Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 123/2017/0038/З/ |
Дугаар | 175 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 175
“Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Засаг даргад, Төв аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Төв аймгийн Баян
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн “Т К” ХХК-д холбогдох хэсгийг, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолын “Т К” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай.
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0120 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолын “Т К” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0120 дугаар магадлалаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Хуулийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-д “хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Баян сумын “Гурван зохио” нэртэй газрын 11.... гектар талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй буюу Газрын тухай хуулийн 6.2-т заасан нийтээр ашиглах газар, хуулийн 52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигт малтмал хайхыг хуулиар хориглоогүй” гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзаж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх “эрх олгосон заалт байгаагаас биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй байна” гэж алдаатай дүгнэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн зөвтгөж дүгнэж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг бүхэлдээ буруу тайлбарласан. Хуулийн 19.5 дахь заалт бол аймгийн Засаг даргын татгалзсан хариу өгөх гол үндэслэлийг зааж өгсөн зохицуулалт бөгөөд түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолоор татгалзаж болох үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн тус зүйлийн “зөвхөн хууль заасан үндэслэлээр” гэдэг үг нь өөр үндэслэлээр татгалзах эрх байхгүй болохыг зааж өгсөн утгатай зохицуулалт юм.
5. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны хуралдааны 02 дугаар тогтоолыг үндэслэсэн нь буруу юм. Энэхүү маргааны объект нь Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот албан бичиг зэрэг юм. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал өгөхтэй холбоотой 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан 3 захиргааны акттай холбоотой маргаан юм. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргасан байдаг. Энэхүү тогтоол нь цаг хугацааны хувьд 4 сарын дараах тогтоол юм. Энэ нь Төв аймгийн Засаг даргын 2015 оны саналыг зөвтгөх, түүний хууль зүйн үндэслэл болох боломжгүй. Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго бол төрийн байгууллага, албан тушаалтны дур зоргыг хязгаарлахад оршдог. Гэтэл тухайн шийдвэр гаргах үедээ албан тушаалтан “үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны шийдвэр” гаргаагүй байхад түүнийг сүүлд гаргасан шийдвэрээр нь зөвтгөх боломжгүй.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар, тухайн санал нь “тогтоол” хэлбэртэй байхаар заасан байдаг. Гэтэл хуулиар заавал тогтоол хэлбэртэй байхаар заасан байхад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаагүй, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан эсэх нь мэдэгдэхгүй албан бичгээр санал өгсөн байхад түүнийг хууль ёсны гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болсон. Нэгэнт хуулиар шийдвэрийн хэлбэрийг зааж өгсөн байхад түүнийг зөрчиж гаргасан шийдвэр хууль бус байх ёстой. Ингэж шүүхээс төрийн байгууллага албан тушаалтны дур зоргыг хязгаарлаж байж хууль хэлбэрэлтгүй хэрэгждэг. Тэгэхгүй бол Үндсэн хуулийн суурь зарчим буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “хууль дээдлэх зарчим” хэрэгжихгүй, биеллээ олохгүй юм.
7. Засаг дарга нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байна. 2015 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д зааснаар Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, 2015 оны 511 дүгээр тогтоолоор солбицлыг нь баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж болон Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн байхад үүнийг зөрчиж, үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”-өөр /19 дүгээр зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар бүхэлд нь хүчингүй болгосон/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “/аймаг, нийслэлийн Засаг дарга/ харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”-өөр тус тус зааснаас үзэхэд аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдэлд бие даан “санал” өгөх эрхгүй болно.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7905 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Төв аймгийн Баян сумын “Гурван цохио” нэртэй 11... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн, Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай саналаар “Газрын тухай хуулийн 6.2.1, 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4.2 дахь заалтуудыг үндэслэн уг талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн хариу өгөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаас гаргасан “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн шийдвэрт үндэслэжээ.
11. Иймд, хариуцагч Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал нь тухайн Хурлын шийдвэрт үндэслэсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг Засаг дарга зөрчсөн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд “санал” өгөх эрхээ Засаг даргаас хэрэгжүүлэхдээ “дэмжихгүй” саналыг өөрийн бүрэн эрхэд хадгалж гаргаагүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хуулийн 19.5 дахь заалтыг бүхэлдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
12. Харин анхан шатны шүүхийн “...аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хуулийн дээрх зүйл, заалтын агуулгыг алдагдуулсан шинжтэй буруу хэдий ч “санал”-ыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нөлөөлөх алдаа биш байна.
13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг заасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар зарим сумдын нутаг дэвсгэрт хамаарах тодорхой талбайнууд, үүний дотор Баян сумын “11...” га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцээд “...сумаас ирүүлсэн санал, Газрын тухай хуулийн 6.2.1, 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4.2 дахь заалтууд”-ыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж шийдвэрлэсэн, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар албан бичгээр “...талбай нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалттай Тахилгат уул, 20 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар, худаг уст цэгүүдтэй давхцалтай” гэх үндэслэлээр “...саналыг дэмжихгүй” гэсэн хариуг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлжээ.
14. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах, тогтоолыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батлах”-аар заасан, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6/7905 дугаар мэдэгдлийн дагуу Баян сумын нутгийн “11...”га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцсэн талаар нэхэмжлэгч маргаагүй, тухайн тохиолдолд хэлэлцсэн асуудлаар Хурлын Тэргүүлэгчдийн “тогтоол”-ыг гаргалгүй, хуралдааны “тэмдэглэл”-ээр албажуулсан нь хуулийн дээрх зүйл, заалтад нийцэхгүй боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
15. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0120 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн өмгөөлөгч Б.З-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ