Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2023/04868

 

 

 

 

 

 

    2023              12            12                                              184/ШШ2023/04868

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5.951.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надтай холбогдоод мөнгөний хэрэг гараад байна 4.000.000 төгрөг зээлэх үү гэж хэлж байсан. Үүний дагуу бид зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хэрвээ хугацаандаа зээлээ төлөөгүй бол 0,5 хувийн хүүгээр алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад ******* нэг ч төгрөг өгөөгүй. Үүнээс хойш нэг жилийн дараа би өөрөө очиж уулзаж 500.000 орчим төгрөг авсан. Зээлийн гэрээний үлдэгдэл болох 4.400.000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл 0,5 хувийн алданги тооцох юм бол их хэмжээний мөнгө болж байгаа. Иймд хуульд заасны дагуу 50 хувиар нь тооцож 6.600,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 727.550 төгрөгийг хасахад 5.872.450 төгрөг болсон. Үүн дээр хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг нийт 5.951.650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагч Зээлийн гэрээг хариуцагч ойлгоогүй байна. Эсвэл мэдэн будилаад байна. Олон жил өнгөрч, шүүхэд дуудагдсан гэдгээ мэдэж нэг удаа надтай утсаар холбогдож намайг дарамталсан. Тийм байж шүүхэд ирэхгүй зугтаагаад байна. Би авах байсан мөнгөнөөсөө хариуцагчаас авсан 700,000 гаран төгрөгөө хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг хариуцагч ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие  ******* овогтой ******* би *******нийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд анх 4.000.000 төгрөг зээлсэн үнэн. Өөрийн зээлж авсан мөнгө. Чи авсан бараагаа оруулаагүй байна. Уул нь бид хоёр тохиролцож бага багаар төлөлт хийхээр тохиролцсон байсан. Миний ажил доголдож мөнгийг өгөх боломжгүй болсон. Өөрт нь ийм байдалд орчихлоо анх удаа биш юм чинь тэгсэн чинь шүүхэд өгчихсөн. Шүүхээр шийдэг гэсэн. Тэрнээс хойш нэг ч холбогдоогүй байна. Иймд *******нийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх-1/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хх-2/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ/хх-3/, *******нийн "Хаан банк" ХК-ийн депозит дансны хуулга/хх-4/, улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын зардал төлсөн баримт/хх-5/, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтийн 2833-3/450 дугаар албан бичиг/хх-6/, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэр/хх 7-8/ зэргийг,

 

Хариуцагч талаас хариу тайлбар/хх 45/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4.000.000 төгрөг, зээлийн хүү 400.000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид 2.200.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс эрэн сурвалжлуулахад гарсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн зардал, нотариатын үйлчилгээний 9.000 төгрөг зардал зэргийг хохиролд тооцон 6.679.200 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй, үүнээс 727.550 төгрөгийг төлсөн тул хасаж тооцон нийт 5.951.650 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлдэг боловч ямар хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй татгалздаг тухайгаа тайлбар болон холбогдох нотлох баримтаар нотлоогүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр 4.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 30 хоногт 10 хувийн хүүтэй, бэлэн бусаар хаан банкны тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна./хх 3 тал/,

Нэхэмжлэгч *******ний тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******ийн гэх   тоот данс руу 4,000,000 төгрөг “******* 4” гэх гүйлгээний утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн, 4.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогддог./хх 4 тал/

Хариуцагч *******ийн хариу тайлбараас 4.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн байх тул зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, 4.000.000 төгрөгийг хүүтэй зээлдэж, зээлдүүлсэн гэх үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар талууд хүү тогтоож болохоор, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахыг заасан, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн гэрээний 4.000.000 төгрөгийг 30 хоногийн 10 хувийн хүүгийн хамт 4.400.000 төгрөгийг шаардах эрхтэй. Хариуцагч 30 хоногийн дараа хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээс хэрхэн биелүүлснээ нотлоогүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч тал 727.550 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сард дансаар 100.000 төгрөг, 627.550 төгрөгийг хариуцагчийн Тахилтад байдаг гэх хүнсний дэлгүүрээс бараагаар авснаа хүлээн зөвшөөрсөн тул уг хэмжээгээр зээлийн гэрээний үндсэн үүргээс зарим хэсгийг төлөгдсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн үндсэн төлбөр 4.400.000 төгрөгөөс төлөгдсөн гэх 727.550 төгрөгийг хасан тооцоход 3.672.450 төгрөгийн үндсэн үүрэг биелэгдээгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч  зээлийн үндсэн төлбөрөөс гадна зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон тохиролцоонд үндэслэн алдангид 2.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар талууд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул шаардах эрхтэй.

Шүүх алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3.672.450 төгрөг  болон үндсэн зээлээс хоног тутамд 0,5 хувиар тооцоход 1 хоногийн алданги 18.362-20.000 төгрөгийн тооцоолол гарах ба үндсэн зээлийн үлдэгдлийг буцаан төлөх хугацааг 1 жил 11 сараар хэтрүүлсэн нь алданги шаардах эрхийн хэмжээг тогтоосон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар 50 хувиар хэтрэх тул дээрх хуулийн заалтанд нийцүүлэн 1.836.225/3.672.450*2/ төгрөгийн хэмжээнд алдангийг багасгах үндэслэлтэй. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж хариуцагчийг шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжлахад хүрсэн гээд 70.200 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн шаардлагын тухайд хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтийн 2833-3/450 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлтэй гэж үзсэн тул хангаж шийдвэрлэв./хх5-8/

Харин нотариатын зардалд 9,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд нотариатын үйлчилгээ гэх төлбөрийн баримтаар 9 ширхэг баримтад нотариатын үйлчилгээ үзүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад нотариатын тамга, тэмдэг, төлбөртэй холбоотой баримтууд тодорхойгүй, ямар нотлох баримтуудыг батлуулсан болох нь тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй үндэслэлээр уг шаардлагыг хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч *******ийн татгалзалд дурдсан “...өөрийн зээлж авсан мөнгөнд авсан бараагаа оруулж тооцоогүй” гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй ч нэхэмжлэгч 627.550 төгрөгийн хэмжээнд зөвшөөрсөн тул  хэрэгт авагдсан баримтын хүрээнд хасаж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 3.672.450 төгрөг, зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид 1.836.225 төгрөг, зээлдэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол буюу хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70.200 төгрөг, нийт 5.578.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 372.775 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 104.212 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 5.578.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 372.775 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 104.212 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ