Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1685

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.С, Б.С, Б.С, Л.У,

Д.У, Г.У, Д.У, Ш.Ц,

М.Ц, Б.Ц, Д.Ц, Ч.Э, Т.Э, З.Э, А.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01377 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.С, Б.С, Б.С, Л.У, Д.У, Г.У, Д.У, Ш.Ц, М.Ц, Б.Ц, Д.Ц, Ч.Э, Т.Э, З.Э, А.Э нарын хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 122 488 375.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга асуултад хариулахдаа кондукторуудыг 700 000 төгрөгөөр цалинжуулж, нэг ч хүнийг халахгүй гэж мэдээлсэн боловч “ЗТН” ОНӨААТҮГ-ын удирдлагууд янз бүрийн дарамт шахалтаар кондукторуудыг ажлаас халж эрх ашгийг нь хохироож, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхотголд оруулж байна. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаарх тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд нэг удаа тэтгэмж олгохоор заасан. Нэхэмжлэлийн 6 шаардлага гаргасан бүгдийг нь дэмжиж байна. Авто тээврийн хэлэлцээрт намайг оролцуулаагүй. Манай талаас авто тээврийн хэлэлцээрт үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, ажил олгогч оролцдог. Хэлэлцээрийг Монгол Улсын хэмжээнд мөрдөж ажиллах шаардлагатай. Гэтэл танай хэлэлцээрийг дээд газраас чиглэл ирвэл манайх хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн байж энэ олон хүмүүсийн мэргэшсэн зэргийн нэмэгдлийг өгөхгүй хохироож байна. Монголын тээвэр холбооноос маргаан гаргаж зуучлагч, арбитрын зөвлөмж гарсан байгаа. Үүний дараа ажил хаялт болсон. Зорчигч тээврийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо тохиролцоо хийсэн боловч тохиролцооны дараа хамтарч ажиллаагүй тул захиргааны байгууллагад хандсан. Мөн үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар ажилтнуудын эрх, ашгийг хамгаалах үүднээс шаардлага гаргаж байна. Авто тээврийн хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар мэргэшсэн зэргийн нэмэгдэл шаардаж байгаа. Нийтийн тээврийн кондукторууд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж мэргэшсэн кондукторын гэрчилгээ авсан ажиллаж байгаа хүмүүс. Гэтэл мэргэшүүлэх сургалтад хамруулчихаад өнөөдөр цалин хөлсийг нь өгөхгүй гэж байна. Мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаа хамаарч байгаа.

2013 оны хамтын гэрээний 4.2-т ажилчдын ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно, энэ нь үндсэн цалингийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасан. Ур чадвар буюу хүнд нөхцөлийн нэмэгдлийн тухайд эдгээр хүмүүс хүнд нөхцөлд ажиллаж байна. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалаар хүнд нөхцөл тогтоосон ур чадварын нэмэгдэл авъя гэж байна. Автобус нэгтгэл дөрвөн удаа ажил хаясан, үүнийгээ авъя гэж маргаад байдаг. 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааг шаардаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй.

Удаан жилийн нэмэгдэл цалин, хөлсний журамд заасан байдаг. Ажилтан 12 сар ажиллаад 1 дүгээр сард нь өмнөх жилийн удаан жилийн нэмэгдлийг тооцдог. Ажиллагсад 5 жил ажилласан бол 50.000 төгрөг 6 дахь жилээсээ 10.000 төгрөгөөр нэмэгдэж явдаг, жишээ нь 18 жил ажилласан бол 180.000 төгрөгийг жилд нэг удаа олгодог. Энэ нь зорчигч тээврийн нэгдлийн 2013 оноос хойших цалин хөлсний журмаар зохицуулагддаг. Бид 12 сард шүүхэд өгсөн, зөвхөн 2015 оныг шаардаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Удаан жилийг байнга олгож байгаа.

Үр дүнгийн цалинг бүтэн жил ажилласан хүнд дундаж цалингаар тооцож олгодог. Үүнийг ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож хамтын гэрээний 4.7 дахь заалтыг үндэслэж зөвхөн 2015 оны үр дүнг 2016 оны 1 дүгээр сард олгох ёстой гэж хариуцагчаас нэхэмжилж байна.

Илүү цагийн хөлсийг цалин, хөлсний журамд зааснаар сард ажиллах цагаасаа илүү ажилласан цагийг нэг цагт ногдох тарифт хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Цалин, хөлсний журмын 6.3-д заасны дагуу тооцоолж 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг нэхэмжилж байгаа.

Цомхотголын тэтгэмжийн асуудал яригдаж байна. Кондуктор гэж 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвээрээ байсан. Бид нэршлийн хувьд маргаан үүсээд байна гэж үзээд мэргэжлийн хяналтад хандаж яваад тухайн байгууллага нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ буцааж авсны дараа шалгагч гэсэн албан тушаалд тавьсан. Тухайн байгууллагад хүнд нөхцөлөөр ажиллаад явж байсан. Гэтэл шалгагч гэсэн хүнд хөнгөн нөхцөл нь мэдэгдэхгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд бид цаг хугацаандаа хандсан учир кондуктороос шалгагч болсон тул цомхотголын тэтгэмж шаардаж байгаа.

1. Ц.С-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 529 960 төгрөг, ур чадварын нэмэгдэл цалин 1 304 970 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 110 000 төгрөг, илүү цагийн цалин 53 461 төгрөг, үр дүнгийн цалин 571 296 төгрөг, цомхотголын мөнгийг нэхээгүй, нийт 3 569 688 төгрөг,

2. Б.С-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 337 421 төгрөг, ур чадварын нэмэгдэл  цалин 1 910 566 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн цалин 234 718 төгрөг, үр дүнгийн цалин 551 900 төгрөг, цомхотголын тэтгэмж 3 689 025 төгрөг, нийт 8 783 631 төгрөг,

3. Б.С ур чадварын нэмэгдэл цалин 1 861 864 төгрөг, илүү цагийн цалин 140 234 төгрөг, үр дүнгийн цалин 581 433 төгрөг, цомхотголын тэтгэмж 1 261 906 төгрөг, нийт 3 845 438 төгрөг,

4. Л.У мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 219 401 төгрөг, ур чадварын нэмэгдэл цалин 1 873 357 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 240 000 төгрөг, илүү цагийн цалин 24 133 төгрөг, үр дүнгийн цалин 551.900 төгрөг, цомхотголын тэтгэмж 7 351 692 төгрөг, нийт 12 260 484 төгрөг,

5. Д.У ур чадварын нэмэгдэл цалин 1 674 911 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 50 000 төгрөг, илүү цагийн цалин 35 274 төгрөг, үр дүнгийн цалин 669 392 төгрөг, цомхотголын тэтгэмж 1 380 110 төгрөг, нийт 3 809 688 төгрөг,

6. Г.У мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 260 091 төгрөг, ур чадварын нэмэгдэл цалин 1 852 568 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 100 000 төгрөг, илүү цагийн цалин 67 391 төгрөг, үр дүнгийн цалин 518 566 төгрөг, цомхотголын тэтгэмж 3 589 642 төгрөг, нийт 8 388 259 төгрөг,

7. Д.У-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 502 195 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 293 521 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 120 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 46 708 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 492 223 төгрөг, нийт 3 454 649 төгрөг,

8. Ш.Ц-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 844 792 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 592 997 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 51 141 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 485 067 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 457 476 төгрөг нийт 7 491 475.36 төгрөг,

9. М.Ц-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 228 142.60 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 877 157.90 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 85 284.29 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 554 433 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 654 872 төгрөг, нийт 8 459 889.79 төгрөг,

10. Б.Ц-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 736 940.30 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 436 043.29 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 280 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 50 258.23 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 405 946.97 төгрөг, цомхотголын тэтгэмж 6 439 408 төгрөг нийт 10 348 596.79 төгрөг,

11. Д.Ц-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 210 883.25 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 865 392.55 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 220 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 43 769.31 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 551 900 төгрөг, цомхотголын тэтгэмж 9 880 187.52 төгрөг нийт 14 772 132.63 төгрөг,

12. Ч.Э-т мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 161 822.88 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 777 930.66 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 100 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 133 640.57 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 554 433 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 885 480 төгрөг, нийт 8 613 307.11 төгрөг,

13. Т.Э-т мэргэшсэн зэргийн нэмэгдэл 1 654 205.82 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 393 679.93 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 170 000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 549 366.68 төгрөг, цомхотголын тэтгэмжид 6 148 375 төгрөг нийт 9 915 627.43 төгрөг,

14. З.Э-д мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 254 119.32 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 900 589.49 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 90 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 118 582.35 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 551 900 төгрөг, цомхотгол тэтгэмж 3 673 400 төгрөг, нийт 8 588 591.16 төгрөг,

15. А.Э-т мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2 083 877.53 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 772 908.15 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 120 000 төгрөг, илүү цагийн нэмэгдэл 108 929.13 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл цалин 518 566.67 төгрөг, цомхотголын тэтгэмжид 5 582 633.33 төгрөг, нийт 10 186 914.81 төгрөг бөгөөд нийт 15 ажилтны олгогдоогүй цалин, тэтгэмж, нэмэгдэлд нийтдээ 122 488 376 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-ын итгэмлжэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг 3 жил болж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т дөрвөн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа өөрөө гаргах үүрэгтэй. 1 дүгээр хавтаст хэрэгт кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчлөх тухай ЗТНийн тушаал байгаа. Мөн нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэрт кондуктороос шалгагч, хяналтын ажилтан болгож өөрчилж шилжүүлсэн талаарх бичилт хийгдсэн. Нэхэмжлэгч нар өөрсдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргасан. Нийтийн тээврийн салбарт смарт карт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн болохоос биш цомхотгол хийгдээгүй, цомхотголоор ажлаас халагдаагүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.С 2015 онд, Л.У 2017 онд, Г.У 2017-11-22-ны өдрийн Б/992 тушаалаар, Д.У 2015-10-22-ны өдрийн Б/1538 тушаалаар, Ш.Ц 2016-04-22-ний өдрийн Б/426 тушаалаар, Б.Ц нь 2017-09-26-ны өдрийн Б/847 тушаалаар, З.Э нь 2017-08-28-нд Б/767 тушаалаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарсан, нэхэмжлэгч Б.С нь өөрийн хүсэлтээр 2018 онд ажлаасаа гарсан, Б.С, Д.У, М.Ц Ч.Э нар одоо 2 дугаар баазад шалгагчаар, Д.Ц, Т.Э, А.Энар 1 дүгээр баазад шалгагчаар тус тус ажиллаж байна. Дээрх нэхэмжлэгч нараас нэг 1 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, 7 шалгагч өндөр насны тэтгэвэрт гарснаар 8 шалгагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

Мэргэшсэн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч хамтын хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар Сэрсмаа нарын 15 шалгагчийн 2013, 2014, 2015, 2016 оны мэргэшсэн зэргийн нэмэгдэл шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл, хамтын хэлэлцээрийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага нь жолооч, засварчдын мэргэжлийн ур чадвар, ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харуулсан авто машины жолоочид дараах шагнал урамшууллыг олгож болно. Нэмэгдэл хөлсний хувь хэмжээ, байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлэлцээрээр батлан шийдвэрлэнэ. Хамтын хэлэлцээрт заасны дагуу захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа шалгагч нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор заагаагүй. Мэргэшсэн, мэргэжлийн зэрэг гэдэг нь өөр хоорондоо ялгаатай ойлголт. Нэхэмжлэгч ЗТН автобус 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо энэ шаардлагын үндэслэл болсон 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2013-2014 оны авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрт автобус 1 дүгээр бааз болон үйлдвэрчний эвлэлийн хороо оролцоогүй, гарын үсэг зураагүй тул хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Ур чадварын нэмэгдлийн шаардлага нь 2013, 2014, 2015, 2016 оныг шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хамтын гэрээний 4.2-т зааснаар байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмуудыг мөрдлөгө болгохоор заасан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн цалин хөлсний журмын 5.5.1-д ур чадварын нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн засварчид олгохоор, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зорчигч тээврийн цалин хөлсний журмын 5.5.1-д ур чадвараас хамаарах нэмэгдэлд зөвхөн засвар үйлчилгээний станц болон ерөнхий механикийн тоног төхөөрөмжийн, гэрэлтүүлгийн засварчдад олгохоор заасан тул кондуктор, шалгагч нарт ур чадварын нэмэгдэл олгохоор цалин хөлсний журамд заагаагүй.

Үр дүн, удаан жилийг нэмэгдлийн тухайд байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан болох нь санхүүгийн тайлангаар харагдаж байгаа тул санхүүгийн эх үүсвэр байгаагүйгээс дээрх нэмэгдлийг олгоогүй. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 220 дугаар тогтоолоор нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журмыг баталж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хугацааг заасан. Орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журамд зааснаар санхүүгийн эх үүсвэрийг өмнөх оны үйл ажиллагааны орлогын давалт, төсвийн зардлын хэмнэлтээс зарцуулах эрх олгосон, үүнээс өмнө үр дүнгийн шагналт цалинг олгож байсан. Энэ журмын дагуу дээрх урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэр гараагүй, алдагдалтай ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

Цомхтголын тэтгэмж гэж шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д зааснаар ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн, байгууллага татан буугдсан, шинэчлэлт хийгдсэн, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн бол ажилласан жилээс хамаарч дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан. Гэтэл байгууллага эдгээр 15 хүнийг цомхотгож ажлаас халаагүй, ажлын байрыг хөдөлмөрийн хуульд зааснаар шилжүүлсэн. Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаарх тэмдэглэлээ, кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчлөх тухай тушаалаар давхар харагддаг. Ажлын байр өөрчилсөн тушаал гарсан болохоос ажлаас халаагүй тул цомхотголын тэтгэмж шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч нараас 7 хүн өндөр насны тэтгэвэрт гарч, нэг хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бусад нэхэмжлэгч нар өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа тул цомхотгогдсон гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч цомхотгогдсон гэж үзэж байгаа бол энэ шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

2015 оны илүү цагийн хөлсөнд 937 450 төгрөг буюу Ц.С-д 57 190 төгрөг, Д.У-д 46 708 төгрөг, М.Ц-д 63 963 төгрөг, Г.У-д 67 391 төгрөг, Д.У-д 35 275 төгрөг, Б.С-д 35 081 төгрөг, Л.У-т 24 134 төгрөг, Д.Ц-д 43 769 төгрөг, З.Э-д 118 582 төгрөг, Б.Ц-д 50 258 төгрөг, Ч.Э-т 133 640 төгрөг, Б.С-д 102 317 төгрөг, Ш.Ц-д 51 141 төгрөг, А.Э-т 108 929 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед илүү цагийн хөлсийг 1.5-р тооцож олгосон байсан тул хамтын гэрээнд заасан 2 хувиар тооцож шаардаж байгаа тул зөрүү 0,5 дахин нэмэгдүүлснээр бодсоны зөрүүг нэхэмжлэгч нарт олгохыг зөвшөөрч байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болохоос хамтын маргаан биш тул 2015 оны илүү цагийн хөлсөнд 938 378 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-с 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 1-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсөнд нийт 938.378 /есөн зуун гучин найман мянга гурван зуун далан найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д 57 190 төгрөг, Б.С-д 102 317 төгрөг, Б.С-д 35 081 төгрөг, Л.У-т 24 134 төгрөг, Д.У-д 35 275 төгрөг, Г.У 67 391 төгрөг, Д.У-д 46 708 төгрөг, Ш.Ц-д 51 141 төгрөг, М.Ц-д 63 963 төгрөг, Б.Ц-д 50 258 төгрөг, Д.Ц-д 43 769 төгрөг, Ч.Э-т 133 640 төгрөг, З.Э-д 118 582 төгрөг, А.Э-т 108 929 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121 549 998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017-01-27-ны өдөр нэг баримтаар төлсөн 2 193 804 төгрөгөөс уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 770 391 /долоон зуун далан мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-с 27 071 /хорин долоон мянга далан нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо:

... ...Анхан шатны шүүх мэргэшсэн зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалт цалингийн талаар нэхэмжлэгч нар Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбитрын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 2015 оны үр дүнгийн цалингийн нэмэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцэхгүй. Цомхотголын тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд “ЗТН” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1053 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг хариуцагч байгууллагаас шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нотариатаар батлуулж ирүүлэн, кондуктор нарыг ажлын байрнаас чөлөөлж, шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог батлуулсан болохыг хариуцагч байгууллага үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн тул цомхотголын тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нар нийт 2 193 804 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ч шүүх 27 071 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нийт 15 кондукторын цалинд 335 247 594.78 төгрөг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамжид 2 193 804 төгрөг төлсөн. Харин 50 239 842.85 төгрөгийг тэтгэмжид нэхэмжилсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч Б.С, Д.У, Ш.Ц, М.Ц нар нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Б.Ц цалин нэхэмжилсэн мөнгөнд гомдол гаргаагүй. Иймд Ц.С-ийн цалинд 3 512 498.48 төгрөг, Б.С-н цалинд 4 992 289.65 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 689 025 төгрөг, Л.У-ийн цалинд 4 884 658.33 төгрөг, цомхотголын тэтгэмжид 7 351 692 төгрөг, Г.У-ийн цалинд 4 731 226.50 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 589 642 төгрөг, Д.У цалинд 3 407 941.46 төгрөг, Б.Ц-ийн цомхотголын тэтгэмжид 6 439 408 төгрөг, Д.Цийн цалинд 4 848 206.11 төгрөг, цомхотголын тэтгэмжид 9 880 187.52 төгрөг, Ч.Эийн цалинд 4 594 187.11 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 885 480 төгрөг, Т.Э-ийн цалинд 3 767 252.43 төгрөг, цомхотголын тэтгэмжид 6 148 375 төгрөг, З.Эгийн цалинд 4 796 609.16 төгрөг, цомхотголын тэтгэмжид 3 673 400 төгрөг, А.Э-ийн цалинд 4 504 647.52 төгрөг, цомхотголын тэтгэмжид 5 582 633.33 төгрөг, нийт цомхотголын тэтгэмжид 50 239 842.85 төгрөг, цалинд 44 039 516.75 төгрөг, нийт 94 279 359.60 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

   Нэр бүхий 73 нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан цомхотголын тэтгэмж гаргуулахаар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2015 оны үр дүнгийн цалин, 2013 оны 8 сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 4 дүгээр сараас хойших хугацааны ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдлийг гаргуулахаар, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2015 оны илүү цагийн хөлс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.С, Б.С, Б.С, Л.У, Д.У, Г.У, Д.У, Ш.Ц, М.Ц, Б.Ц, Д.Ц, Ч.Э, Т.Э, З.Э, А.Э нарын хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 03-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 122 488 375.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/13928 дугаар захирамжаар тусгаарласан байна.

 

Эдгээр нэхэмжлэгч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж цалин хөлстэй холбоотой шаардлагыг гаргасан байх бөгөөд мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн шагналт цалин гаргуулах тухай шаардлагыг шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох уг журмын 2.2.1, 2.2.2, 2.2.4, 4.2.2-т тухайн онд олсон ашиг, өмнөх оны хэмнэлт, нэмэлт санхүүгийн эс үүсвэр зэргийг үндэслэн ажилчдад үр дүнгийн цалин олгохоор зохицуулсан байх боловч хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ нь 2014 онд 82 290 130,95 төгрөг, 2015 онд 4 382 401 939.53 төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан нь хэрэгт авагдсан 2014 он, 2015 оны санхүүгийн тайлангаар тогтоогдсон байна. Үүнийг нэхэмжлэгч нар үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй байна. /2 хх-ийн 167-168, 3 хх-ийн 51-55, 99-104 дүгээр тал/

 

Ажил олгогч нь нийтийн тээвэрт смарт карт хэрэглэх болсонтой холбоотойгоор нэр бүхий 15 ажилтны кондукторын ажлын чиг үүргийг өөрчлөн өөр ажилд шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч Ц.С, Л.У, Г.У, Д.У, Ш.Ц, Б.Ц, З.Э нарын 7 ажилтан өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, Б.С нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, Б.С, Д.У, М.Ц, Д.Ц, Ч.Э, Т.Э, А.Энарын 7 ажилтан шилжин ажилласан болох нь хэрэгт авагдсан ажлаас чөлөөлөх тушаал, тодорхойлолтоор тогтоогджээ. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэл бүрдээгүй байх тул цомхотголын тэтгэмж гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь илүү цагийн хөлсийг дутуу олгосон тул нөхөн олгоход татгалзахгүй гэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 14 ажилтны 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсөнд нийт 938 378 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь цалин хөлс тооцох журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 147 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

                                     ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ