шүүгдэгчийг буруутган шийдсэн гэж үзэж гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: О.Эрдэнэтогтохын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч оролцож байгааг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа.   Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь маш их зөрүүтэй, эргэлзээтэй байсан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр багалзуурдаж нас барсан гэдэг дүгнэлт гарсан байгаа. Хэрэгт авагдсан баримт нь болсон үйл явдалд дүгнэлт хийхэд бол багалзуурдалтын шинж харагддаггүй, анхан шатны шүүх хурлаар шинжээч эмч гэрчээр оролцсон байдаг. Багалзуурдалт гэдэг нь нэг хүний хоёр гараар дарж амьсгал боож, ихэвчлэн гараар үйлдэгддэг, багалзуурдсан үед хумсаар мөр,   хурууны өндөгний мөрөөр цус хуралт мөн хэлэн доорх яс, төвөнх мөгөөрс хугарч гэмтсэн байдаг. Багалзуурдалтын үед цус хуралтаар үүссэн гадна үзлэгийн онцлог хүзүү гар бусад биед  хөхрөлт шалбаралд үүсээгүй байсан. Тэгэхэд энэ нөхцөл байдлыг анзааралгүй хэт нэг талыг барьж шийдвэр гарсан байдаг. Цогцсын гадна үзлэгээр баруун хөмсөгний дээд талын сорви бол ухаан алдаж  унахдаа үүссэн гэмтэл гэдэг дүгнэлт хийсэн, чээж болон хүзүү, энгэр газарт шарх учраагүй байсан. Талийгаачийн тухайн үед өмсөж явсан цамц, подволк, өмд гээд бүхэл хувцсанд нь үзлэг хийсэн байгаа. Хувцасны энгэр заам нь урагдсан байх ёстой, тэгэхэд ийм гэмтэл тогтоогдоогүй. Шинжээч эмч шүүх хуралдаанд орж гэрчээр орж   мэдүүлсэн, өмгөөлөгч болоод шүүх бүрэлдэхүүнээс тодруулж асуусан байдаг, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн тайлбарт зүрх судасны өвчтэй, элгэний өөрчлөлтэй, даралт ихсэх эрсдэлтэй хүнд өвчтэй эмчийн хяналтад байсан гэдгийг тогтоосон байдаг. Өмгөөлөгчийн хүсэлтээр өвчний түүх, карт мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр энэ баримтууд цугларсан байдаг. Үүн дээр маш болгоомжтой ялгаа заагтай хандах хэрэгтэй байсан. Тухайн үед машин тэрэг унасан, тосгүй болгосон гэдэг маргаан үүсэж муудсан боловч энэ хүн шууд эцгийнхээ амьд хүрсэн гэдэг хангалттай үндэслэл, нотлох баримт байхгүй. Гэтэл шууд эрх зүйн байдлыг дордуулж, маш хатуу шийдсэнд гомдолтой байгаа. Шинжээч эмч хуралд орохдоо багалзуурдалтын байдлаас нас барсан тохиолдолд ямар хугацаанд нас барих вэ гэхэд, шууд газар дээрээ нас барна гэсэн байдаг. Гэвч талийгаач О.Эрдэнэтогтохтой муудаж барилцаж аваад, салсан гэдэг гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Үүнээс хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа гэрийнхээ үүдэнд нас барсан байдаг. Шинжээч эмчээс асуухад багалзуурдалтаас болж нас барах тохиолдолд нэг үг хэлэх, нэг алхам алхах боломжтой гэсэн гэвч талийгаач нь хохирогчтой муудсаны дараа гэртээ орж утсаар ярьж, гэрийнхэнтэйгээ муудсан асуудал байдаг. Талийгаач нь амьсгалын дутагдалт орж нас барсан гэдэг нь энэ тохиолдолд зүрх судасны өвчний үед үүсэх боломжтой гэсэн байдаг гэсэн. Талийгаач нь эхлээд охинтойгоо муудсаны дараа нь О.Эрдэнэтогтохтой гадаа барилцаж авсан тэгээд хоёр хүүхэд нь тал талаас нь салгасан байдаг. Энийг бол насанд хүрээгүй гэрч нар гэрчилдэг, талийгч нь хэргийн газар маш их харааж элдэв хоёроор хэлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлттэй шүүх хуралдаанд орсон шинжээчийн мэдүүлэг уг болсон үйл явдалтай нийцэхгүй байгаа энэ асуудлуудыг анхаарч үзэж, эргэлзээтэй асуудал дээр 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилуулах шаардлагатай байна. Эргэлзээтэй асуудлууд байхад хэргийг ингэж шийдсэнд гомдолтой байна мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Долгорсүрэн, Болд-Эрдэнэ нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Хэргийг прокурорт буцааж өгнө үү гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.  

 

Шүүгдэгч О.Эрдэнэтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Өмнөх шүүх хуралд хохирогчтой оролцох байсан боловч хөдөө байж байгаад ирж чадаагүй. Би талийгаачтай машин дээрээс болж муудалцсан нь үнэн. Муудалцаж байхад дүү охин намайг түлхэж унагаасан, тэр үед  барилцаж аваагүй, тэгээд гэрээс гарах гэтэл шар сав авч над руу шидсэн, тэгэхэд манай хүн гарж ирж намайг гэр лүү авч орсон. Хойд аав гэртэй орж орон дээр сууж утсаар ярих гэтэл цаад хүн нь утсаа аваагүй тэрнээс хойш ухаан алдаж унасан. Надад амь нас хохироох үйлдэл гараагүй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг өрхийн орлого ганцаараа авч явдаг, манай эхнэр одоогоор өвчтэй гар нь хугархай гэмтэл нь эдгэж амжаагүй байгаа. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг дээр гомдолтой байна. Би урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, би алаагүй хийгээгүй хэргийн төлөө ял үүрэх нь надад их хэцүү, гомдолтой байна.  Хохирогч бол байцаалт өгөхдөө их олон янзаар өгсөн байсан бас эргэлзээтэй байсан. Эрхэм шүүгч, прокурор та бүхэн энэ хэргийг дахин шалгаж өгнө үү. Шинжээчийн бүрэлдэхүүн нэмж 5 хүний бүрэлдэхүүнтэй болгож өгөөч ээ гэж хүсэж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч маань миний өмнөөс тайлбар хэлнэ гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Даваажаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хууль ёсны төлөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байгаа. Хууль ёсны төлөөлөгч  нь шүүгдэгчийг гэм буруугүй юм байна гэсэн байр сууринд байгаа мөн өөрийнхөө мэдүүлгүүдийг шүүх хуралдааны журмыг зөрчиж өгсөн гэсэн тайлбарыг өгсөн. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын хэд хэдэн асуудлыг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэлт хийлээ. Хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой гэсэн байдаг. Гэтэл хэрэгт цугларсан баримтууд нь гэм бурууг тогтоож чадаагүй эргэлзээтэй байна. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэдэг, гэтэл боосон тохиолдолд 5-10 минутын дотор нас бардаг гэсэн байдаг. Бодит байдал дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад амь хохирогч болон шүүгдэгчийн нарын хооронд муудалцсанаас хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа нас барсан гэж тайлбарладаг. Гэрчийн мэдүүлгүүдээс харахад 10-20 минутын хугацааны дараа амь хохирогч нас барсан гэдэг. Энэ үйл баримтаас харахад шүүхийн шийтгэх тогтоол нь анх цагдаад дуудлага өгснөөс хойш түргэн дуудах хугацаа нь 12 минутын хугацаа байдаг. Гэтэл  амь хохирогч 5-10 минутын хугацаанд гэртэй орсон, утсаараа хүн рүү залгасан, эхнэртэйгээ муудсан эдгээр үйлдлүүдийг хийсэн нь батлагддаг. Үүнээс үзэхэд механик боолт биш юм гэдэг нь хангалттай харагдаж байна. Шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий бус эргэлзээтэй байна. Хохирогчийн тухайн үед өмсөж байсан цагаан өнгийн цамцнаас үзлэгээр урагдтал ямар нэгэн гэмтэл үүсээгүй хүч хэрэглэсэн шинж тогтоогдоогүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа нь 95286365 гэсэн дугаараас дуудлага өгсөн гэдэг боловч шал өөр дугаар байдаг. 95286365 энэ дугаарын эзэн нь хэн бэ гэх лавлагаа гаргуулах ёстой гэж үзэж байна. Гэм буруугийн асуудал нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байгаа. Хохирогч бодит байдал дээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Долгормаагийн мэдүүлэг, үндсэн дөрвөн мэдүүлгээс үзэхэд амь нас болон шүүгдэгч нарын маргаан үүссэнээс хойш нэлээн хугацаа өнгөрсөн гэж тайлбарладаг. Мэдүүлгийн зөрүүтэй байгаа асуудлууд байдаг мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий эргэлзээ байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх юм бол шүүх өөрийн эрх хэмжээнд өөр шинжээч томилох боломж байдаг. Бусад шинжээчийн дүгнэлтийг харж үзээгүй байгаа, тухайлбал хэрэгт авагдсан цогцсонд үзлэг хийхэд хувцсан дээр ямар нэгэн урагдал, цоорсон, шүлс, цус, эсэргүүцэл үзүүлсэн үйл баримт байхгүй байдаг.  Хүч хэрэглэсэн шинж тэмдэг байхгүй байна гэдгийг тогтоосон баримт болж байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт маш их эргэлзээтэй хуульд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдалтай гэдэг нь харагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд үнэн зөв байдлыг тогтоох хүсэлтэй байгаа тул хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв.

 

           Хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, түүний үйлдсэн гэмт хэрэг гэм буруу нь бүрэн тогтоогдсон. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа, гэрч Д.Цогт-Очир, шинжээч эмч М.Баттүвшин нарын гэрчийн мэдүүлэг, гэрч Отгонбаяр, Уранбайгал, насанд хүрээгүй гэрч Пагмадулам, Болд-Эрдэнэ нарын мэдүүлэг болон Дундговь аймгийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 79 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар О.Эрдэнэтогтох нь амь хохирогч Оюун-Эрдэнэтэй маргалдаж улмаар барьцалдаж цамцны захаар боосны улмаас механик амьсгал, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолойн дээд талын зөөлөн эдийн цус хуралт, гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж амь нас нь хохирсон гэдэг дүгнэлтүүд үндэслэлтэй байна. О.Эрдэнэтогтох нь тухайн хэргийг үйлдээгүй гэдэг боловч түүний талийгаачтай муудаж талийгаачийн цамцаар хоолойг боож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.Эрдэнэтогтоход холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

Прокуророос О.Эрдэнэтогтохыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Эрдэнэ-Оюунтай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 23 дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг Т.Эрдэнэ-Оюунтай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...прокуророос шүүгдэгч О.Эрдэнэтогтоход холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Харчин овогт Отгонбаярын Эрдэнэтогтохыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Отгонбаярын Эрдэнэтогтоход 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэтогтоход оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэх нь хуульд нийцнэ.

 

            Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, мэдүүлэг болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 72 тоот дүгнэлтүүд зөрүүтэй, ойлгомжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т заасан нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн   үндэслэл болохгүй гэх, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /.../ гэх заалт шаардлагад нийцээгүй байна.

 

           Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 тоот “Амь хохирогч Т.Эрдэнэ-Оюуны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Т.Эрдэнэ-Оюун нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. Т.Эрдэнэ-Оюун нь В(1П) бүлгийн цустай байсан байна. “...Т Эрдэнэ-Оюун нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 72 дугаартай шинжээч нарын “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 тоот дүгнэлтэд Талийгаач Т.Эрдэнэ-Оюуны цогцост механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлүүд учирчээ. Духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач Т.Эрдэнэ-Оюун нь хэрлэгийн гаралтай зүрхний өвдөлт, дахилтат хэлбэр, зүрх судалны дутагдал "В” цусны даралт ихсэх эмгэг 2 үе шат, 2 зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэр элэгний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчтэй байна” гэх дүгнэлт

            Шинжээч эмч М.Баттүвшин шүүх хуралдаанд “Шинжилгээний явцад баруун хөмсөгний дээд булуу орчим хавдсан, 2см талбайд зулгарсан, тухайн хэсэгт хөхөлбөр улаан хүрэн өнгийн цус хурсан нь гадна үзлэгээр тогтоогдсон. Үзлэгийн явцад хоолой орчимд гэмтэл тогтоогдоогүй. Шинжилгээгээр талийгаач элэгний болон зүрхний архаг өвчинтэй байсан. Энэ нь шууд үхэлд хүргэх боломжгүй. Нүдний эвэрлэг алим болон салстад хэсэгчилсэн цус хуралт, зүрх уушгины гадаргад хэсэгчилсэн цус хуралт үүссэн нь амьсгал боогдсоны шинж , цусны шингэн төлөв нь түргэн үхлийн шинж болдог. Амьсгалын цочмог дутагдалын хугацаа нь тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ 20-30 секундийн хугацаагаар доголдоход тархины цусан хангамжид өөрчлөлт орж амьсгалын хурц дутагдалд орох боломжтой. Боолтод орсон тохиолдолд газар дээрээ нас барна. Боох механизмаас гадна хүзүүний 2 талаар мэдрэл байдаг. Мэдрэл дарагдсантай холбоотойгоор шууд зүрх зогсдог тохиолдол байдаг. Мэдрэл дарагдсан тохиолдолд хүн рефлексээрээ босож ирээд ганц нэг үйлдэл хийх, үг хэлэх боломжтой. ...” гэж мэдүүлсэн

 

           Шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ “...Үүнээс үзэхэд амь хохирогч Т.Эрдэнэ-Оюун нь шүүгдэгч О.Эрдэнэтогтохтой барилцаж /цамцны захаар нь боож/ авах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Долгормаа 7059102 дугаарт дуудлага өгсөн үеэс түргэний эмч ирээд хохирогчийг үзсэний дараа нас барсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгөх хүртэл 25 минут, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 7059102 дугаарт дуудлага өгснөөс 7059103 дугаарт дуудлага өгөх хүртэл 12 минутын хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь шүүгдэгч О.Эрдэнэтогтохтой барилцаж/ цамцны захаар нь боож эхэлснээс хойш тэднийг салгаж тус тусын гэрт нь оруулах, амь хохирогч гэртээ орсоны дараа буцаж гарах явцдаа ухаан алдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч Отгонбаяр, Уранбайгаль нарыг дуудсан, гэрч Отгонбаяр, Уранбайгаль нар амь хохирогчид анхны тусламж үзүүлэх оролдлого хийх, түргэн тусламж дуудах зэрэг үйл явц 12 минутын хугацаанд үргэлжилсэн байна гэжээ.

 

            Шинжээч эмч М.Баттүвшингийн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 59, 72 тоот дүгнэлтүүдэд амь хохирогчийг амьсгалын цочмог дутагдлын улмаас нас барсан гэх боловч Шинжээч эмчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт дурдагдсан амь хохирогчийн амьсгалын цочмог дутагдалд орох цаг хугацаа, шүүхийн дүгнэлтэд дурдагдсан хугацаа хоёрын хооронд илт зөрүү байна.

           Гэмтлийн зэрэг тогтоох журмын Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.7-д зааснаар амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр нь гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурт хамаарах бөгөөд зөрүүтэй, эргэлзээтэй, ойлгомжгүй нотлох баримтыг үндэслэн хүнд гэмт хэрэгт хүнийг яллах нь Эрүүгийн хуулийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлүүдэд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад үл нийцнэ.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн амь хохирогчийн үхлийн шалтгааныг сайтар тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч О.Эрдэнэтогтох, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээч томилуулах ажиллагааг гүйцэтгэхийн тулд хэргийг заавал прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан анхан шатны шүүхийн эрх хэмжээгээр шийдвэрлэх эрх зүйн боломж байгаа нөхцөлд энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх зарчим, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрх давж заалдах шатны шүүхэд байхгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. О.Эрдэнэтогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                             О.ОДНЯМАА