| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/01090/И |
| Дугаар | 130/ШШ2024/00127 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2024/00127
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х газар. Хаяг:Б аймаг, Ө сум, 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Хариуцагч: А. Хаяг: Б аймаг, Б сум, 0 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н аас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 2,497,600 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д ,
Хариуцагч А /Б сумаас цахимаар/,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч А д холбогдуулан түүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н аас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 2,497,600 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2022 онд Б аймгийн 12 сумаас нийгмийн халамжийн үйлчилгээ авч байсан иргэдийн материалыг манай байгууллагаас татаж авч шалгасан.
1.2 Ингэхэд хариуцагч А нь хөдөлмөрийн хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл 2,497,600 төгрөгийг авсан болох нь төрийн аудитын актаар тогтоогдсон. Иргэн аливаа тэтгэвэр, тэтгэмж авахын тул хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг сум, багийн нийгмийн халамжийн мэргэжилтэнд гаргаж өгөх ёстой үүрэг нь байгаа юм.
1.3 Энэ байдлыг иргэдэд ойлгуулж тайлбарлахын тулд Б суманд очоод төлүүлэх арга хэмжээ авсан боловч төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.4 Тиймээс хариуцагч А ээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н аас хууль бусаар авсан халамжийн тэтгэврийн мөнгө 2,497,600 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
2.Хариуцагч А ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч байгууллагын надаас нэхэмжилж байгаа мөнгийг авч хэрэглэсэн маань үнэн. Хэрэв тухайн мөнгийг өгөх ёсгүй бол яагаад бидний дансанд оруулсан бэ?
2.2 Миний бие материалаа бүрдүүлээд Б сумын нийгмийн халамжийн мэргэжилтэнд өгөөд группээ сунгуулж өгөхийг хүссэн. Тухайн үед ковид цар тахлын үе байсан учраас аймгийн төвд очоод өөрөө группээ сунгуулж чадаагүй.
2.3 Хэрэв бид хөдөлмөрийн чадварын хувь, хугацааг тогтоосон актгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авсан бол яагаад тэр даруй шалгаад тогтоогоогүй юм вэ? тус сумын нийгмийн халамжийн байцаагч А агсан надад чиний группийг сунгуулсан гэсэн учраас дансандаа орж ирсэн мөнгийг авч хэрэглэсэн. Одоо надад энэ мөнгийг төлөх санхүүгийн чадвар байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Сонсох ажиллагаа явуулсан тухай 2022 оны 11 дүүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41/А0462226/ДҮА-2022/32-ШТА-ГА төлбөр барагдуулах тухай акт, уг актын нэгдүгээр хавсралт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/36 дугаар албан бичгээр тус газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д д олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Иргэн аливаа тэтгэвэр, тэтгэмж авахын тул хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг сум, багийн нийгмийн халамжийн мэргэжилтэнд гаргаж өгөх ёстой үүрэг нь байдаг. Хариуцагч А нь хөдөлмөрийн хувь, хугацаа тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл 2,497,600 төгрөгийг авсан болох нь төрийн аудитын актаар тогтоогдсон тул уг мөнгийг төлүүлэхээр шүүхэд хандсан гэжээ.
7.Хариуцагч А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч байгууллагын надаас нэхэмжилж байгаа мөнгийг авч хэрэглэсэн маань үнэн. Хэрэв бид хөдөлмөрийн чадварын хувь, хугацааг тогтоосон актгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авсан бол яагаад тухайн үед тэр даруй шалгаад тогтоогоогүй юм вэ? тус сумын нийгмийн халамжийн байцаагч А агсан надад чиний группийг сунгуулсан гэсэн учраас дансандаа орж ирсэн мөнгийг авч хэрэглэсэн үнэн. Одоо надад энэ мөнгийг төлөх санхүүгийн чадвар байхгүй гэжээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Хариуцагч А 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Н аас 2,497,600 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан Б аймаг дахь Төрийн аудитын газрын акт, актын хавсралт, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас тухайн нийгмийн халамжийн мөнгийг авч хэрэглэсний хувьд маргаагүй.
9.Харин хариуцагчаас хөдөлмөрийн чадварын хувь, хугацааг тогтоосон актгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авсан бол яагаад тухайн үед тэр даруй шалгаад тогтоогоогүй юм вэ? тус сумын нийгмийн халамжийн байцаагч А агсан надад чиний группийг сунгуулсан гэсэн учраас дансандаа орж ирсэн мөнгийг авч хэрэглэсэн үнэн гэж тайлбарлажээ.
10.Гэвч Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид тэтгэвэр гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно гэж заасны 12.1.3 дахь заалтад хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн-д нийгмийн халамжийн тэтгэвэр олгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 2.1-д Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө гэж заасны 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны 6.1.1-д өргөдөл (маягтын дагуу), 6.1.2-т.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 6.1.3-т 2 хувь зураг, 6.1.4-д иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 6.1.5-д 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт; 6.1.6-д Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх зэрэг 8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх үүрэгтэй байхаар журамласан байжээ.
11.Дээрх хууль болон журамд зааснаар хариуцагч А нь хүсэлтийн хамт тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох гэж буй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хавсаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, улмаар сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
12.Гэтэл хариуцагч А нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй тухайн мөнгөө авч хэрэглэсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Б аймаг дахь Төрийн аудитын газрын акт, актын хавсралт, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр уг мөнгийг авч хэрэглэсний хувьд хариуцагчаас маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
13.Нэхэмжлэгч байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй иргэн болох хариуцагч А д 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд олгосон тэтгэмжийг тус аймгийн Б сумын Нийгмийн халамжийн байцаагчаар ажиллаж байсан А ээс Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нөхөн төлүүлэхээр түүнээс шаардах эрхтэй боловч А нь 2021 оны 6 дугаар сард нас барж түүнээс шаардах боломжгүй нөхцөл байдал бий болсноор хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.
14.Иймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж хариуцагч А хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүй 2,497,600 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч А ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 54,912 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч А с хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актгүйгээр Н аас авсан халамжийн тэтгэврийн мөнгө 2,497,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,912 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж