Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.******* нь ялтай байхдаа 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 42 б гудамжны 2 тоот хашаанд оршин суух иргэн *******гийн эзгүй байсан хашааны амбаарт нууцаар нэвтэрч 7 ширхэг монгол гэрийн эсгий туургыг хугайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтан өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Эрдэнэмандал" 2 дугаар багийн 426 дугаар гудамжны хойш харсан 2 тоотод байдаг. Хашаандаа ганц гэрээр байдаг. Би гэртээ нээх байхгүйгээр хааяа ирж очин эхнэрийнхээ гэрээр байдаг. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай эгч Эрдэнэчимэг над руу яриад "Танай хашаанаас Сахал Ууганаа юм үүрээд зөөгөөд байна гэж Дамба ах хэллээ, чи очиж үз" гэхээр нь би очоод үзтэл манай хашаан дотор зүүн талын хашаа руу шахаж тавьсан байсан амбаарыг хашаанаас салгаад дотор нь орж хураасан байсан монгол гэрийн 7 ширхэг эсгий туургийг авч явсан байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан. Дамба ах харсан мөн манай баруун талын хашааны Долгормаа гэх хүн харсан байсан. Манайхаас хоёр хашаа алгасаад эзгүй хоосон хаалга байхгүй хашаан дотор 22-81 гэсэн дугаартай портер машинд эсгий туургыг Сахал Ууганаа ачаад авч явсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 06 сарын 19-ний өдөр намайг хөдөөнөөс Баянхонгор аймгийн төвд ирчихсэн явж байсан чинь 2 дугаар багийн нилээд хойшоо байдаг гудамжинд нэг танихгүй хүн тааралдаад надаас эсгий авах уу гэхээр нь би үзье гэсэн чинь надад 3 ширхэг цагаан эсгий туурга, нэг ширхэг бор өнгийн эсгий дээвэр, жижигхэн бор өнгийн эсгий туурга зэргийг үзүүлэхээр нь би авъя гээд хэдээр өгөх юм гэсэн чинь 100.000 төгрөгөөр өгчихнө гэхээр нь би 100.000 төгрөгөөр аваад явчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтан өгсөн ... 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас замын унаанд унаагаар аймаг руу орж ирж байсан. Аймгийн төвийн хойноос орж ирсэн. Би Мягмарсүрэн гэх найзын гэр болох 2 дугаар багийн 426 дугаар гудамжны 02 тоотод өмнө нь хэсэг хугацаанд амьдарч байсан ба сумаас аймаг руу орж ирж явахдаа 10 цагийн орчимд тэдний гудамжны доогуур уруудаад явахдаа Мягмарсүрэнгийн хашаа руу хартал сахал Ууганаа гэх хүн Мягмарсүрэнгийн хашаанаас эсгий үүрээд гарч хашаанаас нь ертөнцийн зүгээр баруун тийш гараад явж харагдсан. Шар өмд, цагаан цамцтай байсан. Би гайхаад зах дээр очоод Мягмарсүрэнгийн эгч Эрдэнэчимэгт "танай дүү Мягмарсүрэнгийн хашаанаас сахал Ууганаа эсгий үүрээд гарч явсан" гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн ... Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Эрдэнэмандал" 2 дугаар багийн 426 дугаар гудамжны 03 тоотод байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд би хашаандаа байж байтал үүдээр хүн явах шиг болохоор нь хартал манай зүүн талын буюу 02 тоот хашаанаас нэг өндөр эрэгтэй хүн эсгий үүрээд яваад манай үүдэн дээр зогсох шиг болсон. Тэгэхээр нь би хартал уг 02 тоот хашаанд байх айлд ирээд байдаг өндөр хар царайтай залуу байсан. Уг залуу манайхаас баруун тийш 1 хашааны цаана байх эзэнгүй үүд нь онгорхой хашаа руу үүрээд орж байгаа харагдсан. Гэтэл удаагүй араас нь портер маркийн машин ороод эргээд гараад явчихсан. Би уг машины улсын дугаарыг харахад 22-81 гэсэн дугаартай, би серийг нь харж чадаагүй цэнхэр өнгийн портер байсан. Ачаа нь өндөрлөгөө байхгүй өөрийнхөө тэвшээр байсан. Надад ачаа нь нээх харагдаагүй. Машинд жолооч нь болон эсгий үүрч очсон залуу хоёр байсан ба өөр хэн нэгэн хүн байгаагүй. Байж байгаад нөгөө залуу араас нь хашаанаас гараад явчихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Мягмарсүрэнтэй уулзахаар тэдний гэрээр очтол эзгүй цоожтой байсан. Би 00 ороод амбаар луу нь хартал хаалга нь цоожтой боловч хашаанаас хөндийрсөн байсан, би амбаарыг нь татаж байгаад хашаа амбаар хоёрын хооронд зай гаргаад түүгээр ороод 7 ширхэг монгол гэрийн эсгий туургийг авч баруун тийш 1 хашаа алгасаад эзгүй хашаанд оруулж тавьсан. Тэгээд доош уруудаад явж байтал цэхнэр өнгийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна портер машин зогсож байхаар нь очиж уулзаад гэрийн туурга хямдхан авах уу гэхэд ямар учиртай юм үзэж байж болно гэхээр нь би манайх байгаа юм хулгайн эд биш гэж хэлээд туурга байх газарт дагуулж очоод 100.000 төгрөгөөр зарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 6-12/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49/,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 107, 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 58-81/,

Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 42 б гудамжны 2 тоот хашаанд оршин суух иргэн *******гийн эзгүй хашаан дотор байсан амбаарт нууцаар нэвтэрч 7 ширхэг монгол гэрийн эсгий туургыг хугайлж бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.******* нь нийт 8 удаа ял шийтгэгдэж байсан ба түүнд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сар 3 /гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 /гурван/ жил 4 /дөрөв/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.*******ын эдлэх ялыг 2017 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА