Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00160

 

2024 02 13

130/ШШ2024/00160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн ХХҮГ (дарга А.Г)

Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар  багт оршин суудаг,  Б овогт М.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2,949,097 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Д-д  мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд “намайг оролцуулахгүйгээр хавтаст авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна. мөн хариуцагч М.Б-д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д тус тус зааснаар зохигчдыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ нь хариуцагч М.Б-д холбогдуулан нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2,949,097 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч М.Б нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн ТА газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2.Хариуцагч М.Б-д тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч үндэслэлгүйгээр авсан 2949097 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй болно.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч М.Б-аас  нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2949097 төгрөгийг буцаан төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.Хариуцагч М.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.    

3.Нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ-аас Б аймаг дахь ТА газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, энэхүү актын  хавсралт, Б аймаг дахь ТА газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамтран 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч М.Б-аас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч М.Б-д халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч үндэслэлгүйгээр авсан 2,949,097 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул шүүхэд хандсан.

7.Хариуцагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч М.Б-д гардуулсан ба хариуцагч М.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Б аймаг дахь ТА газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай акт”-аар Б сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр хавсралтад заасан нэр бүхий 125 иргэнд нийтдээ 417,4 сая төгрөгийн  халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж,  хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр олгосон мөнгийг хавсралтад заасан нэр бүхий иргэдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгохыг тогтоосон байна.

8.2.Б аймаг дахь ТА газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41 дугаартай актын нэгдүгээр хавсралт дахь нэрсийн жагсаалтын 47-т регистрийн дугаар БД82011321; овог нэр: М Б; Б сум; акт тогтоосон дүн: 2,949,097 төгрөг гэж бичигдсэн байна.

8.3.Б аймаг дахь ТА газар болон ХХҮГ-ын хамтран 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлд...М.Б “миний бие уг тэтгэмжийг авсан нь үнэн болно. Халамжийн сангаас авсан 2,949,097 төгрөгийг цаашид 100% төлнө. Улсад учирсан хохирлыг би өөрөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.  

8.4.Хариуцагч М.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна. 

8.5.Хариуцагч М.Б хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас 2,949,097 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан Б аймаг дахь ТА газрын акт, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, мөн М.Б-ын “Халамжийн сангаас авсан 2,949,097 төгрөгийг цаашид 100% төлнө” гэсэн сонсох ажиллагаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

9.Дээрх нотлох баримтаар хариуцагч М.Б халамжийн сангаас үндэслэлгүйгээр 2,949,097 төгрөг авч ашигласан тул  энэ мөнгийг буцаан төлүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэл нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

10.Иймд хариуцагч М.Б-аас нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2,949,097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ-т олгох нь зүйтэй байна.

 14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан шаардлага болох 2,949,097 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62,136 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                           

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт М.Б-аас нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2949097 (хоёр сая есөн зуун дөчин есөн мянга ерэн долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн ХХҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 62,136 (жаран хоёр мянга нэг зуун гучин зургаан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК