Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 467

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох 201726021163 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Тг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хяналт тавьж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа мэдэгдэж байхыг Б.Т-д үүрэг болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Б.Тг нэн даруй суллаж шийдвэрлэсэн, Өөлд овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтуяа бичсэн дүгнэлтдээ: “...Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Топ ломбардны ажилтан Б.Мөнгөнтуулд дуураймал Rolex цагийг оригинал  цаг гэж хэлж итгүүлэн, сэтгүүл, каталог, дагалдах баримт зэргийг үзүүлэн хуурч 600.000 төгрөгийг барьцаалан зээлдэх нэрээр авч залилан мэхэлсэн гэх хэргийг үйлдсэн байх ба прокурорын газраас 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Б.Т-д холбогдуулан 1805007550168 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 6 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр 1805007550168 дугаартай хэргийг хэлэлцэж, прокуророос яллагдагч Б.Т-д холбогдох өмнөх шийтгэх тогтоол, магадлалтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Т-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэж гэм буруутайд тооцох боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд Б.Т-д холбогдох эрүүгийн 201726021163 дугаартай хэргийг шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...эд зүйлийг үнэлэх, чанар эдэлгээг тогтоох нь тухайн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтны ур чадвартай холбоотой. Шүүгдэгчийн үзүүлж байгаа католог, сэтгүүлийг дурын хүн интернэтээс татан авч, үнэлгээг гаргуулж, ашиглах боломжтой. Шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Прокурорын гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч Б.Т нь 2017 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 5.510.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар түүнд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Шүүгдэгч Б.Т нь дээр дурьдсан гэмт хэрэгт ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Топ ломбардны ажилтан Б.Мөнгөнтуулд дуураймал “Ролекс” цагийг жинхэнэ гэж хуурч, сэтгүүл, каталог, дагалдах бичиг баримт зэргийг үзүүлэн барьцаалж 600.000 төгрөг зээлдэх нэрээр авч залилан мэхэлсэн гэх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 527 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Б.Т-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 483 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичжээ.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн залилах гэмт хэргүүдийг нэгтгэж шалгаснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд өмнөх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүхээс Б.Т-гийн “Топ” ломбардад “Ролекс” загварын цаг барьцаалж, 600.000 төгрөг зээлж авсан үйлдэл залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан шийдвэрлэж, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул Б.Т-гийн урьд ял шийтгүүлсэн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтуяагийн бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Т-д холбогдох 1805007550168 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                    

 

                        ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН