Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

Б.Осоржамаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Осоржамаа, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Осоржамаад холбогдох 1822001330087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сум, 6 дугаар баг, Боржигоны 5-5 тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Огниуд овгийн Бямбацогтын Осоржамаа /ЗФ90121010/.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Осоржамаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.Осоржамаад холбогдох эрүүгийн 1822001330087 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Осоржамаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжийг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Осоржамаад холбогдох эрүүгийн 1822001330087 дугаартай хэргийг эд мөрийн баримтын хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

           Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчмийн 2-2 тоот хашаанд оршин суух хохирогч Л.Дүүрэнгийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдийн хооронд нэвтэрч гартааман хөөрөг нэг ширхэг, эмэгтэй мөнгөн хос ээмэг бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан хос ээмэг бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхгийг хулгайлж түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Шар худгийн хөх хадны бууц гэх газарт оршин суух хохирогч Б.Золзаяагийн 7 тооны адуу, Гурвансайхан сумын 2 дугаар баг Шороот гэх газарт оршин суух хохирогч М.Мөнхзаяагийн 3 тооны адуу нийт 10 тооны буюу олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдийн хооронд бэлчээр дээрээс нь хулгайлж хохирогч Б.Золзаяад 6.000.000 төгрөгийн, хохирогч М.Мөнзаяад 2.300.000 төгрөгийн нийт 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 3-1 тоотод оршин суух хохирогч Б.Зандаарийн хашаанаас 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч түүнд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дундын төгрөг гэх газарт байх хохирогч Г.Батсайханы эзэмшлийн ёомкос буюу агуулах саванд 2018 оны 04 дүгээр 22-ноос 24-ний өдрүүдийн хооронд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, эмэгтэй хүний ширэн бүс, эмээлийн мөнгөн баавар, эмээлийн даруулга, гаансны цохилуур, хазаарын мөнгөн товруу, гартааман хөөрөг, мөнгөн бөгж, амгайтай хазаарын суран толгой, мотоциклийн олгой хаймар зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Г.Батсайханд 1.535.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн хаяа гэх газарт хохирогч Ц.Цэрэнтогтохыг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зодож түүний биед тархи доргилт, зүүн чих, чамархай, хацар, зүүн хөлийн сарвууны зөөлөн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, зүүн чих, хамар, баруун хөмсөг, баруун зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гаднаас 2018 оны 09 дүгээр сарын 21- нээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Энхсайханы эзэмшлийн 52-22 ДУЗ улсын дугаартай “Sanya” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвижихын 8-19 тоотоос 2018 оны 08 дугаар сарын 16- наас 17-нд шилжих шөнө хохирогч Г.Ууганбаатарын эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ц.Сүрэнжавын цоохор, хонгор, хар халзан 3 толгой морьдыг бэлчээр дээрээс нь хулгайлж түүнд 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг баруун номт гэх газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Х.Энхмөнхийн эзэмшлийн олон тооны адуу буюу 11 адууг хулгайлж түүнд 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг шаргалын сүүж гэх газраас 2018 оны 05 дугаар сард хохирогч Ц.Цэцгээгийн 4 тооны адууг хулгайлж түүнд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Боржигоны 22 дугаар гудамжны 01 тоотод байх хохирогч Т.Энхжаргалын эрхлэн ажиллуулдаг “Болор” гэх дэлгүүрт 2018 оны 11 дүгээр сарын 25- наас 2018 оны 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч бараа, бүтээгдэхүүн хулгайлж хохирогч Т.Энхжаргалд 1.414.700 төгрөгийн хохирол учруулсан, Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Боржигоны 13-1 тоотод оршин суух хохирогч Ц.Цэрэнчунтын гэрт 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж түүнд 4.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” ХХК-ны шатахуун түгээх станцаас “Приус-30” маркийн авто машинд 34 литр, 240 грамм АИ-92 шатахуун хийлгэсэн боловч төлбөрийг төлөлгүй зугтаж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогч С.Адъяасүрэнд 63.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн мөрдөгч М.Бат-Эрдэнийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр «албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, “Хишиг-Арвин” өргөө хорооллын авто зогсоолд 2019 оны 02 дугаар сарын 05- наас 06-нд шилжих шөнө байрлуулсан байсан Э.Цэрэнтогтохын эзэмшлийн 40-34 УБУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж түүнд 17.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12- дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Таван толгойн гүүр орчим 2019 оны 01 дүгээр сарын 08- наас 09-нд шилжих шөнө Л.Ууганбаатарын эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж түүнд  3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Осоржамаа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Алтанговь зочид буудлын 401 тоот өрөөнөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ангарагийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бэлэн 30000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Баттуяагийн эзэмшлийн картаас 650.000 төгрөг нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигоны 5-5 тоот хашаанд байх иргэн Ц.Нарантуяагийн гэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн орчимд хохирогч Д.Доржсүрэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодож түүний биед “баруун доод 2-р шүдний мултрал, баруун чамархай, дээд уруулд зулгаралт, баруун хацар, дээд доод уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3.Хатанбор, О.Алтанбагана, Ч.Энхтүвшин, нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг “Номтын хүрэн овоо” гэх газарт байх тус сумын иргэн Б.Батжаргалын хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 6.372.750 төгрөгийн үнэ бүхий эмээлийн мөнгөн тоног /12-той/, эмээлийн мөнгөн тоног /6-тай/, эрэгтэй буудаг булган малгай 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, дорбик буу 1 ширхэг, зэргийг хулгайлсан,

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум 5 дугаар баг Арвижихын 5 дугаар гудамжны 24 тоот хашаан дотор 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим хохирогч Г.Энхзоригийг “гар утсаар залгахад дуудлага авсангүй” гэх шалтгаанаар цамцных нь захаас заамдах, толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөх, нүүр, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх хэлбэрээр биед нь халдаж баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлүүдэд прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/Ш3/135 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд:

1.Шүүхээс шүүгдэгч Б.Осоржамааг 2 жил гаруйн хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, 5 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон нь байнгын шинжтэй, амьжиргааны эх үүсвэрээ болгосон эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Энэ хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан бөгөөд яллагдагч 2 жилийн хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн яллагдагч 5 удаагийн үйлдлээр бусдын малыг 2 жилийн хугацаанд хулгайлсан үйлдлийг дээрх хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвзр болгосон” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс яллагдагчийн үйлдсэн дээрх гэмт хэргүүдийн аль шинжийг хүндрүүлэх эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” асуудлыг хуульчилсан бөгөөд уг хэргийн яллагдагчийн холбогдсон 20 үйлдэл бүхий гэмт хэргүүдэд ял оногдуулж нэмж нэгтгэхэд уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй”, 4 дэх хэсэгт заасан “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэх ялын дээд хэмжээнээс хэтэрч байгаа хэргийн нөхцөл байдалд ял хүндрүүлэхээр буцааж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл байна.

 

Яллагдагчийн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд үйлдсэн хэрэгт хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн тогтоогоогүй, Б.Батжаргалыг хохирогчоор тогтоосон нь буруу байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь: 9 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар талд Б.Батжаргалыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан бөгөөд хулгай орсон гэх контейнер нь гэрч Ж.Батсүхийн эзэмшлийнх боловч хохирогч Б.Батжаргал буюу түүний хүү эд зүйлээ хадгалдаг байсан болох нь гэрч Ж.Батсүхийн 9 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр талд авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Уг хэргийн нөхцөл байдалд гэрч, хохирогч нар нь төрсөн эцэг, эх, хүү нар бөгөөд эдгээр хүмүүс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогчоор оролцох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хохирогч, хууль ёсны төлөөлөгчийг тогтоосонтой холбоотой маргаан уг хэргийн нөхцөл байдалд байхгүй болно.

2.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эд мөрийн баримтыг байгаа газарт буюу тус аймаг дахь Цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл саатуулах байр”-д шүүх бүрэлдэхүүн үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн явцад илэрсэн эд мөрийн баримтаар хураагдсан мотоцикл анх хураагдсан үе /2018/-ээс зарим эд анги муудсан, хэмхэрсэн гэх асуудал яллагдагчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч яллагдагч бус өөр этгээд бөгөөд хохирол нэхэмжлэх эрх яллагдагчид байхгүй. Энэ нь хэрэв дээрх тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг эзэмшигч этгээд хураан авсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гомдол гаргавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Цагдаагийн байгууллагыг хариуцагчаар татаж хор уршиг арилгуулах иргэний эрх зүйн харилцаа цаашид үргэлжлэх юм.

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан 2021/ШЗ/135 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

  Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Б.Осоржамаад холбогдох хэрэгт томилолтоор оролцож байна.

  Шүүгдэгч Б.Осоржамаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. 2 жилийн хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, 5 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй байна.

  Шүүхээс хэргийг буцаахдаа дээрх гэмт хэргүүдийн аль шинжийг хүндрүүлэх эсэхийг тодруулах шаардлагатай гэж прокурорт буцаасан. Энэ нь үндэслэлгүй байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаад эрхзүйн дүгнэлт хийснээр байнга үйлдсэн гэж үзэх боломжтой. Энэ зүйлчлэлээрээ хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулж байна.

  Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Төв аймгийн Баян-Өнжүүл суманд үйлдэгдсэн хэрэгт хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн тогтоогоогүй. Батжаргалыг хохирогчоор тогтоосон нь буруу гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Батжаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан. Хулгай орсон контайнер нь хохирогч Батжаргалын хүү эд зүйлээ хадгалдаг болох нь гэрч Батсүхийн мэдүүлгээр тогтоогдсон. Уг хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч нар нь төрсөн эцэг, хүү байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр хэсэгт заасан хохирогчоор оролцуулсан асуудлыг шийдвэрлэсэн. Хохирогч, хууль ёсны төлөөлөгчийг тогтоосонтой холбоотой маргаан уг хэргийн нөхцөл байдалд байхгүй. 

  Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг тус аймаг дахь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах байранд шүүх бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан мотоцикл нь анх хураагдсан буюу 2018 оноос зарим эд анги нь эвдэрсэн асуудал нь яллагдагчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь яллагдагч биш учир хохирол нэхэмжлэх эрх яллагдагчид байхгүй.

  Иймд Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгч Б.Осоржамаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрдөг. Зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Батжаргал гэдэг хүний хохирлын хэмжээг шалгуулмаар байна. Миний хийгээгүй олон хэрэг байгаа. Надтай хамт хэрэг хийсэн 4 хүн байдаг. Хохирлын хэмжээг тус бүрд нь гаргаагүй. Нэг хүн хэдэн төгрөгийн төлбөр төлөх ёстойг тодорхой гаргаж өгөөгүй. Би Батжаргал гэдэг айлаас нэг бугуйл авсан. Хохирол болох 6 сая төгрөгөөс би хэдийг төлөх нь тодорхойгүй. Өмнөх шүүх хурал дээр 12 цагаантай эмээлийг зарсан. 6 цагаантай эмээлийн мөнгөн тоноглол нь байгаа. Би буцааж өгмөөр байна гэж хэлэхэд хүлээж аваагүй. Би шалгуулах хэргүүддээ шалгуулмаар байна. Өөр зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Гэвч Б.Осоржамаагийн зүйчлэлд хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай болон прокурорын саналтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой. Шүүгчийн захирамжид дурдсан хийгдэх ажиллагаануудтай байр суурь нэг байна. Хохирогчийг тогтоох шалгах ажиллагаанууд байгаа. Эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр цагдаагийн байгууллагын хашаанд очиход Б.Осоржамаагийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаагүй. Үүнийг прокурор тээврийн хэрэгслийг бусдад андуурч өгсөн байна гэж тайлбарласан.  Маргааш нь очиход тээврийн хэрэгсэл нь чанарын доголдолтой, эд анги нь муудсан, эвдэрсэн байсан. Эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгийг эвдэж бусдыг хохироох ёсгүй. Б.Осоржамаа нь олон зүйлийг шалгуулах, нэмж тодруулах хүсэлтүүд гаргасан. Хэрэг прокурорт буцсанаар хүсэлтүүдээ дахин тавих боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Осоржамаад холбогдох хэргийг хянаад гаргасан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан хэргийг хянан үзэв.

Б.Осоржамаа нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2 жил гаруй хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, 5 удаагийн үйлдлээр бусдын 32 тооны адууг хулгайлах, мөн бусдыг зодсон гэх хэргүүдэд холбогдсон тул прокурор яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг шүүх хянаад прокурорт буцаасныг прокурор эсэргүүцэл бичжээ. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Осоржамаа дээрх хулгайн хэрэгт байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон эсэхийг шалгаагүй талаар дурьдаж буцаажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэснийг шүүх баримтлах ёстой. Энэхүү заалтад Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасныг ч шүүх анхаарвал зохино. Яллагдагчийн хариуцлагыг хүндрүүлж болох нөхцлийг шүүх зааварлаж, бий болгож шүүгдэгчийн эрхийг хүндрүүлэх хуулийн үндэслэлийг шүүх өөрөө бий болгох нь нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэл болохыг үгүйсгэхгүй.

Эрүүгийн хуульд заасан олон тооны гэмт хэргүүдийг үйлдэж байхад шүүх эрх мэдлийн байгууллагууд хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашралтай явуулж хохирол нэмэгдэх нөхцлийг бий болгож байсныг нэн түрүүнд анхаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударга шуурхай явуулах зарчмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй субъектүүд анхаарах ёстой.

Шүүхийн захирамжид заасан бусад заалтууд нь шүүх хуралдааны явцад шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэж болох хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэх боломжтой зүйлүүд байхад прокурорт буцаасан нь шаардлагагүй зүйл болжээ гэж дүгнэв.

Мөн мөрдөлтийн явцад хураагдсан мотоциклийн өөрчлөгдсөн, гэмтсэн асуудал нь мөрдөх байгууллагын хариуцлагын асуудал бөгөөд яллагдагч Б.Осоржамаагийн гэмт хэргийн үйлдэл, түүний хариуцлагыг тогтооход хамааралгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны журмаар хянан хэлэлцүүлэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/135 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Осоржамаад холбогдох 1822001330087 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Осоржамаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                          О.ОДНЯМАА    

                                             Ш.ТӨМӨРБААТАР