| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/04525/И |
| Дугаар | 101/ШШ2023/04643 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/04643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд .......... регистрийн дугаартай, ................... тоотод оршин байх ИМХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ................. регистрийн дугаартай, ............................. оршин байх ЭХХК ХХК-нд холбогдох
21,485,137.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Р, хариуцагчийн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ИМХХ ХХК болон ЭХХК ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ИМХХ ХХК болон ЭХХК ХХК нар тус гэрээний хавсралт № 1, №2-т заасан барилгын туслах материалуудыг хэв хашмал, дотор булан, гадна булан, турба 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон. ИМХХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ЭХХК ХХК-нд хэв хашмал, дотор болон гадна булан, турба гэх барилгын материалуудыг түрээсэлсэн. ЭХХК ХХК нь Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд нийт 32,502,175 төгрөг төлөхөөс 18,178,750 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 14,323,425 төгрөгийг бүрэн төлж дуусгаагүй байна. Мөн гэрээний 7.2 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол тус гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн нийт дүнгээс тооцож хоног тутам 0,5 %-ийн алданги төлнө гэж заасны дагуу
ЭХХК ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон алданги 39,890,738.6 төгрөг байна. Иргэний хуулийн 232.4. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч ЭХХК ХХК-аас 7,161,712.5 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,323,425 төгрөг, алданги 7,161,712.5 төгрөг, нийт 21,485, 137.5 төгрөгийг хариуцагч ЭХХК ХХК- иас ИМХХ ХХК-нд гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх дээр хэрэг үүсгээд байгаа энэхүү хэрэгт хариуцагчаар татагдаад байгаа манай ЭХХК ХХК нь 2021 оны 9-р сарын 20-ны өдөр GIP XXK-ийн захиалга, хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Наадам Дэнж хотхоны 7 давхар орон сууцны барилгын каркас цутгах ажилд хэрэглэхээр ИМХХ ХХК-иас хэвний пум, дотор болон гадна булан түрээсээр авч ашигласан юм. Эдгээр пум, буланг 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 8-ны хооронд цувуулан шаардлагатай болсон үед нь татан авч 2 сар хэрэглээд 12 дугаар сарын 08-ны өдөр ихэнх хэсгийг буцаан өгсөн. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө зохих ёсоор түрээслүүлэгчид өгч байсан. Үлдсэн 100-гаад ширхэг пумыг түрээслүүлэгчид өгөх гэтэл манай пум биш гээд авахгүй байсаар 2022 оны 04 дүгээр сард эдгээр пумаа авсан. Энэ хугацаанд түрээс болон алданги нэхэмжилж байгаа нь шударга бус байна гэж үзэж байна. Ихэнх пумаа эвдэрснээр тооцож их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бид пумыг богино хугацаанд буюу 2 удаа эргүүлж ашиглаж, ихэнх хугацаа нь бетоны бэхжилтийг хүлээх хугацаа байсан тул ингэж их эвдрэх үндэслэлгүй юм.
1. Нэхэмжлэгч ИМХХ ХХК-ийн зүгээс иргэний хэрэгт нэхэмжилсэн төлбөрийн нэхэмжлэлийн дүнг хэв хашмалын эд зүйлийг ашигласан бодитоор хоног хугацаагаар тооцоолж түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 5,054,000 (таван сая таван мянга дөрвөн зуун төгрөгөөр) хянан баталгаажуулах,
2. Хэвний эвдрэлийн өртөг, алданги хэмээн үндэслэлгүй нэхэмжилж буй 16,479,737,5 ( арван зургаан сая дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун гучин долоон ) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгон шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна. Шүүхэд нэхэмжлэлийн тайлбар хэмээн болсон бодит байдлыг үнэн зөвөөр тайлбарлан үүгээр хүргүүлж байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2106031 дугаар бүхий Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Барилгын материалын түрээсийн тооцооны акт, 2021 оын 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 9 дүгээр сарын 21-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 9 дүгээр сарын 28-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 9 дүгээр сарын 28-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 10 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 10 дугаар сарын 08-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 10 дугаар сарын 05-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оын 10 дугаар сарын 23-ны өдрийн Орлогын баримт, 2021 оын 12 дугаар сарын 06-ны өдрийн Орлогын баримт, 2021 оын 12 дугаар сарын 07-ны өдрийн Орлогын баримт, 2021 оын 12 дугаар сарын 09-ны өдрийн Орлогын баримт, фото зураг,
Шүүхийн журмаар гэрчээр Э.Ц-г асуусан тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИМХХ ХХК нь хариуцагч ЭХХК ХХК-нд холбогдуулан 21,485,137.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч 5,005,400 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2106031 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага болох 21,485,137.5 төгрөгийн 7,923,425 төгрөгийг түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, 6,400,000 төгрөгийг хэв хашмалын эвдрэл гэмтлийн төлбөр, 7,161,712 төгрөгийг алдангид гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... хэв хашмалаа түрээсийн гэрээний хугацаа дуусаад хүлээлгэ өгөхөд зарим хэм хашмалыг манайх биш гээд хүлээж аваагүй цаг хугацаа алдсан тул илүү түрээсийн төлбөр, эвдрэл гэмтлийн төлбөр, алдангийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2106031 дугаар бүхий Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч тал болох ИМХХ ХХК ХХК нь барилгын туслах материал болох хэв хашмал, дотор болон гадна булан, турбаг түрээслүүлэх, түрээслэгч ЭХХК ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдсон. /х.х-ийн 8-11 дэх талд/
Тус гэрээнд илэрхийлсэн талуудын хүсэл зориг, гэрээний агуулга, зорилго нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ-ний агуулгад нийцсэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээ байгуулагдсан үйл баримт болон гэрээний дагуу 1509 ширхэг 3 нэр төрлийн барилгын туслах материалыг түрээсэлсэн болон түрээслэгч түрээсийн төлбөрт 18,178,750 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 7,923,425 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 5,005,400 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь түрээсэлсэн барилгын материалуудыг 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч 103 ширхэг барилгын туслах материалыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 13, 51-53 дахь талд/
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж, 326.2 дахь хэсэгт Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацаанаас хэтэрсэн хоногийн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөр болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 7,923,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Түрээсийн зүйл болох хэв хашмалыг түрээслэх явцад учруулсан эвдрэл гэмтлийн засварын зардалд 6,376,425 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Гэвч хэрэгт авагдсан орлогын баримтуудаар 6,376,425 төгрөгийн засварын зардал гарсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 19-24 дэх талд/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Талууд хооронд байгуулсан гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол тус гэрээний хавсралт 2-т заасан түрээсийн гэрээний нийт үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Тайлбарлавал, гэрээнд оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч тус агуулга нь хуульд нийцсэн хуулийн хүрээнд байх шаардлагатай.
Зохигчдын анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан агуулгын хүрээнд хийгдсэн тохиолдолд гэрээний талууд үүргээ гүйцэтгээгүй талаас анз шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Гэрээний 7.2-т тохиролцсон түрээсийн гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцно гэсэн тохиролцоо нь дээрх хуулийн хүрээнд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ЭХХК ХХК-аас 7,923,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИМХХ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,561,712 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЭХХК ХХК-аас 7,923,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИМХХ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,561,712 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 265,375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХХК ХХК-аас 141,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИМХХ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ