Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0529

 

   

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Юрагийн Алтангэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болор-Эрдэнэ,

Гуравдагч этгээд: Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя,

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Оюунчимэг

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч: Д.Болд-Эрдэнэ

Маргааны төрөл: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/1275 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний А/1275 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Ю.Алтангэрэлд газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1580 дугаар “Захирамжинд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг  хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

Харин нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/1275 дугаар захирамжийн Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.                

2.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  522 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хаягт,  700.00 м.кв газрыг иргэн Ю.Алтангэрэлд өмчүүлж, иргэн М.Жавзанжавыг хамтран өмчлөгчөөр  бүртгэж шийдвэрлэжээ.

Харин Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/518 дугаар захирамжаар иргэн М.Жавзанжавыг хамтран өмчлөгчөөс хасч, Юрагийн Алтангэрэлд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хаягт 700 м.кв газрыг өмчлүүлжээ.

3.Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юра овогтой Алтангэрэлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0780 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юра овогтой Алтангэрэлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 4, 5 болгон тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсгийг тус тус нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 3 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай гэж нэмэн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн  байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын үндэслэн Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 50 тоот хашааны газрыг өмчлүүлжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1580 дугаар захирамжаар  дээрх Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 50 тоот” гэснийг “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот” гэж өөрчилсөн байна.

4.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний А/1275 дугаар захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад  гаргасан гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-11/5526 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Ю.Алтангэрэл,  Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарыг оролцуулж хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

Улмаар Ю.Алтангэрэл нь дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю. Алтангэрэлд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю. Алтангэрэлд холбогдох хэсгийг тус тус нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж шийдвэрлэсэн юм.

Гэтэл нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний А/1275 дугаар “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаараа Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүх хуралдааны 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн иргэн Ю.Алтангэрэл /РД:ЧС841003721, Ю.Коля /РД:УК68060915/,Ю.Эрдэнэцогт РД:ЧС74122778/, Ю.Володя /РД:ЧС81080671/ нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны газрыг өмчлүүлэх шийдвэр гаргажээ.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хийлгүй, бодит байдлыг шалган тогтоолгүй шүүхийн шийдвэрийн агуулга, дүгнэлтийг ойлголгүй шууд иргэн Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний А/1275 дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" гэж үзэж байна.

Анх 2004 онд тус хашаанд миний бие ээж М.Жавзанжавын хамт амьдардаг байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчилсөн. Энэ үед Ю.Коля РД: УК68060915/, Ю.Эрдэнэцогт /РД:ЧС74122778/, Ю.Володя /РД:ЧС 81080674/ нар бүгд өрх тусгаарлан тус тусдаа амьдарч байсан юм.

 2014 онд ээж М.Жавзанжав маань хамтран өмчлөгчөөс хасагдах өргөдлөө өгч, нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар Ю.Алтангэрэл миний бие дангаараа тус хашааны газрыг өмчилж, 2017 оны 12 дугаар сарын 20-нд Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000501195 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 23 дугаар гудамжных 460 тоот хашааны 700м.кв газарт авсан бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр байдаг.

Эцэг эхийн минь нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд 3 өрөө орон сууц байсан бөгөөд эцгийг минь өөд болсны дараа ах, эгч нар маань тус орон сууцыг худалдаж, хуваан авч байсан. Харин миний бие айлын отгон хүү учраас гал голомтоо сахиж, хашааны газраа өмчлөн авч үлдсэн юм.

 Миний бие өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулж, “Хот суурийн газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-д хамрагдан хашаа байшингаа нураан газраа чөлөөлөх болоход Ю. Колягийн хамтран амьдрагч Н.Оюунчимэг нь хэл ам хийж, 2015 оноос хүүхдийнхээ гэрийг барьж буусан юм.

 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний А/1275 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдлоо нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-11/ 5526 дугаар албан бичгээр Ю.Алтангэрэл болон Ю. Коля, Ю. Эрдэнэцогт, Ю.Володя нарыг оролцуулж, хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул таны хэсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь гэр бүлийн ам бүлийн байдлыг үндэслэн тухайн хаяг дээр бодитоор амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд зориулан өмчлөх эрхийг олгож байснаас биш төрсөн ах, дуу л бол хаана амьдарч байгаа, гэр бүлийн гишүүн мөн эсэхийг үл харгалзан бүгдийнх нь нэр дээр өмчлөх эрх, гаргана гэсэн үг биш юм.

 1999 онд батлагдаж, мөрдөгдөж эхэлсэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хэлнэ гэсэн байна. Эндээс үзвэл гэр бүлийн гишүүн гэдэгт тухайн цаг үед эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа хүүхдийн хувьд яригдах юм. Тэрнээс төрсөн хүүхэд хэдий ч өрх тусгаарлаж, гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан бол гэр бүлийн гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Энэ талаар Иргэний хуульд нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 20 дугаар тогтоол гарсан байдаг. Тус тогтоолын 6 дахь хэсгийн 6.1-т “Энэ зүйлийн 129.1.1.-д заасан “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдэгт гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчингүйд тооцох, өрх тусгаарлах зэргээр тухайн гэр бүлээс албан ёсоор гарч, иргэний бүртгэлд өөрчлөлт орох тохиолдлуудыг хамааруулна” гэж албан ёсоор тайлбарласан.

Нийслэлийн Засаг даргын зүгээс бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шүүхээр маргаад байгаа тул гэсэн байр сууринаас хандаж захиргааны акт гаргасан нь миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

 Иймд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/1275 дугаар захирамжийн Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд эх М.Жавзанжав хамтран өмчлөгчөөс хасагдаж өргөдлөө өгч бичиг баримтаа бүрдүүлж Юрагийн Алтангэрэлийн нэр дээр Г2204014081 дугаартай гэрчилгээ олгогдсон. 2019 онд Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулах гэтэл гуравдагч этгээдээр оролцогчид буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг маргаан үүсгэсэн. Гэр бүлийн гишүүнээс гарсан буюу Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нар хамт амьдрах боломжгүй. Бодит нөхцөл байдлыг тодруулах гэдэг нь 2003 онд хууль батлагдан 2004 онд М.Жавзанжав өмчлөх эрхээ анх гаргуулж байхад хорооны Засаг дарга “газрыг шилжүүлэв” гэж тодорхойлолт бичих нь буруу юм. Хуулиар эрх хэмжээ олгогдоогүй байхад Ю.Эрдэнэбаатар, Ю.Алтангэрэл нарт ээлжлэн шилжүүлсэн тодорхойлолт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхээс зөрчлийг засварлах боломжгүй, захиргааны алдаатай үйлдэл бий болсон гэдгийг тодруул гэж л тогтоол гарсан. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг үндэслэлийг буруу тодорхойлж гаргасан. Сүүлд нэмэгдсэн 3 хүн гэр бүлийн гишүүнээс гарсан учраас нэмэгдэх ёсгүй. Гэр бүлийн гишүүнээс гарч байгаа бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлүүлдэг.

Тухайн үеийн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг үндэслэж дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан 2004 онд өмчлөх эрх олгосон нь зүйд нийцнэ. Хорооны засаг дарга ам бүлийн тооны тодорхойлолтыг хийж өгөх байтал газар өмчлөх эрхийг шилжүүлсэн мэт тодорхойлолт бичсэн нь захиргааны байгууллагын алдаа. Үүнийг засварлах ёстой гэсэн агуулга байгаа юм. Захиргааны гаргасан шийдлийг баримталбал Б.Юрагийн 9 хүүхдийн нэр дээр газрын гэрчилгээ гарна. Монгол Улсад хуулийн ийм зохицуулалт үйлчлээгүй. Тухайн газар дээр хэн амьдарч байна. Тэр хүн 1 удаа үнэгүй өмчлөх боломжийг олгосон хуулийн зохицуулалт байгаа. Төрийн захиргааны байгууллага бодитой, үнэн зөв хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Ингэснээр анх 2004 оны шийдвэр хэвээр үлдэж Ю.Алтангэрэл өмчлөгч болох тул өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий захирамжаас Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт холбогдох холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ю Алтангэрэл болон М.Жавзанжав нарт өмчлүүлсэн. Улмаар эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах тухай хэлцэл хийгээд 2014 онд М.Жавзанжав нь хамтран өмчлөгчөөс хасагдаж Ю.Алтангэрэл нь дангаараа маргаан бүхий газрыг өмчилсөн.

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дүгнэхдээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Б.Юрад олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 23 дугаар гудамжны 460 тоот хашааны газрын эдлэх эрхийн үнэмлэх дээр Ю.Алтангэрэлд шилжүүлэв гэх бичилт хийж, гарын үсэг зурж, тамга дарсан нь хууль бус бөгөөд Ю.Алтангэрэл нь Жанжины 23-460 тоотод оршин суудаг. Ам бүл 2, эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг уламжилъя гэх тодорхойлолтыг хийж өгсөн нь бодит үнэн байдал нийцээгүй байна. Уг тодорхойлолтыг үндэслэж Нийслэлийн засаг дарга нь маргаан бүхий захирамжуудаар тус газрыг Ю.Алтангэрэлд өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. 1, 20-2-т зааснаар тухайн үед уг хашаанд амьдарч, бодитоор эзэмшиж, ашиглаж байсан гэр бүлийн гишүүд болох Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Мөн газрын эзэмших эрхийг Ю.Алтангэрэлд шилжүүлэв гэх хорооны Засаг даргын бичиглэл, гарын үсгээр газар эзэмших эрх шилжих хууль зүйн үр дагавар үүсэхгүй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Д.Юрагийн Газар эдлэх эрхийн үнэмлэхэд дээрх байдлаар тодорхойлсон /цохолт/ бичилт хийгдээгүй байсан бол Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн дагуу Б. Юрад олгосон газар эдлэх эрхийн үнэмлэх нь Ю. Алтангэрэлд уг газрыг өмчлүүлэх шийдвэр гарах шууд үндэслэл болохгүй. Тухайн хашаанд бодитоор амьдарч буй гэр бүлийн гишүүдийн талаар үнэн зөв тодорхойлолтыг хорооны Засаг дарга гаргасан бол маргаан бүхий газрыг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх боломжтой байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсгийг тус тус нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргуулахаар 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргаас Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн иргэн Ю.Алтангэрэл, Ю. Коля, Ю.Эрдэнэцогт, Ю. Володя нарын хэн алиных нь хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус үндэслэн. Иргэнд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн захирамжаар иргэн Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю. Володя нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны газрыг өмчлүүлсэн.

 “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Ю.Алтангэрэлд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-11/5526 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхээс Ю.Алтангэрэл болон Ю.Коля, Ю.Эрдэнэцогт Ю.Володя нарыг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гарах ажиллагаа дахин явуулах, хууль заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа зөрчлийг засах боломжтой гэж үзэж Нийслэлийн Засаг даргад дахин шинэ акт гаргахыг даалгасан. Монгол Улсын Дээд шүүхийн 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/1275 дугаар захирамж гарган Ю.Алтангэрэл болон Ю.Коля, Ю.Эрдэнэцогт Ю.Володя нарыг оролцуулж хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ захирамж үндэслэлтэй” гэв.

8.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Борис овогтой Юра, Майны Жавзанжав нар 9 хүүхэд төрүүлсэн. БЗД-ийн 12-р хороо Жанжины 23-460 тоотод аав ээж хоёр 9 хүүхдийн хамт амьдарч байсан нь үнэн. Мөн УБ хот Сонгинохайрхан 15-р хороо Өнөр хороолол 23 байр 201 тоот байранд амьдарч байсан нь үнэн. Юра аав тэнгэрт хальснаас хойш байраа 14 сая төгрөгөөр зарсан юм. Жавзанжав ээж, Люда, Коля, Наташа, Эрдэнэцогт, Эрдэнэбаатар (талийгаач) Нэргүй, Бямбасүрэн, Володя, Алтангэрэл нар ээж 9 хүүхэд бүгд 1сая 400 төгрөгөөр хувааж бүгд авсан нь үнэн. Юра ааваас үлдсэн өв хөрөнгө болох хашаанд бүгд амьдарч байгаад, Коля Наташа, Бямбасүрэн гурваас бусад нь гэр бүлтэй болж тус тусдаа амьдардаг, Алтангэрэл олон жил машины угаалгын газар барина гэж хөөдөг байсан. Та нар шүүх цагдаагаараа яв юу ч олж долоохгүй гэдэг байсан.

2.Шүүхийн шийдвэр гарчхаад байхад Монгол улсын ямар ч хууль надад үйлчлэхгүй гэж байшин, хашаа, гарааж, жорлон буулгасан. Алтангэрэл шүүхийн шийдвэр гарсан байхад тог тасдуулж тоолуур авч явж би байрны гэрээ хийсэн. Энэ хашаанаас тоолуурууд ав өөр газар байрлуул гэсэн байсан. БЗД-12-р хороо Жанжины 23-460 тоот хашаанд Алтангэрэлийн юуг 100 төгрөг ч байхгүй. Өрхийн бүртгэл болон, Алтангэрэл хууль, шүүх надад хамаагүй гэж буулгасан зургуудыг хамт өгөв.

Баянзүрх дүүрэг нь хуучнаар Найрамдлын район байхад Ю.Коля-цэргийн алба хаасан. Баянзүрх дүүрэг нэртэй болсноос хойш Эрдэнэцогт, Володя нар нь мөн цэргийн  алба хаасан. Талийгаач Эрдэнэбаатар /ихэр/ болон нэргүй нар Баянзүрх дүүрэгт цэргийн албан хаасан нь үнэн. Коля 2014 оны 05 дугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 23-460 тоот хаягт шилжиж ирээд одоо хүртэл амьдарч байгаа. Коля түр Сонгинохайрхан дүүргийн байранд хаягтай байсан. 3 өрөө ааваас үлдсэн байрыг 14 саяад зарж, ээж Жавзанжав болон 9 хүүхэд 1 сая 400 төгрөг бүгд адилхан авсан. Ю.Алтангэрэл ээж Жавзанжав, эгч Бямбасүрэн хоёрын мөнгө авч өөрийнхөө мөнгөтэй хамт 1134 УБТ микро, Нэргүй эггч Наташа, дүү Володягийн мөнгө авч өөрийн мөнгөтэй хамт 1094 УБТ микро авч шугаманд явдаг байсан. Ю.Алтангэрэл байрнаас мөнгө аваагүй бусад нь авч надад Баянзүрх дүүргийн хашаа байшинг өгсөн гэдэг бүгд худлаа. Ю.Алтангэрэл 2012 онд эхнэр Н.Одмаагийн хамт Солонгос улс явж хэдэн жил ажил хийж ирээд эхнэр 2 хүүхдийн хамт 3, 4 дүгээр хороололд 2 өрөө байранд амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 08-нд ээж Жавзанжав тэнгэрт хальсан. Өөд болохоос өмнө ганц Коля 2 жил өдөр шөнөгүй ээжийгээ асарч байсан нь үнэн. Ю.Алтангэрэлийн 100 төгрөг ч хашаанд байхгүй, хашаандаа төрсөн үеэсээ одоог хүртэл амьдарч байгаа хүмүүс нь Коля, Бямбасүрэн хоёр юм. Урьдчилсан шүүх хуралд гэрчээр оролцсон Люда, Наташа, Нэргүй  гурав бүгд хашаандаа амьдарч байсан нь үнэн гэдгээ хэлсэн. 

...Ю.Алтангэрэлийн ах дүү нь хашааны газрыг өөрийн нэр дээр шилжүүлснийг огт мэдээгүй. Газар эзэмших гэрчилгээнээс ээж М.Жавзанжавд хэлэхгүйгээр нэрийг нь хасуулсан байсан. Ю.Эрдэнэцогт бид 2 энэ талаар мэдсэн.

Ю.Наташа, бид 2 Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 460 тоот хашаа байшинд ах Ю.Коля, дүү Ю.Бямбасүрэн нарын хамт олон жил амьдарч байгаа юм. Б.Юра миний аав энэ хашаа газрын эзэмшигч байсан. Миний дүү Ю.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлснийг манай ах дүү нар бүгд мэднэ. Гэтэл хамгийн бага дүү Ю.Алтангэрэл хашааны газрын гэрчилгээг ямар залилан хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсныг манай гэрийнхэн мэдээгүй учраас хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл байдаг. Мөн Ю.Нэргүйн  “Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 460 тоот хаягт 2004 он хүртэл амьдарч байсан. Одоо энэ хашаанд ах Ю.Коля, Ю.Наташа, Ю.Бямбасүрэн нар амьдарч байгаа. Эцэг эхээс өвлөгдөж ирсэн энэ газрыг дүү Ю.Алтангэрэл булаацалдаж маргаж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэж бичсэн өргөдөл байна.  Ю.Алтангэрэлд энэ газар ямар ч хамааралгүй. 1 дүгээр хороололд байсан байраа 14 сая төгрөгт зараад 9 хүүхэд нь ээжийн хамт 1.4 сая төгрөг хуваан авсан. Ээж нь хамгийн бага хүүдээ өвлүүлж өгсөн гэдэг нь худлаа.

...Одоо энэ хашаанд зөвхөн Ю.Коля амьдарч байгаа. Энэ хашаа Ю.Алтангэрэлд ямар ч хамааралгүй. Ю.Эрдэнэбаатарын нэр дээр газар өмчлөх эрх байсан. 2019 онд хашаанаас биднийг хөөж эхэлсэн учраас Газар зохион байгуулалтын алба руу явсан.  Ю.Алтангэрэл ах Ю.Коляд хэлсэн байдаг. Би энэ газрыг авч үлдэхийн тулд их мөнгө зарцуулсан...” гэв.

9.Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Дээд шүүхээс Ю.Алтангэрэлд газар эзэмших эрх олгосон захирамж нь бодит байдалд нийцээгүй гэж дүгнэсэн.

Энэхүү маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 22 дугаар хэсэгт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Улаанбаатар хотын Ардын Дептатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Б.Юрад олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны Газар эдлэх эрхийн үнэмлэх дээр “Юра овогтой Алтангэрэлд шилжүүлэв” гэх бичилт хийж, гарын үсэг зурж, тамга дарсан нь хууль бус бөгөөд, “Юра овогтой Алтангэрэл нь Жанжины 23 дугаар гудамжны 460 тоотод оршин суудаг. Ам бүл 2. Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг уламжилъя” гэх тодорхойлолтыг хийж өгсөн нь бодит үнэн байдалд нийцээгүй, уг тодорхойлолтыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжуудаар газрыг Ю.Алтангэрэлд өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2-т зааснаар тухайн үед уг хашаанд амьдарч, бодитоор эзэмшиж, ашиглаж байсан гэр бүлийн гишүүд болох  нэхэмжлэгч Ю.Коля, Ю.Эрдэнэцогт Ю.Володя  нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэсэн.

Бодит үнэн байдалд нийцээгүйг тодорхойл гэсэн тогтоолыг Ю.Алтангэрэлд өгсөн хорооны Засаг даргын тодорхойлолтыг л хэлж байна гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын тайлбараас үзэхэд 3 хүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. Тэдгээрийн эрх ашгийг анхаарч үзээгүй байна. Иймд эдгээр 3 хүний ашиг сонирхлыг оролцуулан дахин шийдвэр гарга гэж дүгнэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас маргааны бүхий захирамж гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий газрыг Ю.Алтангэрэл ганцаар эзэмших эрхтэй гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Эрхийг баталгаажуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж нотлох баримт үнэлэхтэй холбоотой заалт байдаг. Гуравдагч этгээд нарыг тухайн үед тус хашаанд амьдарч байсан, гэр бүлийн гишүүд мөн болохыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 19 дүгээр тогтоолоор тогтоогдсон асуудал. Уг тогтоолд Ю.Коля, Ю.Володя, Ю.Эрдэнэцогт нар болон гуравдагч этгээд Ю.Алтангэрэл нарыг оролцуулж бодит байдлыг тодруулж захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны зөрчлийг засварлах боломжтой гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтаар эдгээр хүмүүс тус газарт амьдарч байсан нь нэгэнт тогтоогдсон учраас үүнийг заавал дахин нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд гуравдагч этгээд 3 хүний нэрийг хасуулъя гэсэн байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдвал 2014 онд гаргасан захирамжийн агуулгатай адил болно. Адилхан захирамж гарга гэж Монгол Улсын Дээд шүүх шийдвэрлээгүй. Энэ 3 хүний эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна. Зөрчлийг арилга гэж шийдвэрлэсэн” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гартал захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

1.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.“Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 12.1.3.”аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 14.1.3.”аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 19 дүгээр зүйлийн 19.1.”Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй:”, 19.1.4.”Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;”, 20 дугаар зүйлийн 20.1.”Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана:”, 20.1.1.”гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар;”, 20.1.2.”оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;”, 20.1.3.”өмчилж авах газрын зориулалт, хэмжээ;”, 20.1.4.”энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт.”, 20.2.”Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.”, 20.3.”Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 20.3.1.”гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 20.3.2.”гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;”, 20.3.3.”Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 20.3.4.”хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.”, 21 дүгээр зүйлийн 21.1.”Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр хуульд заасны дагуу газрыг  түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заажээ. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолд “...17. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т /нийслэлийн Засаг дарга нь/... дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах-аар, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т ... нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч ... нийслэлийн Засаг даргад уламжлах-аар, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т ... /хорооны Засаг дарга нь/ газар өмчлөлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах, нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих-аар тус тус зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад хадгалагдана, дүүргийн Засаг дарга нь иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч нийслэлийн Засаг даргад уламжлах, хорооны Засаг дарга нь тухайн хорооныхоо нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн биелэлтийг хангуулах тус тусын чиг үүрэгтэй байна. ...26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан, энэ тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой, хариуцагч нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий гэж маргаж буй нэхэмжлэгч Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нар болон гуравдагч этгээд Ю.Алтангэрэлийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. …” гэж дүгнэсэн байна. 

2.Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “… нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.Алтангэрэлд холбогдох хэсгийг тус тус нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж …” шийдвэрлэснийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын үндэслэн Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 50 тоот хашааны газрыг өмчлүүлсэн байна. 

Тус захирамж дахь хаяг буруу бичигдсэнийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1580 дугаар захирамжаар зөвтгөж өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ю.Володя 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр,  Ю.Эрдэнэцогт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Ю.Коля 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус шүүхийн шийдвэр биелүүлж хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, Ю.Алтангэрэл 2022 оны 08 дугаар сарын 31 болон 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах агуулга бүхий хүсэлт гаргасан байна. 

Гэтэл хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт хашааны газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолын үндэслэлийг бүрэн биелүүлж, хуульд заасан нотлох гүйцэт цуглуулаагүй байна гэж үзлээ. 

Учир нь хуулийн хүчин төгөлдөр Улсын Дээд Шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолд зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй,  гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг зэргийг хавсаргасан хуульд заасан хангасан өргөдлийг хүлээн авч тухайн иргэн энэ өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр хуульд заасны дагуу газрыг  түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр Улсын Дээд Шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолд зааснаар хариуцагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах байдлаар  захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан дээрх нөхцөл байдлыг тодруулан, нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн өргөдлийг хүлээн авч Ю.Алтангэрэл, Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарт газар өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь шаардлагатай тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд  Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН