Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/165

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч *******,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт, ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “*******” нэртэй дэлгүүрийн хашаанд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “*******” нэртэй дэлгүүрийн хашаанд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Манай гэр амьчуулийн ******* дэлгүүрийн арын хашаанд байдаг. Манайх дэлгүүрийн сахиурыг хийдэг юм. 2017 оны 07 сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад 16-н цагийн үед Баян-Овоо сумруу найзындаа очиж хүнс авчирна гээд нөхөр хүүхдүүдийн хамт явсан. Замдаа дэлгүүрээс нэг архи авсан тэрийг замдаа уугаад манай нөхөр согтоод хүнс авах айлдаа очсон. Айлд ороод хэрүүл гуйгаад байхаар нь айлд хэрүүл хийгээд яахав гэж бодоод машинд ороод сууж байтал намайг араас гарч ирээд машинаас үснээс татаж буулгаад өшиглөөд, алгадаад байсан. Тэгээд айлд орохоор хэрүүл хийгээд байсан. Тэгж байж байгаад хүнсээ янзалж дуусаад аймагт гэртээ ирсэн. Ирэхэд 23-н цаг дөхөж байсан, би мах шөлөө гэрт оруулаад янзалж байхад цүнхиий ард байсан 20.000 төгрөг аваад дэлгүүрээс архи аваад ирээд архиа уугаад агсам тавьсан. Намайг оронд орсон байхад үсдэж босгож ирээд хэрүүл хийгээд гарах гэхээр хаалганы өмнө зогсоод, хаалга түгжээд гаргахгүй байсан. Утсаар цагдаа дуудах гэхээр утас булааж аваад өгөхгүй байсан. Тэгээд намайг үсэн дээр гишгээд хойш нь унагаагаад нүүрэн дээр дэвсээд, нүүрээ дараад суухаар хөлөн дээр дэвсээд, нүүрээ дараад сууж байхад хойгуур урдуур гарахдаа цохиж аваад байсан. Би тухайн үед тэгж байсаар байгаад жаахан тайвшируулаад унтуулсан 04-н цаг болж байсан. Би унтаж амраагүй тэгээд өглөө болгосон. Өглөө манай нөхөр 07-н цагийн үед сэрсэн архи нь бага зэрэг гарсан байсан. Би нөхөртөө чи намайг шөнө ингээд зодлоо гэхэд би юу ч мэдэхгүй байна тасарсан байсан, чи худлаа ярьлаа гээд хэрүүл болсонэ Би 5-р багийн ******* дэлгүүрийн сахиулыг бас төвийн ******* дэлгүүрийн үйлчлэгч хийдэг. Өглөө 08-н цагийн үед манай захирал дуудаад төвийн дэлгүүрт ирж цэвэрлэгээ хий гэхээр нь гэрээсээ гараад цагдаа дуудаад найзындаа охины хамт очсон. Маргааш нь бие муудаад түргэнд очиж тариа хийлгэсэн. Өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр ******* намайг зодоод хамар мурийлгаж байсан. 2016 оны 2 дугаар сард бас согтуу машин барьж явах гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь миний зүүн талын нүдийг хөхөртөл нь цохиж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 22-24/,

Шүүгдэгч *******ын ... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би эхнэрийн хамт хөдөө яваад хөдөө очоод жаахан архи ууж ирчихээд аймгийн төвд гэртээ ирээд эхнэр Өлзий-Оршихтойгоо маргалдаад түүнийг гараараа нүүрлүү нь нэг алгадаад газар унагасан өөр зүйл болоогүй юм. Мөн 2015 онд нэг удаа эхнэртэйгээ маргалдаад түүний нүүрлүү гараараа цохиод хамрыг нь мурийлгаж байсан. Тэрнээс өөр бол ерөөсөө цохиж зодож байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 340 тоот шинжээчийн ... *******ын биед зүүн дээд 1,2-р шүдний сулрал, баруун өвдөгт зулгаралт, шилбэ, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гзх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх        гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Иргэн *******ийн биед 2017.07.14-ний өдрөөс өмнө гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Хохирогч *******ийн гэрэл зураг /хх-ийн 11-13/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн саниа гэсэн нэртэй хөргөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт, ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн саниа гэсэн нэртэй хөргөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА