Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1703

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01743 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Х-ийн хариуцагч СХДТХ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 994 403 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ц.Энхмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгино хайрхан дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04-р тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас буруу халагдсан тул гомдол гаргаж шүүхэд хандсан. Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01711 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 1 884 400 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураараа биелүүлээгүй тул миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр очиход ажил олгогч нь тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахаа больсон хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсний дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилдаа эргэн орсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 884 400 төгрөгийг хариуцагч гаргаж өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна. Мөн ажил олгогч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа учир хүүхэд асрах чөлөө олгох боломжгүй ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Миний бие өөрийн хүүхдээ өөрөө асрахаас өөр аргагүй байсан тул ажил хийх боломжгүй болж 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Миний бие ажилдаа эргэн орохоор шүүхэд хандсанаас хойш Улсын дээд шүүхийн тогтоол гарч ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүүхэд төрүүлсэн. Жирэмсэн байх хугацаандаа эмнэлгийн хяналтад байж төрөхийн өмнөх жирэмсний 60 хоног, төрсний дараах амаржсаны 60 хоног тус бүрт эмнэлгийн магадлагаагаар Нийгмийн даатгалаас олгодог тэтгэмжийн мөнгөө авах гэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгоно гэж нийгмийн даатгалын байцаагч тайлбарласан. Иймд ажилтан миний 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх нийт 7 сар буюу 213 хоног ажилгүй байснаас амралтын бүх хоногийг хасаад ажлын 151 ажлын хоногийн цалин хөлс 3 994 403 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Нэхэмжлэлийн үндсэн хэсэгт Иймд ажилтан миний 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх, мөн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 7 сар буюу 213 хоног ажилгүй байснаас гэх хэсгийн 2018 оны 09 сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байх 120 хоногийн хугацаанд төрөхийн өмнөх болон төрсний дараах эмнэлгийн магадлагаатай байсан учир энэ хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй, харин энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөх бичилтийг хуулийн дагуу хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Манай нөхөр 2 дугаар сарын 27-ны өдөр над руу мессеж бичсэн. Н.Б чиний хоёр тушаалыг танилцууллаа гэсэн байсан. Удалгүй Н.Б буцаагаад хоёр тушаалыг авсан гэж хэлсэн. Тэгснээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахгүй бол дарга тушаалыг чинь битгий өг гэж байна гээд тушаалыг надаас авчихлаа гэж нөхөр хэлсэн. 3 дугаар сарын 15-ны өдөр надад албан бичиг ирээд 3 дугаар сарын 18-ны өдөр ирж уулзсан. Түүнээс өмнө 1 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гарсан гэдгийг мэдээгүй. Н.Б-аас 7 хоногт нэг удаа утсаар залгаж тушаал гарсан эсэхийг асуудаг байсан. Н.Б гараагүй гэсэн хариу өгдөг байсан. 2 сард тушаал гарсан уу гэж залгахад тушаал гарсан гэхээр нь 2 дугаар сарын 19-ний өдөр би Н.Б дээр очиж уулзаад тушаалаа авъя гэхэд Н. тушаал чинь гараагүй байна. Гарахаар нь хэлье гэсэн. Би өмгөөлөгчтэйгээ ярилцаад тушаал гараагүй байна гэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгье гээд өгсөн.

Нэхэмжлэлдээ өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалаар анхан шатны шийдвэр гарсан хугацаа хүртэл тооцож цалинг олгохоор шийдвэрлэсэн учир энэ өдрөөс хойших ажилд орох хүртэл хугацаагаар тооцон нэг өдрийн ажилгүй байсан хугацааны цалингаа нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 3 дугаар сарын дунджаар тооцон 26 452 төгрөг, сарын дундаж цалингаа 581 959 төгрөг гэж тооцсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны мөнгөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.6-д төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд СХДТХ-т орон тооны бус байцаагч гэсэн албан тушаал байхгүй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн А05 тоот тогтоолоор орон тооны бус ажилтан ажиллуулах журам батлуулаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А27 дугаар захирамжаар СХДТХ-т эрх олгосны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус СХДТХ-т 45 орон тооны бус ажилтнуудад хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана уу гэсний дагуу СХДТХ орон тооны бус ажилтан буцаан авч ажиллуулж эхэлсэн. Эрх олгогдсон захирамж гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Э.Х ажилд нь буцаан авах тухай тушаал гарсан. Тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б15 тоот хэлтсийн даргын Э.Х ажилд буцаан томилох тухай тушаал гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Э.Х хөлсөөр ажиллах гэрээ байгуулна уу гэж удаа дараа дуудсан боловч ажилдаа ирж гэрээгээ байгуулаагүй учраас манай байгууллага 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Албан бичигтээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус татварын хэлтсийн 204 тоот өрөөнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулна уу гэсэн албан бичгийн дагуу ирж гэрээ байгуулсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй учраас хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Орон тооны бус байцаагч гэсэн албан тушаал нь 2018 оны 258 дугаар тогтоолоор байхгүй болсон. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу орон тооны бус ажилтан гэдэг албан тушаал дээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гаргаж Э.Х ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл Э.Х нь өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас ажилдаа ирж орохгүй, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэрээ байгуулаагүйн улмаас СХДТХ-т хохирол үүсээд байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Чингүн гэдэг хүн тус Татварын хэлтсийн Захиргааны хэлтсийн дарга н.М-тай ярилцлагын тэмдэглэл хийгээд нэхэмжлэлийн шаардлага болох 1 800 000 төгрөгийг 4 хувааж төлнө гэсэн байдаг. 4 хувааж төлөх төлөлтийн эцсийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цалин тавихаар ойролцоогоор сард 272 000 төгрөгийг олгох болно. Энэ асуудал ярилцлагын тэмдэглэлд тусгагдсаны дагуу хуулийн дагуу цаг хугацаандаа төлөлт хийгдэж байгаа. Зүй бус дарамт шахалт гэж байгаа нь ямар ч нотлох баримтгүйгээр хүний нэр төрд халдаж байна. Үнэхээр энэ асуудлыг ярих гэж байгаа бол нотлох баримттай ярих хэрэгтэй. Нэхэмжлэгч байнга тушаалынхаа араас хөөцөлддөг гээд тайлбарлаад байна. Манай Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хүний нөөцийн ажилтан Н.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Х өөрөө залгаад миний тушаал гарсан уу гэж асуусан байна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Б иргэн Э.Х рүү залгаад тушаал арай гараагүй байна гэсэн байна. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Х тушаал гарсан уу гэж залгахад Би Сонгинохайрхан дүүрэг дээр явж байна. Тушаал чинь өнөөдөр гарсан гэсэн хариу өгсөн байсан. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Н.Б залгаж ирж гэрээгээ байгуулна уу гэхэд ирэх боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирж гэрээгээ байгуулна уу гэхээр иргэн Э.Х би ойрхон хөдөө байна, очихоороо гэрээгээ байгуулъя гэсэн хариу өгсөн байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин ирж гэрээгээ байгуулна уу гэхэд иргэн Э.Х нь би Паритизанд байна. Эргээд яръя гээд түүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Н.Булгамаа дахин залгахад Э.Х хотын төвд явж байна. Одоо очлоо гэж худлаа хэлээд утсаа аваагүй байдаг. Нэхэмжлэгч энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2 удаа асуусан байхад хариуцагч талаас 5 удаа утсаар ярьж албан бичиг хүргүүлж, гэрээг нь танилцуулах гэж удаа дараа оролдсон байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 3 994 404 /гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга, дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан Э.Х-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Э.Х-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг СХДТХ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 78 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Б.Э нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хууль хэрэглээний алдаа гаргаж хэрэглэх ёсгүй хуулийн заалтуудыг баримталсан улмаар эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Б.Н.Б-ийн мэдүүлгээс дурдахдаа:

1.1. "...Тушаал гараад нөхөрт нь танилцуулаад дарга өөрөө ирээд танилцах ёстой гэж хэлээд буцаагаад авсан шиг санагдаж байна.... Ер нь бол тушаал гараад буцаагаад авсан явдал болох нь болсон..., би худлаа хэлэхийг хүсэхгүй байна" гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн би 7 хоног бүр тушаал гарсан эсэх талаар лавлаж байсан..., манай нөхөрт 2 тушаал танилцуулаад буцаагаад авсан гэсэн. Учир нь шийдвэр гүйцэтгэлд байгаа материалаа татаж авсны дараа ажилд нь оруулна гэж хэлсэн гэсэн...." тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна." гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай нөхөр 2 сарын 27-ны өдөр надруу мессеж бичсэн. Н.Б- чиний 2 тушаалыг танилцууллаа гэсэн. Удалгүй Н.Б буцаагаад 2 тушаалыг авсан гэж хэлсэн..." талаар шүүхийн шийдвэрийн 2 дахь талд бичигдсэн. Эндээс үзэхэд гэрч Б.Н.Б-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийг нь ажилд томилсон талаар мэдсэн байна. Гэвч анхан шатны шүүх уг үйл баримтыг үнэлээгүй орхигдуулсан.

Түүнийг ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан ч түүнтэй гэрээ байгуулахын тулд Э.Х өөрөө зайлшгүй ирж гэрээгээ байгуулж, ажлаа хийх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр өмнөх гурван шатны шүүхээр хэрэг шийдэгдэж дууссанаас 45 хоногийн дараа анх удаагаа ажлын байрандаа ирсэн. Түүнийг ирснийг нотлох баримт хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан байгаа. Анхан шатны шүүх энэ байдлыг тодруулаагүй, уг үйл баримтыг үнэлээгүй. Эндээс үзэхэд Э.Х ажил хийж цалин авах хүсэл эрмэлзэл байгаагүйг харуулж байна.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах боломжгүй байсан тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирэх боломжтой байсан ч ирээгүй. Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч өөрөө ажлаа хийх боломжгүй байсан байна. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг тодруулаагүй харгалзаж үзээгүй байна.

Анхан шатны шүүх хоногийг буруу тоолсон. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 107 ажлын өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 42 ажлын өдөр байсан. Нийт 149 хоног байхаар байна. Гэтэл анхан шатны шүүх 151 хоногоор тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Э.Х ажлын байран дээрээ ирсэн эсэх, ажлаа хийсэн эсэх, ажлаа хийх оролдлого гаргаж байсан эсэхийг тодруулаагүй. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Э.Х ажилд томилсон тушаалыг нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн талаарх үйл баримтыг ч үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг хэтрүүлэн гуйвуулж нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж үндэслэх хэсэгтээ дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн байна

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 тоот тогтоолоор "Орон тооны бус ажилтан ажиллуулах журам" батлагдсан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оын 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/27 дугаар захирамжаар манай Татварын хэлтэст эрх олгомогц нь бид Э.Х томилсон тушаал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлтийн улмаас "орон тооны бус ажилтан" гэх албан тушаал байхгүй болчихсон "төсөөтэй албан тушаал" байхгүй буюу "орон тооны бус" учраас "үндсэн орон тоо"-ны ажлын байранд тавих боломжгүй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасныг баримталсан. Энэ заалтыг хэрэглэх ёсгүй байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч СХДТХ-т холбогдуулан ажилгүй байсан 151 өдрийн олговор 3 994 403  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд олговор шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

 

            Нэхэмжлэгч Э.Х-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлтэй хэргийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1427 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/1711 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон ч ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг  2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй нь хэргийн баримтаар  тогтоогдсон байна.

 

            Ажил олгогчийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байгаа тул уг хугацааны олговрыг хуульд зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх хугацаанд жирэмсний болон төрсний дараах эмнэлгийн магадлагаатай байсан хугацааг хасч, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ныг өдрийг хүртэлх, мөн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 251 ажлын өдөрт ногдох олговор 3 994 404 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, олговрын хэмжээг дундаж цалин хөлс тодорхойлох журамд  нийцүүлэн тогтоосон байна.

 

            Хариуцагч тал Э.Х ажилд томилсон тушаалыг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан гэх боловч энэ тухай нэхэмжлэгчид танилцуулснаа нотлоогүй, 7 хоног бүр лавлаж асуухад тушаал гараагүй талаар хэлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байх тул 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Э.Х-тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, орон тооны бус ажилтнаар ажиллуулж эхэлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж, уг хугацааг хүртэл олговор гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт  зөв, хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/01743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч СХДТХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ