Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/161

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын нутаг “Элсэн тасархай” гэх газарт иргэн *******ийг өвс сэрээддэг сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын нутаг “Элсэн тасархай” гэх газарт иргэн *******ийг өвс сэрээддэг сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 08 сарын 21-ний өдөр 18 цагийн үед Богд сумын 2 дугаар багийн нутагт хадсан хадлангаа машинд ачиж байсан чинь ******* бид нар дээр ирж байгаа харагдсан. Тэр үед би машины тэвшин дээр өвч ачаад байж байсан чинь ******* та нар яасан олуулаа юм бэ гээд машины доороос намайг машины тэвшин дээр байхад өвс сэрээддэг сэрээгээр доороос хатгачихсан. Тэгээд би машинаас буугаад *******тай барилцаж авсан чинь миний зүүн талын гар даагдахаа болиод ирсэн. Тэгээд сугаруу халуун оргиод явчихсан тэгсэн чинь суганаас цус гарж байсан. ... миний зүүн талын суганд сэрээний үзүүр орсон. Мөн цээжин дээр бас нэг шалбарсан байгаа ... тухайн үед намайг миний эзэмшлийн өвс сэрээддэг сэрээгээр хатгасан, тэр сэрээ нь миний эзэмшлийн өвс сэрээддэг сэрээ байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 08 сарын 21-ний өдөр Богд сумын 2 дугаар багийн нутагт малдаа өвс хадаад байж байсан чинь ******* нь архи уучихсан согтуу ирээд ална гээд орилоод байсан. Тэгээд өвс сэрээдэж байсан сэрээг аваад машин дээр өвс ачиж байсан Батзоригруу сэрээгээрээ хатгачихсан. Тэгээд сэрээг би булааж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 08 сарын 21-ний өдөр би архи уучихаад манай гэрийн ойролцоо байдаг хадлан хадаж байгаа “Элсэн тасархай” гэдэг газар очсон чинь манай нутгийн хүмүүс хадсан хадлан өвсөө машин дээр ачих нь ачаад зарим нь өвс хадаж байсан. Тэгээд би очоод нэг сэрээтэй өвсийг нь аваад машин дээр ачсан чинь хүн хатгачихлаа гэсэн ... тэр үед би архи уучихсан байсан болоод л ийм зүйл боллоо ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/,

Баянхонгор  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 395 тоот шинжээчийн ... *******ийн биед зүүн суганы доод хэсэгт шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/ болон эд мөрийн баримтаар хураагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг, өвч сэрээддэг сэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналд дурдсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы 5 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг, өвч сэрээддэг сэрээ зэргийг хохирогч *******т буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы 5 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг, өвс сэрээддэг сэрээ зэргийг хохирогч *******т буцаан олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА