Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/03552

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 07 182/ШШ2023/03552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Ди Эйч-Эль компанийн байр, 8 дугаар давхар, 801 тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Файнанс төвд байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандинбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, Д.Оюунтуяа

Гэрч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч ******* ******* ХК нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ******* дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ гэсэн нэртэй тендер зарласны дагуу нэхэмжлэгч нь уг сонгон шалгаруулалтад шалгарч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.

Тус тендерийн баримт бичиг нь ******* ******* ХК-ийн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг байсан. Тендерийн урилга дээр ч гэсэн "******* ******* ХК нь Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах ******* дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа дурдсан.

Зөвлөх үйлчилгээний гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5.1-д заасан баримт материалыг Захилагчаас анх хүлээн авсан өдрөөс эхлэн хуанлийн 5 сарын дотор хийж гүйцэтгэж, Ажлын тайланг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү захиалагчаас баримт материал ирүүлэх хугацаа удааширсны улмаас нэхэмжлэгч нь Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажил үйлчилгээг 2022 оны 03 дугаар сард бэлтгэн хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн холбогдох албаны хүмүүст танилцуулан албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Гэтэл хариуцагчаас албан бичгээр Талуудын хооронд байгуулсан ЭТТ-2019/792 дугаартай гэрээний 2.1 дэх заалт болон ажлын даалгаврын гүйцэтгэх ажлын хамрах хүрээнд ******* Зүүн, Баруун уурхай, бусад уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах ажил бүхэлдээ багтсан байх тул ******* зүүн уурхайтай холбоотой ажлыг ажлын тайланд оруулах шаардлага тавьж, гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн.

2019 онд Монгол Улсын Засгийн газраас Таван толгойн нүүрсний уурхайг ашиглаж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох талаар ******* ******* ХК-ийн охин компанийг байгуулах зорилтын хүрээнд Засгийн Газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "*******-*******" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоол батлагдаж, уг тогтоолын 2.2-т ******* нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор ******* ******* ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд ******* дугаар бүхий ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "*******- *******" ХК-ийн охин компанид эзэмшүүлэх-ийг үүрэг болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах үед хариуцагч нь олборлолт явуулж байгаа Зүүн цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байсан тул уг уурхайтай холбоотой хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх асуудал хариуцагчид хамааралгүй байсан гэдгээ хариуцагчийн удирдлага 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хүлээн зөвшөөрсөн.

Гэсэн хэдий ч хариуцагчаас дахин 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 01/1169 тоот албан бичиг ирүүлж, уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж ирүүлсэн тохиолдолд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж болох талаар өөр шалтаг хэлж, төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээний Нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт ...санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББОУС-ын 37 болон бусад холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох зардлыг тооцох, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх... хуримтлагдах сангийн аргачлалыг боловсруулах" гэж тусгайлан зааснаас үзэхэд хариуцагчийн хүссэн уурхайн хаалтын төлөвлөгөө гэгч нь уурхайн нөхөн сэргээлт/хаалтын төлөвлөгөө гэхээсээ илүү уурхайн хаалт хийхэд шаардлагатай нөөцийн санг олон улсын санхүүгийн тайлагналын дагуу хэрхэн бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ байна.

Мөн ажлын даалгаварт зааснаас үзэхэд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэдэгт Байгаль орчныг хамгаалах багц хуулийн дагуу хийгдэх уурхайн хаалтын нөхөн сэргээлт /техникийн/ гэхээсээ илүү олон улсын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу уурхайн хаалтын төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой нөөц сан үүсгэх, аргачлал /санхүүгийн/ боловсруулах олон улсын санхүүгийн шинжтэй зөвлөх үйлчилгээ байсан.

Цаашилбал, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.4.4-т Зөвлөхийн санал болгох ажилтанд шаардагдах туршлагын доод түвшинг тодорхойлсон бөгөөд үүнд: багийн ахлагч болон гишүүд нь уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж үнэлж, дүгнэж байсан туршлагатай, ахлагч нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай гэж тусгайлан заасан бол ТӨЗ 6.2-т Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага: Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах ажил гүйцэтгэж байсан туршлага (ажиллаж байсан ордын тоогоор)" хэмээн тусгайлан заасан нь хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулах тухай олон улсын нягтлан бодох бүртгэлийн шинжтэй зөвлөх үйлчилгээг тодорхой илэрхийлсэн байдаг.

Хэрэв захиалагч анхнаасаа уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажил гүйцэтгэх тендер зарлах байсан бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийн дунд тендер зарлах байсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т ...уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг... хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх" гэсний дагуу нөхөн сэргээлт хаалтын менежментийн төлөвлөгөө нь өнөөдрийн нөхцөлд хэтэрхий эрт байгаа бөгөөд боловсруулсан ч хэрэгжих боломжгүй төлөвлөгөө гарахаас гадна хаана ч хэрэглэгдэхгүй юм.

Өнөөдрийн боловсруулагдсан Техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу "******* Таван толгойн уурхайг цаашид 30-50 жил ашиглах боломжтой байгаа нөхцөлд ашигт малтмалын нөөц нэмэгдэх, хасагдах, шинжлэх ухаан технологийн хөгжил, дэвшлийг дагаад уул уурхайн ашиглалт-олборлолтын арга барил, техник, технологид хувьсал, өөрчлөлт орох зэргээс шалтгаалан хаалтын төлөвлөгөөг үнэн зөв тооцож гаргахад учир дутагдалтай.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4, 8.4.6, 8.4.7, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаас дүгнэн үзвэл, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг Монгол Улсын хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий дотоодын аж ахуйн нэгж, байгууллага хийж гүйцэтгэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн хуулийн этгээд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, тэр дундаа уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах үүргийг хуулиар тусгайлан хүлээсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/181, А/458 дугаартай Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам батлах тухай" тушаалыг Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан бөгөөд уг журмын 3.1-д төсөл хэрэгжүүлэгч нь.... тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ... хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөлтийн талаар тусгана" гэжээ.

Өөрөөр хэлбэл, уурхайн хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөлт нь холбогдох хуулийн дагуу /Ашигт малтмалын тухай хуулийн 26.2.3 болон 27.1.12 дахь заалт/ техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдсан.

Дээрх хаалтын журмын 3.2 дахь заалтад "Төсөл хэрэгжүүлэгч нь уурхай, үйлдвэрийг бүхэлд нь хаах зөвшөөрөл авах үеийн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг энэ журмын 2 дугаар бүлэгт тусгагдсан шаардлага, агуулгад нийцүүлэн боловсруулж, энэ журмын хавсралт 1-д тусгасан баримт бичгийн хамт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал авахаар хүргүүлнэ" гэжээ.

Өөрөөр хэлбэл, уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө гэдэгт хариуцагчийн шаардаж байгаа уурхайн хаалтын төлөвлөгөө мөн бол уг төлөвлөгөөг гагцхүү уурхайг бүхэлд нь хаах зөвшөөрөл авах үед шаардагдах баримт бичиг бөгөөд Байгаль орчны тухай хуулийн дагуу дотоодын тусгай зөвшөөрөлтэй этгээд боловсруулах зохицуулалттай байдаг.

Зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгавар, тендерийн өгөгдлийн хүснэгт дээр захиалагч нь хүсэл зоригоо ...уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэх" гэж тодорхой илэрхийлсэн байхад уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө буюу техникийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахыг шаардаж байгаа нь гэрээнд тусгаагүй ажил үйлчилгээг, ийм үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй этгээдээс шаардаж байгаа хууль бус бөгөөд гэрээгээ зөрчсөн үйлдэл болж байна.

Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу хүргүүлсэн ажлын тайлангаас чухам аль бүлэг, хэсэг, хуудас, догол мөрд тусгагдсан асуудлыг тодорхой болгох, хэрхэн дэлгэрүүлэх, тодруулах, ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага байгаа тухайгаа нарийвчлан бичгээр ирүүлбэл бид тухайн тайлбар, шүүмжийн дагуу өөрчлөн хүргүүлж болно гэж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын тайлантай холбогдуулан бичгээр ирүүлсэн шүүмж, тайлбар, тодруулга байхгүй байгаа нь ажлын тайлан шаардлага хангасан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс Зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай баримт материалыг хүлээн авснаас хойш хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан уурхайн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй этгээд бус тул тендерийн баримт бичигт заасан гагцхүү олон улсын санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу уурхайн хаалтын төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой хаалтын нөөц сан үүсгэх төлөвлөгөө, аргачлал боловсруулах төлөвлөгөөг ажлын тайландаа хангалттай тусгаж өгсөн юм

Иймд, хариуцагчаас зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу төлөх төлбөрийн 70 хувийн үлдэгдэл болох нийт 559,568,545.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

"******* ******* ХК-иас Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг ажлын даалгавар, баримт бичгийн хамт нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. "******* ХХК нь уг ажлын даалгавар болон тендерийн баримт бичигт заасан гүйцэтгэх ажил, нөхцөлийг хүлээн зөвшөөрч техникийн саналаа ирүүлсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЭТТ-2019/782 дугаартай "Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан.

"******* ХХК нь "******* *******" ХК-д Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/782 тоот гэрээний хүрээнд хийсэн ажлын монгол хэл дээрх тайланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тус тайлан нь *******н ордын Баруун ******* уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд "Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлех үйлчилгээ" нэртэйгээр ирсэн байна.

Уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд "*******" ХХК-иас ирүүлсэн тайланг судалж үзэхэд

-*******н ордын Баруун ******* уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд "Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ нэртэй тайлан нь 125 хуудас бичиглэл, 2 хавсралт бичиглэлээс бүтсэн, зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1-д заасан ******* зүүн уурхайн талаар тайланд ороогүй.

Зөвлөх үйлчилгээний гэрээний 3 дугаар заалтад ажил гүйцэтгэх хугацааг захиалагчаас баримт материалыг анх хүлээн авсан өдрөөс 5 сарын дотор хийж гүйцэтгэх гэж заасан боловч гэрээ нь 2019 оноос 2022 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдалтай (32 сар) байна.

Төслийн тойм, хаалтын зорилго, зорилт тодорхой бус, гэрээний зорилго зорилтыг биелүүлээгүй, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах журмын агуулгын дагуу хийгдээгүй байна. Журмын 2.3.1.-д төслийн тоймд ашиглалтын хугацаа, ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын арга, технологи, төслийн гол бүрэлдэхүүн хэсгийн цар хүрээ, төслийн дэд бүтцийн ашиглалтыг зогсоох магадлалтай хэсгийн цар хүрээ зэргийг тусгасан байх "Уурхайн хаалт нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах" зөвлөх үйлчилгээний тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөө боловсруулсан талаар нэлээд дурьджээ. Энэ нь зөвлөх үйлчилгээний гэрээ болон ажлын даалгаврын дагуу хийгдээгүйг илтгэж байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь мэргэжлийн үг хэллэг, орчуулгын алдаа, өгүүлбэрийн утга, найруулгын алдаа нэлээдгүй байна. Түүнчлэн:

1.Уурхай тус бүрийн жил бүр хийгдэх ажлын хэмжээ, ажлын жагсаалтууд он жилийн дарааллаар нэгтгэгдэн хийгдээгүй. Уурхайн хаалтын талаарх технологийн зураг схем байхгүй.

2.Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын зөвлөх нь тайлангийн зорилгыг тодорхойлохдоо "Монголын үндэсний аудитын газар нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу *******н хүрэн нүүрсний ордтой (******* зүүн болон баруун, бортээгийн уурхай) холбоотой уурхайн хаалтын санхүүгийн тайлан болон нөхөн сэргээлтийн баталгааг шаарддаг. Иймээс *******н уурхайд одоо болон ирээдүйд хүлээгдэж буй уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажилд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлага үүссэн. Төслийн зорилго нь зэргэлдээх талбайг багтаасан уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээний зардлын эмхэтгэл юм" (тайлангийн 13-р хуудас) хэмээн тодорхойлсон байгаагаас үзвэл Зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/782 тоот гэрээний 1.1-д заасан "....холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж....." үндсэн ажлыг боловсруулах зорилгыг орхигдуулсан байна.

3. 2-р үе шатанд уурхайн хаалтын талаар одоо мэдэгдэж буй анхаарах асуудлуудын нарийвчилсан үнэлгээг хийсэн. Тэдгээр асуудлуудын талаар саналуудыг Зөвлөх засч сайжруулж, уурхайн хаалтын техникийн арга болох "Суурь хувилбар-үнэлэв. (хуудас 13) Нарийвчилсан төлөвлөгөө бус суурь үнэлгээ хийсэн гэдэг нь 0.4-р бүлэг зөвлөмж хэсэгт тодорхойлогдсон байна. /Хуудас 18/. Мөн хаалтын урьдчилсан төлөвлөгөө боловсруулах үндэслэлийг: а. Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө. Хуудас 18. (15-25 жил ашиглагдах уурхай) материал болон судалгаа хийгдээгүй b. Хангалттай суурь (гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОНУ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай мэдээлэл өгөөгүй, геотехникийн судалгаа хийгдээгүй), (хуудас 20, 29, 30, 47-50), с. "1.4.1.2-р бүлэг ....Хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн төслийг урьдчилан боловсруулсан гэж ТЭЗҮ-д тэмдэглэсэн d. "Уурхайн хаалт тал дээр ЭТТ-ийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд (хандлага, аргачлал, бүртгэл) урьдчилсан бэлтгэл хангах түвшинд байна гэж Зөвлөх дүгнэж, Хаалтын зардлыг илүү бодитой бөгөөд иж бүрэн тооцоолохын тулд уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулсан" (хуудас 74) зэрэг болно.

Дээрх тайлбар нь "Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын 1.6-д заасныг давтаж хийснийг илтгэж байна.

4. Тайлангийн 20 дугаар хуудсанд "Үлдсэн лицензийн талбай болон *******н ордын ашиглалтын үйл ажиллагаа нь энэхүү ажлын нэг хэсэг биш юм" гэсэн нь тус тайлан нь зөвхөн Бортээг, ******* баруун уурхайн хүрээнд хийгдсэн бөгөөд гэрээнд заагдсан бусад уурхайг орхигдуулсан байна. Гэрээнд заасан Зүүн цанхи болон бусад уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө болон хаалтын сан бүрдүүлэх судалгааг хийх боломжтой байсан ч одоог хүртэл хийгээгүй байна.

5. Зөвлөх нь тайлангийн 1.5.4. Уурхайн хаалтын ажлын концепци бүлэг дээр ...судалгааны өмнөх мэдээлэл, баримт бичгүүд нь хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа тул зардал-үр ашгийн тал дээр зөвлөх нь баталгаа гаргах боломжгүй" гэснээс зөвлөх нь өөрийн боловсруулсан энэхүү тайланг үгүйсгэсэн байна.

6. Төслийн хаалтын дараах газар ашиглалтын зориулалтыг орон нутгийн иргэд, засаг дарга, газар эзэмшигчтэй зөвшилцөөгүй, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэх нь тодорхой бус байна.

7. Орон нутгийн хөгжлийн хэтийн зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн хаалтын дараах газар ашиглах зориулалт тодорхой бус байна.

8. ******* ордын ашиглалтын нийт жилийн хугацаанд бүтээн байгуулагдах /гадаргын нэгдсэн төлөвлөлт/ дэд бүтцийн байгууламжуудын талаар тусгагдаагүй байна.

9. Уурхайн тус бүр дээр байгуулагдсан болон байгуулагдах дэд бүтцийн жагсаалт, холбогдох төлөвлөгөө тус тайланд тусгагдаагүй байна.

10. Тайлангийн хуудас 48-д гидрогеологийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ олон улсын түвшинд хийгдээгүй, БОННҮ олон улсын түвшинд хийгдээгүй, захиалагчаас хангалттай судалгаа мэдээлэл өгөөгүй, геотехникийн хийгдээгүй зэрэг нь оновчтой, үр дүнтэй үнэлгээ хийх боломжгүй гэжээ. Энэ нь боловсруулсан тайлан үнэмшил багатай тайлан болсон гэдгийг илэрхийлж байна.

11. Тайлангийн хүснэгт 2.1-д Уурхайн хаалтын төлөвлөлтийн талаар зөвлөлдөх хэмжээнд хангалттай нарийвчилсан төлөвлөгөө байхгүй тул энэ шатанд зөвлөлдөх хэлэлцүүлэг хийх шаардлагагүй" гэсэн байна. Энэ нь захиалагч тал болон оролцогч талуудын саналыг авалгүйгээр энэхүү тайланг боловсруулсан гэдгээ илтгэж байна. Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын уурхайн төлөвлөлт, бизнесийн стратеги төлөвлөлт, нийгмийн оролцоо, бүх оролцогч талуудын саналуудыг тусгаж гүйцэтгэх шаардлагатай ажил юм.

12. Тайлангийн хуудас 74-д "Уурхайн талбай дах байгууламж тус бүрээр болон нийт уурхайн талбайг хамарсан хаалтын дараах мониторинг хийх аргачлал, концепци цогцоороо гараагүй байна" гэжээ. Энэхүү хяналт-мониторингийн аргачлал, төлөвлөгөө энэхүү судалгааны ажилд хийгдэх ёстой гэж үзэж байна.

13. Тайланд Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага"-ын 2.2.4-д заасан хаалтын дараах гүйцэтгэлийн химийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байна.

14. Тайланд "Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага"-ын 2.2.6-д заасан Хаалтын дараах гүйцэтгэлийн физикийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байна.

15. "Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага"-ын 2.2.7-д заасан хаалтын өмнө болон дараах хугацаанд уурхайн ажиллагсад болон нөлөөлөлд өртөх иргэдийн талаар авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөлт бүхий нийгмийн нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг орхигдуулсан байна.

16. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Шинээр болон зэргэлдээ бусад уурхайн төлөвлөлтийн уялдааны талаар ямар нэгэн зүйл тусгаагүй байна.

17. "Хаалтын менежментийн төлөвлөгөө, түүний агуулга, тавигдах шаардлага"-ын 2.2.10-д заасан Хаалтын дараах хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторингийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан байна.

18. Уурхайн хаалтын бэлтгэл ажлыг хангахад хүрэлцэхүйц шилжилтийн үеийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг орхигдуулсан байна.

19. Зөвлөх үйлчилгээний гэрээт ажлын тайлан нь "Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын агуулгын хүрээнд бичигдээгүй байна. "Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын 1.6-д заасны дагуу урьдчилсан хаалтын төлөвлөгөө нь хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ-д тодорхойлогдсон байхыг заасан байдаг. ******* ХХК нь тайланд урьдчилсан хаалтын төлөвлөгөөг захиалагчаас өгөгдсөн суурь мэдээлэлд тулгуурлан ******* баруун уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд нэгтгэн боловсруулсан байна.

20. Тайлангийн 116-р нүүр. 2.9.3.5 Уурхайн хаалтын зардлын харьцуулалт хэсэгт зардлын тооцооны үзүүлэлтүүдийг нэгтгэн харуулсан байна. Уурхайн хаалтын зардал ******* Баруун болон Бортээг уурхайн хувьд 4 дахин өссөн учир шалтгааныг тайлбарлаагүй, захиалагч тал хүлээн зөвшөөрөх эсэх дээр зөвлөлдөөгүй.

21. НББОУС-ын 37-д заасан санхүүгийн тайланд тусгах ёстой зардал нь төлөвлөгөөгөөр баталгаажсан мөнгөн дүн байх ёстой бөгөөд уг тайлан нь Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ын 3 дугаар заалтад заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан баталгаажуулаагүй байна.

Түүнчлэн, ******* ХХК нь техникийн саналдаа уг зөвлөх үйлчилгээг өөрсдийн түнш компани болох Герман улсын RWETI компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой гүйцэтгэнэ гээд 2019 онд RWETI Технологи Олон Улсын GmbH-тай байгуулсан Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Хэлцлийн санамж бичиг, зөвлөхийн танилцуулгыг ирүүлсний дагуу RWETI компанийг гэрээнд тэмдэглэсэн. Гэтэл RWETI-тай байгуулсан "Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны Хэлцлийн санамж бичиг-ийн дагуу ЭТТ-2019/782 дугаартай гэрээг хэрэгжүүлэх үүргээ зөрчин Fitchner GmbH компанитай зөвлөх үйлчилгээний ажлыг хамтарч хийсэн.

Иймд нэхэмжлэгч "******* ХХК нь ЭТТ-2019/782 дугаартай гэрээний 5.7-д "Зөвлөх нь Гэрээний 2.2-т заасан ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн түвшинд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэнэ, 5.9-д "Зөвлөх нь ажлын тайланг /мэргэжлийн/ англи, монгол хэл дээр боловсруулах", 5.10-д Гэрээт ажлын асуудлаар шаардлагатай тохиолдолд бусад байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдвэрлэх гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Тус гэрээний 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар Зөвлөхийн ажлын явцын тайланг Захиалагч хүлээн авснаар гэрээний үнийн дүнгийн буюу ажлын хөлсний 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг, Зөвлөх гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсний дараа, Зөвлөхийн гаргасан ажлын эцсийн тайланг Захиалагч хүлээн авч, талууд гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 319,753,454.4 төгрөгийг зөвлөхийн нэхэмжлэхийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч "******* ХХК нь гэрээний 4.1.2-т заасан ажлын явцын тайланг ирүүлээгүй, 4.1.3-т заасан ажлын эцсийн тайланг *******н ордын Баруун ******* уурхай болон Бортээгийн уурхайн хүрээнд Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сангийн аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ" нэртэйгээр ирүүлсэн бөгөөд тус тайланг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээж авах боломжгүй байх тул гэрээний 6.2-т "Зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж Захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй" гэж заасны дагуу ажлын хөлсний 70 хувийн үлдэгдэл болох 559,568,545.2 төгрөгийг "******* ХХК-д гаргаж өгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"******* *******" ХК нь "*******" ХХК-тай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЭТТ-2019/782 дугаартай "Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 4.1.1-т заасны дагуу "******* *******" ХК-иас гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК-иас өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д заасан ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй бөгөөд гэрээний 5.7-5.14-д заасан үүргийг биелүүлээгүй байна.

Үндэсний Аудитын газраас "******* ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт"-д гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/36 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан.

Дээрх гүйцэтгэлийн аудитын тайлангийн 2 дугаар бүлгийн 2.77-д ... компани 2019 онд Э-2019/782 дугаартай Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх" зөвлөх үйлчилгээний гэрээг "******* ХХК-тай 799,400,000 төгрөгөөр байгуулж, 239,800,000 төгрөгийн урьдчилгаа олгосон боловч хэрэгжилт хангагдаагүй үргүй зардал болж, өнөөг хүртэл уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй байна", Дүгнэлт хэсгийн 13-д "Компанийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл хангалтгүй, хууль, журмын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй, хуримтлалын сан үүсгээгүй нь Ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байна. Зөвлөмж хэсгийн ******* ******* ХК-д даалгасан хэсгийн 18-д ******* ХХК-тай 2019 онд байгуулсан ЭТТ-2019/782 дугаартай "Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн биелэлтийг тооцож, гэрээг дүгнэн, олгосон урьдчилгаа төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах гэж тус тус заасан.

Захиалагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд сүүлийн байдлаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1831 дугаартай "Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээнд заасан ажлыг ажлын даалгаврын дагуу хийж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлж, үүргээ гүйцэтгэх шаардлагыг ******* ХХК-д хүргүүлсэн боловч гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй хандаж манай компанийг хохироож байгаа бөгөөд дээрх гүйцэтгэлийн аудитын тайланд заасан арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн акт тавигдах бодит эрсдэл бий болоод байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д заасны дагуу зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж захиалагч үзвэл төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй бөгөөд улмаар гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөрийг үл маргах журмаар буцаан шаардах эрхтэй, мөн 6.5-д заасны дагуу зөвлөх нь гэрээний хугацаанд багтаан ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үүрэг 799,383,636 төгрөгийн 50 хувиар тооцоход алдангийн хэмжээ 399,691,818 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, "******* ******* ХК-иас гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ Үндэсний аудитын газраас хийсэн "******* *******" ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн холбогдох заалтыг үндэслэл болгожээ.

1. Үндэсний Аудитын газраас хувийн эрх зүйн гэрээний харилцаанд оролцогч тал биш бөгөөд Зөвлөх үйлчилгээний гэрээг нэхэмжлэгчээс хариуцагч ******* *******" ХК-тай байгуулсан. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зөвхөн гэрээнд оролцогч талууд хариуцах бөгөөд нийтийн эрх зүйн харилцаанаас ялгарах онцлог нь гэрээний талууд тэгш эрхийн үндсэн дээр эрх зүйн харилцаанд оролцдог юм.

Гэтэл гэрээний нэг тал биш этгээд гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг "******* ******* ХК-д олгосон мэт шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа нь иргэний эрх зүйн талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулж байна.

Үндэсний Аудитын газраас иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хоёр этгээдийн аль нэг талд гэрээтэй холбоотой үр дагавар үүсгэх нөхцөл байдлыг бий болгох, ийм агуулга бүхий шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй. Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн аудит нь хууль дээдлэх зарчимд үндэслэх бол аудитын тайлан нь өөрөө хууль тогтоомж болон стандартад нийцсэн байх ёстой.

Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ гэж заасан байхад Үндэсний аудитын газар нь эрх хэмжээгээ хэтрүүлэн зөвлөмж хэсэгтээ гэрээгээр олгосон урьдчилгаа төлбөрийг буцаан төлүүлэх хэрэгтэй гэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан шаардах нь аудитаар шалгагдаж буй этгээд болох "******* ******* ХК-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхтэй огт холбоогүй гэж үзэж байна.

Хариуцагч ******* ******* ХК нь гэрээний харилцаанд бие даасан субъект болж оролцож байгаа тул Үндэсний аудитын газрын зөвлөмжийн дагуу бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шууд татгалзах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын гаргасан зөвлөмж нь шүүхийн хараат бус бие даасан байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж тооцож болно. Энэ тохиолдолд шүүх хууль зөрчсөн уг аудитын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны байх зарчимд харшлана.

Үндэсний Аудитын газрын "******* ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон ******* орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" нэртэй гүйцэтгэлийн аудитын тайлангийн ижил төрлийн гэрээний эрх зүйн харилцаанд дүгнэлт өгсөн байдлыг харьцуулан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал, тус аудитын тайлангийн 2.71 дугаарт "******* ******* ХК-ийн Экологийн бүтээмж ХХК-тай байгуулсан ЭТТ-2019/779 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээний талаар дүгнэжээ.

Ингэхдээ энэхүү гэрээг ямар үндэслэлээр гэрээ болон ажлын даалгаварт заасан үүргээ гүйцэтгээгүй, чанар, стандартын шаардлага хангаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна. Гэтэл "******* ХХК-тай байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний тухайд гэрээгээр тохирсон ямар ажил үүргийг хийж гүйцэтгээгүй талаар тодорхой дүгнэсэн зүйл байхгүй байна.

Мөн "Экологийн бүтээмж ХХК-тай байгуулсан гэрээ болон "*******" ХХК-тай байгуулсан гэрээг хоёуланг нь үргүй зардал болсон гэж дүгнэсэн атлаа "Экологийн бүтээмж ХХК-аас гэрээний дагуу урьдчилан шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардах талаар огт дурдаагүй нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн "******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээг дүгнэх нь нэхэмжлэгч "******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд гэрээг дүгнэхэд талуудын хооронд маргаан үүссэн тул энэхүү маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч талаас хандсан. Гэрээг дүгнэхийг нэхэмжлэгч "******* ХХК-ийн зүгээс удаа дараа шаардсан бөгөөд, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэн холбогдох тайланг "******* *******" ХК-д хүргүүлсэн.

Үндэсний Аудитын газрын тайланд тухайн гэрээний биелэлт нь байхгүй гэдэг үндэслэлээр гэрээг дүгнэх болон урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн гүйцэтгэлийн аудит хийгдэж байх хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байхад Зөвлөх үйлчилгээний гэрээг биелэгдээгүй гэж дүгнэх нь хууль зүйн учир дутагдалтай байна.

Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч талд шаардах эрх үүсээгүй. Хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах, мөн 6.5-д заасны дагуу алданги шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөвлөхийн ажил үйлчилгээг үзүүлсэн ******* ХХК нь тус гэрээний 2.2-т заасан болон ажлын даалгаварт үйлчилгээг бүрэн хийж гүйцэтгэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр захиалагч "******* ******* ХК-д хүлээлгэн өгсөн. "******* ******* ХК нь ажлын тайланг хүлээн авсан мөртлөө энэхүү тайланг гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй гэж маргадаг. Гэвч захиалагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн гэрээний дагуу ажлын тайланг хүргүүлсэн байхад үйлчилгээг огт гүйцэтгээгүй мэтээр тайлбарлаж, гэрээг цуцлах улмаар алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч "******* ******* ХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Зөвлөх үйлчилгээний гэрээ /хх9-13/

5.2. Ажлын даалгавар /хх-14-15/

5.3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-16-17/

5.4. *******-******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хөгжил, төлөвлөлтийн түр хорооны хурлын тэмдэглэл /хх-18/

5.5 Ажлын хэсгийн дүгнэлт /хх-20-21/

5.6 Талуудын хооронд харилцсан албан бичгүүд /хх-22-47/

5.7. Тендерийн урилга /хх-50-63/

 

6 Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1. ******* ХХК-д хариу хүргүүлсэн албан бичиг /хх-74-77/

6.2 2018 оны 025 дугаар сарын 21-ний Ажлын даалгавар /хх-145-147/

6.3 Таван толгой нүүрсний уурхайнуудын хаалтын сан бүрдүүлэх судалгааны зөвлөх үйлчилгээ /хх-148, 2 дугаар хавтас-1-24/

6.4 ******* ХХК-д хүргүүлсэн 2019.10.08-ны өдрийн урилга хүргүүлэх тухай албан бичиг /хх-105/

6.5 Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтын 2019.10.03-ны өдрийн баримт /хх-106-177/

6.6 Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-207/

6.7 Монгол улсын ерөнхий аудиторын 2023.04.20-ны өдрийн А/36 дугаар тушаал /хх-208/

6.8 Гүйцэтгэлийн аудитын тайлангийн холбогдох хэсэг /хх-209-238/

6.9 Төлбөр төлсөн баримт /хх-239/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 559,568,545.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ

- хариуцагч нь Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан үүсгэхтэй холбоотой зөвлөх үйчилгээ нэртэй тендер зарласны дагуу нэхэмжлэгч нь тендерт оролцон шалгарч хариуцагчтай гэрээ байгуулсан. Хэрэв хариуцагч нь анхнаасаа уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах байсан бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийн дунд тендер зарлах байсан.

- Зөвлөх үйлчилгээний гэрээний заалтаас үзвэл уг гэрээ нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гэхээс илүү уурхайн хаалт хийхэд шаардлагатай нөөцийн санг олон улсын санхүүгийн тайлагналын дагуу хэрхэн бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ юм. Түүнчлэн өнөөдрийн нөхцөлд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө гаргах нь хэтэрхий эрт бөгөөд хэрэгжих боломжгүй төлөвлөгөө гарахаас гадна хаана ч хэрэглэгдэхгүй.

-Зөвлөх үйлчилгээний гэрээний 3.1-т зааснаар хариуцагчаас баримт материалыг ирүүлэх хугацаа удааширснаас нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үйлчилгээг 2022 оны 03 дугаар сард бэлтгэн хүргүүлж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн холбогдох албаны хүмүүст танилцуулан албан ёсоор хүргүүлж өгсөн.

-Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед хариуцагч нь ******* зүүн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байсан тул уг уурхайтай холбоотой хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх асуудал хариуцагчид хамааралгүй.

-ажлын тайлантай холбоотой шүүмж, тайлбар, тодруулга байхгүй байгаагаас үзвэл ажлын тайлан шаардлага хангасан гэж үзэхээр байна гэж тайлбарлажээ.

 

9. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ

-Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн сан бүрдүүлэх, хаалтын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг ажлын даалгавар, холбогдох баримтын хамт нэхэмжлэгчид хүргүүлснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч техникийн саналаа холбогдох баримт бичгүүдийн хамт манай компанид ирүүлсэн.

-Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үндсэн шалтгаан нь БНХАУ-ын RWETI компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой ажлыг гүйцэтгэнэ гэж, хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг ирүүлсэн явдал байсан боловч нэхэмжлэгч нь уг БНХАУ-ын RWETI компаниас өөр компаниар гүйцэтгүүлж, энэ тухайгаа манайд огт мэдэгдээгүй гэрээний үүргээ зөрчсөн.

-Талуудын хооронд байгуулсан гэрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших ******* зүүн уурхайд холбогдох зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр тодорхой заасан байхад үүнтэй холбоотой ямар ажлыг хийж гүйцэтгэн тайланд тусгаагүй гэрээний үүргээ зөрчсөн.

- ажлын тайлангаас үзвэл ажлын даалгавар болон гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, тайланд тусгасан ажил нь холбогдох хууль, дүрэм журамд заасан шаардлага хангаагүйн гадна Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулаагүй.

-Ажлын тайланг гэрээнд заасан хугацаанд гаргаагүй гэж татгалзсан байна.

 

10. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Үндэсний Аудитын газраас манай байгууллагад хяналт шалгалт хийж нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт хангагдаагүй, үргүй зардал болж, өнөөг хүртэл уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй гэж тайландаа дүгнэсэн. Улмаар талуудын хооронд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн биелэлтийг тооцож, гэрээг дүгнэн, олгосон урьдчилгаа төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахаар зөвлөмж хэсэгтээ дурдсан. Хариуцагчаас нэхэмжлэгчид удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учир гэрээг цуцлах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөр болон алданги гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

11. нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Үндэсний Аудитын газар нь гэрээний оролцогч биш бөгөөд гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг хариуцагчид олгосон мэт шаардлага, зөвлөмж хүргүүлж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын тайланг хариуцагчид хүргүүлсэн. Түүнчлэн гэрээг дүгнэхийг хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзан маргажээ.

 

12. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ХХК болон ******* ******* ХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ нэртэй, ЭТТ-2019/782 дугаартай гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс одоог хүртэлх ашиглалтын хугацаанд хуулсан хөрс, унаган төрхийг өөрчилсөн буюу бохирдуулсан газар, талбайн хэмжээг тодорхойлох, уурхайн үйл ажиллагаа эхэлснээс одоог хүртэлх ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулсан хохирлыг тодорхойлох, уурхайн үйл ажиллагаа эхэлснээс одоог хүртэлх ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх зардлын тооцоог гаргах, уурхайг цаашид ашиглах хугацааг тодорхойлох, уурхайн цаашдын ашиглалтын хугацаанд хуулах хөрс, унаган төрхийг өөрчлөх буюу бохирдуулах газар, талбайн хэмжээг тодорхойлох, уурхайн цаашдын ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулах хохирлыг тодорхойлох, уурхайн цаашдын ашиглалтын хугацаанд байгаль орчинд учруулах хохирлыг нөхөн сэргээх зардлын тооцоог тодорхойлох, уурхайн нөхөн сэргээлтийг хийж эхлэх хугацаа, жил тутам гарах зардлын тооцоо, уурхайн хаалтын дараа хийгдэх нөхөн сэргээлтийн хугацааг тогтоох, энэ хугацаанд гарах зардлын тооцоог гаргаж ажлын тайланг баримт материалыг захиалагчаас анх хүлээн авсан өдрөөс эхлэн хуанлийн 5 сарын дотор гаргаж, захиалагчид хүлээлгэн өгөх,

захиалагч нь ажлын хөлсөд нийт 799,383,636 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус заасан.

 

Дээрх гэрээнээс үзвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

13. Талууд хэн аль нь гэрээ байгуулагдсан, түүний дагуу хариуцагч нь ажлын хөлсний 30 хувь болох 239,815,090.8 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, ажлын тайланг хариуцагчид хүргүүлсэн талаар маргаагүй.

Харин талууд гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

14. Хариуцагч нь Зөвлөх үйлчилгээний гэрээний 1.1 болон ажлын даалгаварт зааснаар нэхэмжлэгч нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах үндсэн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж татгалзаж, нэхэмжлэгч нь энэ талаар уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах талаар тохиролцоогүй, уг төлөвлөгөөг хуульд зааснаар тусгай зөвшөөрөл бүхий этгээд гаргадаг, талууд зөвхөн Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэг авагдсан баримтаас үзвэл хариуцагч ******* ******* ХК нь Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээг авах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөвлөх үйлчилгээний тухай тендерийн сонгон шалгаруулалтын зарлалыг гаргуулж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-д тендер шалгаруулалт хүчингүй болсон тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан ба хариуцагч нь уг заалтыг 1 үндэслэл болгон тендерийн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэхэмжлэгчтэй 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулжээ.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний 1.1-д Энэ гэрээгээр зөвлөх нь захиалагчийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцаанд санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББОУС-ын 37 болон бусад холбогдох хууль, стандарт, журамд заасны дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох зардлыг тооцох, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх, дүнг тодруулах, олборлолтын явцад хуримтлуулах сангийн аргачлалыг боловсруулах мэргэжлийн заавар зөвлөгөө, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох тайлангуудыг боловсруулах зорилгоор хамтран ажиллах нөхцөл болон талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлно гэж,

Ажлын даалгаварт Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, НББОУС 37 дугаар зүйл болон бусад холбогдох хууль, стандарт, журамд тусгасан нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох зардлыг тооцох, дүнг тодруулахаар шалгарсан олон улсын байгууллага нь нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэхэд шаардлагатай тооцоог судалгаанаас эхлээд нөөцийн үнэлгээ, дүнгийн тодруулга, олборлолтын явцад хуримтлуулах сангийн аргачлалыг хийж.... гэж талууд харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талууд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж зардлыг тооцох замаар уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөцийг үнэлэх, дүнг тодруулах, олборлолтын явцад хуримтлуулах сангийн аргачлалыг боловсруулах зорилготой гэрээг байгуулжээ.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар уурхайн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагаа эхлэхдээ болон хаалт хийхдээ гаргаж болох бөгөөд төлөвлөгөөг гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэхээр байна.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/181, А/458 дугаар тушаалаар баталсан Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмын 3.1, 3.2-т зааснаас үзвэл хаалтын менежментийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулах бол энэ талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордыг ашиглах болон үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлдээ тусгах ёстой, харин уурхайн хаалтын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөг уурхайг хаах зөвшөөрөл авах үедээ боловсруулахаар байна.

 

Дээрх үндэслэл болон нэхэмжлэгчээс гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланд ТЭЗҮ-ийн дагуу уурхайг цаашид 30-50 жилийн нөөцтэй талаар тодорхойлсон зэргээс үзвэл талууд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж зардлыг тооцох замаар уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ.

 

Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журамд заасан аргачлалын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж ажлын тайланд тусгаагүй талаар хариуцагч татгалзаж байх боловч ажлын тайланд уурхайн хаалтын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаж, түүнд үндэслэн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулсан болох нь хэрэгт авагдсан ажлын тайлан, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

15. Зохигчид Зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1-т зөвлөхийн ажлын хамрах хүрээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших ******* ордын MV-016682, MV-016881, MV-019554 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах ******* Зүүн уурхай болон ******* баруун уурхай, бусад уурхай, тэдгээрт холбогдох одоогийн болон төлөвлөгдсөн дэд бүтэц, барилга байгууламж байна гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед ******* Зүүн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл хариуцагч талд байгаагүй гэж, хариуцагч талаас гэрээнд ******* Зүүн уурхай гэж нэрлэн зааж, тодорхой бичсэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолын 2.2 дахь заалтад ******* нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор "*******-*******" ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "*******-*******" ХК-ийн охин компанид эзэмшүүлэхээр зааж, уг тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна.

 

Дээрх гэрээний зохицуулалтаас үзвэл ажлын хамрах хүрээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших ******* ордын MV-016682, MV-016881, MV-019554 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах бүх уурхай, тэдгээрт холбогдох одоогийн болон төлөвлөгдсөн дэд бүтэц, барилга байгууламж гэж тодорхойлогдохоор байх боловч талууд MY-011943 дугаар бүхий ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг хамруулахаар нэрлэн заасан байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед "*******-*******" ХК-ийн эзэмшлийн ******* зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "*******-*******" ХК-ийн охин компанид эзэмшүүлсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул хариуцагч талын эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээ байгуулахаар тохиролцсон, өөр бусад этгээдийн эзэмшилд байх тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажил хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

16. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь ХБНГУ-ын RWETI технологи Олон улсын GmbH-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичгийг байгуулсан талаарх баримтыг хариуцагч байгууллагад танилцуулж, хүргүүлж байжээ.

Талууд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээндээ ...А. ******* ХХК нь RWETI технологи Олон улсын GmbH-тай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Монголд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцлийн санамж бичиг байгуулсан болохыг тэмдэглэн, Б. Зөвлөх нь ирүүлсэн техникийн саналдаа RWETI компанийн онцгой эрхэт төлөөлөгчийн газар гэж заасан болохыг тэмдэглэн... гэсэн байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно., 347.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасан.

Хууль болон гэрээний заалтаас үзвэл ХБНГУ-ын RWETI технологи Олон улсын GmbH компанийг уг гэрээнд талууд туслах гүйцэтгэгчээр оролцуулахаар харилцан тохиролцсон, туслан гүйцэтгэгчээ өөрчлөх тохиолдолд хэрхэн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна.

 

17. Гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж тул хариуцагчаас 559,568,545.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

18. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч тал талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч ******* ХХК биелүүлээгүй болохыг тогтоолгож, "******* ******* ХК-иас гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөө буцаан авна гэж тайлбарлаж байна.

Шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,955,793 төгрөг, хариуцагчийн төлсөн 3,355,485 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,955,793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "******* ******* ХК-иас 559,568,545.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгон, урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлсэн 239,815,090.8 төгрөг, алданги 399,691,818 төгрөг, нийт 639,506,908.8 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч "******* ******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 2,955,793 төгрөг, хариуцагч "******* ******* ХК-ийн төлсөн 3,355,485 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "******* ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,955,793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ