Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/04507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, ................ оршин суух Б.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .................. регистрийн дугаартай, .......................... оршин суух Э.А-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 268,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Э, хариуцагч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Б.Ө миний бие 2012 оны 01 дүгээр сарын 31-нд анх К.П.М.Э ХХК-ийг анх үүсгэн байгуулсан. Тус компани дээр эхлүүлсэн бизнесээ хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан тул иргэн Э.А-аас хөрөнгө оруулалт хүсэж, хамтран ажиллах болсон. Э.А нь компаний 70 хувийн хувьцааг 200.000 ам доллараар худалдан авъя гэсэн санал тавьж, миний с[email protected] гэх е-мэйл хаягт хувьцаа худалдаж авах тухай гурван гэрээний төслийг боловсруулан ирүүлснийг нь Харилцан ярилцаж, амаар хүлээн зөвшөөрч, 2012.06.27-нд хувийн хувьцаагаа Э.А-т хуулийн дагуу шилжүүлэн өгсөн юм. Энэ нь цэвэр итгэлцлийн зарчим дээр хийгдсэн гэрээ байсан.

Э.А нь компанийн 70 хувийн хувьцааг 200.000 ам/доллараар худалдах, худалдан авах гэрээний төсөл илгээсэн ч тэр өдөр ... Чиний хувьцааг өндөр үнээр худалдаж авч байгаа учраас чамайг хувьцаагаа яг шилжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс 70 хувийн хувьцааг 600.000 төгрөгөөр эхэлж худалдан авах, Худалдах худалдан авах гэрээ байгуулаад, улсын бүртгэлд нэрээ бүртгүүлээд, чамайг хувьцаагаа шилжүүлсний дараа буюу би энэ компанид албан ёсоор бүртгүүлж орсныхоо дараа 200.000 ам.доллараа данс руу чинь шилжүүлье... гэж итгэлтэйгээр хэлсэн тул түүнд нь итгэж, 70 хувийнхаа хувьцаагаа шилжүүлсэн. Гэтэл Э.А нь энэ аман хэлцлийнхээ үүргээ одоог хүртэл биелүүлээгүй.

Түүнчлэн хариуцагч Э.А нь нотиаратаар баталгаажуулсан хувьцаа шилжүүлэх гэрээний үнийн төлбөр болох 700.000 төгрөгөө ч мөн өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах" гэрээнээс хувьцаа худалдагч Б.Ө миний бие Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж дээрх гэрээг цуцалж байна.

Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан Хөрөнгөө хүлээн авах үүргийг тус хүлээнэ" гэж хуульчилсан бөгөөд бидний байгуулсан гэрээ нь хиймэгц биелэгдэх шинжтэй гэрээ буюу хариуцагч гэрээ байгуулагдмагц хамгийн Багадаа 700.000 төгрөгийг худалдагч тал болох Б.Ө надад шилжүүлснээр гэрээ биелэгдэх ёстой байсан.

Миний зүгээс хариуцагч Э.А-т гэрээний болон аман хэлбэрээр тохирсон хувьцааны үнээ төлөхийг удаа дараа шаардсан боловч сүүлдээ миний ээж Б.Х-ыг эрүүгийн хэрэгт гүтгэх, улмаар их хэмжээний төлбөр нэхэмжлэх зэрэг байдлыг олон жилийн турш гаргаж, миний гэрээгээр шилжүүлсэн хувьцаагаар олж авсан компанийн засаглалын эрхээ бидний эсрэг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгийг завшиж, итгэл алдсан үйлдэл гаргах болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагчтай байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 225.2-т заасан татгалзах эрхийн дагуу уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлуулах эрхээ эдэлж байна.

Иймд: Б.Ө, Э.А бидний байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, хариуцагч Э.А-т гэрээгээр шилжүүлсэн 70 хувийн хувьцаагаа эзэмших эрхийг минь сэргээж, К.П.М.Э ХХК-ны 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Ө миний бие нь Э.А-т холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Э.А нь хэдийгээр энэ компани нь үйл ажиллагаа эхлээгүй компани байсан учраас 200.000 ам/доллар хүрэхгүй байсан гэж тайлбарладаг боловч надаас авсан 70 хувиас тодорхой хэмжээг зарах саналыг гаргаж, К.П.М.Э ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Б-с тухайн үед 250.000 ам долларыг дансаар авч мөн хэд хоногийн дараа өөрийн аав Д.Э-ын данс руу 125.000 ам долларыг шилжүүлж байсан нь Худалдаа Хөгжлийн Банкны тухайн үеийн шилжүүлгийн баримтаар нотлогддог.

Компанийн үнэ цэнэ бол хэзээ байгуулагдсан, үйл ажиллагаагаа хэзээ эхэлснээс үл хамаараад үнэ цэнэ бусад хүчин зүйлээс хамаарах бөгөөд хариуцагч Э.А-н хэлсэнчлэн үнэ цэнэггүй байсан бол хувьцаа эзэмшигч худалдан авах байдлаар мөнгө шилжүүлэх байсан уу?, мэдээж үгүй тиймээс компанийн тээврийн хэрэгслийн шатахуунд хольж зардаг АНУ-ын NANO шингэнийг Монгол улсад борлуулж ашиг олох бүрэн боломжтой олон улсын дистрибютерийн эрхийг 2012 оны 5 сарын 15-ны өдөр авсан байсан нь тус компани болон хувьцааны үнэ цэнийг өсгөж байсан. Энэхүү гэрээг авсны дараа хувьцааг анх тохирсон үнээр буюу 200,000 ам доллароор худалдан авнаа гэж Э.А хэлж байсан ч хувьцаа худалдаххудалдан авах гэрээг хийх өдрөө өндөр татвар төлнөө зүгээр 700,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээгээ хийе компанидаа хууль ёсны дагуу орчхоод тохирсон мөнгөө дансаар хийнэ" гэж хуурч мэхлээд компанид орж ирсэн.

Э.А нь хувьцааг худалдан авахдаа 200.000 ам/доллараар худалдан авах саналыг надад имэйлээр ирүүлснийг Иргэний хуулийн анхан шатны шүүхийн шалгалтаар нотлогдсон. Гэвч Э.А нь гэрээнд заасан төлбөрөө биелүүлээгүй, үүнийгээ өгөхгүйн тулд ээжийг минь олон жил эрүүгийн журмаар зохиомол хэрэгт унаган шалгуулж зовоож байсан учраас бид ээжийнхээ нэр төрийг сэргээж авъя гэсэн үүднээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж компанийн эрхээ олж авахаар нэхэмжлэл анх гаргасан. Харамсалтай нь ээжийн маань бие, сэтгэл, оюун санаа нь энэ их дарамтыг дийлэхгүй 2022 оны 4 сарын 21-ны өдөр бурхан болсон, нөгөөтэйгүүр Э.А К.П.М.Э ХХК -ийг маш их хэмжээний татварын өртэй болгосон. Татварын өндөр хэмжээний өр гарсан байгаа нь Миний анх санаачлан гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үр дүнгээр тухайн бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирж борлуулж, их хэмжээний ашиг олсон болохыг хангалттай гэрчилж байна. Мөн миний талийгч ээж Х нь тухайн компанийн олсон их хэмжээний ашгаас хуульд зааснаар өөрийн эзэмшлийн хувьцаанд ноогдох ноогдол ашгаас нэг ч төгрөгийг авч чадалгүй бурхан болсон.

Иймд компанийн хувьцаагаа буцаан авснаар 9 жил шахам ажилгүй байгаа нэхэмжлэгч миний хувьд их хэмжээний татварын өртэй компанийг буцаан авснаар дээрх татварын өрийг мөн төлөх санхүүгийн дарамтад орж, эсрэгээрээ Э.А өөрийн олсон ашгийнхаа татварын өрнөөс чөлөөлөгдөх болж байгаа тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнд:

Б.Ө миний бие нь Э.Ат холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, К.П.М.Э ХХК -ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж Э.А-аас 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200.000 ам/доллараар худалдан авахаар тохиролцсон болохыг тогтоолгож хариуцагчаас хувьцааны үнэ 200.000 ам/долларыг гэрээ байгуулах өдрийн буюу 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны ханшаар 1,341.16 төгрөгөөр тооцож 268,232,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж байна.

Иймд К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200.000 ам/доллараар худалдан авахаар талууд тохиролцсон болохыг тогтоож, хариуцагчаас хувьцааны үнэ 200.000 ам/долларыг гэрээ байгуулах өдрийн буюу 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б.Ө-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Юуны өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хариу тайлбар гаргахаас өмнө шүүх энэхүү маргаантай холбоотой асуудалд ойлголт аваасай гэсэн үүднээс дараах ерөнхий тайлбарыг хүргэж байна.

2012 оны хавар миний найз Н.Ц гэж хүн өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа Б.Ө, түүний ээж Б.Х нарыг надад танилцуулсан юм. Уулзаад ямар асуудлын талаар хөрөнгө оруулалт, хамтран ажиллах талаар сонирхож байгааг нь сонсоход ... тээврийн хэрэгслийн шатахуунд хольж зардаг NANO ... шингэнийг гадаад улсаас оруулж ир Авто плаза төв дээр лангуу түрээсэлж зарж борлуулах жижиглэнгийн худалдааны талаар хэлж танилцуулж байсан... тухайн үед миний бие ийм төрлийн бизнес эрхэлдэггүй, мөн жижиглэнгийн худалдааг огт танихгүй хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзаж нөхцөл байдлаа хэлж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч Б.Ө, Б.Х нар нь манай ажлын гадаа Хуучин) өдөр болгон шахуу зогсож хүлээн, ажил тарахад амдаж ирээд уулзаж энэ нь л асуудлаа дахин дахин ярьж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх талаар ятгадаг байсан.

Миний бие сүүлдээ ээж, хүү хоёрыг өрөвдөж яригдаад байгаа бүтээгдэхүүнийг нь товчхон судалж ойлголт авсан. Ингээд лангуун дээр жижиглэнгээр худалдаалдаггүй юм аа гэхэд МУ-д оруулж ирээд борлуулалт хийхэд бензинийн шаталт сайтай, тээврийн хэрэгсэлд эвдрэл багатай, эдийн засгийн хувьд иргэдэд хэмнэлттэй бүтээгдэхүүн гэдгийг ойлгож хамтран ажиллах саналыг хүлээж авсан.

Энэ үед К.П.М.Э ХХК нэг сая төгрөгийн дүрмийн сантай, үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй, татварт Х тайлан гаргадаг, аж ахуй нэгжийн ямар нэгэн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь 100 хувь иргэн Б.Ө-ын нэр дээрх хуулийн этгээд байсан юм.

Ингээд миний бие 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай компанийн 70 хувийн хувьцааг нь 700,000 төгрөгөөр худалдан авч, Б.Ө нь ээж Б.Х-аа 30 хувийн хувьцаагаа шилжүүлэн би гүйцэтгэх захирлаар, ээж нь санхүү хариуцсан захирлаар томилогдож өөрөө энэ компаниас бүрэн гарсан болно.

Тухайн үед хувьцаа худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж миний бие бэлэн боодолтой нэг сая төгрөгөөс 200,000 төгрөгийг өөртөө авч үлдээд 700,000 төгрөг нь 70 хувийн хувьцааны үнэ, 100,000 төгрөг нь улсын бүртгэлд бүртгүүлэх тэмдэгтийн хураамж бусад зардалдаа хэрэглээрэй гээд нийт 800,000 төгрөгийг өгч явуулж байсан.

Мэдээж ямар ч эрүүл ухаантай бизнес хүн үүсгэн байгуулагдаад хэдхэн сар болсон, хов хоосон, ямар нэгэн үйл ажиллагаа нь тогтворжоогүй, ашиг олдоггүй компанийг 200.000 ам доллараар худалдаж, хэзээ, ямар ашиг олно гэж тооцоолох вэ дээ. Энэ бол дэндүү бодит байдалд нийцээгүй нэхэмжлэлийн үндэслэл болохыг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ биз ээ.

Ө-ын ээж Б.Х нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу мөн оны 7 сарын 5-ны өдөр иргэн Э.А надаас хувийн зорилгоор ашиглах үүднээс хүүгүйгээр 30,000 ам долларын зээлэх хүсэлт бичгээр гаргаж, гэрээ байгуулан авчхаад эргүүлж өгөөгүй байгаа баримтууд одоо ч надад хадгалагдсан хэвээр байна.

Хэрэв би Б.Ө-аас 70 хувийн хувьцааг нь аваад 700,000 төгрөгийг огт өгөөгүй, бүр 200,000 ам доллараар худалдаж авна гэсэн бол ээж, хүү хоёр надад хувьцаагаа шилжүүлээд 8 хоногийн дараа хувьдаа хэрэглэнэ гэж 30,000 ам. доллар зээлэх хүсэлт бичгээр гаргаж авах байсан уу. Би 700,000 төгрөгийг төлөөгүй байж тэр хүмүүстэй 30,000 ам доллар зээл өгөөд сууж байх уу. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодсон авцалдаа, логикгүй зүйл ярьж 7 жилийн дараа өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.

Миний бие хувьцаатай болсноор тухайн бүтээгдэхүүнийг бүрэн судлах. МУ-ын томоохон хуулийн этгээдүүдэд туршилт хийх, хөрөнгө санхүүжилт, мөн бизнесийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллахын тулд өөрийн хувьцаанаас тодорхой хэсгийг 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бусдад шилжүүлж компанид хөрөнгө оруулалт босгож эхэлсэн.

Ингээд туршилтууд амжилттай явагдаж, бүтээгдэхүүн борлуулалтын гэрээ ч байгуулагдаж эхэлсэн.

Тухайн үед 70, 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд миний бие гэрээнд гарын үсэг зурж явуулснаар улсын бүртгэлийн бусад асуудалд оролцоогүй юм. Гэтэл Б.Х, Б.Ө хоёр нь улсын бүртгэлийн гадаа хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж, бүртгүүлж өгдөг хувь хүмүүсээр хийлгэсэн байдаг бөгөөд компанийн дүрэмд Б.Х-ын ч, миний ч гарын үсгийг тухайн хүмүүс нь орлуулж зураад бүртгүүлсэн байсныг миний бие хожим нь мэдсэн юм.

Б.Ө, Б.Х нар нь 2012 оны 6 сарын 27-ны өдөр надад хувьцаагаа шилжүүлчхээд 7 сард намайг бизнесийн төслөө боловсруулж, хөрөнгө оруулалт босгож эхлэнгүүт ийм байдлаар мөнгө олох боломжтой юм байна гэдэг өнгөцхөн ойлголт авч. БНХАУ- ийн Тайвань улсын J WELL international компанийн нэрийг орчуулан Монгол гэсэн үг оруулан надад мэдэгдэлгүй мөн оны 8 сард дахин Жим вэйл монголия интернейшнл ХХК-ийг үүсгэн байгуулан эрхээ шилжүүлж авахаар санаархаж байсныг би бүх зүйл болоод өнгөрсний дараа мэдсэн юм.

Мөн түүнчлэн К.П.М.Э ХХК -ийг 2012 оны 01 дүгээр сард үүсгэн байгуулаад мөн оныхоо 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Ө нь Б.Х-д хуулийн эдгээдийн харилцагч банкинд компанийг төлөөлж нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хийж өгснийгөө надад мэдэгдэлгүй, 70 хувийн хувьцаагаа шилжүүлснээс хойш компани тамга тэмдэг, гэрчилгээ, бусад бичиг баримтыг авч явах хүртлээ санхүүгийн баримтад ажлын байран дээр надаар нэгдүгээр гарын үсэг зуруулан яваад банкинд огт ашиглалгүй өөрийнхөө гарын үсгээр компанид мэдэгдсэн, мэдэгдээгүй гүйлгээ хийдэг байсныг компанийн хувьцаа эзэмшигч нар сүүлд мэдсэн юм.

Энэ үетэй зэрэгцэн иргэн Батсайхан 100,000 ам.доллараа өгчихөөд хувьцаагаа шилжүүлж авч чадаагүй байхад нь Б.Х өөрөө нууцаар дистрибьютрийн эрхийг өөрийн дахин үүсгэн байгуулагдсан компанид шилжүүлэн авч К.П.М.Э ХХК -ийн төслийг зогсоосныг сонсоод Цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Түүнээс биш миний бие хувь хүнийхээ үүднээс болон К.П.М.Э ХХК -ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн зүгээс өнөөдрийг хүртлэх хугацаанд Б ӨБ.Х хоёрын энэ залилан мэхлэж, завшсан үйлдлүүдэд нь нэг удаа ч гомдол гаргаж байгаагүй бөгөөд харин Б.Б-ны гомдол болон өөрсдийнх нь гаргасан компанийн дүрмэнд гарын үсэг хуурамчаар зурсан гэх зэрэг үндэслэлгүй гомдлуудтай нь холбогдуулан тухайн үед гүйцэтгэх захирал байсныхаа хувьд сүүлийн хэдэн жил шалгагдаж миний бие гэм буруугүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болсон болно.

Гэтэл аль 2012 онд байгуулагдсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээний асуудлыг өнөөдөр ярьж, эрүүгийн хэргээр шалгагдаж хэрэгсэхгүй болсон болон иргэний шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг эс тооцон нэхэмжлэл гаргасан байна.

Иймд иргэн Б.Ө-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайбартаа:

Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Б.Ө-ын нэхэмжлэлтэй Э.А-т холбогдох хэрэгт манай компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ө нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 70 хувийн хувьцааны үнэ болох 200,000 ам.долларыг хариуцагчаас гаргуулах болгож өөрчилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа манай компанийн эрх, ашиг цаашид хөндөгдөхгүй болж байгаа бөгөөд гуравдагч этгээдээр татсан үндэслэл байхгүй болж байна.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00383 дугаартай захирамжийн М ХХК-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

К.П.М.Э ХХК -ийн үүсгэн байгуулагч Б.Ө-аас Б.Х-д олгосон 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл, К.П.М.Э ХХК -ийн дүрэм, Б.Х, Э.А нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Б.Х-ын К.П.М.Э ХХК-нд гаргасан өргөдөл, К.П.М.Э ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 003/2012 дугаартай хувьцаа эзэмшгчдын хурлын тогтоол, К.П.М.Э ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ерөнхий захирлын тушаал, К.П.М.Э ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 049/01/2013 дугаатай албан бичиг, К.П.М.Э ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 006/2013 дугаартай хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоол, Б.Ө-ын худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2012 оны дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоол, К.П.М.Э ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 201301041208 Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 502 дугаартай Мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол, К.П.М.Э ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 657/658 дугаартай шинжээчийн дүгнэлт, Э.А, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Итгэлцлийн гэрээ, К.П.М.Э ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Ерөнхий захиралд удирдлагыг шилжүүлэх гэрээ, К.П.М.Э ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Б.Х, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч Э.А-ын нарын хооронд байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 001/2012 дугаартай гэрээ, К.П.М.Э ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Б.Х-ын 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Э.А-т хүргүүлсэн шаардлага, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 544 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б.Х-д хүргүүлсэн мэдэгдэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/484 дугаартай албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Цахим шууданд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 377 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 414 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 376 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 379 дугаартай Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1672 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31/0012919 дугаартай акт, Н ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын ордер, Н ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэх, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 82 дугаартай Яллах дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2012 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр [email protected] цахим шуудангаас [email protected] цахим шууданд ирүүлсэн захидалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчээр Б.Х-ыг асуусан тэмдэглэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 406 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, П ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт тус тус авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Э.Ат холбогдуулан Б.Ө, Э.А нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Э.Ат шилжүүлсэн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг сэргээж, К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 268,232,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагч Э.А К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг 200,000 ам доллараар худалдан авах санал гаргасан бөгөөд уг саналыг хүлээн зөвшөөрч бодит байдал дээр гэрээгээ байгуулахдаа татвар өндөр гарах учраас 700,000 төгрөгөөр хувьцаа худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан учир анх тохиролцсон тохиролцооны дагуу гэрээний үүрэгт 200,000 ам долларыг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... К.П.М.Э ХХК-ийн 60 хувийн хувьцааны үнэ ирээдүйд 200,000 ам долларт хүрэх боломжтой гэснээс бус нэхэмжлэгчийн 70 хувийн хувьцааг 200,000 ам доллараар худалдан авах санал гаргаагүй, гэрээг бичгээр байгуулсны дагуу хувьцааны үнэ 700,000 төгрөгийг нотариат дээр бэлнээр хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаснаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргасан.

Зохигчид хооронд 2012 оны дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 40-41дэх талд/

Дээрх гэрээгээр нэг талаас худалдагч Б.Ө нь К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн 70 ширхэг хувьцааг худалдан авагчид шилжлүүлэх, нөгөө талаас худалдан авагч Э.А нь хувьцааны үнэ 700,000 төгрөгийн үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

Хэрэгт авагдсан К.П.М.Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр тус компанийн 70 хувийн хувьцаа эзмшигчээр Э.А, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Х болсноор Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлд тус шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн болох нь тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 69-73 дэх талд/

Гэрээнд илэрхийлсэн талуудын хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн 70 ширхэг хувьцааг шилжүүлсэн үйл баримтуудтай талууд маргаагүй харин нэхэмжлэгч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж маргаж, гэрээний үнэнд хариуцагчаас 200,000 ам доллар буюу 268,232,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүхийн журмаар үзлэг хийсэн баримтаас үзэхэд 2012 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр [email protected] цахим шуудангаас [email protected] цахим шууданд К.П.М.Э ХХК-ийн 66 хувийн хувьцааг 200,000 ам доллараар худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний загваруудыг тус тус ирүүлсэн болох нь тогтоогдсон. /1 дүгээр х.х-ийн 137-144 дэх талд/

Тус баримтаар ийнхүү гэрээний санал хариуцагчаас ирүүлснийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй тул энэ төрлийн гэрээг цахимаар хийж болох бөгөөд ийнхүү цахимаар хэлцэл хийхэд талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, харилцан зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох журамтай.

Өөрөөр хэлбэл, нэг талаас гаргасан гэрээний саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрснөө илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснээр тус гэрээг байгуулагдсан гэж үзэх юм.

Гэтэл, [email protected] цахим шуудангаас [email protected] цахим шууданд К.П.М.Э ХХК-ийн 66 хувийн хувьцааг 200,000 ам доллараар худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний загваруудыг тус тус ирүүлсэн болох нь тогтоогдож байх боловч тус баримтаар талууд цахимаар худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийг тохиролцож, харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр цахимаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, хэлцлийн талаар нэг талаас гаргасан саналыг нөгөө тал хүлээн авсан эсхүл өөр санал гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүх тус баримтаар хариуцагч 200,000 ам долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Зохигч талууд хооронд бичгээр байгуулсан 2012 оны дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн харин хариуцагч гэрээнд заасан хувьцааны үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нь гэрээ байгуулсан даруй 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хувьцааны үнэ 700,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Гэвч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 2012 оны дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор Э.А нь 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр К.П.М.Э ХХК-ийн хувьцааны 70 хувь буюу 200,000 ам долларыг Б.Ө, Б.Х нараас залилан мэхэлж авсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж ... уг асуудал нь иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудал, эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн 201301020514 дугаартай хэргээс яллагдагч Э.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /2 дугаар х.х-ийн 11 дэх талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх бөгөөд дээрх прокурорыг тогтоол гарсан 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг тоолоход 2019 оны 02 дүгээр сарын 12-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 756 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор Б.Х, Б.Б нарт холбогдох эрэг бүртгэлтийн дугаартай хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байх бөгөөд уг хэрэг бүртгэлтийн хэрэг нь талуудын хооронд үүссэн К.П.М.Э ХХК-ийн 70 хувийн хувьцааны гэрээнд хамааралгүй байх тул уг хугацаанаас нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй байна. /1 дүгээр х.х-ийн 131-133 дахь талд/

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.А-аас 268,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ