Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0477

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ёндонгийн Ганболд

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Маргааны төрөл: Нэхэмжлэгч Ё.Ганболдын тэтгэврийг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар акт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Б.Бурмаа /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ё.Ганболдоос Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “…Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн актын Ё.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгох,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Ё.Ганболдын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00584 дугаар шийдвэрээр Ёндонгийн Ганболдыг 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 24-ний 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлтийн тасагт гуаланчаар, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гуаланчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

3.Улмаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох тухай” 02 дугаар тогтоолоор Ё.Ганболдын тэтгэврийг  тогтоосон байна.

4.Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/30 дугаартай актын 1 дүгээр хавсралтын 3 дахь баганад Ё.Ганболд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон буруу гэж үзэж тэтгэврийг зогсоож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч Ё.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 174 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 18 е-д “зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдлоо гаргах” эрхийг даатгуулагчид олгосон байна.

2/Миний бие Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган улмаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг зогсоох,илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон түдгэлзүүлэн тухай” улсын байцаагчийн актын талаар мэдэж авлаа.

3/Ё.Ганболд намайг 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 04 аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлийн тасагт гуалинчнаар, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-овоо сумын Тонгорог хоршоололд гуалинчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосон тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 584 дугаартай шийдвэр гарсан.

4/Шүүх холбогдох нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн шийдвэрээ гаргасан.

5/Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг няцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн акт өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

6/Би анх ажилласан жилээ тогтоолгох гэж аймгийн архивын тасагт хандаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон холбогдох баримтуудыг гаргуулан авсан бөгөөд тухайн үед нярваар ажиллаж байсан холбогдох баримт гараагүй.Хэрэв тухайн үед нярваар ажиллаж байсан баримт аймгийн архиваас гаргаж өгсөн бол миний бие тухайн үед иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нярваар давхар ажиллаж байснаа тогтоолгох байсан болно.

Миний бие 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлийн тасагт гуалинчнаар ажиллаж байхдаа нярвын ажлыг зарим үед давхар хийж гүйцэтгэдэг байсан. Тухайн үеийн нярвын ажил мод гуалин бэлтгэдэг хээрийн гурван бригадад хоол хүнсний материалыг түгээдэг байсан. Үүнийг тухайн үеийн миний цалингийн тооцооны хүснэгт нотолж байгаа тухайлбал нярваар ажиллаж байсан гэх цаг хугацаанд давхар ажил хийж 2 газраас өөрөөр хэлбэл гуалинчнаар, нярваар цалин авч байсан баримтыг Нийгмийн даатгалын хэлтсээс шууж гаргасан.

Намайг Нийгмийн даатгалын ерөнхий газраас нярваар ажиллаж байсан гэх цаг хугацаанд гуалинчнаар ажиллаж байсан болохыг нотолсон дараах шагнал урамшуулал байдаг.Үүнд:

1988 оны төлөвлөгөөт ажлаа 120,3 хувь давуулан биелүүлж өндөр амжилт гаргасан тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнуулсан,

 1989 онд гуалингийн төлөвлөгөөг давуулан биелүүлж “Нэгдэл дундын хөдөлмөрийн хамт олноос" шагнал авч Ленины зам сонин дээр зурагтайгаа гарч байсан,

Мөн Хөдөлмөрийн дэвтэр дээр гуалингаас өөр ажил хийж байсан баримт байхгүй.

Гуалинч хийж мод бэлтгэж байсан 1990 онд авхуулсан зураг

Ё.Ганболднь нярвын ажлын давхар эрхэлж байсан бөгөөд нярваар ажиллаж байсан гэж үзсэн цаг хугацаанд “Лениний зам” сонины 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 67 дугаарын эхний нүүрт Ё.Ганболд зургийн дор “Тонгоргын модны рамчин модчин Ё.Ганболд үлгэртэй сайн ажилчин хүн” сонины хайчилбар зэрэг олон нотлох баримт байгаа болно.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 584 дугаартай шийдвэрийг эрс үгүйсгэж миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Ганболд нь  шүүхэд хүсэлт гаргахдаа мод үржүүлэх тасагт гуалин хийж байх хугацаандаа 1988 оны 08 дугаар сарын 09-ний 1990 оны 03 дугаар сарын 01-ний хооронд жил 7 сарын хугацаанд нярав ажлыг давхар хийж байсныг, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны хяналт шалгалтаар нярав гэх тушаал гарч ирсэнтэй холбоотой тавигдсан актыг хүчингүй болгуулах, тэтгэвэр зогсоосноос хойш олгогдоогүй тэтгэврийг нөхөн болгож өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн байгаа. Энэ бүх нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа юм” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Ё.Ганболдын тэтгэврийг зогсоох тухай 32/30 дугаар актыг гаргахын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр утас нь холбогдохгүй байсан, хувийн хэрэгт байгаа дугаар луу нь залгахад хүү нь авч нэг дугаар өгсөн боловч уг дугаар холбогдохгүй байсан, шалгалтын хугацаа дууссан тул шалгалтын үед цугларсан нотлох баримтуудад үндэслэж тэтгэврийг зогсоох тухай 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх актыг үйлдсэн бөгөөд 12 дугаар сараас тэтгэвэр нь олгогдохгүй болсныг хэлтсийн байцаагч өөрт нь хэлсэн, тухайн сардаа мэдсэн гэдгээ нэхэмжлэлдээ мөн дурдсан байна. Тэтгэвэр нь олгогдохгүй байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор уг шийдвэрийг гаргасан этгээдийн дээд шатны байгууллага, улмаар шүүхэд гомдол гаргах байсан.

2/Ё.Ганболдын ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 584 дүгээр шийдвэр үндэслэлгүй. Учир нь:

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт буюу Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54, 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаалуудыг шалгалтын үеэр Баянхонгор аймгийн Архивын тасгаас авсан. Уг

тушаалууд нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нярваар ажиллаж байсныг нотолно.

Шүүх шийдвэрээ гаргахдаа Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02/1196 дугаар лавлагааг үндэслэсэн гэх боловч уг лавлагаа нь хэрэгт байхгүй, харин ийм огноо, дугаартай Тагнуулын ерөнхий газрын төв архивын лавлагаа байх бөгөөд уг лавлагаанд цэргийн алба хаасан хугацааг тодорхойлсон байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөдөлмөрийн дэвтэрт 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл барилгачнаар ажилд томилсон бичилт байхад барилгачин, төмөрчнөөр гэж, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 02-ны ажилд томилсон, чөлөөлсөн бичилтүүд гаргацгүй, харагдахгүй байхад уг хугацаанд гуаланчаар ажилласнаар тооцсон.

Хөдөлмөрийн дэвтэрт 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаалыг үндэслэн 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гуаланчаас чөлөөлөв гэж бичсэн, харин шалгалтын үед аймгийн архивын тасгаас авсан лавлагаанд нярав Ё.Ганболд ...1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Тонгорог”  хоршоололд шилжүүлэв” гэсэн бичилттэй, “...гэрч Д.Түмэнбаярын мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад” гэсэн боловч гэрчийн хаана, хэдийд ажиллаж байсан, ямар мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй, шийдвэрт энэ талаар дурдаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтуудад нийцэхгүй байна.

3/Хэдийгээр шүүхийн шийдвэрийг иргэн, байгууллага бүр биелүүлэх үүрэгтэй ч онцгой ажиллагааны журмаар иргэний ажилласан байдлыг тогтоохдоо ашиг сонирхол нь ноцтой хөндөгдөх нийгмийн даатгалын байгууллагын оролцоо, мэтгэлцээнгүйгээр зөвхөн хүсэлт гаргагч, түүний ирүүлсэн нотлох баримт, түүний тодорхойлсон гэрчийн тайлбарт үндэслэж, шийдвэрлэхээр хуульчилснаас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн-суурь зарчим болох “мэтгэлцээний зарчим”  болон Үндсэн хуульд тунхагласан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс”-ны зарчим алдагдаж, улмаар шүүх иргэний ажилласан бодит байдлыг үнэн зөвөөр жишээ нь тогтоохгүй байгаа тохиолдол ихээр гарч байгаагийн нэг Ё.Ганболдын ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр юм.

4/Шалгалтын явцад илэрсэн баримтуудаас үзэхэд Ё.Ганболдын хөдөлмөрийн

дэвтрийн 1990 онд ажлаас чөлөөлсөн тухай бичилт нь тушаалтайгаа зөрж байгаа бөгөөд энэ нь уг дэвтэр хуурамч бичилттэй хуурамч баримт болохыг нотолно. Ё.Ганболд өөрийн ажилласан бодит байдлыг худал мэдүүлж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, шүүхийг хууран мэхлэх замаар шийдвэр гаргуулсан гэж үзэж байна.

5/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг ... шийдвэрлэнэ”, 25 дугаар зүйлд “Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг”-ийг хуульчилсан бөгөөд эдгээр баримт бичгүүд дотор шүүхийн шийдвэр ороогүй байна. Түүнчлэн шүүхээс “Ё.Ганболдыг тооцож тэтгэвэр хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилласанд тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгаагүй" учраас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ё.Ганболд нь 1888-1990 оны хувьд нярав албан тушаалд ажиллаж байсан. 1990-1994 онд энэ хүн гуалинч хийж байгаагүй. Сүүлд авагдсан иргэний хэргийн материалаас харагдаж байна. Ажилласан жилээр нь хуулийн хүрээнд тэтгэврийг тогтоож өгсөн. Нийгмийн даатгалын хэлтсээс ирсэн хөдөлмөрийн дэвтрээ хуулбарлаж өгсөн. Нягтлан бодогч гэх бүдэгхэн бичилттэй зассан байдалтай бичилтэд явагдсан байгаа юм. Шалгалтын явцад хөдөлмөрийн дэвтрийг үзэхэд засвартай байсан. Архивын хүнд нөхцөлд тэтгэвэр тогтоох ажилласан жилийн боломжийг хангахгүй байна гэж үзэж тэтгэврийг зогсоосон байгаа юм. Энэ хүн тэтгэвэр зогссоныг 2021 оны 12 дугаар сард мэдсэн. Учир нь тэтгэвэр олгогдохгүй байгааг мэдэж тэтгэврийг зогсоосон гэдгийг мэдсэн байгаа юм. Шийдвэр нь 02 дугаар сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын тушаалтай ирсэн. Тухайн өдөр нь танилцуулаад энэ хүн гомдлын шаардлагын зөвлөлд хандсан байдаг.  Үүний дагуу аймгийн гомдлын шаардлагын зөвлөл 02 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад бидний шийдвэрлэх асуудал биш, Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан шийдвэр учраас хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэсэн байдлаар зөвлөл хуралдсан. Өөр гурван хүмүүс адилхан нэг зэрэг гомдлоо өгсөн байсан. Энэ хүн тэтгэвэр зогсоосон улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол хуульд заасан хугацаанд нь шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хугацаанд нь хандах хуулийг заалтыг зөрчсөн байгаа юм. Иймд нэхэмжлэл хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Бичгээр өгсөн хариу тайлбараа дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Ё.Ганболд “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн актын Ё.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгох,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Ё.Ганболдын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Тэрээр иргэний шүүхээр ажилласан жилийг тогтоосон байхад “...тэтгэврийг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж тэтгэврийг зогсоосон үйлдэл нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

3.Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00584 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Ёндонгийн Ганболдыг 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 24-ний 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлтийн тасагт гуаланчаар, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гуаланчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

4.Улмаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох тухай” 02 дугаар тогтоолоор Ё.Ганболдын тэтгэврийг  тогтоосон байна.

Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, мөн хэсгийн 8-д “тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь,,,,,,,,,,,,,, нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэжээ.

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 4.4-д “Мод бэлтгэлийн мастер, мод унагаагч, мөчирлөгч, цагаалагч, булхайдагч, хөрөөчин, ойчин, тракторчин, ачигч (эрүүт), уулын хүнд машин механизмын слесарь, механикч, технологийн зориулалттай хүнд даацын машины жолооч”-оор гэж заасан.

5.Нэхэмжлэгчийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад хамааруулж, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин, төмөрчнөөр, 1982 оны 07 дугаар сарын 24-ний 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа мод бэлтгэлтийн тасагт гуаланчаар, 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Тонгорог хоршоололд гуаланчаар ажиллаж байсныг эргэлзээтэй гэж үзсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар акт үндэслэлтэй байна.

6.Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж заасан бөгөөд Ё.Ганболд нь Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр тушаалаар мод бэлтгэлийн тасгийн аж ахуйн нярваар гуалинчинаар, тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тушаалаар нярваар /1990 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн Тонгорог хоршооллын ажилчнаар шилжүүлэн ажиллуулахаар/ тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно” гээд хүчингүй болгох үндэслэлүүдийг, 179 дүгээр зүйлийн 179.1-д “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гээд хянах үндэслэлүүдийг тус тус хуульчилсан.

7.Тус шүүх дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхийн магадлалаар эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах замаар хүчингүй болгох боломжтой.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актын 1 дүгээр хавсралтын Ё.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Ё.Ганболдын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ё.Ганболдын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батсуурь, П.Ундармаа нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Ё.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Ё.Ганболдын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ё.Ганболдыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

                                        ШҮҮГЧ                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ