| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/01041/И |
| Дугаар | 130/ШШ2024/00074 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2024/00074
| 130/ШШ2024/00074 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “ЭБ” ХК (гүйцэтгэх захирал М.Т)
Хариуцагч: Б аймгийн А сумын 5-р баг, ... айлын орон сууцны ... тоот оршин суух хаягтай (одоо А сум 13 дугаар баг, Ц орон сууцны 11 тоотод оршин сууж байгаа), Б овогт С.О.
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 181,381 төгрөг, алданги 90,690 төгрөг нийтдээ 272,071 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Хариуцагч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЭБ” ХК нь хариуцагч С.О-т холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 181,381 төгрөг, алданги 90,690 төгрөг нийтдээ 272,071 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “ЭБ” ХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч С.О манай компанитай “Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, байгуулж, уг гэрээний дагуу 2021-2023 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор сар бүр төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч дулааны эрчим хүч худалдаж авсан боловч 181,381 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү хугацаанд гарсан 181,381 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч С.О гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна.
1.2.Эрчим хүний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувь хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.
1.3.Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
1.4.Хариуцагч С.О 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 648,913 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн. Эрчим хүчний тухай хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 90,690.5 төгрөг болж байна.
1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч С.О-аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын дутуу төлбөр 181,381 төгрөг, алданги 90,690 төгрөг нийтдээ 272,071 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч С.О нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие “ЭБ” ХК-тай ямар ч гэрээ хийгээгүй, надад ямар нэгэн гэрээ авч ирж байгаагүй. Нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэсэн нь үндэслэлгүй байна. Надад гэрээ үзүүлсэн бол гарын үсэг зурж ямар нэгэн тайлбар бичдэг байсан.
2.2.Нэхэмжлэгч “ЭБ” ХК нь халаалтыг стандартын дагуу хүрэх хэмжээнд нь хүргэж дулаанаар хангаагүй ба миний бие “ЭБ” ХК-нд удаа дараа шаардлага тавьж ирж байгаа халаалтыг үзээрэй гэж хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би энэ байрыг түрээслэхээр хэд хэдэн айл оруулсан боловч хүйтэн байна хэмжээн айлууд гараад явдаг. Миний бие өөрийн биеэр “ЭБ” ХК-д 2022 онд очиж халаалтын хангамжийн талаар гомдол гаргаж байсан.
2.3.Иймд нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
3.Нэхэмжлэгч “ЭБ” ХК-аас Б аймгийн “ЭБ“ ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”, “ЭБ” ХК-ны нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, “ЭБ” ХК-ны “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч С.О-аас Б аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №04-07-004/393 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн Хяналтын газрын дарга Б.Мэд гаргасан өргөдөл, гэрэл зураг 2 хуудас, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ/202247301081 тоот гэрээний 1-р хавсралт Хаан банкны “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”, “ЭБ“ ХК-нд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 108394 төгрөг төлсөн тухай НӨАТ-ын баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч Б аймгийн “ЭБ” ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.О-аас 181,381 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хугацаа хэтрүүлсний алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцоход алданги нь 90,690 төгрөг, халаалтын дутуу төлбөр 181,381 төгрөг, нийтдээ 272,071 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
7.Хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие “ЭБ” ХК-тай ямар ч гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэсэн нь үндэслэлгүй ба “ЭБ” ХК нь халаалтыг стандартын дагуу хүрэх хэмжээнд нь хүргэж дулаанаар хангаагүй ба миний бие энэ талаар удаа дараа шаардлага тавьж ирж байгаа халаалтыг үзээрэй гэж хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймд нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн “ЭБ“ ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” болон 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г нэг талаас хангагч (нэхэмжлэгч) “ЭБ” ХК-ийг төлөөлж байцаагч О.Г гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарж баталгаажуулсан боловч нөгөө талаас А сумын 5 дугаар багт оршин ... айлын орон сууцны ... тоотод оршин суугч хэрэглэгч (хариуцагч) С.О гарын үсэг зураагүй, гарын үсэг зурхаас татгалзсан гэж тэмдэглэсэн байна.
Нэхэмжлэгч талаас эдгээр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хариуцагч С.Од хэзээ хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн эсэх нь, мөн хариуцагч С.О хэзээ хэрхэн гарын үсэг зурахаас татгалзсан эсэх нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.2.Тухайн үед мөрдөгдөж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар Б аймгийн А сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41м.кв хүртэл талбайтай айл өрх сар 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тус тус тогтоосон байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар Б аймгийн А сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 3-д: Орон сууцны халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 800 төгрөгөөр /НӨАТ-гүй/, 5-д Дулаан эрчим хүчний үйлчилгээний тариф 41м.кв хүртэл талбайтай айл өрх сард 3000 төгрөгөөр /НӨАТ-гүй/ тус тус тогтоосон байна.
Мөн Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай” тушаалаар Б аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.
8.3.Хариуцагч С.О нь А сумын 5 дугаар багт байрлах ... айлын орон сууцны ... тоотын хэрэглээ халаалтын эзлэхүүн нь 15,2 м.кв; тариф 880 төгрөг (НӨАТ-тэй үнэ) нэг сард төлөх төлбөр 13376 төгрөг; үйлчилгээний суурь хураамж 3300 төгрөг (НӨАТ-тэй үнэ); нийтдээ 16676 төгрөг; хэрэглэгчийг дулааны эрчим хүч халаалтаар хангах хугацаа 8 сар гэснийг үгүйсгээгүй маргаагүй болно.
8.3.Нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”-гаар хариуцагч С.О дулааны эрчим хүч халаалтад төлбөл зохих хөлс 2021 оны 3 сард 13376 төгрөг, 2021 оны 4 сард 13376 төгрөг, 2021 оны 5 сар 6688 төгрөг, 2021 оны 09 дугаар сард 6688 төгрөг, 2021 оны 10 сард 13376 төгрөг, 2021 оны 11 сард 13376 төгрөг, 2021 оны 12 сард 16676 төгрөг, 2021 оны 01 сард 16676 төгрөг, 2022 оны 02 сард 16676 төгрөг, 2022 оны 03 сард 16676 төгрөг, 2022 оны 4 сард 16676 төгрөг, 2022 оны 5 сард 8338 төгрөг, 2022 оны 10 сард 16676 төгрөг, 2022 оны 11 сард 16676 төгрөг, 2022 оны 12 сард 16676 төгрөг, 2023 оны 01 сард 16676 төгрөг, 2023 оны 02 сард 16676 төгрөг, 2023 оны 03 сард 16676 төгрөг, 2023 оны 04 сард 16676 төгрөг, 2023 оны 05 сард 8069 төгрөг, 2023 оны 09 сард 8338 төгрөг, 2023 оны 10 сард 16676 төгрөг, 2023 оны 11 сард 16676 төгрөг, эцсийн үлдэгдэл:325089 төгрөг байна. Үүнээс төлсөн хөлс нь 2022 оны 03 сард 16676 төгрөг, 2022 оны 4 сард 16676 төгрөг, 2023 оны 10 сард 108394 төгрөг, нийтдээ 141,746 төгрөг төлсөн байна.
Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 108394 төгрөг төлсөн тухай НӨАТ-ын баримт нь “ЭБ“ ХК-ийн тооцоотой тохирч байна.
8.4.Эцсийн үлдэгдэл 325,089 төгрөгөөс хариуцагчийн нэмж төлсөн дулааны төлбөр 141,746 төгрөгийг хасахад 183,343 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөрийг 181,381 төгрөгөөр тооцсон болно.
8.5.Хариуцагч С.О-аас гаргаж өгсөн Б аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №04-07-004/393 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн Хяналтын газрын дарга Б.Мэд гаргасан өргөдөл, гэрэл зураг 2 хуудас зэрэг материал нь огноо цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Мөн С.О-ы 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ/202247301081 тоот гэрээний 1-р хавсралт Х банкны “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” нь энэ хэрэгт хамааралгүй болно.
9.Эдгээр нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч (хангагч) “ЭБ” ХК болон хариуцагч (хэрэглэгч) С.О нарын хооронд бичгээр хийсэн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” хууль ёсны гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч (хангагч) “ЭБ” ХК нь хариуцагч (хэрэглэгч) С.О-ы байрыг дулааны эрчим хүч халаалтаар хангаж байсныг хариуцагч үгүйсгэсэн хууль ёсны нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
10.Хариуцагч (хэрэглэгч) С.О нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө хугацаандаа бүрэн төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч (хангагч) “ЭБ” ХК нь хариуцагч С.О-аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын мөнгөө шаардах эрхтэй байна.
11.Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэмж нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д алдангийн хэмжээ төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.О татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч “ЭБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хууль ёсны нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
13.Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгч “ЭБ” ХК-ны нягтлан бодогчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”-г үндэслэн хариуцагч С.О-аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөр нийтдээ 181,381 төгрөг, алданги (төлөөгүй төлбөрийн 50 хувь) 90,690 төгрөг, бүгд 272,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгох нь зүйтэй байна.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 272,071 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамж 8,812 төгрөгийг хариуцагч С.О-аас гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч С.О-аас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын төлбөр, алдангийн хамт нийтдээ 272,071 (хоёр зуун далан хоёр мянга далан нэгэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,812 (найман мянга найман зуун арван хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас 8,812 (найман мянга найман зуун арван хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.