Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00073

 

2024 01 16

130/ШШ2024/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “ЭБ” ХК  (гүйцэтгэх захирал М.Т)

Хариуцагч: Б аймгийн А сумын 5-р баг, ... айлын орон сууцны ... тоот оршин суух хаягтай (одоо А сум 13 дугаар багт оршин сууж байгаа) Б овогт  А.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 583,864 төгрөг, алданги 291,932 төгрөг нийтдээ 875,796 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “ЭБ” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ердос.

(Хариуцагч А.Б-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүхэд ирүүлсэн хүсэлтэд Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээнд явах болсон гэх холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг шүүхэд хүндэтгэн үзэх  үзэх шалтгаагүйгээр шүүхэд ирээгүй гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ЭБ” ХК нь хариуцагч А.Б-т холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 583,864 төгрөг, алданги 291,932 төгрөг нийтдээ 875,796 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “ЭБ” ХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч А.Б манай компанитай “Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2021-2023 онд 583,864 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан. Уг гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор сар бүр төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан, сүүлийн 25 гаруй сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү хугацаанд гарсан 583,864 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.2.Хариуцагч А.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Эрчим хүний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувь хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.3.Хариуцагч А.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 1160379.88 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиар буюу үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 291932 төгрөг болж байна.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч А.Б-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 583,864 төгрөг, алданги 291,932 төгрөг нийтдээ 875,796 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие “ЭБ” ХК-тай ...айлын орон сууцны 10 тоотод байгаа байрны халаалтын талаар гэрээ байгуулж гарын үсэг зурахаас татгалзаж байгаагүй. Халаалтын гэрээнд намайг гарын үсэг зурахаас татгалзсан гэж бичсэн байна. Хэрвээ би гарын үсэг зурахаас татгалзсан бол яахаараа дулаанаар хангасан вэ, гэрээг тухайн үед байгуулж байгаагүй нөхөж хийсэн гэрээ байна.

2.2.Мөн ...айлын 10 тоот байрны халаалтыг стандартын дагуу хүрэх хэмжээнд нь хүргэж дулаанаар хангаагүй ба миний бие “ЭБ” ХК-нд удаа дараа шаардлага тавьж ирж байгаа халаалтыг үзээрэй гэж хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би энэ байрыг түрээслэхээр хэд хэдэн айл оруулсан боловч 2-3 хоноод хүйтэн байна хэмжээн айлууд гараад явдаг, хүн амьдрахын аргагүй хүйтэн байдаг.

2.3.Миний бие өөрийн биеэр “ЭБ” ХК-д 2022 онд очиж халаалтын хангамжийн талаар гомдол гаргаж ярихад тэгвэл дулаан авахгүй гэсэн хүсэлт гаргаж өг гэсэн би дулаан авахгүй гэж хүсэлт гаргасан.

2.4.Иймд нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч “ЭБ” ХК-аас Б аймгийн “ЭБ“ ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”, “ЭБ” ХК-ийн нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, “ЭБ” ХК-ийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч А.Б-ээс  бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч Б аймгийн “ЭБ” ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.Б-ээс 583,864 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хугацаа хэтрүүлсний алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож алданги нь 291,932 төгрөг,  халаалтын дутуу төлбөр 583,864 төгрөг, нийтдээ 875,796 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

7.Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...айлын 10 тоот байрны халаалтыг стандартын дагуу хүрэх хэмжээнд нь хүргэж дулаанаар хангаагүй тул миний бие “ЭБ” ХК-нд удаа дараа шаардлага тавьж ирж байгаа халаалтыг үзээрэй гэж хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн “ЭБ“ ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” болон 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г  нэг талаас хангагч (нэхэмжлэгч) “ЭБ” ХК-ийг төлөөлж байцаагч А.П нар гарын үсэг зурж, тус компани тамгыг дарж баталгаажуулсан боловч нөгөө талаас А сумын 5 дугаар багт оршин ...айлын орон сууцны оршин суугч хэрэглэгч (хариуцагч) А.Б гарын үсэг зураагүй,  гарын үсэг зурхаас татгалзсан гэж тэмдэглэсэн байна.

Нэхэмжлэгч талаас эдгээр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хариуцагч А.Б-т хэзээ хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн эсэх нь, мөн хариуцагч А.Б хэзээ хэрхэн гарын үсэг зурахаас татгалзсан эсэх нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8.2.Тухайн үед мөрдөгдөж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар Б аймгийн А сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41м.кв хүртэл талбайтай айл өрх сар 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тус тус тогтоосон байна.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар  Б аймгийн А сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41 м.кв хүртэл талбайтай айл өрх сар 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тус тус тогтоосон байна.

Мөн Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай” тушаалаар Б аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.

8.3.Хариуцагч А.Б нь А сумын 5 дугаар багт байрлах ...айлын орон сууцны 10 тоотын хэрэглээ халаалтын эзлэхүүн нь 36 м.кв; тариф 880 төгрөг (НӨАТ-тэй үнэ) нэг сард төлөх төлбөр 31680 төгрөг; үйлчилгээний суурь хураамж 3300 төгрөг (НӨАТ-тэй үнэ); нийтдээ 34980 төгрөг; хэрэглэгчийг дулааны эрчим хүч халаалтаар хангах хугацаа 8 сар гэснийг үгүйсгээгүй маргаагүй болно.

8.3.Нэхэмжлэгч “ЭБ” ХК-ны нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”-гаар хариуцагч А.Бийн дулааны эрчим хүч халаалтад  төлбөл зохих хөлс 2021 оны 11 сард 30,888 төгрөг, 2021 оны 12 сард 34980 төгрөг, 2022 оны 1 сар 34980 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 34980 төгрөг, 2022 оны 3 сард 34980 төгрөг, 2022 оны 4 сард 34980 төгрөг, 2022 оны  5 сард 17490 төгрөг, 2022 оны 10 сард 34980 төгрөг, 2022 оны 11 сард 34980 төгрөг, 2022 оны 12  сард 34980 төгрөг, 2023 оны 01 сард 34980 төгрөг, 2023 оны 2 сард 34980 төгрөг, 2023 оны 3 сард 34980 төгрөг, 2023 оны 4 сард 34980 төгрөг, 2023 оны 5 сард 16925 төгрөг, 2023 оны 9 сард 17490  төгрөг, 2023 оны 10  сард 34980 төгрөг, 2023 оны 11 сард 34980 төгрөг; Эцсийн үлдэгдэл: 572513 төгрөг байна.

9.Эдгээр нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч (хангагч) “ЭБ” ХК болон хариуцагч (хэрэглэгч) А.Б нарын хооронд бичгээр хийсэн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” хууль ёсны гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч (хангагч) “ЭБ” ХК нь хариуцагч (хэрэглэгч) А.Бийн байрыг дулааны эрчим хүч халаалтаар хангаж байсныг хариуцагч үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

10.Хариуцагч (хэрэглэгч) А.Б нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө хугацаандаа бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч  (хангагч) “ЭБ” ХК нь хариуцагч А.Б-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын мөнгөө шаардах эрхтэй байна.

11.Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д алдангийн хэмжээ төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Б  татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

13.Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн ня-бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”-г үндэслэн хариуцагч А.Б-ээс 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөр нийтдээ 572,513 төгрөг, алданги (төлөөгүй төлбөрийн 50 хувь) 286,257 төгрөг, бүгд 858,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгож,  нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17,026 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 875,796 төгрөгт төлсөн  улсын тэмдэгтийн хураамж 25,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ  858,770 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 25,160 төгрөгийг хариуцагч А.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч А.Б-ээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөр, алдангийн хамт нийтдээ 858,770 (найман зуун тавин найман мянга долоон зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17,026 (арван долоон мянга хорин зургаан) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,570 (хорин таван мянга таван зуун далан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-ээс 25,160 (хорин таван мянга нэг зуун жаран) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК