Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2024/00125

 

 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Х. Хаяг:Б аймаг, Ө  сум, 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Хариуцагч: А. Хаяг: Б аймаг, Б  сум, 0 дүгээр багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 3,330,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

Хариуцагч А д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчаас өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х нь хариуцагч А д холбогдуулан нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 3,330,000 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна.

Үүнд:

1.1 Аливаа халамжийн үйлчилгээ авахын тулд тухайн иргэн өөрийн хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт сум, багийн нийгмийн халамжийн  мэргэжилтэнд бүрдүүлж өгөх ёстой.

1.2 Гэтэл хариуцагч А  нь 2020 оноос 2021 оны хооронд нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 3,330,000 төгрөгийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр, хууль бусаар авч байсан нь 2022 оны 6 дугаар сард Б аймаг дахь Төрийн аудитын газар бүх сумуудаас халамжийн сантай холбоотой материал татаж аваад шалгах үед илэрсэн.

1.3 Тиймээс хариуцагч А аас нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 3,330,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.Нэхэмжлэгчээс Сонсох ажиллагаа явуулсан тухай 2022 оны 11 дүүгээр сарын 15-ний өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/А0462226/ДҮА-2022/32-ШТА-ГА төлбөр барагдуулах тухай акт, уг актын нэгдүгээр хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/35 дугаар албан бичгээр тус газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Досжанд олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Хариуцагчаас шүүх хуралдаанд өөрийг оролцуулахгүйгээр хийж өгөх тухай хүсэлт, уг хүсэлтэд эмнэлгийн магадалгаа хавсаргаж  ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Аливаа халамжийн үйлчилгээ авахын тулд тухайн иргэн өөрийн хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт сум, багийн нийгмийн халамжийн  мэргэжилтэнд бүрдүүлж өгөх ёстой.  Гэтэл хариуцагч А  нь 2020 оноос 2021 оны хооронд нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 3,330,000 төгрөгийг ямар нэгэн бичиг баримтгүйгээр, хууль бусаар авч байсан нь 2022 оны 6 дугаар сард Б аймаг дахь Төрийн аудитын газар бүх сумуудаас халамжийн сантай холбоотой материал татаж аваад шалгах үед илэрсэн тул уг мөнгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 Хариуцагч А  нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар  хүртэл хугацаанд нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө болох 3,330,000 төгрөгийг бичиг баримтгүйгээр хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан Б аймаг дахь Төрийн аудитын газрын акт, актын хавсралт, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас тухайн нийгмийн халамжийн мөнгийг авч хэрэглэсний хувьд маргаагүй.

7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид тэтгэвэр гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно гэж заасны 12.1.4 дэх заалтад тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэр олгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 2.1-д Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны 6.1.1-д өргөдөл (маягтын дагуу), 6.1.2-т.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 6.1.3-т 2 хувь зураг, 6.1.4-д иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 6.1.5-д 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт; 6.1.6-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 6.1.7-д .Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх гэх зэрэг  8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй байхаар журамласан байжээ.

8.Дээрх хууль болон журамд зааснаар хариуцагч А  нь хүсэлтийн хамт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийн тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх зэрэг бичгийн баримтыг хавсаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, улмаар сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр хуульчилсан.

9.Гэтэл хариуцагч А  нь бичиг баримтгүйгээр 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох 3,330,000 төгрөгийг авсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын акт, актын хавсралт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг нийгмийн халамжийн сангаас авч хэрэглэсний хувьд хариуцагчаас маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар хариуцагчаас шаардах эрхтэй  байна.

10.Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж хариуцагч А  нь нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр хууль бусаар тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 3,330,000 төгрөгийг авч хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 68,230 төгрөгийг  гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч А аас нийгмийн халамжийн сангаас бичиг баримтгүйгээр хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 68,230 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж