Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00064

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А. Хаяг:Б аймаг, Б   сум 5 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургууль. Хаяг:Б аймаг, Б   сум 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А  нь хариуцагч Б аймгийн Б   Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хологдуулан захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй, 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Б   сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Мөн өдрөөс эхлэн тус сургуулийн сургалтын менежерээр дэвшин ажиллаж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм.

 

1.2 Гэвч   Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 тоот тушаалаар намайг удаа дараа зөрчил гаргасан хэмээн үзэж үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлыг маань хүлээн авсан юм.

 

1.3 Би энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж шүүхэд хандаж байна. Ажил олгогчоос намайг ажилдаа хайнга хандан, удаа даар зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үүрэгт ажилдаа хайнга хандаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн юм. 

 

1.4 Ажил олгогч надад сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, сахилгын шийтгэл ногдуулах журмыг мөрдөөгүй юм. Намайг үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж байгаа боловч ямар ажил үүргийг хийж гүйцэтгэхдээ хайнга хандаж зөрчил гаргасан гэдгийг тодорхой бичээгүй. Ажилтан миний гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг шалтгаж тогтоогоогүй, надаас тухайн зөрчилтэй холбоотой тайлбар аваагүй. Б аймгийн Б газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар албан тоот, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай албан тоотыг үндэслэсэн гэх боловч тухайн албан бичгүүд дунд, ахлах ангийн нийгмийн ухааны багш нарыг хариуцсан сургалтын менежер миний ажил үүрэгтэй хамааралгүй  гарсан зөвлөмж байсан. Тодруулбал: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаар албан бичгээр ирүүлсэн Бага боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэй С ийн зөвлөмж нь зөвхөн өөрийнх нь чиг үүрэг бүхий бага боловсролын хүрээнд хийгдсэн зөвлөмж байсан. Тэгээд ч түүний зөвлөмж нь ямар ч үндэслэлгүй, судалгаагүй хэн нэгний захиалгын дагуу өөрийнх нь үзэмжээрээ бичсэн байсныг сургуулийн захирал шалгаж тодруулаагүй.

 

1.5 Ажлаас чөлөөлсөн тушаалдаа бичсэн Б аймгийн Б газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар албан тоот гэж байхгүй. Харин Б газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар зөрчил арилгуулах тухай албан бичиг тухайн үед ирж бидэнд хуралдаанаар танилцуулж байсан. Уг албан бичигт дурдсан сургалтын менежерийг тайлан мэдээ, судалгаа гаргах зорилтыг хангалтгүй гүйцэтгэсэн, хариуцлагагүй хандсан гэх асуудал нь 2023 оны 6 дугаар сард гаргасан сургуулийн жилийн эцсийн тайлан мэдээ байсан. Энэхүү зөрчлийг Б газраас тогтоож, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар зөрчил арилгуулах албан тоот хүргүүлсэн боловч ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэсэн заалтыг зөрчиж хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

 

1.6 Иймд Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 тоот тушаалыг хүчингүй болгож, Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол, хэл уран зохиолын багш А  нь одоо мэргэжлийн дагуу багшилж байгаа ба сургалтын менежерээр ажиллаж байгаа үед ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл авагдсан тул эгүүлэн томилох боломжгүй байна.

 

2.2 Тус сургуулийн захирлын нэхэмжлэгч А ийн албан тушаалыг өөрчилж мэргэжлийн дагуу томилсон тушаал нь үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс Монгол улсын иргэний үнэмлэх, Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.11.21-ний өдрийн №55 дугаартай тэмдэглэл зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/61 дүгээр тушаал, нэхэмжлэгчийн 2023.11.19-ний өдөр өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс,

 

4.Хариуцагчаас Б аймгийн Б газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Б ийг Б   сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд түр томилох тухай” Б/80 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ийг тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6.Нэхэмжлэгч А ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Б   сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн өдрөөс эхлэн тус сургуулийн сургалтын менежерээр дэвшин ажиллаж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл намайг Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/61 тоот тушаалаар намайг удаа дараа зөрчил гаргасан хэмээн үзэж мэдээ тайлан хариуцсан менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол хэл, уран зохиолын багшаар томилсныг зөвшөөрөхгүй байна. Би үүрэгт ажилдаа хайнга хандаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.  Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, сахилгын шийтгэл ногдуулах журмыг мөрдөөгүй юм. Намайг үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж байгаа боловч ямар ажил үүргийг хийж гүйцэтгэхдээ хайнга хандаж зөрчил гаргасан гэдгийг тодорхой бичээгүй. Ажилтан миний гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг шалтгаж тогтоогоогүй, надаас тухайн зөрчилтэй холбоотой тайлбар аваагүй хууль бус тушаал тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэж тайлбарлажээ. 

 

7.Хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... тус сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол, хэл уран зохиолын багш А  нь одоо мэргэжлийн дагуу багшилж байгаа ба сургалтын менежерээр ажиллаж байгаа үед ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл авагдсан тул эгүүлэн томилох боломжгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

8.Б аймгийн Б газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/80 дугаартай тушаалаар Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус сургуулийн сургалтын менежер Б ийг томилсон байх тул Б  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн байна гэж шүүх үзлээ.

 

9.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “ажлын байрыг өөрчлөх тухай” Б/61 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1,2,3,4,5,6 дугаар хавсралт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 132.2.4 дэх заалтыг үндэслэл Б аймгийн Б газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар албан тоот, 2023 оны 10 дугаар арын 10-ны өдрийн 414 албан тоотын дагуу Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежер А  нь ажилдаа хайнга хандан, удаа дараа зөрчил гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол хэл, уран зохиолын багшаар томилон ажиллуулсан байна.

 

10.Хариуцагч буюу ажил олгогчийн уг тушаалыг нэхэмжлэгч А  нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж улмаар шүүхэд хуулийн хугацаандаа гомдол гаргасан байжээ.

 

11.Ажил олгогчоос нэхэмжлэгч А ийг ажилдаа хайнга хандан, удаа дараа зөрчил гаргасан гэж Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн мэдээ тайлан хариуцсан сургалтын менежерийн ажлаас нь чөлөөлөхдөө Б аймгийн Б газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаар албан тоот, 2023 оны 10 дугаар арын 10-ны өдрийн 414 алан тоотыг тус тус үндэслэл болгосон боловч эдгээр албан бичгүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

12.Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгч А ийг тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэл болгосон Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-д Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх гэж боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн эрх хэмжээ байсан ба харин Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1,2,3,4,5,6 дугаар хавсралтыг үндэслэл болгосон боловч уг тогтоолын нэг дэх хавсралт нь "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг, 2 дахь хавсралтаар "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ыг 3 дахь хавсралтаар "Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам"-ыг, 4 дэх хавсралтаар "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг, 5 дахь хавсралтаар "Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг, 6 дахь хавсралтаар "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ууд байх ба эдгээр хавсралтыг ямар үндэслэлээр маргаан бүхий нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалдаа томилсон тушаалдаа үндэслэл болгосноо хариуцагчаас тайлбарлаж чадаагүй.

 

13.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч А тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлуулаагүй түүнийг мэргэжлийн дагуу Монгол хэл, уран зохиолын багшаар томилсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

 14.Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч А ийг тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй, нэхэмжлэгч А  нь ажилдаа хайнга хандан, удаа дараа зөрчлийг хэзээ, хаана, ямар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасныг ажил олгогч нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтгүй байхад түүнийг тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан менежерийн ажлаас чөлөөлж монгол хэл, уран зохиолын багшаар томилох тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

15.Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А ийг тус сургуулийн мэдээ тайлан хариуцсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б   сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж