| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0623/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0499 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Алимаа
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,
Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр, мөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолууд нь хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Өлзиймөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ц.Алимаагаас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай гаргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 240 дугаартай тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3.Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамжаар Ц.Алимааг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
4.Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтын явцад Увс аймгийн Засаг дарга нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг хууль тогтоомж зөрчин томилсон болохыг тогтоож, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаар тогтоолоор томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг аймгийн Засаг даргад үүрэг болгож, уг тогтоолын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгожээ.
Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг томилсон шийдвэрээ хүчингүй болгоогүй тул Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 116 дугаар тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгч Ц.Алимаа шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл:
1/...Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 116 дугаар тогтоол намайг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.
Дээрх тогтоолын үндэслэл хэсэгт Ц.Алимаа намайг тус албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1. 33.3, 43.3, 43.6 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон гэжээ. Гэтэл дээрх заалтууд нь төрийн албан хаагчийг томилоход сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой зохицуулалтууд юм. Харин Ц.Алимаа миний бие тус албан тушаалд томилогдохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах албан тухай (цаашид “Ковидын тухай ) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу томилогдон ажиллаж байгаа болно. Тус зохицуулалтаас харахад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна. Гэвч Төрийн албаны зөвлөлийн 116 дугаар тогтоол гарах үед болон өнөөдрийн байдлаар Ковидын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж зохицуулсан болно.
Хэдийгээр миний бие өнөөдрийн байдлаар тус албан тушаалыг хашиж байгаа болов ч Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга нь дээрх шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул 116 дугаар тогтоол нь Ц.Алимаа миний Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход шууд чиглэсэн буюу миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.
2/...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт Увс аймгийн Засаг даргын намайг томилсон Захирамж нь хууль зөрчсөн
болохыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 240 дугаартай тогтоолоор анх тогтоосон тухай тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн одоогийн маргаан бүхий тогтоолын (миний одоогийн маргаж буй) үндэслэл нь дээрх 2021 оны 240 дугaapтай тогтоол болох талаар тайлбарласан байна. Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 240 дугаартай тогтоолын 2 дахь заалт, хавсралтын надад холбогдох хэсэгт Увс аймгийн Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25.1, 33.1, 43.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шалгалт зохион байгуулсны үндсэн дээр томилох ёстой атал тус журмыг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан байна.
Гэвч Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Төрийн албаны тухай хуульд
заасан сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл байдал байсан билээ.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дугаартай тогтоол нь хууль бус үйлдэл хийхийг шаардсан бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн захиргааны акт байна.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дугаартай тогтоолын 6 дахь заалтад “Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, буруутай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй” гэж заасан байна. Мөн
тогтоолын 7-д сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нөхөх арга хэмжээ авахаар тогтоосон байна. Гэвч энэ нь дээр дурдсан байдлаар Ковидын тухай хуулийг зөрчсөн, хууль бус үйлдэл болох төрийн албаны шалгалт зохион байгуулахыг шаардаж буй хэрэг юм.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 240 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д “хууль бус үйлдэл ... гүйцэтгэхийг шаардсан” гэж, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж, 47.1.7-д “үнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаартай тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ... төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэсэн заалт болон Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймагт 2021 оны 9 дүгээр сарын 8- 10-ны өдрүүдэд ажиллаж, тус аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийж, төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хүргүүлсэн.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчин томилсон болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон болно.
Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Алимаа нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох туршлагын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-д зааснаар ТЗ-10, ахлах түшмэлийн ангилалд хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж,төгссөн байх” гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 240 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй, хууль бусаар томилсон албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгооны зөрчлийг арилгаагүй тул 240 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг биелүүлээгүй үндэслэлээр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 116 дугаар тогтоолыг гарган Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
2/...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө... төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалт болон Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймагт 2021 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд ажиллаж, тус аймгийн төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, ажлын хэсгийн тайланг Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд Ц.Алимааг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг Төрийн албаны зөвлөл тогтоосон бөгөөд мөн хуулийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д “заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заасны дагуу Ц.Алимааг томилсон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн Зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хүргүүлсэн.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолын Ц.Алимаад холбогдох хэсгийг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд Увс аймгийн Засаг дарга биелүүлээгүй тул тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжийг Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийн 66.1.3-т зааснаар Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан тушаалд томилсон ажилтнуудад хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй. Бүрэн эрхийн хүрээнд Увс аймгийн төрийн жинхэнэ албан хаагчдыг томилсон томилгоонд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхэд Ц.Алимаагийн хувьд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилогдсон байсан. Тухайн үед хяналт шалгалт хийж байхад Ц.Алимаагийн хувьд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдсэн зүйл байхгүй. Улмаар тусгай шалгалт өгсөн зүйлгүй, Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй байсан. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т аймгийн Засаг даргын харьяа агентлагийн даргын албан тушаал бол дэс түшмэлийн албан тушаалд хамаарч байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ахлах түшмэлийн албан тушаалд хамаарч байгаа ангилал нь төрийн албанд 8 жил, үүнээс дээш дэс түшмэлийн албан тушаалд ажилласан байгаа. Удирдлагын академид мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх зэрэг хуулийн шаардлагыг Ц.Алимаагийн хувьд аль алиныг нь хангаагүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 2022 онд өөрчлөлт орсон. Ахлах түшмэлийн ангилалд хугацааг бууруулаад дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан. Гэтэл одоо энэ бууруулсан шаардлагыг ч Ц.Алимаа хангаагүй. Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй байж төрийн жинхэнэ албан тушаалын удирдах албан тушаалд томилогджээ. Хууль зөрчсөн учраас томилох эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 30, 66.1.3-т заасан зохицуулалтын хүрээнд хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилгооны зөрчлийг арилгаагүй. Томилгооны зөрчил арилгаагүй нь Төрийн албаны зөвлөлд шууд томилсон шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасны дагуу 2022.03.09-ний өдөр зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлээд Төрийн албаны зөвлөлийн 116 дугаартай тогтоолоор Ц.Алимааг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилсон Засаг даргын 2020 оны Б/114 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Алимаа байсан учраас нэгэнт шүүхэд маргаантай байгаа асуудлаар албадан гүйцэтгэх боломжгүй болоод байсан. Ц.Алимаа нь шүүх нэгэнт маргаантай байгаа асуудлаар Төрийн албаны зөвлөлөөс ч гэсэн гаргаж байгаа тухайн шийтгэлийн биелэлтийг хангах боломжгүй нөхцөл байдалд хүрээд явж байгаа учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасанд нь 116 дугаар тогтоолтой 240 дугаар тогтоол ингэж хоорондоо уялдаж гарсныг тайлбарласан учраас дахин дахин ярих шаардлагагүй. Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлага хангаагүй. Ковидын нөхцөл байдалтай холбоотой томилсон байдаг талаар маргадаг. Ковидын тухай хууль батлагдаад хүчин төгөлдөр болсон. Төрийн албаны тусгай шалгалтыг зохицуулсан байдаг болохоос ерөнхий шалгалтын зохицуулалтыг энэ хуулиар зохицуулаагүй. Хяналт шалгалтын явцад Ц.Алимаа нь ерөнхий шалгалт өгсөн гэх нөөцөд байхгүй учраас жинхэнэ албан тушаалд тусгай шалгалтгүйгээр ч томилогдох боломжгүй байсан. Томилсон Засаг даргын захирамжид ковидын тухай хууль тогтоомжийг үндэслэх зохицуулалт байхгүй. Энэ хүний хувьд ковидтой холбоотой маргах боломжгүй. Ковидын хуулийг барьж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг барьж байгаа ч эрх ашиг нь сэргэхэд нөлөөлөхгүй байх. Засгийн газраас 5 ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон этгээдүүдийг албан тушаалаас чөлөөлөх, томилгооны зөрчлийг арилгах, зөвтгөх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Увс аймгийн төрийн албан хаагчдын хувьд шүүр ажиллагаа хэрэгжээд чөлөөлөгдөж байгаа нөхцөл байдал үүсээд явж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс өмгөөлөгчөөсөө татгалзсан, эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Ц.Алимаагаас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
1.2.Нэхэмжлэгчээс тус тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ ... Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл .. гүйцэтгэхийг шаардсан” гэж, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж, 47.1.7-д “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлан маргасан.
1.3.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн гарсан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 40 дүгээр хуралдаанаар Увс аймгийн төрийн захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцээд тус аймгийн төрийн захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон уг тогтоолын хавсралтад дурдсан шийдвэр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, хавсралтад дурдсан албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон, тогтоолын 13 дугаар хавсралтын 1-т нэхэмжлэгч Ц.Алимаа оржээ.
1.4.Дээрх тогтоолд Ц.Алимаа нь аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжаар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 33 дугаар зүйлийн 33.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” , 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.1-д “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.3.3-т “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, 43.3.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
1.5.Нэхэмжлэгчийг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай 275 дугаар тогтоолд заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал, ТЗ-10 зэрэглэлийн удирдах албан тушаалд хамаарах албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалт, нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй буюу нөөцөд бүртгэлгүй нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
1.6.Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ...төрийн жинхэнэ албан хаагчийг ... томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж ... томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт явуулж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой гаргасан алдаагаа засахыг үүрэг болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл .. гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д заасан “түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан нь төрийн албан тушаалын сонгон шалгаруулахтай холбоотой зохицуулалт бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд орлон гүйцэтгэх журмыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар нарийвчлан зохицуулсан бөгөөд тухайн албан тушаалын шаардлага хангаагүй этгээдийг сонгон шалгаруулалт зарлах хүртэл түр ажиллуулах эрх олгосон зохицуулалт гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлүүдээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна. Гэвч Төрийн албаны зөвлөлийн 116 дугаар тогтоол гарах үед болон өнөөдрийн байдлаар Ковидын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 181 дэх хэсэгт “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж зохицуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргажээ.
2.2.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчиж, томилсныг тогтоосон, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Алимааг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” 04/940 дүгээр албан бичгээр 116 дугаар тогтоолыг Увс аймгийн Засаг даргад хүргүүлж, Зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн талаарх мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3-д “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан.
2.3.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаалд томилогдох нөхцөл шаардлагыг хангаагүй, дээрх албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчим болон 7.1.1-д “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан төрийн албаны зарчимд нийцсэн, хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан Ц.Алимаагийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 240 дугаартай тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ