Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарт холбогдох 201705000203 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, ВС79020117 тоот регистрийн дугаартай, Загал овогт Шархүүгийн Сэр-Од,

2. Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ВС80122719 тоот регистрийн дугаартай, Ууш овогт Бямбын Дэлгэрдалай,

3. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВС93100115 тоот регистрийн дугаартай, Ойдов тойн овогт Бат-Эрдэнийн Үнэнбуян,

4. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВЕ91042611 тоот регистрийн дугаартай, Шөл овогт Сүхдалайн Намжил,

5. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВС95010419 тоот регистрийн дугаартай, Дархан овогт Ганболдын Буянбат,

6. Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ВС91012219 тоот регистрийн дугаартай, Бэсүд овогт Эрдэнэчимэгийн Алтанхуяг,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 06 сарын 06-07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг “Шарга овоо” гэх газарт геологийн зураглал хийж байсан “Гурван талст” ХХК-ны эзэмшлийн цахилгаан хайгуулын утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 06 сарын 06-07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг “Шарга овоо” гэх газарт геологийн зураглал хийж байсан “Гурван талст” ХХК-ны эзэмшлийн цахилгаан хайгуулын утсыг хулгайлж бусдад 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Ч.Төмөрчөдөрийн ... тухайн албанд байрлаж байгаа талбайгаас цахилгаан хайгуулын өдөөгдмөл туйлшралын дундаж коредантын цахилгаан хайгуул хийхэд ашиглагддаг А Б шугам буюу цахилгаан дамжуулах 3000 метр хэмжээтэй утас 2017 оны 06 сарын 07-нд шилжих шөнө хулгайд алдагдсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Манай компаний хулгайд алдагдсан утас 1 метр нь 1500-2000 төгрөгөөр зах зээлд худалдаалагддаг юм. Бүрээс нь ягаан, шар ногоон цэнхэр бүрээстэй зсэн голтой зарим нь хатуувтар хайлшин голтой утаснууд юм. ... Цахилгаан утасны хувьд утсаа тоо хэмжээгээр нь бүрэн бүтэн хүлээн авсан. Бидний ажлыг саатуулсан, мөн тодорхой хэмжээний алдагдалд оруулсан, хүмүүсийн идэвхи эрч хүчийг унагаасан. Гэхдээ дээрхи байдлыг мөнгөөр хэмжихгүй. Санал гомдол алга, нэхэмжлэх зүйл алга байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Шүүгдэгч Г.Буянбатын ... Бөмбөндалай ах, Хургаа ах нар дээр бид 4-ийг очтол Бөмбөндалай ах утас эвхээд мотоциклиосоо ганзаглачихсан харагдсан. Тэгэхээр нь Үнэнбуян бид хоёр наад утсаар чинь яах юм гэхэд гэрийн хошлон хийж болно гэж Бөмбөндалай ах хэлсэн. Тэгсэн хажуугаас Намжил нэгэнт тасдчихсан юм чинь авчихъя гэхээр нь бид зөвшөөрөөд газарт дэлгээтэй байсан урт утаснуудыг хуулж авсан. Үнэнбуян бид хоёр хэсэгт ороож хуйлж аваад гэрээ дөхүүлж байгаад нэг газар ухаад булчихсан. ... дараа нь сумаар яригдаад хэрэгтэй утас байсан гэхээр нь ярилцаж байгаад Үнэнбуян, Намжил хоёр буцааж аваачиж орхисон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,

Шүүгдэгч Б.Дэлгэрдалайн ... Алтанхуяг бид хоёр зогсож байгаад би утасны үзүүрээс татсан чинь урт утас татагдаж ирсэн. Тэгээд тэр утсыг Алтанхуяг хуйлж ороож авсан. Бид хоёрыг тэгээд байж байтал урд руу явсан 4 давхиж ирсэн. Ирчихээд урагшаа зөндөө урт утас байна гэж хэлсэн. Үнэнбуян, Буянбат нар ирж зогсоод наад хогоор чинь яах юм гэхэд энэ чинь хэрэгтэй адаглаад гэрийн хошлон хийгээд цахилгаанд хэрэглэж болно гэж би хэлсэн. Тэгсэн хажуугаас Намжил ах нэгэнт тасдсан юм чинь бүгдийг нь авчихъя гэж хэлсэн. Нэгэнт олдсон юм чинь бүгд л хуваагаад авчихъя гээд надтай хамт явсан хүмүүс өөрийнхөө авсан хэмжээтэй утсыг ороож хуйлж авсан. ... минийх болон Намжил, Үнэнбуян нарын мотоциклиор явж байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-103/,

Шүүгдэгч Ш.Сэр-Одын ... Тэгсэн хажуугаас Намжил ах нэгэнт тасдсан юм чинь бүгдийг нь авчихъя гэж хэлсэн. Нэгэнт олдсон юм чинь бүгд л хуваагаад авчихъя гээд надтай хамт явсан хүмүүс өөрийнхөө авсан хэмжээтэй утсыг ороож хуйлж авсан. Буянбат, Үнэнбуян хоёр хуйлж ороож авсан утаснуудаа гэр рүүгээ авч явсан. Бид 4 болохоор авч явж байгаад замдаа нэг газарт орхисон. ... Бид Дэлгэрдалай, Намжил, Үнэнбуян нарын мотоциклиор явж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-107/,

Шүүгдэгч С.Намжилын ... Биднийг урд үзүүрт оччихоод буцаад Алтанхуяг, Дэлгэрдалай нар дээр очиход тэр 2 утаснаас аваад хуйлаад ороочихсон байж байсан. Үнэнбуян, Буянбат нар наад утсаараа яах юм гэхэд Дэлгэрдалай ах гэрийн хошлон, машины цахилгааны утас хийчихэж болмоор юм гэсэн. Тэгэхээр нь би нэгэнт тасдчихсан юм чинь авчихъя гэхэд тэд зөвшөөрөөд бид зургаан хэсэг хувааж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110/,

Шүүгдэгч Э.Алтанхуягийн ... Үнэнбуян, Буянбат нар наад утсаараа яах юм гэхэд Дэлгэрдалай ах гэрийн хошлон, машины цахилгааны утас хийчихэж болмоор юм гэсэн. Тэгсэн хажуугаас Намжил нэгэнт тастчихсан юм чинь ачихъя гэхээр нь бид зөвшөөрөөд зургаан хэсэг хувааж авсан ... бид Дэлгэрдалай ах, Үнэнбуян, Намжил нарын мотоциклиор явж байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113/,

Шүүгдэгч Б.Үнэнбуянгын ... Бидний хулгайлсан утсыг компаны утас байсан, хэрэгтэй утас, цагдаа нар ирж шалгах гэж байгаа гэхээр нь бид нар айгаад авсан цахилгааны утаснуудаа Намжил ах бид хоёр мотоциклиор аваачиж тавьсан юм ... Бид миний болон Дэлгэрдалай ах, Намжил нарын мотоциклиор явж байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-117/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-тйг 5-11/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 33/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76/,

Шүүгдэгч С.Намжил, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Шарс маркийн улсын дугааргүй мотоцикль, Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль, Хенсим маркийн улсын дугааргүй мотоциклиудыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл холбогдолийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дээрдэж байх тул шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч Ч.Төмөрчөдөр нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.Намжил нь өөрийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Дэлгэрдалай нь өөрийн эзэмшлийн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Үнэнбуян нь өөрийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоциклиудыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул тухайн тээврийн хэрэгсэлүүдийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч С.Намжил нь өмнө нь 1 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Загал овогт Шархүүгийн Сэр-Од, Ууш овогт Бямбын Дэлгэрдалай, Ойдов тойн овогт Бат-Эрдэнийн Үнэнбуян, Шөл овогт Сүхдалайн Намжил, Дархан овогт Ганболдын Буянбат, Бэсүд овогт Эрдэнэчимэгийн Алтанхуяг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарын эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С.Намжилийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Дэлгэрдалайн эзэмшлийн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Үнэнбуянгийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоциклиудыг хурааж, улсын орлого болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Намжилийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Дэлгэрдалайн эзэмшлийн Dayun маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Б.Үнэнбуянгийн эзэмшлийн Шаркс маркийн улсын дугааргүй мотоциклиудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Сэр-Од, Б.Дэлгэрдалай, Б.Үнэнбуян, С.Намжил, Г.Буянбат, Э.Алтанхуяг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА