| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0197/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0500 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Гэрэлмаа
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Э.Баярдалай
Гуравдагч этгээд: Д.Хунцэнгэл
Маргааны төрөл: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой бүртгэлийн маргааныг маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунцэцэг, гуравдагч этгээд Э.Баярдалайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, гуравдагч этгээд Д.Хунцэнгэл, түүний өмгөөлөгч Ж.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Монгол Улсын иргэн Э.Гэрэлмаа нь тус шүүхэд хандан “2018 оноос хойш Сонгинохайрхан 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах 700 м.кв газар дээрхи баригдсан үл хөдлөх хөрөнгө болох Y-2201044771 дугаартай бүртгэгдсэн хувийн сууц, Y-2201044710 дугаарт бүртгэгдсэн гараашны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Э.Гэрэлмаа миний нэр дээр гэрчилгээ гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага анх гаргажээ.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “...Э.Баярдалайд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000390067 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Хунцэнгэлд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000533870 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Баярдалайд олгогдсон 000458533 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044711 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 метр квадрат хувийн сууцны бүртгэл, Э.Баярдалайд олгогдсон 000458532 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044710 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 метр квадрат гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Гэрэлмаагийн нэр дээр бүртгэхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Анх Монгол Улсын иргэн У.Эмгэн, Г.Бадам, Ц.Оюунбилэг нарт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот 18637315181597 нэгж талбарын дугаар бүхий 700 метр квадрат газрыг 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000018570 дугаартай гэрчилгээгээр олгосон.
2.2.Монгол Улсын иргэн Ц.Бадам нь 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 000018570 дугаартай гэрчилгээнд “Гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцлийг иргэн Э.Гэрэлмаатай хийж, улмаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Э.Гэрэлмаагийн нэрийг нэмж оруулж, мөн иргэн Ц.Оюунбилэгийг хамтран өмчлөгч хасуулах хүсэлтийг өгч, нэрийг нь хасуулсан.
2.3.Монгол Улсын иргэн У.Эмгэн нь 2007 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01651 дугаартай нас баралтын бүртгэлийн лавлагаагаар тодорхойлогдож, иргэн Г.Бадамын өргөдөл, хүсэлтээр 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.Бадам, Э.Гэрэлмаа нарт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот 18637315181597 нэгж талбарын дугаар бүхий 700 метр квадрат газрын хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000203 дугаартай гэрчилгээ олгогдсон.
2.4.2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Бадам нас барсан тул түүний хүүхэд Э.Баярдалайд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоотод байрлах 700 метр квадрат газрын олгогдох хэсгийг “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлүүлсэн.
2.5.2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Гэрэлмаа нь Э.Баярдалайд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот 18637315181597 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрыг 3.000.000 төгрөгөөр үнэлэн бэлэглэсэн.
2.6.Иргэн Э.Баярдалайд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот 18637315181597 нэгж талбарын дугаар бүхий 700 метр газрыг хууль ёсны өмчлөх эрхийг 000390067 дугаартай гэрчилгээг олгосон.
2.7.Э.Баярдалай нь иргэн Д.Хунцэнгэлтэй өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 000390067 дугаартай 700 метр квадрат газар, 000458532 гэрчилгээтэй 70 метр квадрат гараж, 000458533 гэрчилгээтэй 116 метр квадрат хувийн сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, өөр иргэн болон хуулийн этгээдэд худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавихгүй тусгай тэмдэглэл хийж бүртгэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргажээ.
2.8.Э.Баярдалай нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д.Хунцэнгэлд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах 000390067 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 700 метр квадрат газрыг 5.000.000 төгрөгөөр худалдаж, Д.Хунцэнгэлийн өмчлөлд шилжүүлжээ.
2.9.Дээрх газрыг иргэн Д.Хунцэнгэлд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 000533870 дугаартай гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн Г-2201007498 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.
2.10.Нэхэмжлэгчийн зүгээс ... Э.Гэрэлмаа миний бие Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах 700 метр квадрат газрыг Г.Бадамын хамт хамтран өмчилдөг байсан. Ээж Г.Бадам 2015.10.02-ны өдөр нас барж, ээжийгээ асран тэтгэж, хамт амьдарч байсан миний бие эжийнхээ өвийг Иргэний хуульд заагдсанаар өвлөн авсан. Энэ газартаа тасралтгүй 24 жил амьдарч байгаа бөгөөд манай өргөмөл дүү Э.Баярдалай нь хуурамч бичиг баримтыг нотариатч О.Жаргалсайхантай хамтран үйлдэж, миний өмчлөлийн газрыг 2015.12.14-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж 000390067 дугаартай гэрчилгээ авсан. Д.Хунцэнгэл нь бусдын өмчлөлд хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж Э.Баярдалайгаас худалдан авсан тул Э.Баярдалай, Д.Хунцэнгэл нарт олгогдсон 000390067, 000533870 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Ү-2201044711 дугаарын бүртгэлтэй хувийн сууц болон Ү-2201044710 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн гаражийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, өөрийн нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.11.Хариуцагчийн зүгээс ... Эрхийн улсын бүртгэлийн Г-2201007498 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот газрын анхны өмчлөгчөөр У.Эмгэн, Г.Бадам, Ц.Оюунбилэг нар бүртгэлтэй байсан байна. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монголын Нотариатын танхимын 145 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрчилгээгээр Г.Бадам, Э.Гэрэлмаад, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нотариатын танхимын 14 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах гэрчилгээгээр иргэн Э.Баярдалай руу өмчлөх эрх шилжиж иргэн Э.Баярдалай нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр одоогийн өмчлөгч Д.Хунцэнгэл рүү худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Иргэн Э.Баярдалай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өв залгамжлах гэрчилгээгээр шилжүүлэн авсан газартаа 70 метр квадрат гараж, 116 метр квадрат талбайтай хувийн сууцыг өөрийн нэр дээр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр одоогийн өмчлөгч Д.Хунцэнгэл рүү худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32021/09166 дугаартай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Хунцэнгэлийн өмчлөлд бүртгэлтэй дээрх гурван эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн нотлох баримтуудаас үзэхэд бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчиж бүртгэгдсэн хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.12.Гуравдагч этгээд Э.Баярдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн зүгээс ... Э.Баярдалай нь өөрийн ээж Г.Бадамыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч н.Жаргалсайханы баталсан 99 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Сонгино хайрхан дүүрэг, 9-р хороолол, Баруун баян уул, 6-25 тоотод байрлах Г-2201007498 дугаар газрыг өвлөж авсан. Ингэхдээ өөрийн төрсөн эгч болох нэхэмжлэгч Э.Гэрэлмаад бусад зардлыг түүний охинд сургалтын төлбөрийг төлж байсан учир айлын ганц хүү, дангаар өвлөх эрхтэй гэж үзэн нэхэмжлэгч Э.Гэрэлмаа өөрийн саналаар өвлөх эрхээсээ татгалзаж, Э.Баярдалайд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Э.Баярдалайд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Өвлөх эрхийн гэрчилгээ, газар бэлэглэх гэрээг тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг Э.Гэрэлмаа гаргаж, тус шүүхийн 2019.03.04-ний өдрийн 102/ШШ2019\00644 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа билээ. Уг захирамжаар нэхэмжлэгч Э.Гэрэлмаа нь Сонгинохайрхан дүүргийн 9-р хороолол, Баруун Баян уулын 6-25а тоот хаягт байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Э.Баярдалай нь газрыг Э.Гэрэлмаагийн өмчлөлд шилжүүлсэн ба өвтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Хунцэнгэлтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон 99 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан тухайн цаг хугацаанд Э.Баярдалайг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн үйлдэл хууль ёсных гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.13.Гуравдагч этгээд Д.Хунцэнгэлийн зүгээс ... Худалдан авагч Д.Хунцэнгэл би худалдагч Э.Баярдалайтай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, гэрчилгээний дугаар 000458533, улсын бүртгэлийн дугаар Ү-2201044711, дугаартай 116 метр квадрат хувийн сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний дугаар 000390067 улсын бүртгэлийн дугаар Г-2201007498 нэгж талбайн дугаар 18637315181597 тоот 700 метр квадрат газрыг нийт 42.000.000 /дөчин хоёр сая /төгрөг төлж шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Д.Хунцэнгэл би Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 000629484 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруунбаян уул 6 гудамж 25 тоот хаягт байршилтай 116 метр квадрат талбайтай хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000533870 Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 9-р хороо, Баруун баян уул 6 гудамж 25 тоот хаягт байршилтай 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороолол, Баруунбаян уулын 6-р гудамж, 25 тоотод байрлах 70 метр квадрат талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж Ү-2201044711, Г-2201007498, Ү-2201044710 дугаараар бүртгэж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн хүрээнд олгосон болно. Д.Хунцэнгэл миний зүгээс шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газраа бэлэглэсэн гэдэг бичиг нь миний бичигтэй адилхан хуурамчаар үйлдээд Э.Баярдалай нь нотариатч дээр өөрөө очиж, өөрөө мөнгө өгөөд хийлгэсэн байгаа юм. Би өөрөө нотариатч дээр бэлэглэсэн гэрээ бичээд Э.Баярдалайд хоёр газраа бэлэглээд өөрөө очих оронгүй зовоод 5 жил гаруй болж байна. Тийм учраас би хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв гарах байх гэж бодоод хоёр удаа шинжилгээнд хүсэлт гаргасан боловч, эргэлзээтэй дүгнэлт гаргаж, шүүхэд хандсан юм. Дундаа хашаа ч байхгүй амьдарч байгаад 6-25 газрыг 0.5 га ч хүрэхгүй би өөрөө тойруулж авч байсан. Манай аав ээж 3 дугаар гудамжны 27 тоотод амьдарч байгаад охинтойгоо хамт амьдарна гээд миний хажууд нүүж ирээд 6-25а дээр өөрийн шавар байшинг барьсан. Тэр байшинг би бариагүй. Дутуу баригдсан тоосгон байшин хажууд нь угсраатай шавар байшин хоёрыг би өөрийнхөө хүчээр барьж гэрчилгээгээ аваагүй тулдаа хохироод явж байгаа юм. Тэр хооронд гэрчилгээ өгөхгүй танайх үерийн усны ам дээр байна гэхээр нь зүүн талдаа 3 поошика булж, үерийн усыг хойш нь болгосон. Ингээд гэрчилгээгээ авах гэхээр танайх үерийн усны ам дээр байна гээд өгөхгүй, манайх үерийн далан болгосон байсан. Хорооны дарга ч хүлээн зөвшөөрөөгүй, газрын албаны хоёр хүн зөвшөөрөхгүй байсан. Ингээд гэрчилгээ өгөхгүй явсаар байтал 2007 он болсон. Энэ хооронд Ц.Оюунбилэг гэдэг хүн намайг байхгүй хооронд улсын бүртгэлийн газарт өргөдөл өгөөд зөвхөн өөрийн нэр, ээж аав хоёрын нэрийг оруулаад гэрчилгээ гаргасан байсан. Би ээждээ тухайн үед үерийн усны ам дээр байна гээд газрын гэрчилгээ өгөхгүй, авч чадахгүй явж байсан гэдгээ хэлэхэд ээж “Харин тиймээ, энэ Ц.Оюунбилэг хөөцөөлдөөд ганцхан өөрийн нэрээ оруулаад гэрчилгээ гаргуулсан байна. Ерөөсөө энэ хүний нэрийг оруул гэж бид хоёр хүсэлт өгөөд явсан юм байхгүй.” гэж хэлсэн. Тэгээд би Ц.Оюунбилэгт “Эцсийн эцэст хашаа байшинг би барьж босгосныг чи мэдэж байна уу” гэхэд тийм гээд ээж тусад нь хашаа байшин, микро бэлэглээд тусдаа гараад албан ёсоор өөрийн газар дээр гэрчилгээ гаргаж авсан юм...” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2007 онд Э.Гэрэлмаа болон түүний ээж Г.Бадам нарын нэр дээр 000203 дугаартай газар өмчлөх гэрчилгээ гарч, улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн. Энэ өдрөөс хойш Э.Гэрэлмаа нь ямарваа нэгэн байдлаар бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа юм. Гэтэл ээж Бадам нь Э.Гэрэлмаатай хамт амьдарч байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байдаг. Дараа нь Э.Баярдалай гэгч этгээд өөрийн төрсөн аав ээжийн хамт, энэ хүнийг насанд хүрсэн хойно нь Э.Гэрэлмаагийн аав ээж нь амьдралын чадваргүй, хүүхэд нь өлсөж үхэх гээд байна гэсэн үндэслэлээр сургуульд орсон том хүүхдийг өргөж авсан. Энэ үед Э.Гэрэлмаа гадаад улсад байсан. Энэ хүн бол Гэрэлмаагийн дүү биш. Насанд хүрсэн хойно нь аав ээж нь үрчилж авсан учраас. Э.Баярдалай гэгч этгээд эдний гэрт өөрийн төрсөн аав ээжтэй хүчээр дайрч орж, зодож, бичиг баримт бусад зүйлийг дээрэмдэж авсан. Үүний дагуу Э.Гэрэлмаа нь цагдаад гомдол гаргахад цагдаа нь гэр бүлийн хоорондын маргааны асуудал байна гэж хэлээд Э.Баярдалай нь энэ хүн миний эгч, би дүү нь гэж худал хэлсэн байгаа юм. Э.Гэрэлмаа, Э.Баярдалайн хооронд ямарваа нэгэн ах дүүгийн харилцаа байхгүй. Дээрэмдэж авсан бичиг баримтуудыг ашиглан өв залгамжлалын бичиг баримтуудыг үйлдээд, өөр хүний нэр дээр шилжүүлээд худалдсан байсан асуудлууд гардаг. Өв залгамжлалтай холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгоод буцаад бүх зүйл сэргээнэ гэсэн ойлголттой явж байсан.
Ингээд Д.Хунцэнгэл нь түрээсээр суудаг гэх зүйл ярьж байгаад Э.Баярдалайгаас худалдаж авсан буюу, хуурамч бичиг баримт ашиглан хуурамч албан бичиг, бүртгэлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байна гэдгийг Д.Хунцэнгэл мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Улсын бүртгэл хүчингүй болох ёстой байна гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн хүчинтэй байгаа хугацаа дуусахаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж болох байсан. Гэтэл шийдэхдээ улсын бүртгэл үнэн зөв гэдэгт үндэслээд нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон. Улсын бүртгэл хүчингүй болгоогүй цагт өөрийн эрхийг сэргээж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Э.Гэрэлмаа захиргааны байгууллагад хандаж бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ийм явдал болсон. Гуравдагч этгээд шүүхийн шийдвэртэй учраас нэхэмжлэл үндэслэлгүй гэдэг. Улсын бүртгэлд өмчлөх эрхийг гаргуулж авах гэж иргэний шүүхэд хандсан байдаг. Улсын бүртгэлтэй холбоотой маргааныг урьд өмнө шүүхээр хэлэлцээгүй, бүртгэл нь Э.Баярдалайн бусдаас дээрэмдэж авсан бичиг баримтыг цохоод нотариатаар ороод өв залгамжлал өөртөө хийгээд, бэлдсэн хуурамч бичиг баримтуудаар бүртгэл хийгдсэн учраас Иргэний хэргийн анхан шатны шүүхээр бүртгэл шийдэгдсэн гэж хэлж болохгүй. Бүртгэлийн үйлдэл хийхэд үндэслэл болсон баримтууд нь нотариатын үйлдэл хүчингүй болсон байгаа учраас 2018 оноос хойш Сонгинохайрхан 2018 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 6 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах 700 м.кв газар дээрхи баригдсан үл хөдлөх хөрөнгө болох Y-2201044771 дугаартай бүртгэгдсэн хувийн сууц, Y-2201044710 дугаарт бүртгэгдсэн гараашны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Э.Гэрэлмаа миний нэр дээр гэрчилгээ гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ...” гэжээ.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Баярдалайн нэр дээр бүртгэгдэж байгаа бүртгэл нь тухайн үеийн 2003 оны хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт, хүсэлтийг шаардлага хангаж байсан учраас хууль зүйн үндэслэлтэй бүртгэл юм. Тухайн үед бүртгэгдэж байсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон нь манай өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэл гаргасан. 2008 онд үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэх гээд хандаж байсан өргөдөл байна гэдэг өргөдөл хавсаргасан байсан. Дуусаагүй барилга байгаа учраас бүртгэх боломжгүй гэж хариу өгч байсан гээд ярьсан атлаа дараа нь газраа бүртгүүлэх гэтэл үерийн ам дээр байна гээд зөвшөөрөөгүй гэж нэхэмжлэгч ярилаа. 2003 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” гэж заасан учраас 2008 онд гаргасан өргөдлийн дагуу дуусаагүй гэж буцаасан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4.Гуравдагч этгээд Э.Баярдалайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэгтэй байна. Маргаан бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ болоод шилжүүлсэнтэй холбоотой Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 102/ШШ2019/00644 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан. Эд хөрөнгийг шилжүүлсний хариуд Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруун баян уул 6 дугаар гудамжны 25 тоот газрыг Э.Гэрэлмаа гэдэг хүн нь захирамжийн үндсэн дээр эзэмших эрхтэйгээр шилжүүлж авсан буюу улсын бүртгэлийн газарт хийгдсэн байгаа юм. Энэ үеийн гэрчилгээтэй холбоотой зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой холбогдох хөрөнгийг хураан авсан. Энэ шүүхийн захирамжтай холбоотой холбогдох хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02890 дугаар шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээ болон өв хөрөнгө бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.5.Гуравдагч этгээд Д.Хунцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2017 онд худалдагч нар гэр орон муутай гээд хашаа байшин хайж байсан юм. Зарын дагуу манай энэ маргаад байгаа хашаа байшинг зарах гэж байсан. Утсаар нь холбогдоод ярьсан чинь эрэгтэй хүн байсан. Тохиролцоод очиж үзэхээр болоод үзэхэд доороо зоорьтой том хашаа байшин байсан. Хүмүүсээ амьдруулахад боломжийн хашаа байшин байсан. Үнэ хөлсөө тохиролцоод бөөнд нь төлөх боломжгүй байна. Сар сард нь төлөхөөр тохиролцоод Э.Баярдалай зөвшөөрсөн юм. Ингээд сар сард нь төлөхөөр үнэ тохиролцоод гэрээ нь 2018 оны 3 сард дуусаад гэрээ хийсэн эхний нотариатч дээр очоод төлбөрөө дуусгалаа гэдэг байдлаар миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр очиж, холбогдох журмын дагуу миний нэр дээр шилжээд хууль ёсны өмчлөгч нь болсон. Тэгсэн нэг өдөр энэ нэхэмжлэгч Э.Гэрэлмаа орж ирсэн. Би ийм хүн байдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Энэ хүн хэл амаар доромжлоод, хашгараад байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая намайг хэлэхдээ орж түрээсэлж байж байгаад гэнэт Э.Баярдалайгаас авлаа гэж байна. Ямар ч ийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Шүүх шударга өмчлөгчийг тогтоож өгнө үү...” гэжээ.
3.6.Гуравдагч этгээд Д.Хунцэнгэлийн өмгөөлөгч Ж.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн газарт Э.Гэрэлмаа гомдол гаргахдаа Э.Баярдалайд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хүчингүй болгуулах тухай гомдлоо гаргаагүй. Миний үйлчлүүлэгч Д.Хунцэнгэлд холбогдох үйл баримттай холбоотой улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Гэтэл шүүхийн шатанд орж ирээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр Д.Хунцэнгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байтал маргааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нэмэгдэж орж ирээд Э.Баярдалайг энэ хэрэгт оролцуулж өгөөч гээд ойлгомжгүй зүйлүүдийг тавьсан. Шүүх нэгэнт маргааныг хуулийн хүрээнд зөв шийдэх ёстой гээд талуудыг оролцуулж шийдвэрлэх нь зүйтэй гээд оролцуулсан гэж ойлгож байна. Улсын бүртгэлийн газарт Э.Баярдалайтай холбоотой өв хөрөнгөтэй холбоотой нэг ч гомдол Э.Гэрэлмаа гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу хэзээ мэдсэн бэ гэхээр А.Эрдэнэбилэгийн ярьж байгаагаар 2019 онд мэдсэн гэдэг. Гэтэл 2019 ондоо гомдол гаргасан. Гомдол гаргаад улсын бүртгэлийн газар хүлээж аваагүй, хуулийн хүрээнд хийгдсэн үйлдэл байна гээд. Гэтэл Э.Гэрэлмаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар 30 хоногийн дотор мэдсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн эрхийг хэрэгжүүлээгүй. Гэтэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаад Д.Хунцэнгэлд хууль ёсны дагуу шилжиж ирсэн асуудал байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.” гэж заасны дагуу хуулийн хүрээнд хэлцэл хийгдсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд “Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх” гээд энэ дээр ямар нэгэн байдлаар үнэн зөв байх нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн 2021.11.04-ний өдрийн шийдвэрээр Д.Хунцэнгэл хуулийн хүрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан байна гэдгийг тогтоогоод Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон асуудал байгааг шүүх анхаарах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан. Бид нарын яригдаад байгаа үйл баримт нь иргэний хэргийн шүүх дээр яригдсан учраас нэгэнт шүүх өөрөө дээрх заалтын дагуу нотлох баримтаар дахин үнэлэхгүй гэдгийг ярих нь зүйтэй байх. Нэхэмжлэлээс татгалзсан үйлдэл өвтэй холбоотой асуудал шийдэгдэхээс өмнө 25а гэдэг газрыг Э.Гэрэлмаа өөрийн өмчлөлд шилжүүлсэн Э.Баярдалайгаас газрын тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэн авснаар Э.Гэрэлмаа энэ дээр ямар нэгэн асуудал ярьдаггүй. Э.Баярдалайтай холбоотой асуудлыг нэгэнт шийдээд Д.Хунцэнгэл дээр бүртгэгдсэн улсын бүртгэл хуулийн хүрээнд хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Маргаж буй Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороолол, Баруунбаян уулын 6-р гудамж, 25 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Г.Бадам, Э.Гэрэлмаа нарын өмчлөлд газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201007498 дугаарт бүртгэсэн хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, хожим нь Э.Баярдалайд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, Д.Хунцэнгэлд тус газрын өмчлөгчийн эрхийг бүртгэхээр буюу анхны өмчлөгчийн нэрийг өөрчлөн бүртгэсэн хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байх тул шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэхээр байна.
2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд мөн зүйлийн 13.5.1-13.5.8 дахь заалтад тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт; тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ; газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар; барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг; улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт; өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл гэж тус тус заажээ.
3.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гээд мөн зүйлийн 14.1.1-14.1.9 дэх заалтуудад татгалзах үндэслэлүүдийг дурдаж, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэжээ.
4.Дээрхээс дүгнэвэл аливаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан баримт материалыг бүрдүүлж өгөх бөгөөд улсын бүртгэгч мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягталж, улмаар тийм үндэслэл тогтоогдохгүй бол өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхээр зохицуулжээ.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд, иргэн Г.Бадам 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүү Э.Баярдалайд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, баруун баян уул 6-25 тоотод байрлах 700 метр квадрат газрыг өвлүүлэх 99 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ, мөн өдөр Э.Гэрэлмаагаас Э.Баярдалайд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, баруун баян уул 6-25 тоотод байрлах 700 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэсэн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”, Э.Баярдалайн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан баримтуудыг үндэслэн дээрх тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар улсын бүртгэлийн Г-2201007498 дугаарт иргэн Э.Баярдалайн нэр дээр бүртгэж, 000390067 дугаар 700 метр квадрат газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, 70 метр квадрат гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн улсын бүртгэлийн Ү-22010441710 дугаарт бүртгэж, 000458532 дугаартай гэрчилгээ, 116 метр квадрат хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201074711 дугаарт бүртгэж, 000458533 дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээг тус тус олгож, улмаар Э.Баярдалай нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Д.Хунцэнгэлтэй 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газар хувийн сууц гараж худалдах худалдан авах гэрээг байгуулж, иргэн Д.Хунцэнгэлийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гаргасан мэдүүлгүүдээр 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 70 метр квадрат гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 116 метр квадрат хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн Г-2201007498, Ү-2201044710, Ү-2201044711 дугаарт тус тус бүртгэж, 000533870, 000629483, 000629484 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Д.Хунцэнгэлийн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэжээ.
6.Гуравдагч этгээд Д.Хунцэнгэлээс бүрдүүлсэн баримтуудыг улсын бүртгэгч хүлээн аваад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны / 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Д.Хунцэнгэлийн хүсэлтүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02890 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, баруун баян уул 6-25 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201007498 дугаарт бүртгэгдсэн 700 метр квадрат газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044711 дугаарт бүртгэгдсэн 116 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044110 дугаарт бүртгэгдсэн 70 метр квадрат талбайтай гаражийн өмчлөх эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг шаардсан Д.Хунцэнгэлд холбогдох Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
8.Тус шийдвэрээр шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Хунцэнгэлээс буцаан шилжүүлж болохгүй, нэхэмжлэгч Э.Гэрэлмаа бусдад худалдан борлуулах хүсэл зоригтой байсан, нэгэнт өөрөө тухайн хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зоригтой байх үед Д.Хунцэнгэл нь Э.Баярдалайтай гэрээ байгуулж худалдан авсан нь тогтоогдсон, 2015 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 99 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, өвлөх эрхээс татгалзах хүсэлтийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд хөрөнгийг хариуцагч Д.Хунцэнгэл худалдан авснаас хойш гарсан гэж үзэж Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч Э.Гэрэлмаа нь газар бэлэглэх гэрээ болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 102/ШШ2019/00644 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
11.Хэдийгээр өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгосон хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр зөвхөн түүнийг өмчлөгч этгээдийг бүртгэх зохицуулалтай.
12.Харин нэхэмжлэгч нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгосон тохиолдолд энэ бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
13.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Э.Баярдалайд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000390067 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Д.Хунцэнгэлд олгогдсон 18637315181597 нэгж талбартай, 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 улсын бүртгэлтэй 000533870 тоот гэрчилгээтэй газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Э.Баярдалайд олгогдсон 000458533 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044711 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 116 метр квадрат хувийн сууцны бүртгэл, Э.Баярдалайд олгогдсон 000458532 дугаартай гэрчилгээтэй Ү-2201044710 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 метр квадрат гаражийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, 18637315181597 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат газар бүхий Г-2204007498 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг Э.Гэрэлмаагийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ