| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/01088/И |
| Дугаар | 130/ШШ2024/00126 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2024/00126
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х газар. Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Хариуцагч: Х. Хаяг: Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н гаас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 3,051,295 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ,
Хариуцагч Х /Б сумаас цахимаар/
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч Х ээс холбогдуулан түүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н гаас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 3,051,295 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Тус аймаг дахь Т газраас 2022 онд Б аймгийн 12 сумаас нийгмийн халамжийн үйлчилгээ авч байсан иргэдийн материалыг манай байгууллагаас татаж авч шалгасан.
1.2 Хариуцагч Х нь 2020, 2021 онд хөдөлмөрийн хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр 3,051,295 төгрөгийг авсан болох нь Т актаар тогтоогдсон. Иргэн аливаа тэтгэвэр, тэтгэмж авахын тул хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг сум, багийн нийгмийн халамжийн мэргэжилтэнд гаргаж өгөх үүрэг нь байгаа юм.
1.3 Энэ байдлыг иргэдэд ойлгуулж тайлбарлахын тулд Б суманд очоод төлүүлэх арга хэмжээ авсан боловч төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.4 Тиймээс хариуцагч Х ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н гаас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 3,051,295 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
2.Хариуцагч Х ий хариу тайлбар, татгалзал:
2.1 Миний бие 2012 онд анх тус аймгийн Х дарга П болон Нэгдсэн эмнэлгийн эмч нар Б суманд ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биечлэн үзэхэд тахир дутуугийн тэтгэвэрт гарч байсан. Манай гэр бүлд улсад ажил эрхэлдэг, ямар нэгэн цалин тэтгэмж авдаг хүн байхгүй.
2.2 Ингээд үргэлжлүүлээд Н гаас цус багадалт, цус багадалтын улмаас ухаан алдаж түлэгдсэн байдлыг эмч нар хараад надад тахир дутуугийн тэтгэвэр тогтоож өгсөн.
2.3 Харин Ковид цар тахлын үед Б сумын халамжийн мэргэжилтэн А нь та нар группээ аймгийн төвд биечлэн очоод сунгуулах шаардлагагүй, материалаа өгвөл би аймгийн төвд өөрөө очоод сунгуулаад аваад ирнэ гэж миний өвчний түүхийг авсан байсан. Гэтэл А гэх хүн миний группийг сунгуулж өгнө гэсээр байгаад нас барсан.
2.4 Тиймээс би өвчний түүхээ дахин эргэж авч чадаагүй, одоо хүртэл олж авч чадаагүй алга болсон. Тэгээд би 5 дугаар сарын 16-нд тахир дутуугийн тэтгэврээс хасагдсан талаар мэдсэн. Тийм учраас даралтын эмээ ч авч ууж чадахгүй, уулын өвсийг түүж ардын эмчилгээгээр аргалж байгаа.
2.5 Аймгийн төвд очоод Сансар сувилалд хэвтэн эмчлүүлэхэд ч тахир дутуугийн группээс хасагдсан гэсэн үндэслэлээр эмчилгээний зардлын хөнгөлөлт эдэлж чадаагүй.
2.6 Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа тэтгэврийн мөнгийг авч хэрэглэсэн маань үнэн. Хоёр оюутан сургаж, хоёр хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд сургаж байгаа нэг хүүхдийн 100,000 төгрөгөөс өөр оролгүй, гурил, идээгээ арай гэж авч байгаа тул уг мөнгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү. Би тухайн мөнгийг төлөх чадваргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Сонсох ажиллагаа явуулсан тухай 2022 оны 11 дүүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Т газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/А0462226/ДҮА-2022/32-ШТА-ГА төлбөр барагдуулах тухай акт, уг актын нэгдүгээр хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Х газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/34 дугаар албан бичгээр тус газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Досжанд олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... иргэн аливаа тэтгэвэр, тэтгэмж авахын тул хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг сум, багийн нийгмийн халамжийн мэргэжилтэнд гаргаж өгөх ёстой үүрэг нь байдаг. Хариуцагч Х нь хөдөлмөрийн хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл 3,051,295 төгрөгийг авсан болох нь Т актаар тогтоогдсон тул уг мөнгийг төлүүлэхээр шүүхэд хандсан гэжээ.
7.Хариуцагч Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч байгууллагын надаас нэхэмжилж байгаа мөнгийг авч хэрэглэсэн маань үнэн. Харин Ковид цар тахлын үед Б сумын халамжийн мэргэжилтэн А нь та нар группээ аймгийн төвд биечлэн очоод сунгуулах шаардлагагүй, материалаа өгвөл би аймгийн төвд өөрөө очоод сунгуулаад аваад ирнэ гэж миний өвчний түүхийг авсан байсан. Гэтэл А гэх хүн миний группийг сунгуулж өгнө гэсээр байгаад нас барсан.Тиймээс би өвчний түүхээ дахин эргэж авч чадаагүй, одоо хүртэл олж авч чадаагүй алга болсон. Би тухайн мөнгийг төлөх чадваргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Хариуцагч Х 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Н гаас 3,051,295 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан Б аймаг дахь Т газрын акт, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас тухайн нийгмийн халамжийн мөнгийг авч хэрэглэсний хувьд маргаагүй.
9.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид тэтгэвэр гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно гэж заасны 12.1.3 дахь заалтад хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн-д нийгмийн халамжийн тэтгэвэр олгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 2.1-д Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны 6.1.1-д өргөдөл (маягтын дагуу), 6.1.2-т.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 6.1.3-т 2 хувь зураг, 6.1.4-д иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 6.1.5-д 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт; 6.1.6-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх зэрэг 8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй байхаар журамласан байжээ.
10.Дээрх хууль болон журамд зааснаар хариуцагч Х нь хүсэлтийн хамт тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох гэж буй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хавсаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, улмаар сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
11.Гэтэл хариуцагч Х нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй тухайн мөнгийг авч хэрэглэсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Б аймаг дахь Т газрын акт, актын хавсралт, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар тогтоогдож бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр уг мөнгийг авч хэрэглэсний хувьд хариуцагчаас маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
12.Нэхэмжлэгч байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр иргэн болох хариуцагч Х д хууль бусаар олгосон тэтгэмжийг тус аймгийн Б сумын Нийгмийн халамжийн байцаагчаар ажиллаж байсан А ээс Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч А нь 2021 оны 6 дугаар сард нас барж түүнээс шаардах боломжгүй нөхцөл байдал бий болсноор хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.
13.Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж хариуцагч Х хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй 3,051,295 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 63,771 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Х с хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н гаас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 3,051,295 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 63,771 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж