| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00949/И |
| Дугаар | 130/ШШ2024/00033 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00033
| 130/ШШ2024/00033 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 11 дүгээр баг, 1111 тоотод оршин суудаг, Ш овогт Т.А,
Хариуцагч: Б аймгийн А сумын 9 дүгээр баг 1111 тоотод оршин суудаг, Б овогт К.Б,
Хариуцагч: Б хотын Б дүүрэг, 4-р хороо 11 тоотод оршин суудаг, одоогоор түр Б аймгийн А сумын 9 дүгээр багт оршин суудаг, Б овогт К.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 (дөрвөн сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.А,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
(Хариуцагч К.Бк-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, хариуцагч (ах нь) К.Б оролцож байгаа, намайг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж утсаар хариу өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч К.Б хүсэлтээр хариуцагч К.Бк-ийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч К.Б, К.Б-к нарт холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр К.Бк, К.Б нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор К.Бк, К.Б нар нь Б аймгийн А сумын 13 дугаар баг байршилтай 14м х19м хэмжээтэй, 366 кв.м талбайтай, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг дээр дурдсан бүх ажлыг хийж дуусгахаар, миний бие ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгож 30 хувийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч нарт шилжүүлэхээр үндсэн төлбөрийг ажлын үр дүн гарч ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөхөөр тус тус тохиролцсон.
1.2.Би гэрээний дагуу 5,400,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр К.Б-ын 2222 дугаартай дансанд шилжүүлсэн. Дараа нь К.Бк, К.Б нарын гуйлтаар 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр К.Б-ын 4444 тоот дансанд 600,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр К.Б-ын 3333 тоот дансанд 300,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр К.Б-ын 4444 тоот дансанд 3,000,000 төгрөг нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн.
1.3.Гэтэл К.Бк, К.Б нар нь дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд алга болсон. Тэд 1 болон 2 дугаар давхар барилгын гадна талын хөөсөн фасад, 2 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийх ажлуудыг огт хийгээгүй байна.
1.4.Тэгээд би аргагүйн эрхэнд дээр ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн. К.Бк, К.Б нар ажил гүйцэтгэх гэрээний заалтыг зөрчиж, хийж гүйцэтгэх ажлыг дутуу хийсэн, урьдчилгаанд авсан 9,300,000 төгрөгийн ажлын хөлсний тал хувьд л ногдох ажлыг хийж гүйцэтгэж намайг хохироосон тул тэд нараас ажлын хөлсөнд шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 50 хувь болох 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.
1.5.Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хариуцагч К.Бк, К.Б нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 (дөрвөн сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч К.Бк, К.Б нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч Т.А-тэй нэхэмжлэлд дурдагдсан гэрээнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн юм. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд эхэлсэн ба харин 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд ажлаа зогсоосон. Учир нь, анх ажил эхлэхэд Т.А нь 270 хайрцаг шалны плита, 50 уут цемент авчирч өгсөн. Тэр материалаар нь 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. Тэгээд нэг давхрын цагаан болон хар замаскийг К.Бк би захаас Т.А-ийн нэр дээр бичүүлээд авчраад 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск, мөн цагаан замаск тавиулсан юм. Байгаа материалуудаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2.2.Гэтэл Т.А нь 7 дугаар сарын 19-ний өдөр Казахстан руу хурим найрт оролцохоор явсан ба тэгээд 8 дугаар сарын 03-ны өдөр ирсэн боловч нэг ах нь нас барсан гэж 7 хоног тэр ажлаар явсан. 8 дугаар сарын 10-11-ний өдөр ирэхэд нь бид түүнд шаардлагатай материалуудын жагсаалтыг гаргаж өгсөн боловч мөнгө байхгүй байна гэж авчирч өгөөгүй ба түүний дараа материал олж ирнэ гэж хэлсэн боловч 5 хоногийн турш сураггүй алга болсон.
2.3.Түүний дараа дахин материал авчирч өгөөгүй тул бид өөрсдийн санаачилгаар гэрээгээ цуцалж ажлаа дуусгаад дараагийн гэрээт ажлуудыг хийхээр явсан.
2.4.Шалны плита 294 м.кв, 1 м.кв-ыг 28,000 төгрөгөөр тооцоход 8,232,000 төгрөг, 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск болон цагаан замаск 144 м.кв үнэлгээ нь 1,000,000 төгрөгөөр нийтдээ 9,232,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин захиалагч тал болох Т.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул бид түүний өгсөн байгаа материалыг бүрэн ашиглаж ажлаа дуусгасан ба сүүлд нь материалаар хангаж чадахгүй болсон учраас бид гэрээгээ цуцалсан.
2.5.Ингээд тооцоо хийлж дуусгасан. Бид нийтдээ 9,300,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан ба одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж үзэж байгаа учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч Т.А-ээс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №1636 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, К.Б, К.Бк, Т.А нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг бичгийн баримтыг гаргаж өгсөн болно.
4.Хариуцагч нараас шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Т.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие хариуцагч К.Бк, К.Б нартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч нар гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй тул тэд нарт ажлын хөлсөнд шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 50 хувь болох 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
7.Хариуцагч К.Бк, К.Б нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: Захиалагч тал болох Т.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул бид түүний өгсөн материалыг бүрэн ашиглаж ажлаа дуусгасан ба сүүлд нь материалаар хангаж чадахгүй болсон учраас бид гэрээгээ цуцалсан. Бид нийтдээ 9,300,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан ба одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж үзэж байгаа учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч Т.А болон хариуцагч К.Бк, К.Б нар харилцан тохиролцож 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн 1636 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” хийж, мөн өдөр нотариатаар гэрчлүүлсэн байна.
Талуудын байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн 1636 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-д Гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Б аймгийн А сумын 13 дугаар багт байршилтай 14х19 хэмжээтэй 366 м.кв талбайтай 1, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1,2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск) хийх зэрэг дээр дурдсан бүх ажлыг дуусгах;
3.1-т Ажлын хөлс: Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 18,000,000 (арван найман сая) төгрөг байна;
3.4-д Ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын жагсаалт: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгож 30 хувийн төлбөр болох 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг ажил гүйцэтгэгч нарт шилжүүлэх ба үлдсэн төлбөрийг ажлын үр дүн гарч ажлыг хүлээлгэж өгсний дараа бүрэн төлнө;
3.5.1-д Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа: 1 (нэг) сар, 20 (хорин) хоног;
3.5.2-т Ажил эхлэх хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр;
3.5.3-д Ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа: 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусна.
3.6-д Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журам: Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхдөө энэ талаар баримт үйлдэж хүлээлцэнэ. Баримтад фото зураг хавсаргаж, гэрээний талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг зурснаар хүчинтэй. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгнө гэж тус тус заасан байна.
8.3.Нэхэмжлэгч (захиалагч) Т.А нь гэрээгээр тохиролцсон ёсоор 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа болгож нийт ажлын хөлс 18,000,000 төгрөгийн 30 хувийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг хариуцагч (гүйцэтгэгч) К.Б-ын 2222 дугаартай дансанд, мөн 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийг хоолны мөнгө гэж хариуцагч (гүйцэтгэгч) К.Б-ын 4444 тоот дансанд, мөн 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг барилгын плита үнэ хөлс хариуцагч (гүйцэтгэгч) К.Б-ын 3333 тоот дансанд, мөн 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч (гүйцэтгэгч) К.Б-ын 4444 тоот дансанд 3,000,000 төгрөгийг барилгын заслын үнэ гэж нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Х банкны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар нотлогдож байгаа ба үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй болно.
8.4.Хариуцагч (гүйцэтгэгч) К.Бк, К.Б нар гэрээний дагуу Б аймгийн А сумын 13 дугаар багт байршилтай 14х19 хэмжээтэй 366 м.кв талбайтай барилгын 1 болон 2 давхрын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск) хийх ёстой үүрэг хүлээсэн боловч 1 болон 2 давхрын шалны плитаг наасан, мөн 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск болон цагаан хийж дуусгасан.
Эдгээр ажлуудын хөлсийг хариуцагч (гүйцэтгэгч) нар тодорхойлоход шалны плита 294 м.кв-д наасан 8,232,000 төгрөг (1м.кв-ыг 28,000 төгрөгөөр тооцсон), 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск болон цагаан замаск 144 м.кв үнэлгээ нь 1,000,000 төгрөг нийтдээ 9,232,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн байна.
8.6.Хариуцагч (гүйцэтгэгч) К.Бк, К.Б нар энэхүү үнэлгээг юуг үндэслэн гаргасан эсэх нь тодорхойгүй холбогдох нотлох баримт эх сурвалжийг гаргаж өгөөгүй, тухайн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн 1636 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд энэхүү үнэлгээний талаар тусгаагүй байна.
8.7.Гэтэл нэхэмжлэгч (захиалагч) Т.А нь хариуцагч (гүйцэтгэгч) нар тухай барилгын 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд алга болсон гэж үгүйсгэж маргасан болно.
8.8.Иймд хариуцагч (гүйцэтгэгч) К.Бк, К.Б нар нь гэрээний 3.6-д зааснаар “Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхдөө энэ талаар баримт үйлдэж хүлээлцэнэ. Баримтад фото зураг хавсаргаж, гэрээний талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг зурснаар хүчинтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
9.Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.А болон хариуцагч К.Бк, К.Б нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч (захиалагч) Т.А нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
10.Хариуцагч талаас “...нэхэмжлэгч Т.А 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хурим найрт оролцохоор Казахстан улс руу явж 8 дугаар сарын 03-ны өдөр ирсэн, дараа нь хамаатан ах нас барсан гэж 7 хоног ирээгүй ба шаардлагатай барилгын материалаар хангаагүй тул нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж дараагийн гэрээт ажлуудаа хийхээр явсан...” гэж тайлбарлажээ.
Гэхдээ нэхэмжлэгч Т.А нь хурим найрын ажлаар болон хүн нас барсан шалтгаанаар явах болгонд хариуцагч К.Бк, К.Б нарт мэдэгдэж, шаардлагатай гэсэн мөнгөө хариуцагч нарт шилжүүлж байсан байна.
Харин хариуцагч нарын нэхэмжлэгчийг барилын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалаар хангаагүй гэх үндэслэл нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Т.А нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж дуусгахыг шаардаж хариуцагч нарыг эрж хайгаад очиж уулзахад хариуцагч нар өөр ажил гүйцэтгэж байсан ба буцаад нэхэмжлэгчтэй холбогдоогүй, гэрээ ёсоор ажлыг дуусгаагүй гэдгийг хариуцагч нар үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн болно.
11.Иймээс хариуцагч К.Бк, К.Б нар гэрээнд заасан үүргээ зөрчиж гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй тул нэхэмжлэгч Т.А нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзаж, ажлаа бусдаар хийлгэж дуусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэж байна.
12.Хариуцагч К.Бк, К.Б нар гэрээнд заасан үүргээ зөрчиж гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй тул нэхэмжлэгч Т.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,050,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
13.Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажлын хөлсөнд төлсөн хөлснөөс буцаан гаргуулахыг хүссэн 4,650,000 төгрөгөөс ажилчдын хоол ундны мөнгө гэж шилжүүлсэн 600,000 төгрөгийг хасаж тооцож, үлдсэн 4,050,000 төгрөгийг хариуцагч К.Бк, К.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээ 4,050,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 79,750 төгрөгийг хариуцагч К.Бк, Бахыт нараас гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч К.Бк, К.Б нараас ажил гүйцэтгэсний хөлснөөс 4,050,000 (дөрвөн сая тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 (наян есөн мянган гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Бк, К.Б нараас 79,750 (далан есөн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.