Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

А.Эрдэнэбат, Д.Буджав, М.Аюуш нарт 
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, шүүгдэгч Д.Буджав, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгч М.Аюуш, түүний өмгөөлөгч Б.Алтандөш, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Буджав, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгч М.Аюуш нарын давж заалдах гомдлыг үндэслэн А.Эрдэнэбат, Д.Буджав, М.Аюуш нарт холбогдох 1922002680138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн 1972 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ажилтай, Дундговь аймаг, Цагаандэлгэр сумын 1-р баг, Хараат 7-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цац хонгор овгийн Дашзэвгийн Буджав, регистрийн дугаар 3H72051632;
Монгол Улсын иргэн 1961 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер, хуульч мэргэжилтэй, тэтгэвэрт, Дундговь аймаг Өлзийт сум 6-р баг, Рашаантын 312 тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-д зааснаар 3 жил тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Дар овгийн Авирмэдийн Эрдэнэбат, Регистрийн дугаар ЗЮ61021836;
Монгол Улсын иргэн 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Жавхлант говь инвестмент ХХК-д туслах ажилтай, Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг 197-р байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Занги овгийн Мөнх-Эрдэнийн Аюуш, регистрийн дугаар ЗЮ94050116.
Шүүгдэгч Д.Буджав нь тус аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбаттай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа хайс барих” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Цагаан толгойн нуур” ХХК-ийг төлөөлөн оролцсон этгээд болох М.Аюушаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрөө 500.000 төгрөгийн буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч А.Эрдэнэбат нь Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Буджавтай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа, хайс барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах “Цагаан толгойн нуур” ХХК-ийг төлөөлөн оролцсон этгээд болох М.Аюушаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрөө 500.000 төгрөгийн, нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч М.Аюуш нь өөрийн төлөөлөн оролцож буй “Цагаан толгойн нуур” компанид давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджавт 500.000 төгрөгийн, мөн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбатад 500.000 төгрөгийн, нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Буджав, А.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Аюушид Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Шүүгдэгч Цац хонгор овгийн Дашзэвгийн Буджав, шүүгдэгч Дар овгийн Авирмэдийн Эрдэнэбат нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч Занги овгийн Мөнх-Эрдэнийн Аюушийг хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбат, Д.Буджав нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж тус бүрд нь 6500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2700 /хоёр сая долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буджав, А.Эрдэнэбат нараас тус бүр нь 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Буджавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт: “шүүгдэгч М.Аюуш нь “ Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Буджав 2018.07.08-нд яриад “танай үнийн санал таалагдаж байна, дэмжиж байна, манай хамт олон зугаалгад явах гэж байгаа тул 1.000.000 төгрөгийн хандив үзүүлэх боломж байна уу гэхээр нь бусдаас зээлж шилжүүлсэн” гэж мэдүүлсэн ба энэ мэдүүлэг нь гэрч Н.Сугиржаргалын мэдүүлэг, мөрдөгчийн 2019.09.19-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч М.Аюушийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
... Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Буджав нь “танай үнийн санал таалагдаж байна, дэмжиж байна, хандив 1 сая төгрөг өгөх боломж байна уу” гэж М.Аюушаас хандив нэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийг Б.Наранцэцэгийн 5459053501 дугаарын дансаар дамжуулан өөрийн төрсөн охин болон А.Эрдэнэбатын дансанд шилжүүлүүлэн, шүүгдэгч А.Эрдэнэбаттай хуваан авч байгаа үйлдэл нь шууд гэрээ байгуулахаас өмнө шүүгдэгч М.Аюушид давуу байдал бий болгохоо урьдчилан илэрхийлж үүнийхээ хариуд 1 сая төгрөг авч байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна" гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн баримтыг яллах болон цагаатгах аль аль талаас нь үнэлж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Учир нь: Шүүгдэгч Д.Буджавыг гэм буруутайд тооцохдоо М.Аюушийн дээрх мэдүүлгийг үнэлэн, энэхүү мэдүүлэг нь гэрч Н.Сугиржаргалын мэдүүлэг, мөрдөгчийн 2019.09.19-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна гэж дүгнэн Д.Буджавыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.
Хавтаст хэргийн материалын 9-10-р талд М.Аюуш гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ...Буджав над руу мессежээр нэг данс явуулсан. Тэр үед надад мөнгө байхгүй байсан учир Сугираа гэж найзаасаа мөнгө зээлж маргааш нь явуулж байсан, ... тэр яриад байсан хүн нь орлогч Өнөржаргалын дугаар юм билээ“ гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дүгнээд байгаа шиг “Д.Буджав нь “танай үнийн санал таалагдаж байна, дэмжиж байна, хандив 1 сая төгрөг өгөх боломж байна уу”” гэж М Аюуштай ярьсан гэх, мессежээр дансаа өгсөн гэх үйл баримт хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдоогүй юм. Мөн гэрч Н.Сугирдорж нь “ Д.Буджавт мөнгө өгнө гэж надаас мөнгө зээлсэн” гэж мэдүүлээгүй байхад шүүхээс М.Аюушийн мэдүүлэг гэрч Н.Сугирдоржийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй юм.
           Энэ хэргийн материалд шүүгдэгч Д.Буджав нь М.Аюуштай утсаар ярьсан, данс өгсөн, мөнгө авсан гэдэг үйл баримт болон М.Аюушийн мэдүүлэг нотлогдоогүй.             Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” юм. 
Хавтаст хэргийн материалд авагдсан М.Аюушийн дансны хуулганаас харахад 2018.07.08-ны өдөр Сугираа гэх хүнээс орж ирсэн 1.000.000 төгрөгийг тэр өдрөө 5459053501 тоот данс руу шилжүүлсэн байна. Энэ данс нь Б.Наранцэцэг гэдэг хүний данс болох талаар А.Эрдэнэбат, Б.Наранцэцэг нар мэдүүлсэн. А.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ би М.Аюушаас мөнгө авсан, авахдаа Д.Буджавт өгнө гэж аваагүй талаараа мэдүүлсэн байхад шүүх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаасаа Д.Буджав нь Өлзийт сумын ЗДТГ-ын үйлчлэгч Б.Наранцэцэгийн дансыг М.Аюушид өгч, мөнгө авах ямар ч үндэслэл байхгүй. 
Д.Буджавыг хээл хахууль авсан гэж зөвхөн гэрч, яллагдагч М.Аюуш мэдүүлдэг бөгөөд М.Аюушийн энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй бөгөөд энэхүү мэдүүлэг дангаараа яллагдагчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох баримт биш юм.
            2.Хэрэгт авагдсан үйл баримтаар А.Эрдэнэбат нь Д.Буджавт зээлсэн мөнгөө М.Аюушаас авсан мөнгөөр төлсөн болох нь шүүгдэгч А.Эрдэнэбатын гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. 
            Анхан шатны шүүх Д.Буджав нарт холбогдох эрүүгийн 1922002680138 тоот хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байхад таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Буджавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв. 

 Шүүгдэгч Д.Буджав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Буджав намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа хайс барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн шууд гэрээ байгуулах ажиллагаа хууль зөрчөөгүй.
Төрөөс төлөвлөн хуулийн дагуу гэрээлсэн ажлыг гэрээнд заасан хугацаандаа хийлгүй бүтэн 2 жилээр дутуу хаяж явсных нь төлөө М.Аюуш гэдэг хүнд ажлаа дуусгахыг албаны чиг үүргийнхээ дагуу шахаж шаардсаныхаа хариуд дарамтлагч, авлигач, албан тушаалаа ашигласан хэрэгт буруутгагдсанд гомдолтой байна. М.Аюушийн худал мэдүүлгээр намайг буруутгаж байна гэж үзэж байна.
А.Эрдэнэбатын хувьд бид нэг намын эртний танил хүмүүс бөгөөд 2017 онд надаас 500000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлсэн мөнгөө нилээд нэхүүлж байгаад өгсөн, Би охиныхоо дансанд хийлгүүлсэн. Зээлсэн мөнгөө л авсан. Надтай ажлын талаар ямар нэгэн юм яриагүй. Өөрөө ч тэрийгээ хэлж мэдүүлж байсан. А.Эрдэнэбат нь М.Аюушаас юу гэж хэлж 1 сая төгрөгийг авсныг би мэдэхгүй. Одоо бодоход миний нэрийг ашиглаад авчихсан юм байна гэж ойлгож байгаа. Өөрөө ч энэ талаар шүүх хурал дээр мэдүүлж байсан.
М.Аюушийг би огт танихгүй гэрээ байгуулах гэж ирэхэд нь анх харсан, зугаалганд явна мөнгөөр тусал гэж яриагүй, мөнгө төгрөг аваагүй данс өгөөгүй. М.Аюушийг ажлаа дуусгахгүй, утсаа авахгүй болохоор нь ажлаа гүйцээж хүлээлгэж өгсөнгүй гэж аав, эгч нартай нь ярьсан нь үнэн, бусдаар тэднийг дарамтлаагүй, М.Аюушид шаардлага тавьж, чанга сул дуугарсан үе бий, ’’Цагаан толгой нуур" ХХК-д албан шаардлага хүргүүлсэн, ирсэн хашааг 2 удаа буцаасан гэдгийг би мэдээгүй, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг зохион байгуулж хяналт тавих ажлын хэсэг гэж байдаг, шаардлага хангаагүй болоод тэд л буцаасан байх, талбайг томсгох тал дээр санал оруулсан нь үнэн, тэг гээгүй тийм эрх надад байхгүй. Ажлын хэсгийн ахлагч Н.Өнөржаргал талбайг томсгохоор боллоо, материал дээрээ тохирчихлоо гэж байсан. Тухайн ажлын 20%-ийг намайг эрх мэдэл албан тушаалаа ашиглан урьдчилж олгосон гэдэг, ажлын хэсэг болоод ажил гүйцэтгэгч нар ярилцаад санал тавьж орж ирсэн бүгд ярилцаад үнэхээр тийм бол олгоё гэж шийдсэн, үүнийгээ намайг олго гэсэн гэж гүжирддэг. М.Аюушид бензины цестерын 5 тонны төмөр ёонкось үнэ тохирвол авч болно гэж санал болгож байсан нь үнэн, хотоос тээврийн зардал гээд үнэтэй болоод байна гээд 3 саяд авсан.
Н.Өнөржаргал болоод түүний нөхөд Засаг даргын зөвлөлийн хуралд оролцоод Засаг дарга дэмжээд бид арга буюу дэмжсэн гэдэг, хурлын материалтай танилцаж байхад Өнөржаргал энэ 2 компани нь Баянжаргалан, Дэрэн сумдад ажил хийж байсан юм билээ гэснийх нь дагуу би 2 сумдын удирдлагатай ярьж асуусан Дэрэнгийн орлогч “Цагаан толгой нуур” ХХК гайгүй юм билээ манайд хашааны ажил хийж байсан гэсэн, Баянжаргалан сумын Засаг дарга нөгөө компанийг манайд ажил хийсэн муу, хариуцлагагүй юм билээ гэж байсан, зөвлөлийн гишүүдийг удаад байхаар нь саналаа хэлсэн нэгд би нутгийн гэдгээр нь, хоёрт ирүүлсэн материалыг үзээд “Цагаан толгой нуур” ХХК-ыг дэмжсэн нь үнэн, орон нутаг удирдаж байгаа хүний хувьд аль болохоор аятайхан юм хийлгэе гэж бодож түрүүлж дуугарсан минь алдаа болж ашиглагджээ. Бусдаар тэр хүмүүс хүн дагах юу байхав, өөрийн гэсэн мэдрэлтэй, толгойтой хүмүүс. Н.Өнөржаргал Бат ах яриад байгаа гэж намайг хэлсэн мэтээр, улс төр хийж, ажлаас халагдсандаа М.Аюуш ажил хүлээлгэж өгсөнгүй гэж шаардлага тавьсанд тус тус өсөрхөж, үгсэн хуйвалдаж зохион байгуулалттай хийсэн гүтгэлэг гэж ойлгож байна. Ажлаас халагдсаныхаа дараа утсаар залгаж наад ажил дээрээ насаараа байхыг чинь харнаа гэж байсан нь ийм учиртай байж.
Миний хувьд төрийн албанд 20 гаруй жил зүтгэхдээ уурын зуухны машинистаас нярав, багийн Засаг дарга, сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын ажлыг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байсангүй.
Аймгийн ИТХурлын Төлөөлөгчөөр 3, сумын ИТХурлын Төлөөлөгчөөр 3, Сумын Засаг даргаар 2 удаа тус тус сонгогдон ард иргэдийнхээ итгэлийг хүлээн удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн хөгжил, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахын төлөө хуулийн дагуу хичээн ажиллаж байна.
Миний аав ээж, бүх насаараа төрийн албанд ажиллахын зэрэгцээ, эрүүл саруул, эрдэм боловсролтой 9 хүүхэд төрүүлж өсгөн, зөв сайхан хүмүүжүүлж улс эх орондоо хүлээлгэж өгсөн хүндтэй хүмүүс байдаг. Тиймдээ ч өнөөдөр 80 хол давсан насыг наслаж үр хүүхэд, ач гучаа тойруулан энх тунх аж төрж байна.
Насан өндөр аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхдүүд маань энэ хугацаанд бие, сэтгэл санааны байнгын дарамтад, үргэлж сэтгэл нь зовсоор байна. Миний аав ээж, өссөн нийгэм маань намайг шунах, завших хүмүүжлээр хүмүүжүүлээгүй, надад тийм авах ашиглахын сэтгэл байхгүй. Төрийн албанд хоёргүй сэтгэл.чин шударгаар ажиллаж ирсэнийг минь төрийн сүлд өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Буджав надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

         Шүүгдэгч М.Аюуш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасуулж, хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус ногдуулж шийтгүүлсэн. 
Иргэн би өөрийн үүргээ биелүүлж сайн дураар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджавд түүнийг шаардсаны дагуу нэг сая төгрөгийг өгснөө буруу зүйл байжээ, энэ нь гэмт хэрэг юм байна гээд Цагдаагийн албан хаагчид мэдэгдсэн.
2019 оны 06 дугаар сард би тус сумын “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн хашааны ажил” гүйцэтгэх тендерт оролцсон. Гэвч тус тендерт оролцсон 3 компанийн аль нь ч шалгараагүй. Улмаар тус сумын Засаг даргын орлогч Н.Өнөржаргал нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр “Тендерт ямар нэгэн компани шалгараагүй, тиймээс аль нэгэн компанитай шууд гэрээ байгуулахаар болсон тул тендерт оролцсон гурван компани руугаа ярьж мэдэгдэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал 2019 оны 07 дугаар сарын эхээр тус сумын Засаг дарга Д.Буджав над руу яриад “...Танай компани тендерт шалгарсан юм байна, манай Тамгын газрынхан зугаалгаар явах гэж байгаа юм, мөнгө хэрэгтэй байна, тусалж дэмжээч, сум орон нутагт юм хийж байгаа болохоор тусалж, дэмждэг юм, 1000000 төгрөг хэрэгтэй байна..” гэж хэлсэн.
Би тухайн үед тендерт шалгарсан талаараа мэдээгүй байсан. Тэгээд манайх тендерт шалгарсан юм байна даа, сум орон нутгийн удирдлага нь над руу ингээд ярьж байгаа юм чинь энэ мөнгийг нь өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Өгөхгүй бол тендерийн ажил хийлгэхгүй байх ямар ч байсан тэр мөнгийг нь олоод өгье л гэж бодсон юм. Тэгээд надад мөнгө байхгүй байсан тул найзаасаа мөнгө аваад, надад мсж-ээр ирсэн данс руу нь 1000000 төгрөг шилжүүлсэн. Хожим тэр над руу явуулсан данс нь Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбаттай холбоотой хүний данс байгаад, Д.Буджав, А.Эрдэнэбат нар нь миний явуулсан 1000000 төгрөгийг хувааж авсан тухай мэдсэн.
Би тендерийн ажлаа гүйцэтгэж байхад хүндрэлтэй хэд хэдэн зүйлтэй тулгарсан. Тухайлбал: Засаг дарга Д.Буджав нь намайг ёнксоо авахыг шаардсан, мөн хашааны төмрийг голж дахин өөр төмөр тээвэрлүүлж авч ирүүлсэн, тендерийн зурагт хийгдсэн талбайн хэмжээг 200 гаран m2 томруулж ажил хийхийг шаардсан. Өвлийн хүйтэн болоод цементэн суурьтай хашааг суурилуулах боломжгүй болоод ажил зогсоход хүртэл намайг ажлаа хийхийг шаардаж, над руу, манай эцэг эх рүү хүртэл шөнө оройн цагаар ярьж дарамталсан. Тийм учраас би өөрөө Засаг дарга Д.Буджав надаас авсан 1000000 төгрөг нь гэмт хэргийн шинжтэй байж магадгүй юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Хэрвээ өнөөдөр би иргэн хуний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түүнд мөнгө өгсөн талаараа хэлээгүй бол өдийд би гэмт хэрэгтэн болоод ял шийтгэл хүлээхгүй, Д.Буджав, А.Эрдэнэбат нар нь ч мөн ял шийтгэл хүлээхгүй байсан гэж бодож байна. Би залуу хүний хувьд, олон олон залуус ажил хийе гээд над шиг саад бэрхшээлтэй тулгарч, мөнгө төгрөгийг эрх мэдэлтэй хүмүүсийн шаардсанаар өгч битгий байгаасай гэж бодоод энэ хэргийг өөрөө илчилсэн. Хэрвээ сумын Засаг дарга Д.Буджав нь над руу 1000000 төгрөг өгөөчээ гэж яриагүй бол би түүнд мөнгө өгөхгүй байсан. Тэр хүн чинь жирийн нэг хүн биш, тухайн сумынхаа хамгийн том удирдлага хүн нь шүү дээ. Тийм хүн над руу яриад мөнгө нэхэхэд би өгье л гэж бодсон. Би зориуд санаатайгаар түүнд мөнгө өгсөн зүйл байхгүй. Би Д.Буджавд хясан боогдож, улмаар аргагүй байдалд орж түүнд 1000000 төгрөг өгсөн. Тэр 1000000 төгрөгийг шаардахад өгөөгүй бол би тендерийн ажлыг хийж чадахгүй байсан гэж бодож байна. 
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёр дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасж, хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял ногдуулж шийтгэсүгэй...” гэснийг хүчингүй болгож, М.Аюуш намайг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэгдүгээр тайлбарт хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн гэж үзэж ялаас чөлөөлж өгнө үү гэв. 

Шүүгдэгч М.Аюушийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Аюушийн өмгөөлөгчөөр оролцож байна. Цагаандэлгэр сумын засаг даргын орлогч Өнөржаргал нь тендерийн асуудлыг хариуцаж байсан. 2018 оны 06 дугаар сард тендер нь цахимаар явагдсан. Тухайн тендерт оролцсон 3 компанийн 1 компанийг нь М.Аюуш оролцуулсан. Тендер нь амжилтгүй болсон учир үнэлгээний комиссын шийдвэрээр засаг дарга шууд гэрээ байгуулах эрхтэй болсон. Тухайн шийдвэр гарсны дараа засаг даргын орлогч Өнөржаргал нь тус 3 компани руу ярьж дахин материал өгч болно гэсэн. М.Аюуш нь өөр компаниар материалаа өгсөн. 2018 оны 07 сарын 08-ны өдөр Цагаандэлгэр сумаас холбогдож тендер чинь шалгарсан гэж хэлсэн. Тухайн сумаас М.Аюуш руу ярьсан хүн нь Цагаандэлгэр сумын засаг дарга байсан. Хэрвээ М.Аюуш тендерийг авлига өгчхөөд авъя гэж бодсон бол 3 сард авлигаа өгөөд авах нөхцөл байсан. Авлигын шинжтэй үйлдлээр хоорондын харилцаа эхэлсэн. Талбайг томсого, ёнкос ав, аав ээж рүү нь ярьсан нь М.Аюушийг хясан боогдуулсан нөхцөл болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр  тайлбарт хясан боогдуулсан улмаас хэргийг илчлэх гэж заасан байдаг. Энэ нь буруу зүйл гэх байдлаар М.Аюуш нь буруу зүйл  юм байна гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Иймд Дундговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар хэсгийн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр тайлбарыг үндэслэн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

           Хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Эрдэнэбат, Д.Буджав, М.Аюуш нарт холбогдох хэрэгт томилолтоор оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэргийн зүйлчлэл нь тохирсон. Ялын ямар төрлийг хэр хэмжээтэй оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул тусгайлан гаргах саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 
Шүүгдэгч Д.Буджавыг тус аймгийн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбаттай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа хайс барих” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа “Цагаан толгойн нуур” ХХК-ийг төлөөлөн оролцсон этгээд болох М.Аюушаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрөө 500.000 төгрөгийн буюу нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэх,
Шүүгдэгч А.Эрдэнэбатыг Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Буджавтай бүлэглэн 2018 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийгдэх “Соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа, хайс барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах “Цагаан толгойн нуур” ХХК-ийг төлөөлөн оролцсон этгээд болох М.Аюушаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрөө 500.000 төгрөгийн, нийт 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэх,
Шүүгдэгч М.Аюушийг өөрийн төлөөлөн оролцож буй “Цагаан толгойн нуур” компанид давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджавт 500.000 төгрөгийн, мөн Өлзийт сумын Засаг дарга А.Эрдэнэбатад 500.000 төгрөгийн, нийт 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргүүдэд тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.   
           Тодруулбал шүүгдэгч нар нь хээл хахууль өгөх, авах гэмт хэргийг үйлдсэн болох нь  М.Аюушийн “2018 оны зун энэ үйл явдал болсон. 7 сарын 08-ны өдөр Цагаандэлгэр сумын засаг дарга Буджав ах над руу залгаад “манайх зугаалганд явах гэж байгаа юм, танай үнийн санал таалагдаж байна, дэмжиж байна” гэж хэлсэн. Тухайн үед “хандив 1.000.000 төгрөг өгөх боломж байна уу” гэхээр нь өөрт бэлэн мөнгө байхгүй учраас ажил бүтэхээ больчих вий гэж бодоод тэр мөнгийг хүнээс зээлж өгсөн. 500.000 төгрөгөөр нь хувааж авсныг мэдүүлэг өгч байх явцдаа сүүлд мэдсэн...”  гэх, 
            А.Эрдэнэбатын  “Аюуш над руу утсаар яриад “Цагаандэлгэр сумын засаг даргыг таних уу, би тендерт оролцсон боловч шалгаруулаагүй, шууд гэрээ байгуулах гэж байна. Та таньдаг бол яриад өгөөч” гэсэн. Тэгээд би болбол ярьж өгье гэж хэлсэн. Тэгээд ярьж амжаагүй, боломж ч байгаагүй байсан. Би 2017 оны 10 сарын 18-ны өдөр захирамж гарч Өлзийт сумын засаг дарга болсон. Томилогдсон өдөр Дундговь аймагт бүх сумдыг хамарсан бага олимп гэх арга хэмжээ зохион байгуулсан. Би аймагт ирээд 3-4 хонож байх үедээ Д.Буджаваас хүүхдийн төлбөр зээлсэн байсан, тэр мөнгөө өгч амжаагүй явж байсан. М.Аюушаас 1.000.000 төгрөг би зээлж авсан нь үнэн. Буджав ямар ч хамаагүй. Би хүүхдийнх нь мөнгийг дамжуулж шилжүүлсэн гэх 
            Гэрч Б.Наранцэцэгийн “Би 2018 оны 06 сараас одоог хүртэл Өлзийт сумын тамгын газрын үйлчлэгчээр ажиллаж байна. Хаан банкны 5459053501 дугаартай дансыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ашиглаж байгаа. 2018 оны 07 дугаар сарын 08- ны өдөр манай суман дээр албан ажлаар гадаад хүмүүс ирээд тэр хүмүүс нь манай буудалд хоносон. Буудлаас гараад явах үед нь А.Эрдэнэбат дарга хамт замчилж авч явсан санаж байна. Тэр үед А.Эрдэнэбат миний дансыг аваад чам руу 1 хүн мөнгө хийнэ. Тэр мөнгөнөөс буудлынхаа тооцооны 50.000 төгрөгийг авч үлдээд 500.000 төгрөгийг нь 1 хүний данс руу 450.000 төгрөгийг нь А.Эрдэнэбат даргын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй. Надад тэр талаар тайлбарлаж хэлээгүй. Хаанаас яаж авч байгаа талаараа надад огт хэлээгүй бөгөөд би бол мэдээгүй. Харин надад 2 данс үлдээгээд хуваагаад шилжүүлээрэй л гэж хэлсэн гэх, 
            Мөрдөгчийн 2019.09.19-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “ Мөнх-Эрдэнийн Аюушийн нэр дээрх 5450499951 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2018.07.08-ны өдрийн 17 цаг 03 минутад 5459053501 дугаартай данс руу “ayushaas” гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөг шилжүүлсэн байв. Уг дансны эзэмшигч нь Батсүрэнгийн Наранцэцэг гэж хүн байв.
    Батсүрэнгийн Наранцэцэгийн нэр дээрх 5459053501 дугаартай дансанд үзлэг хийхэд 2019.07.08-ны өдөр 17 цаг 03 минутад 5450499951 дугаартай данснаас “ayushaas” гэсэн утгатай 1.000.000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд уг мөнгөнөөс 450000 төгрөгийг тус өдрийн 17 цаг 28 минутад 5465041736 дугаартай данс руу “zeel tuluv” гэсэн гүйлгээний утгатайгаар, 500.000 төгрөгийг 17 цаг 30 минутад 5463048393 дугаартай данс руу “зээл” гэсэн утгатайгаар тус тус зарлага хийж шилжүүлсэн байв. 5463048393 дугаарын дансны эзэмшигч нь Буджавын Пүрэвсүрэн гэх хүн байв ” гэжээ. 
           Хэрэгт цугларсан мэдүүлгүүд болон хэрэгт тогтоогдсон нотлох баримтыг няцаан үгүйсгэх  нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл М.Аюуш бусдаас мөнгө зээлж, А.Эрдэнэбатын өгсөн данс руу 1000000 төгрөгийг, Эрдэнэбат нь уг мөнгөний хагасыг Д.Буджавын охины данс руу хийсэн үйл баримт тогтоогдсон, харин Д.Буджаваас А.Эрдэнэбат мөнгө зээлж авсан, өртэй байсан гэдэг нь нотлогдоогүй, үнэхээр зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй  байсан бол  яагаад заавал өөрийн биш, охиныхоо дансаар авах болсон тухай нөхцөл байдал нь тодорхойгүй байна. 
  Ийм учраас “...шүүгдэгч А.Эрдэнэбат, Д.Буджав нар нь М.Аюушаас авсан 1.000.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөрийн болон төрсөн охиныхоо дансаар авч байгаа үйлдэл нь бусдаас авсан хахуулийн мөнгөө нуун далдлах зорилгоор хийсэн үйлдэл гэж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
           Шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
           Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзсэн болно.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Буджав, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгч М.Аюуш нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

    ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                                      О.ОДНЯМАА